| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2022/00486/И |
| Дугаар | 149/ШШ2022/00484 |
| Огноо | 2022-10-27 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 149/ШШ2022/00484
| 2022 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 149/ШШ2022/00484 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Хар айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж 1 дүгээр хэсэг, Уурхайчны гудамжны 19 дүгээр байр № 09 тоотод оршин суух, 1971 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, Нанзад овогт Базардарийн Долгорсүрэнгийн /РД:ЙБ71010208/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Хараагийн 5-28 тоотод оршин суух, 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, Самарат овогт Таавалын Курашбайд /РД:НБ81062601/ холбогдох
Г.Номингийн эх байх эрхийг хасуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тогоохүү, хариуцагч Т.Курашбай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн дүү Алтансүхийн Ганбаатар нь 2002 онд Самарат овогт Таавалын Курашбайтай гэр бүлийн харилцаатай болж хамтран амьдарч байгаад 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдөр охин Г.Номин төрсөн юм. Эх Т.Курашбай нь 2005 оны сүүлээр ой гарантай 01 нас 06 сартай хаяад явсан юм. Миний дүү А.Ганбаатар нь хүүхдээ асарч хүмүүжүүлж байгаад 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэртээ зуурдаар нас барж охин Г.Номин 05 настай хагас өнчин хоцорсон юм. Энэ үед эх Т.Курашбай нь хамтран амьдрагч А.Ганбаатараа нас барахад нь ч ирээгүй охиноо сурж нэг удаа ирээгүй охин нь эхийгээ танихгүй өссөн юм. Энэ хугацаанд Г.Номингийн эх Т.Курашбайг сураг тавьж хайсан боловч огт сураг гаргаж чадаагүй олдоогүй 17 жил болсон юм. Харин хайсаар байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд байгаа сураг гаргаж 2022 оны 08 дугаар сарын 10-ны үеэр очиж уулзсан юм. Т.Курашбай нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн хүүхдээ хаяснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ хугацаанд шоронд орж ял эдэлсэн байсан. Иймд Самарат овогт Таавалын Курашбайг охин Г.Номинг өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн тул эх байх эрхийг нь хасаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20-498 тоотод оршин суух, 1975 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, Тайж овогт Алтансүхийн Тогоохүүгээс /РД:ЙБ75122609/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтансүхийн Ганбаатар нь миний төрсөн дүү юм. А.Ганбаатар нь Т.Курашбайтай 2002 онд гэр бүл болж хамт амьдарсан. 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Г.Номин төрсөн. Охин Г.Номинг 01 нас 06 сартай байхад нь эх Т.Курашбай нь орхиод явсан. Охин Т.Номинг миний төрсөн эх С.Дуламсүрэн, эцэг О.Алтансүх нар болон охины эцэг А.Ганбаатар нар нэг дор хамт амьдардаг байсан тул өсгөж хүмүүжүүлэх болсон. Миний аав О.Алтансүх нь 2005 онд эх С.Дуламсүрэн 2007 онд нас барсан. 2008 онд охин Г.Номингийн эцэг А.Ганбаатар нас барсан. Охин Г.Номин нь хамт амьдарч байсан эмээ, өвөө, аав нь нас барсан учир аавынхаа төрсөн дүү А.Оюунцэцэгийн асрамжинд амьдрах болсон. А.Оюунцэцэгийн асрамжинд байж байгаад 2 дугаар ангиасаа буюу 2011 оноос эхлэн Дорноговь аймгийн Хар айраг суманд байдаг аавынхаа төрсөн эгч болох Б.Долгорсүрэн дээр очиж түүний асрамжинд өсч хүмүүжээд 12 дугаар ангиа төгссөн. Миний ээж өмнө нь Базардарь гэдэг хүнтэй гэр бүл болж хамт амьдарч байхад нь эгч Б.Долгорсүрэн гарсан учир бидний овог өөр байгаа юм. Охин Г.Номин одоо 19 настай болоод МҮИС-ийн анагаахын сургуулийн 1 дүгээр курст суралцаж байгаа юм. Т.Курашбай нь охин Г.Номинг 01 нас 06 сартай байхад нь орхиж явснаас хойш нэг ч удаа эргэж ирээгүй нэг ч удаа утсаар яриагүй. Бид оршин суух хаягтай газартаа байсаар л байсан. Охин Г.Номин нь анагаахын сургуульд суралцах болсон тул төлбөр төлөх боломжгүй болоод байна. Би дүүгийнхээ хүүхдийг мэдлэг боловсролгүй болгомооргүй байна. Боловсролын зээлийн сангаар явж уулзахад охин Г.Номинг ээж нь хаяад явсан аав нь нас барсан гэж хэлэхэд ээж нь хүүхдээ харж ханддаггүй юм бол хуулиар эх байх эрхийг нь хасчихвал хүүхдэд сургуулиас үзүүлэх төрөл бүрийн зээл тусламж байдаг гэж хэлсэн. Гол нь одоо бид энэ охин Г.Номингийн сургалтын төлбөр төлөгдөхгүй болчихоод байгаад санаа зовоод байгаа юм. Т.Курашбайгийн эх байх эрхийг хасчихвал охин Г.Номинд нь их сургуульд суралцах төрөл бүрийн зээл тусламжинд хамрагдах боломжтой юм. Иймд Т.Курашбайгийн охин Г.Номинд эх байх эрхийг хасаж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Курашбай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 1999 оны 10 дугаар сард А.Ганбаатартай танилцаад 2000 оноос эхлэн нэг гэрт хамт амьдрах болсон. 2001 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүү К.Дөлгөөнмөрөн, 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдөр охин Г.Номин нар төрсөн. Энэ хоёр хоёулаа А.Ганбаатарын хүүхдүүд. 2005 оны 06 дугаар сард А.Ганбаатар бид хоёр харилцан ярилцаж тохиролцоод 2 хүүхдээ нэг нэгээр нь аваад салсан. Хамт амьдрах хугацаанд А.Ганбаатар нь намайг маш ихээр цохиж зоддог байсан. Маш их архи уудаг байсан. Би тухайн үед 2 хүүхэд тэжээх чадваргүй байсан учир нэг нэгээр нь авсан юм. Хүү Дөлгөөнмөрөн одоо 22 настай төмөр замын байгууллагад ажилладаг. Би А.Ганбаатараас салаад А.Өмөрбек гэх хүнтэй хамт амьдарч гэр бүл болоод 3 охин төрүүлсэн. Би охин Г.Номинг эргэж тойрч очиж байгаагүй нь үнэн. Хааяа утсаар ярьдаг байсан. Би охин Г.Номинг огт харж үзэж байгаагүй юм биш. Хувцас хунар авч өгдөг байсан. Би охин Г.Номингийн сургалтын төлбөрийг бодож эх байх эрхийг хасахад татгалзахгүй гэсэн. Тэрнээс би эх байх эрхээ хасуулмааргүй байна. Би хүү Дөлгөөнмөрөнг өсгөхдөө эд нараас нэг ч төгрөг аваагүй өсгөсөн. Г.Номин бол та нарын төрсөн дүүгийн хүүхэд та нарын мах цусны үргэлжлэл учир та нар ч гэсэн охин Г.Номинг өсгөхөд надаас мөнгө нэхэх хэрэггүй. Хүү Дөлгөөнмөрөн маань дүү Г.Номингоо дэргэдээ авъя гэж ярьж байгаа. Дөлгөөнмөрөн эхнэр аваад хүүхэд гарахад дүү Г.Номин нь ирж 7 хонож байгаад явсан. Бид хоорондоо холбоотой байдаг. Энэ жил бол би охин Г.Номингийн төлбөрийг төлж чадахгүй. Дараа жилээс бол төлөх боломж гарч ирэх байх. Ах Дөлгөөнмөрөн нь ч гэсэн төлье гэж байгаа. Миний эх байх эрхийг хасуулаад охин Г.Номинг сайн сайхан өсгөж хүмүүжүүлээд явах боломжтой гэвэл би татгалзахгүй гэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 70200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн тухай баримт, Т.Курашбайгийн иргэний үнэмлэхний лавлагаа, А.Ганбаатарын нас барсны бүртгэлийн лавлагаа, № 0019052 дугаартай нас барсны гэрчилгээ, охин Г.Номингийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, Б.Долгорсүрэн нь ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, охин Г.Номинг 2010 оноос хойш одоог хүртэл асран хамгаалж байгаа нь үнэн гэсэн багийн засаг даргын тодорхойлолт, Т.Курашбайгийн тус шүүхэд хандаж гаргасан эх байх эрхийг хасахад татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагч Т.Курашбайгаас Б.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн хариу тайлбарыг гаргасан. Нотлох баримт гаргаж өгөөгүй.
Нэхэмжлэгч болон хариуцагч нараас нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь Т.Курашбайгийн охин Г.Номингийн эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сонирхогч этгээдийн хүсэлтээр онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд шүүх Б.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүйгээр А.Тогоохүүд итгэмжлэл олгон энэ эрхээ эдэлсэн байна.
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тогоохүү нар нь Т.Курашбайг охин Г.Номинг 01 нас 06 сартай байхад нь буюу 2005 онд хаяад явснаас хойш нэг ч удаа эргэж ирээгүй нэг ч удаа утсаар яриагүй нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн төрсөн дүү А.Ганбаатар нь Т.Курашбайтай 1999 оны 10 дугаар сард танилцаад 2000 оноос эхлэн нэг гэрт хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2001 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү Курашбайгийн Дөлгөөнмөрөн, 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдөр охин Ганбаатарын Номин нар төрсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба А.Ганбаатар Т.Курашбай нар нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2005 оны 06 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдрахаар болж хүү К.Дөлгөөнмөрөнг эх Т.Курашбайгийн асрамжинд, охин Г.Номинг эцэг А.Ганбаатарын асрамжинд үлдээхээр тохиролцсон болох нь Т.Курашбайгийн тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно. гэж заажээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ гэжээ.
Мөн эцэг, эх байх эрхийг хасуулах тухай хуулийн заалтын үзэл баримтлал нь хүүхэд тухайн эрхээ хасуулах этгээдтэй хамт амьдарч байгаа тохиолдолд тухайн хуулийн заалтыг хэрэглэхээр зохицуулсан байх ба охин Г.Номин нь 2005 оны 06 дугаар сараас хойш эх Т.Курашбайтай хамт амьдраагүй нь түүнийг эх байх эрхээс нь хасах тухай үндэслэлд хамаарахгүй юм.
Өөрөөр хэлбэл: Т.Курашбай нь А.Ганбаатараас тусдаа амьдрахаар салж явахдаа хоёр хүүхэдтэй байсан бөгөөд хүү К.Дөлгөөнмөрөнг өөрийн асрамжинд, охин Г.Номинг эцэг А.Ганбаатарын асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгч Б.Долгорсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тогоохүү нарын нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа Т.Курашбай нь охин Г.Номинг 01 нас 06 сартай байхад хаяад явсан нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн гэж үзэхэд хамаарахгүй байх ба охин Г.Номинг эцгийнх нь асрамжинд үлдээж эцэг А.Ганбаатар нь охин Г.Номинг өсгөж хүмүүжүүлж байсан боловч 2008 онд нас барсан тул А.Ганбаатарын эгч Б.Долгорсүрэнгийн асрамжинд 2010 оноос одоог хүртэл өсч хүмүүжиж байна.
Энэ бүгдээс дүгнэн үзэхэд охин Г.Номин 19 насанд хүрсэн, одоо Монголын үндэсний их сургуулийн анагаах ухааны их сургуульд суралцаж байгаа тул сургалтын төлбөрийг төлөх боломжгүйгээс зээл тусламжинд хамааруулах үүднээс Т.Курашбайгийн охин Г.Номингийн эх байх эрхийг хасах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Курашбайгийн охин Г.Номингийн эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН