Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 530

 

Л.Ч-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 816 дугаар магадлалтай, Л.Ч-т холбогдох 1809008130353 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Л-ийн Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ч-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Л.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 жил хорих ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн ажиллаж буй байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтаар авч хэрэгт хавсаргаагүй байна. Эдгээр баримтуудыг хэрэгт хавсаргаснаар шүүгдэгч Л.Ч-ийн үйлдэл хулгайн хэрэг үү, эсхүл завших хэрэг үү гэдгийг ялгаж салган зүйлчлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Ч нь 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн төв номын сан”-д жижүүрээр ажиллаж байхдаа номын сангийн агуулахад нэвтэрч, “Монголын музейн шилдэг үзмэрийн дээжис” нэртэй 3 боть номыг хулгайлж, бусдад 210,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн Л.Ч-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Л.Ч нь 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн төв номын сан”-д жижүүрээр ажиллаж байхдаа номын сангийн агуулахад нэвтэрч “Монголын музейн шилдэг үзмэрийн дээжис” нэртэй 3 боть номыг хулгайлж, 210,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогдоно.

Жижүүрийн үүргээ гүйцэтгэж байх үедээ Л.Ч нь номын сангийн агуулахад нэвтэрч 3 ширхэг ном хулгайлж, 210,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нийгмийн аюулын шинж чанарын хэр хэмжээгээр ялимгүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 816 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Л.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Л.Ч-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай. 

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН