Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/MA2017/0314

 

   

 

 

 

 

 

2017 оны 4 сарын 27 өдөр                    Дугаар 221/МА2017/0314                 Улаанбаатар хот

 

 

   “Улаан хас” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч “Улаан хас” ХХК-ийн захирал Б.Бадралт, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэгмаа нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Улаан хас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр:  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.4, 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” а/209 дүгээр захирамжийн хавсралтаар шилжсэн Г.Одхүүд холбогдох 754 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь манай “Улаан хас” ХХК /хуучин нэр нь “Ар баян бэрх” ХХК/ нь 2009  онд өөрийн эзэмшил бүхий газраасаа 754 м.кв газрыг Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ц.Насанбаатарт барилга барих зориулалтаар шилжүүлсэн юм. Тухайн үед манай компани 100 хүний гуанзыг ашиглаагүй, бохирын шугам сүлжээг ашигладаггүй байсан юм. 2014 онд 100 хүний гуанзны 2 давхарыг иж бүрэн рестораны зориулалтаар ашиглах, мөн Архангай аймагт “гудамж” төсөл хэрэгжсэний үндсэн дээр 2009 онд Ц.Насанбаатарт шилжүүлсэн газар доор манай 100 хүний гуанзны бохирын 2 том цооног, мөн бохирын шугамын инженерийн шугам сүлжээ байгааг мэдсэн. Цаашид манай компани өөрийн бохирын шугам сүлжээ, бохирын байгууламж цаашлаад Архангай аймагт цорын ганц рестораны зориулалтаар баригдсан 100 хүний гуанзыг зориулалтын дагуу ашиглах газраа эзэмших эрхгүй болоод байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулан Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” а/209 дүгээр захирамжийн хавсралтаар шилжсэн Г.Одхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгч “Улаан хас” ХХК нь “Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” а/209 дүгээр захирамжийн Г.Одхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Архангай аймгийн Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр 1992 онд худалдаж авсан “Төв гуанз”-ны барилга, байгууламжийн газраас 756 м.кв газрыг 2009 онд Ц.Насанбаатарт шилжүүлэхдээ газар доор бохирын цооног, инженерийн шугам сүлжээ байгааг мэдээгүй бөгөөд 2014 онд тухайн газар замын трасст ороход манай өмчлөлийн бохирын цооног, инженерийн шугам сүлжээ газар доор байгааг мэдсэн, тухайн газрыг Т.Одхүүд дамжуулан шилжүүлснээс манай эрх ашиг зөрчигдсөн”  гэж тайлбарлажээ.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж тусгайлан заасан хугацаанд нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

          Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгааг анхаараагүйгээс шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

         Тодруулбал, Архангай аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор “Төв гуанз”-ыг барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний хамт “Баянбэрх” ХЭАА-н эзэн С.Балдансамбуу худалдан авсан, “Төв гуанз”-ны барилга, байгууламж байрлах 2,3 м.кв газрыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 1996 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр захирамжаар “Баянбэрх” ХЭАА-д эзэмшүүлсэн, тус ХЭАА нь 2001 онд “Ар Баянбэрх” ХХК, 2013 онд “Улаан хас” ХХК болж өөрчлөгдсөн зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа төдийгүй нэхэмжлэгч нь “Төв гуанз”-ыг барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний хамт 1992 онд анх худалдан авч газар эзэмших эрхээ баталгаажуулсан талаар нэхэмжлэлдээ дурджээ.

         Мөн “Улаан хас” ХХК-ийн захирал Б.Бадралт “Ц.Насанбаатарт шилжсэн байхад нь би мэдээд наад газар доор чинь манай байгууллагын бохир усны цооног байгаа гэж хэлсээр байтал зарах санаа өвөрлөн...нөхцөл байдлыг хүндрүүлсэн” гэж бичгээр тайлбар гаргасан /1-р х.х 38/, маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр бохир усны цооног байгаа нь тодорхой харагдаж байгаа зэрэгт дүгнэлт хийвэл нэхэмжлэгчийн “2009 онд Ц.Насанбаатарт шилжүүлэхдээ газар доор бохирын цооног, инженерийн шугам сүлжээ байгааг мэдээгүй бөгөөд 2014 онд тухайн газар замын трасст ороход манай өмчлөлийн бохирын цооног, инженерийн шугам сүлжээ газар доор байгааг мэдсэн” гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

         Нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу эзэмшил газраасаа 754 м.кв газрыг иргэн Ц.Насанбаатарт шилжүүлэх хүсэлт гаргаж, Архангай аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 39 дүгээр захирамжаар иргэн Ц.Насанбаатарт 754 м.кв газар эзэмших эрх шилжсэн, ийнхүү шилжүүлэхдээ болон анх “Төв гуанз”-ыг худалдаж авахдаа бохирын цооног, инженерийн шугам сүлжээний хамт худалдаж авсанаа мэдэж байсан атлаа Ц.Насанбаатараас гуравдагч этгээд Г.Одхүүд 754 м.кв газраа шилжүүлсэн Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж үзнэ.

         

          Ийнхүү хуульд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2011 онд гаргасан захиргааны акттай маргаж 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасныг зөрчжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн гаргасан алдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчилд хамаарах тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзсэнийг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан

 

ТОГТООХ нь:

            1.  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Улаан хас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох “2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” а/209 дүгээр захирамжийн Г.Одхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг,  давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь  хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                              

                              

                                ШҮҮГЧ                                         Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН                                                                                              ШҮҮГЧ                                       О.НОМУУЛИН