Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2022/02840

 

 

 

 

 

 

 

 

 

  2022       10         06                                               182/ШШ2022/02840

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                          

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НМХГ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2018.10.26-ны өдрөөс 2019.07.01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,021,343 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 5%-ийн нэмэгдэл 301,254 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А

Хариуцагчийн төлөөлөгч Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.26-ны өдрийн 664 дүгээр шийдвэрээр НМХГ-н даргын 2018.04.03-ны өдрийн Б/143 дугаар тушаалын С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Гг урьд эрхэлж байсан ажил буюу НМХГ-н Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд 2018.04.03-ны өдрөөс 2018.10.26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 6 сар, 23 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,881,380 төгрөгийг хариуцагч НМХГ-н даргаас гаргуулж С.Гд олгохоор шийдвэрлэсэн. НМХГ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2019.06.24-ний өдрийн Б/235 тушаалаар нэхэмжлэгч С.Гг 2019.07.01-ний өдрөөс ажилд нь эгүүлэн авч, шийдвэрт заасан цалин хөлсийг олгож, албан тушаалын цалинг ТЗ-7-2 зэрэглэлийн 731,876 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5%-ийг олгохоор шийдвэрлэсэн.

Харин шүүхийн шийдвэр гарсан 2018.10.26-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоосон 2019.06.24-ний өдрийг хүртэлх 8 сар, 5 хоногийн хугацааны цалин хөлсийг хариуцагч НМХГ өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч С.Гд олгоогүй, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал шимтгэл төлөгдөөгүйн улмаас дундаа тасалдал үүссэн байна. Нэхэмжлэгч С.Г нь энэ хугацааны цалин хөлсийг өмнө нь хариуцагчаас шаардаж байгаагүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэгч С.Г нь 2018.10.26-ны өдрөөс 2019.07.01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,021,343 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 5%-ийн нэмэгдэл 301,254 төгрөг, мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй. 1 сарын дундаж цалин хөлсийг ажилд авсан тушаалд заасан 731,876 төгрөгөөр тооцсон байгаа. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5% гэж ерөнхий томьёолсон байгааг 8 сар, 5 хоногоор нь тооцож мөнгөн дүнг тодорхой болгож тодрууллаа. Иймд нэхэмжлэлийг хангаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,021,343 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 5%-ийн нэмэгдэл 301,254 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч С.Г нь манай байгууллагын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн мэргэжлийн хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдөж, Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар томилогдсон байдаг. Нэхэмжлэгч С.Г нь хуульд заасан шалгаруулалт явуулаагүй ажлаас чөлөөлөгдсөн нь хууль бус гэж үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2018.10.26-ны өдрийн 0664 дугаар шийдвэрээр НМХГ-н даргын 2018.04.03-ны өдрийн Б/143 дугаартай тушаалын С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Гг урьд эрхэлж байсан Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн мэргэжлийн хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эргүүлэн томилж, 2018.04.04-ний өдрөөс 2018.10.26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 6 сар 23 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 6.881.380 төгрөгийг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргуулж, нэхэмжлэгч С.Гд олгон түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан байдаг.

Манай байгууллага шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхүүдэд гомдол гаргасан байдаг бөгөөд Улсын Дээд шүүхийн 2019.04.01-ний өдрийн тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.26-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.01.17-ны өдрийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүний дагуу НМХГ-н даргын 2019.06.24-ний өдрийн Б/245 дугаар тушаалаар С.Гг урьд эрхэлж байсан НМХГ-н Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн мэргэжлийн хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 6,954,580 төгрөгийг төлж, төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийсэн бөгөөд шийдвэрийг бүхэлд нь биелүүлсэн. Нэхэмжлэгч С.Г нь 2018.10.26-ны өдрөөс 2019.01.17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл гэж өмнө нь манай байгууллагаас огт шаардаж байгаагүй, гэнэт л шүүхэд өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.26-ны өдрийн 664 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.17-ны өдрийн 38 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.04.01-ний өдрийн 92 дугаар тогтоол, НМХГ-н 2019.06.24-ний өдрийн Б/235 тоот С.Гг ажилд эгүүлэн авах тухай тушаал гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

4.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн баримт ирүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч НМХГ ТБАГУТҮГ-т холбогдуулж 2018.10.26-ны өдрөөс 2019.07.01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,021,343 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 5%-ийн нэмэгдэл тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад төрийн алба хаасан хугацааны 5%-ийн нэмэгдэл гаргуулах тухай шаардлагаа 5%-ийн нэмэгдэл 301,254 төгрөг гаргуулах гэж тодруулсан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

                                               

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг анхан шатны шийдвэр гарсан 2018.10.26-ны өдрөөс ажилд эгүүлэн авсан 2019.07.01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,021,343 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 5%-ийн нэмэгдлийг хариуцагч НМХГ олгоогүй учир нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, тасалдахад хүрч хохирч байгаа учир шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

          Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд бид шүүхийн шийдвэрийг бүхэлд нь биелүүлж С.Гг ажилд нь авч, цалин хөлсийг нь олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийсэн гэж мэтгэлцсэн.

 

          3.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.26-ны өдрийн 664 дүгээр шийдвэрээр НМХГ-н даргын 2018.04.03-ны өдрийн Б/142 дугаар тушаалын С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

НМХГ-н даргын 2018.04.03-ны өдрийн Б/143 дугаартай тушаалын С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Гг урьд эрхэлж байсан НМХГ-н Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож,

2018.04.03-ний өдрөөс 2018.10.26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 6 сар 23 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 6,881,380 төгрөгийг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргуулж нэхэмжлэгч С.Гд олгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн байна.

 

          Энэхүү шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.17-ны өдрийн 38 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.04.01-ний өдрийн 92 дугаар тогтоолоор  хэвээр үлдсэн байх ба, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

          Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрээр С.Гг ажилд нь эгүүлэн тогтоосон үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

          4.1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”,

69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно”,

46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан.

  

          Хариуцагч НМХГ ТБАГУТҮГ нь нэхэмжлэгч С.Гг ажилд нь эгүүлэн тогтоосон дээр дурдсан 664 дүгээр шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар биелүүлж, нэхэмжлэгч С.Гг ажилд нь эгүүлэн авч, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийх үүрэгтэй.  

 

          5.Гэтэл хариуцагч НМХГ ТБАГУТҮГ нь дээрх үүргээ биелүүлээгүй, энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, улмаар газрын даргын 2019.06.24-ний өдрийн Б/235 тоот тушаалаар С.Гг Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд 2019.07.01-ний өдрөөс эхлэн эгүүлэн томилж, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,954,580 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансаар дамжуулан төлж, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь биелүүлсэн байна.

          Тиймээс нэхэмжлэгч С.Г нь 1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018.10.26-ны өдрөөс эхлэн ажилдаа эргэн орсон 2019.07.01-ний өдрийг хүртэл 8 сар, 5 хоногийн ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,021,343 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 5%-ийн нэмэгдэл 301,254 төгрөг тус тус гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч НМХГ ТБАГУТҮГ-аас шаардах эрхтэй. 

 

Нөгөө талаар хариуцагч НМХГ ТБАГУТҮГ нь анхан шатны шүүхийн 664 дүгээр шийдвэрийг хүчин төгөлдөр болсон даруйд нэхэмжлэгч С.Гг урьд эрхэлж байсан ажилд нь авч, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн байсан бол нэхэмжлэгч С.Г нь ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж, цалин хөлсөөр хохирохгүй, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдахгүй байсан гэж үзнэ. 

 

6.Харин нэхэмжлэгч С.Г нь энэхүү шаардах эрхийг 1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан, тусгайлсан зохицуулалтын хүрээнд түүнийг ажилд нь эгүүлэн авсан 2019.07.01-ний өдрөөс хойш 3 сарын дотор буюу 2019.10.01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх ёстой байжээ. Тодруулбал, энэхүү хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байх бөгөөд нэхэмжлэгч С.Г нь хариуцагч НМХГ ТБАГУТҮГ-т цалин хөлсөө шаардаж, ямар нэгэн шаардлага тавьж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй, энэ талаар баримтгүй, нэхэмжлэлийг анх шүүхэд 2022.06.16-ны өдөр гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн.

 

Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан “...Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ...” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч С.Г нь хөөн хэлэлцэх 3 сарын хугацаан дотор нэхэмжлэлээ гаргаагүй, түүний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан байх тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

Иймд НМХГ ТБАГУТҮГ-т холбогдох 2018.10.26-ны өдрөөс 2019.07.01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,021,343 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 5%-ийн нэмэгдэл 301,254 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай С.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч С.Г нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал 2022.06.16-ны өдөр тэмдэгтийн хураамжид 190,000 төгрөгийг төлсөн байх тул, энэхүү 190,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Гд олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

          Хөдөлмөрийн тухай хууль нь 2021.07.02-ны өдөр шинэчлэн батлагдаж, 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд энэхүү маргааны зүйл нь 1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад хамаарч байх тул хуучин хуулийг баримтлан хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар НМХГ ТБАГУТҮГ-т холбогдох 2018.10.26-ны өдрөөс 2019.07.01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,021,343 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 5%-ийн нэмэгдэл 301,254 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай С.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Г нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ггийн тэмдэгтийн хураамжид төлсөн 190,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Гд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА