Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 68

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн

Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Ч.Б нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:      Х.Батсүрэн

                      Д.Мөнхтуяа

                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Ч.Б нарын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 340020138 дугаар актыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0761 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0879 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, өмгөөлөгч Л.Н,

Хариуцагч: Б.Б, Ч.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нар,

Хариуцагч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0761 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.3.1, 58 дугаар зүйлийн 58.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, Б.Б нарын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 340020138 дугаар актыг хүчингүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0879 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0761 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар мэдэгдэнэ” гэж заасны дагуу тухайн шүүх хуралдааны товыг утсаар 2 цагийн өмнө мэдэгдсэн. Сонгинохайрхан дүүрэг хол, маш их ажилтай байсан тул тэр даруйд очих боломж гараагүй. Мөн Ч.Б-ийн гаргасан хүсэлтэд Татварын ерөнхий газрын сургалтын бичигт “Мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн дагуу мэдлэг бататгах шалгалт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагт болохыг харгалзан үзээгүй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж заасны дагуу хариуцан ажиллаж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлт өгсний дагуу өөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр солигдож байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдож байгааг тухайн шүүгчийн туслахад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр утсаар мэдэгдсэн.

5. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0761 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт Хоёрын 3 дахь нүүрний дээрээс 2 дахь доголд “...” гэж үзлээ гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасны дагуу тухайн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь тухайн хяналт шалгалтанд дахин хянан, шалгалт хийсэн үү эсвэл үргэлжлүүлэн шалгалт хийсэн үү гэдгийг тогтоогоогүй, баримт бичгийг цуглуулаагүй. Мөн эрүүгийн хэрэгт цуглуулагдсан нотлох баримтыг үнэлээгүй, нотлох баримтаар цуглуулаагүй байна.

6. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0879 дүгээр магадлалын Хянавал хэсгийн 5 дахь доголд “...2012 онд 340027 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлт гарсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Татварын ерөнхий газрын 90000603 тоот дансанд 21,504.2 мянган төгрөгийг төлсөн байхад тухайн зөрчилд 2016 онд дахин татварын улсын байцаагчийн актаар нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй” гэж заасан нь татварын улсын байцаагч нар нь татвар төлөгчдөд дахин хяналт шалгалт явуулж акт ногдуулаагүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д “Татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана” гэж заасны дагуу 2012 онд үйлдсэн дүгнэлтийг Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 340020138 тоот акт тавьж төлбөрийг нөхөн ногдуулж процесс ажиллагааг дуусгасан.

7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0761 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0879 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаан нотлох баримтыг шинээр цуглуулан үнэлүүлж хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2012 оны 340027 тоот дүгнэлтийн дагуу нэхэмжлэгч “Г” ХХК нь “М ө” ХХК, “Х ш х с” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 245,042.4 төгрөгийн хий бичилт хийлгэн татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх үндэслэлээр эрх бүхий этгээдээс 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тус компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 168 дугаар прокурорын тогтоолоор нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “ногдох татварыг 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 21,504.2 төгрөгийг төлсөн” гэх үндэслэлийг заажээ.

10. Ийнхүү нэхэмжлэгч нь улсын байцаагч нарын 2012 оны 340027 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрч татвараас зайлсхийсэн орлогод ногдох 21,504.2 төгрөгийн нөхөн татварыг 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Татварын ерөнхий газрын 90000603 тоот дансанд төлсөн байхад хариуцагчаас 2016 онд уг зөрчилд шалгалт хийн маргаан бүхий актаар дахин 21,504.2 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэсэн учраас хууль бус талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

11. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хяналт шалгалтыг дахин хийсэн үү, эсхүл үргэлжүүлж хийсэн үү гэдэг нь хэрэгт ач холбогдолгүй, дээр дурдсанаар нэгэнт төлөгдсөн нөхөн татварыг дахин ногдуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тул “анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг цуглуулж нотлох үүргээ биелүүлээгүй” гэх уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

12. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2012 оны 340027 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирол болох 21,504.2 төгрөгийн нөхөн татварыг төлсөн, энэ үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг улсын байцаагчийн 340027 тоот дүгнэлт хүчингүй болсон гэж үзэхгүй, харин уг дүгнэлтийн дагуу нөхөн татвар төлөгдсөн байх тул Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэнд хамаарахгүй, иймд хариуцагчийн “хуулийн энэхүү зүйлийн дагуу маргаан бүхий актаар процесс ажиллагааг дуусгасан” гэх /Тодорхойлох хэсгийн 6-д заасан/ гомдол үндэслэлгүй.

13. Анхан шатны шүүх хуралдааны өмнө хариуцагчаас “өмгөөлөгч авах тухай” хүсэлт гаргаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, харин хариуцагч Ч.Б-ээс “шалгалттай байх тул хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн боловч шалгалт нь шүүх хуралдаантай давхцаагүй байх тул хуралдаан даргалагчаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэсний дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 4-т заасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

14. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон, улмаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдах явцад нөхөн татварыг хүлээн зөвшөөрч 2013 онд төлсөн байх тул түүнээс хойш буюу 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс үйлчилж эхэлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд хамрагдах үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн нэгэнт төлсөн нөхөн татварыг “илүү төлсөн татвар” гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

15. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0761 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0879 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ