Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 95

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/   /Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга           Д.Мөнхцэцэг 

Улсын яллагч                             Я.Сансар

Хохирогч Х.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал

Шүүгдэгч                                                        С.Наранмижид нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Боржигон овогт Сундуйсүрэнгийн Наранмижидэд холбогдох 201723000065 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1976 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 07-07 тоотод оршин суух, урьд улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл үгүй, Боржигон овогт Сундуйсүрэнгийн Наранмижид  /РД: ЛК84111816/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч .Наранмижид нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 7-7 тоотод иргэн Х.Хосбаяртай хувийн таарамжгүй харьцааны лумаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Хохирогч Х.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... Наранмижид надтай маргалдаад бид 2 хэрэлдээд байж байтал гаднаас танихгүй 2 хүн орж ирсэн. Тэгээд Отгоо уурлаад юун согтуу хүмүүс вэ манай гэр согтуу хүмүүс цуглаадаг газар биш бүгдээрээ яв гээд бид нарыг хөөсөн. Тэгээд нөгөө 2 залууг би та нар юу юм гээд ганц 2 үг хэлсэн чинь Наранмижид намайг цохисон гэсэн мэдүүлэг / хх-ийн 20 тал /

 

         Гэрч Д.Цэрэннадмидийн мөрдөн байцаалтад өгсөн: “... намайг гадуур явж байхад манай нөхөр над руу залгаад би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. ... Наранмижид надад би танай нөхрийг бөгжтэй гараараа цохисон гэж л ярьж байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 22 тал /

          Гэрч С.Отгондарийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Наранмижидээс болсон асуудлын талаар асуухад Хосбаяр намайг янхан гичийгээр дуудаад хэл амаар доромжилсон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх-ийн 47 тал /

 

     Шүүгдэгч С.Наранмижидийн сэжигтнээр өгсөн: “... 2017.03.06-ны өдөр гэртээ Отгондарь болон 3 хүүхдийнхээ хамт байж байтал гаднаас манай найзууд болох Гантулга, Хосбаяр эхнэртэйгээ 3-лаа ирсэн. Ирэхдээ 1 шил архи авчирсан. Бид 4 хувааж уугаад нилээн согтсон. ... тэгээд Хосбаяр гарч шээнэ гэхээр нь би түшээд гарсан чинь намайг гадаа үг хэлээр доромжилоод нэг алгадсан. Тэгэхээр нь би уурлаад нүүр лүү нь 2 цохисон чинь нүднийх нь дээд хэсгээс цус гарч эхэлсэн гэсэн мэдүүлэг. 

   

    Шинжээчийн дүгнэлт: 2017.03.09 №2017.103

1. Х.Хосбаярын биед зүүн хөмсөгний няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 

5. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-ийн 24 тал / зэрэг болно.

 

          Шүүгдэгч С.Наранмижид нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий  аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 07-07 тоотод байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.Хосбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Хосбаярын мэдүүлэг, гэрч Д.Цэрэннадмид, С.Отгондарь нарын мэдүүлэг, 103 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

        

         Хохирогч Х.Хосбаяр нь /хх-ийн 39 тал/ шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

         Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Боржигон овогт Сундуйсүрэнгийн Наранмижидийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Наранмижидийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Наранмижидэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА