Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
Хэргийн индекс | 182/2022/00065/И |
Дугаар | 182/ШШ2022/02876 |
Огноо | 2022-10-11 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2022/02876
2022 10 11 182/ШШ2022/02876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.Д-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Газрын даргын 2021.11.15-ны өдрийн Б/119 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай даргын тушаалыг хүчингүй болгуулах, суутгасан цалин хөлс, олгогдоогүй урамшуулал нийт 2,084,828 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ө.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие архив мэдээллийн төв, агаар сансрын зураг зохион байгуулалтын санг хариуцсан судлаач, архивчаар ажилладаг. 2018 онд төрийн болон албаны нууц хамгаалах ажилтнаар томилогдсон ба Тагнуулын ерөнхий газрын зөвшөөрөлтэй ажилтан юм. Гэтэл газрын даргын 2021.11.15-ны өдрийн Б/119 тоот тушаалаар, “...Монгол нутгийн “түүхэн газрын зураг” 3 боть цуврал цомгийн эх загвар, файлын хадгалалт, хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалалт, хамгаалалтыг хангалтгүй хэрэгжүүлж зөрчил гаргасан...” гэсэн үндэслэлийг зааж, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаагаар 20%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, цалин хөлснөөс суутгал хийж, хоёр улирлын нэмэгдэл урашлуулал авч чадахгүй хохирсон. Миний бие уг тушаалыг зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тушаалын хууль зүйн үндэслэл нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах заалтыг төрийн үйлчилгээний албан хаагчид хамааруулж хэрэглэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байна.
Агаар сансрын зургийн архивд НӨ1 дансанд 50 хадгаламж нэгж бүхий 304 зураг байдаг ба үүнийг 18-20 дугаар зууны үеийн Монголын хуучин зургийн 237 зураг эх хувиараа хадгалагдаж байдаг. Энэ зургийг 2013 оноос хойш албан тушаалын тодорхойлтод заасны дагуу миний бие хадгалж, хамгаалж ирсэн. 2017 онд түүхэн газар зүйн судалгааны багийн гишүүд, судлаачид болох МУБИС-ийн доктор Ж.Гэрэлбадрах, докторант Г.Бадамсамбуу нар энэ зургуудтай танилцан манай байгууллагатай хамтран ажиллах, зургийг судлах тухай саналыг байгууллагын удирдлагуудад тавьсан. Ингээд зургуудыг судалж, он цагийг нь тодорхой болгон, 2018.02.06-ны өдрийн 2018/10 тоот гэрээгээр түүхэн газрын зургийн цомог, төсөл, гэрээг хийсэн. Энэ өдрөөс хойш миний бие архивт хадгалагдаж байгаа түүхэн зургуудыг том хэмжээтэй скайнердаж, тухайн судлаач нартай хамтран ажиллаж, тухайн номын эх бэлэн болоход тусалсан. Энэхүү ажил 2019 онд үнэлэгдэж, Засгийн газрын нөөц хөрөнгөөр санхүүжилт авч 2020 оны 6 дугаар сард 1 дүгээр боть 550 ширхэг, 2 дугаар боть 550 ширхэг, 3 дугаар боть 1050 ширхэг, нийт 2150 ширхгийг хэвлүүлж манай байгууллага хүлээн авсан. Тухайн номыг манай байгууллага хүлээн авч, газрын даргын шийдвэрээр Улсын Их Хурлын гишүүд, байгууллагын бүх албан хаагчдад, мөн 21 аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тараасан байдаг. 2020.06.20-ны өдөр уг номын эх бэлтгэлийн файл болох индизайн гэх программ дээр хийгдсэн эхийг, өмнө нь хийгдэж байсан засваруудтай хамт манай архивд хүлээлгэж өгсөн. Энэ цаг мөчөөс хойш одоог хүртэл миний бие албан тушаалын тодорхойлтын дагуу болон архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу тухайн хүлээн авсан файл болон цаасан тайланг архивын баримт болгон хадгалж хамгаалж ирсэн.
2021 оны 10 дугаар сард гаднын хүнээс танай номыг болон номын файлыг нэг хүн зарсан гэсэн мэдээллийн дагуу судалж үзэхэд манай байгууллагын суурь судалгаа мониторингийн хэлтсийн гэрээт ажилтан Д.Батзаяа гэдэг хүн зарсан байсныг олж илрүүлсэн. Д.Батзаяа нь файлыг хаанаас авснаа тайлбарлахдаа манай байгууллага, агентлаг, 21 аймаг, нийслэл газрын алба зэрэг бүгд хандах боломжтой нээлттэй сүлжээн дээрээс 192.168.20.24 гэсэн шейр дээрээс хуулбарлаж авсан гэдэг. Уг файл нь манай архив, судалгааны баг болон хэвлэлийн компанид эх хувиараа байгаа ба тухайн зарсан гэх файлыг ямар файл байсныг мэдэж чадаагүй. Файл алдагдсан гэх мэдээлэл төрийн болон албаны нууцад ороогүй, мөн хэн нэгэнд задруулахгүй байх, байгууллагын ямар нэгэн шейр дээр тавьж болохгүй гэсэн чиглэлийг надад өгөөгүй бөгөөд мэдээллийг тараасан гэх Д.Батзаяагийн явуулсан PDF өргөтгөлтэй файлыг тухайн номын эх файл мөн эсэх талаар хэн ч тодруулж чадаагүй байгаа. Энэ номын нэн ховор ганцхан байдаг зураг, эх хувийг би өөрөө хадгалдаг ийм хүн байхад миний хэлсэн үгэнд итгэхгүйгээр мөнгөний төлөө юугаа ч худалдаж өгөх боломжтой гэрээт ажилтны үгэнд итгэж, намайг хадгалалт хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалалт хамгаалалтыг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, ийм байдал баримтаар тогтоогдоогүй. Энэ асуудлыг эрх бүхий байгууллагаас шалгуулаагүй. Тухайн үедээ намайг дуудаж уулзсан, би файлын эхийг хадгалж байгаа, огт алдагдаагүй талаар тайлбарлаж хэлсэн, өөрөөр хэлбэл дундын файлаас авч, бусдад зарснаа Батзаяа зөвшөөрсөн байхад яагаад намайг буруутай гэж үзсэн, хэн үүнийг тогтоосон нь тодорхойгүй байгаа юм.
Миний бие сард 1,890,718 төгрөгийн цалин авч байсан, 20 хувь суутгаж эхэлснээс хойш 915,273 төгрөг болж буурсан. Ингээд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын дагуу нийт 6 сарын хугацаанд миний цалингаас 1,425,654 төгрөгийг суутгасан байна. Мөн 2021 оны 4 дүгээр улирал, 2022 оны 1 дүгээр улиралд А үнэлэгээ авсан. Энэ үнэлгээнийхээ журмын дагуу 40 хувиар урамшуулал бодож өгдөг. Миний үндсэн цалин 766,481 төгрөг, 40% нь 306,592 төгрөг, үүнийг 2 улирлаар үржүүлээд 613,184 төгрөг болсон бөгөөд сахилгын шийтгэл ноогдуулснаас болоод урамшууллаа авч чадаагүй. Иймд нэхэмжлэлийг хангаж, газрын даргын 2021.11.15-ны өдрийн Б/119 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, суутгасан 6 сарын цалин хөлс 1,425,654 төгрөг, олгогдоогүй 2021 оны 4 дүгээр улирал, 2022 оны 1 дүгээр улирлын урамшуулал нийт 613,184 төгрөг, бүгд 2,084,828 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Тус байгууллагын архивт хадгалагдаж байгаа 172 түүхэн газрын зургийг судалгаанд хамруулан зургийн хэмжээ, материал, хийц, бүтээсэн арга зүй, он цаг, хийгдсэн байдал, гол онцлог, зураглагдсан хэлний байдал, хадгалалтын нөхцөл байдал зэргийг судалж тэдгээр зургийн судалгаа, мэдээллийг нэгтгэж Монголд анх удаа эх хувийг хэвлүүлж уг өвийн үнэ цэнэ, чанар, шинжлэх ухааны ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэхээр хуучин газрын зургийн "Нутгийн зураг" төслийг "Монголын түүхэн газарзүйн нийгэмлэг”-тэй хамтран хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд Монголд хадгалагдаж буй хуучин газрын зургийн өвүүдийг олон нийтэд нээлттэй болгох, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах нөхцөл бүрдэж, архивын "Монгол нутгийн зураг" түүхэн газрын зургийн цомог 3 ботийг зохиож хэвлүүлсэн. "Монгол нутгийн зураг" түүхэн газрын зургийн цомог нь Монгол улсын хэмжээнд түүхэн газрын зургийг соёл түүхийн чухал өв сан, үнэт зүйлийг хадгалж хамгаалах, хойч үедээ түүхээ танин мэдэх ойлгох мэдлэгийг өвлүүлэн үлдээх, олон нийтэд нээлттэй болгоход чухал ач холбогдолтой бүтээл болсон бөгөөд Засгийн газрын нөөц хөрөнгөөр санхүүжилтийг хийж улс ач холбогдол өгч хөрөнгө зарсан ажил болсон. Уг ажлын эх файлыг ажил, үүргийн дагуу Архив, мэдээллийн төвийн Агаар сансрын зураг, газар зохион байгуулалтын сан хөмрөг хариуцсан судлаач-архивч, нууцын эрхлэгч Ө.Д хадгалж, хамгаалж, хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан. "Монгол нутгийн зураг" түүхэн газрын зургийн цомгийн нээлтийг 2021.11.29-ний өдөр Улсын нийтийн номын санд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байх үед буюу 2021.11.10-ны өдөр ГЗБГЗЗГ-н Архив, мэдээллийн төвийн дарга Н.А нь тус газрын захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Гийн ажлын өрөөнд нь орж ирээд, "Монгол нутгийн зураг" түүхэн газрын зургийн цомгийн хэвлэлийн эх файл алдагдсан талаар мэдэгдсэн. Улмаар түүнийг гадны байгууллагын хүн олж авсан, тус газрын суурь судалгаа, мониторингийн хэлтсийн гэрээт ажилтан Б.Б гадагшаа гаргаж зарсан талаар хэлсэн. Тэр өдөр нь Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Г ГЗБГЗЗГ-н даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Орлогч даргад М.Буяндэлгэрт энэ талаар танилцуулснаар тус газрын удирдлага мэдсэн ба байгууллагын удирдлагын зүгээс тухайн гэрээт ажилтан Б.Бгийн гэрээг дуусгавар болгож, тухайн "Монгол нутгийн зураг" түүхэн газрын зургийн цомгийн хэвлэлийн эх файлын хадгалж, хариуцаж байсан албан хаагчдад хариуцлага тооцох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн.
Тухайн өдрөө буюу 2021.11.10-ны өдөр захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Г нь өрөөндөө Архив, мэдээллийн төвийн дарга Н.А, Суурь судалгаа мониторингийн хэлтсийн дарга Б.Дөл, захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Э, Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн гэрээт ажилтан Б.Б нарыг дуудаж хуралдсан бөгөөд юу болсон талаар асууж тодруулан тайлбар авсан. Тухайн хурал дээр Суурь судалгаа мониторингийн хэлтсийн гэрээт ажилтан Б.Б "Монгол нутгийн зураг" түүхэн газрын зургийн цомгийн хэвлэлийн эх файлыг дундын сервер дээрээс олж авсан, түүнийгээ гадны байгууллагын хүнд зарсан талаар тайлбар өгсөн. Энэ талаар Архив, мэдээллийн төвийн дарга Н.Ат хэлж яагаад дундын сервер дээр тавьсан талаар тодруулах үүрэг өгөхөд дундын сервер дээр тавиагүй, тавих боломж байхгүй бөгөөд ганцхан хатуу диск дээр хуулагдаж Архив, мэдээллийн төвийн Агаар сансрын зураг, газар зохион байгуулалтын сан хөмрөг хариуцсан судлаач-архивч, нууцын эрхлэгч Ө.Дд хадгалагдаж байгаа талаар хариу өгсөн. Тийм учраас маргааш нь буюу 2021.11.11-ний өдөр Архив, мэдээллийн төвийн дарга Н.А, Архив, мэдээллийн төвийн Агаар сансрын зураг, газар зохион байгуулалтын сан хөмрөг хариуцсан судлаач-архивч, нууцын ажилтан Ө.Д нарт Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасны дагуу сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр зохион байгуулж, тайлбар гаргах бололцоогоор бүрэн хангасан. Мөн Архив, мэдээллийн төвийн дарга Н.А, Суурь судалгаа мониторингийн хэлтсийн дарга Б.Дөл нар гэрээт ажилтан Б.Бгийн ажлын компьютер дахь файлыг шалгаж, хурааж авсан. Ингээд Ө.Дг ажлын байрны чиг үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэж үзэн 2021.11.15-ны өдрийн Б/118 дугаар тушаалаар Архив, мэдээллийн төвийн дарга Н.Ад "Монгол нутгийн зураг" түүхэн газрын зургийн цомгийн хэвлэлийн эх файлын хадгалалт, хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалалт, хамгаалалтыг хангалттай хэрэгжүүлж чадаагүй, нэгжийн албан хаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан тул сануулах, 2021.11.15-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар Архив, мэдээллийн төвийн Агаар сансрын зураг, газар байгуулалтын сан хөмрөг хариуцсан судлаач-архивч, нууцын Ө.Дд "Монгол нутгийн зураг" түүхэн газрын зургийн цомгийн хэвлэлийн эх файлын хадгалалт, хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалалт, хамгаалалтыг хангалтгүй хэрэгжүүлж зөрчил гаргасан тул албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан.
Хөдөлмөрийн тухай хуульд төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, түүнд заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах асуудал тусгагдаагүй байдаг тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтыг үндэслэл болгосныг буруу гэж үзэхгүй байна. Тус газрын албан тушаалын жагсаалтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх салбар зөвлөлөөр тус тус батлуулсан. Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт "Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ." гэж заасан байдаг. Мөн Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журам"-ын дагуу Архив, мэдээллийн төвийн Агаар сансрын зураг, газар зохион байгуулалтын сан хөмрөг хариуцсан судлаач-архивч Ө.Д нь жил бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан нэгжийн даргаар батлуулан, тайлагнаж ажилладаг. Мөн Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагчид үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоход Засгийн газраас баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журамд заасан нөхцөл, шалгуурыг баримтална." гэх заалт болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээгээр улирал бүр урамшуулал олгож байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн биелэлтийг дүгнэж болон үндэслэж урамшуулал олгодоггүй. Тус газар албан хаагчдаа төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагч гэж ангилан ялгадаггүй бөгөөд бүх албан хаагчдад тэгш, хандаж төрийн жинхэнэ албан хаагчид олгодог нөхөх төлбөр, урамшуулал, орон сууцны хөнгөлөлт, орон сууц худалдан авахад нь мөнгөн дэмжлэг зэрэг тусламж дэмжлэг үзүүлэх, хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нөхцөл баталгаагаар хангаж ажилладаг.
Ажилтан Ө.Дд сахилгын шийтгэл ногдуулахдаа ганцхан Төрийн албаны тухай хуулийг үндэслэл болгоогүй бөгөөд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэл болгосон. Тухайн сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актын үндэслэл өөрчлөгдсөн ч сахилгын шийтгэлийн эрх зүйн үр дагавар өөрчлөгдөхгүй байсан. Төрийн албаны тухай хуулийн 2021.07.02-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орж "37 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг" нь "төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг", "48 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах" нь "Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах" гэж өөрчлөлт орсон. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр орсон төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалт нь төрийн бүх албан хаагчид хамаарахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нь хуульд нийцсэн, хүчинтэй байгаа учир тушаалын дагуу суутгасан цалин хөлс, 2021 оны 4 дүгээр улирал, 2022 оны 1 дүгээр улирлын урамшуулал тус бүр 306.592 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно." гэж заасан. Гэтэл ажилтан Ө.Д нь хөдөлмөрийн дотоод журам, албан тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон тул тухайн албан хаагчийн ажлыг дүгнээгүй тул мөнгөн урамшуулал олгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч тал, иргэний үнэмлэхний лавлагаа, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021.11.15-ны өдрийн Б/119 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, Төрийн албан хаагчийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан тушаалын тодорхойлолт, 2022.05.27, 2021.09.14-ний өдрийн цалингийн тодорхойлолтууд, цалингийн картууд гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
4.Хариуцагч, 2021.11.10-ны өдрийн хурлын тэмдэглэл, Б.Батзаягийн тайлбар, 2021.03.22-ны өдрийн Б.Бтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ажлын компьютер дах файлыг шалгаж хүлээж авсан тухай тэмдэглэл, сонсох ажиллагаа зохион байгуулсан тухай тэмдэглэл, газрын даргын 2018.01.08-ны өдрийн Б/09 дугаар төрийн болон албаны нууц хамгаалах ажилтан томилох тухай тушаал, хавсралт, газрын даргын 2019.08.08-ны өдрийн Б/122 дугаар албан тушаалд томилох тухай тушаал, хавсралт, Ө.Дд хамаарах Төрийн жинхэнэ албан хаагчийн 2019 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, 2019 оны жилийн эцсийн тайлан, 2020 оны 1, 3, 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, 2020 оны 8, 9, 10, 12 сарын тайлан, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, 2021 оны жилийн эцсийн тайлан, газрын даргын 2019.04.19-ний өдрийн Б/72 тоот, 2019.06.25-ны өдрийн Б/105 тоот, 2019.12.24-ний өдрийн А/302 тоот, 2020.04.09-ний өдрийн А/89 тоот, 2020.06.17-ны өдрийн А/164 тоот, 2020.10.19-ний өдрийн А/235 тоот, 2020.12.22-ны өдрийн А/272 тоот, 2021.04.09-ний өдрийн А/73 тоот, 2021.06.22-ны өдрийн А/141, 2021.10.07-ны өдрийн А/195 тоот урамшуулал олгох тухай тушаалууд, хавсралтууд, газрын даргын 2020.10.20-ны өдрийн Б/89 тоот, 2021.09.30-ны өдрийн Б/98 тоот төрийн албан хаагчдад нөхөх төлбөр олгох тухай тушаалууд, хавсралт, газрын даргын 2019.09.19-ны өдрийн А/195 тоот тушаал, хавсралт болох хөдөлмөрийн дотоод журам, Ө.Дгийн цалингийн тодорхойлолт, 2020.05.26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ гэсэн баримтуудыг шүүхэд өгчээ.
5.Тус шүүхийн 2022.08.30-ны өдрийн 10834 тоот нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгч Ө.Дгийн ажлын байрны тодорхойлолт, 2021 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайланг дүгнэсэн баримт, тухайн үеийн нийт ажилтнуудад урамшуулал олгосон даргын тушаал буюу 2021.12.22-ны өдрийн А/253 тоот тушаал, хавсралт, мөн 2022 оны 1 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан болон түүнийг дүгнэсэн баримт, тухайн үеийн нийт ажилтнуудад урамшуулал олгосон даргын тушаал буюу 2022.04.08-ны өдрийн А/86 тоот тушаал, хавсралт, 2021.11.15-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай даргын тушаалын дагуу нэхэмжлэгч Ө.Дгийн цалин хөлснөөс суутгасан талаарх цалингийн буюу санхүүгийн баримт, тооцоолол гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.Д нь хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ-т холбогдуулж газрын даргын 2021.11.15-ны өдрийн Б/119 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай даргын тушаалыг хүчингүй болгуулах, суутгасан цалин хөлс, олгогдоогүй урамшуулал нийт 2,084,828 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тушаал хууль зүйн үндэслэлгүй, төрийн албан хаагчид хамаарах заалтыг төрийн үйлчилгээний албан хаагчид хамааруулсан, түүхэн газрын зураг 3 боть номын эх файлыг хулгайд алдсан гэдгийг эрх бүхий байгууллагаар шалгаж тогтоогоогүй, тухайн файлыг гэрээт ажилтан Б.Б дундын сервер дээрээс хуулж авч, бусдад дамжуулснаа зөвшөөрсөн байхад намайг хадгалах, хамгаалах чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй, энэ үндэслэлээр надад үндэслэлгүй сахилгын арга хэмжээ авсныг зөвшөөрөхгүй байна, үүний улмаас би 6 сарын цалингаа авч чадахгүй, үндэслэлгүй суутгуулж, мөн 2021 оны 04 дүгээр улирал, 2022 оны 01 дүгээр улирлын 40%-ийн урамшууллыг авч чадахгүй хохирч байгаа учир тушаалыг хүчингүй болгуулах, үүний үр дагаврыг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх ба, тушаал хууль зүйн үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулиар төрийн албан хаагчийн зарим зохицуулалт хязгаарлагдмал байдаг учир Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх нь буруу биш, архив болон нууцын ажилтан Ө.Д нь Түүхэн газрын зураг 3 боть номны эх файлыг хадгалах, хамгаалах үүргээ биелүүлж чадаагүй, энэ талаар сонсох ажиллагаа зохион байгуулж холбогдох хүмүүст нь арга хэмжээ авсан гэх агуулга бүхий тайлбарыг гаргажээ.
3.Нэхэмжлэгч Ө.Д нь хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ-ын Архив мэдээллийн төв, агаар сансрын зураг зохион байгуулалтын санг хариуцсан судлаач, архивч, мөн төрийн болон албаны нууц хамгаалах ажилтнаар ажилладаг байх ба, ажлын байрны тодорхойлолтод зааснаар архивын сан хөмрөгт шаардлага хангасан баримт хүлээн авч, заавар, журмын дагуу хадгалж, хамгаалах, төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг хариуцан, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн баримтаар үйлчлэх зорилгын хүрээнд тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх эрх, үүрэгтэй, энэхүү эрх, үүргийн хүрээнд улирал бүр ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргаж, тайлан бичиж, хийсэн ажлаа эрх бүхий этгээдээр үнэлүүлж, зохих оноог авсны үндсэн дээр байгууллагаас улирал бүр тодорхой хувиар урамшуулал авдаг байжээ.
Харин дурдсан эрх, үүргээ хангалттай биелүүлээгүй шалтгаанаар хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ-ын даргын 2021.11.15-ны өдрийн Б/119 тоот тушаалаар нэхэмжлэгч Ө.Дд сахилгын шийтгэл ногдуулсан байна.
4.Тус тушаалд Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.4, 6.1.1, 12.1, 12.3 дахь заалтуудыг удирдлага болгон,
“Архив, мэдээллийн төвийн Агаар, сансрын зураг, газар зохион байгуулалтын сан хөмрөг хариуцсан судлаач-архивч Ө.Д нь ГЗБГЗЗГ, Монголын түүхэн газар зүйн нийгэмлэгтэй хамтран эрхлэн гаргасан Монгол нутгийн “Түүхэн газрын зураг” 3 боть цуврал цомгийн эх загвар файлын хадгалалт, хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалалт, хамгаалалтыг хангалтгүй хэрэгжүүлж зөрчил гаргасан” гэсэн үндэслэлийг зааж, түүний албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулжээ.
Энэхүү тушаалын дагуу хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ нь 2021 оны 12 сараас 2022 оны 05 сарыг хүртэл цалин хөлсийг суутган авсан байх ба, үүнтэй холбоотойгоор түүнд 2021 оны 4 дүгээр улирал, 2022 оны 01 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр нэмэгдэл хөлс олгоогүй байна.
5.1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.” 131.1.2-т “үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”,
Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2-т “албан хаагчид дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна”, 5.2.4-т “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан агентлагын даргын эрх гэсэн хэсгийн 6.1.1-д “албан хаагчаас Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомж, Төрийн албан хаагчийн болон байгууллагын ёс зүйн дүрэм, энэхүү журам, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь чанартай, бүрэн гүйцэтгэхийг шаардах, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх”,
12.1-д “албан хаагч нь эрхэлсэн ажлын хүрээнд албан ёсоор илэрхийлж хэлсэн үг, албан тоот, тайлан, дүгнэлт, акт болон аливаа зурсан гарын үсгийн төлөө хариуцлага хүлээнэ”, 12.3-т “албан хаагчдын албан ажлын компьютер бүр нууц үгтэй байх бөгөөд төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хариуцдаг эсхүл тэдгээр нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан уг нууцыг зардуулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно. Албан хаагч дээрх мэдээллийг бусдад задруулахгүй байх үүргийг хүлээж ажиллана” гэж тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгч Ө.Д нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр, ТҮ-7 албан тушаалын ангилал зэрэглэлээр цалинждаг төрийн үйлчилгээний албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар төрийн үйлчилгээний алба хаагчид дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалт болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтууд хамаарна. Харин үүнд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан зохицуулалт хамаарахгүй болно.
6.Харин хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ-ын даргын нэхэмжлэгч Ө.Дд сахилгын шийтгэл ногдуулсан Б/119 тоот тушаалын хууль зүйн үндэслэл буюу Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл нь төрийн үйлчилгээний албан хаагчид хамааралгүй, хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдлын ялгаа заагийг харгалзаагүй, хэрэглэбэл зохих хуулийг хэрэглээгүй, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг баримтлаагүй байна.
Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ямар үүргийг биелүүлээгүй болох нь тодорхой байхаас гадна, үүнийг шалгаж тогтоосон байхыг шаарддаг, түүнчлэн ажилтны цалин хөлс бууруулах хэлбэрийн шийтгэлийг сахилгын хүндэвтэр зөрчил гаргасан ажилтанд хэрэглэхэд тохиромжтой, сахилгын хүндэвтэр зөрчилд өмнө нь жижиг зөрчил гаргаж байсан ажилтан дахин зөрчил гаргах, зөрчлийн улмаас ажил олгогчид эд хөрөнгийн буюу ажил хэргийн нэр хүндэд сөрөг байдлаар нөлөөлж хохирол учирах зэрэг үр дагавар бүхий зөрчлийг ойлгох учиртай.
7.Зохигчдын хооронд 2020.05.26-ны өдөр 2020/162 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлд ажил олгогчийн эрх, үүрэг, 3 дугаар зүйлд албан хаагчийн эрх, үүрэг, 4 дүгээр зүйлд талуудын хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан байх боловч нэхэмжлэгч Ө.Д нь 3 дугаар зүйлд зохицуулсан албан хаагчийн эрх, үүргийн аль заалтыг биелүүлээгүй болох нь тодорхойгүй, Б/119 тоот тушаалын удирдлага болгосон хөдөлмөрийн дотоод журмын 5.2.4, 6.1.1, 12.1, 12.3 дахь заалтуудаар зохицуулсан агуулга бүхий зохицуулалт хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, хөдөлмөрийн гэрээний зохицуулалт хязгаарлагдмал болжээ.
Тодруулбал, хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ нь сахилгын шийтгэл ногдуулсан Б/119 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг баримтлаагүй, нэхэмжлэгч Ө.Д нь Монгол нутгийн “Түүхэн газрын зураг” 3 боть цуврал цомгийн эх загвар файлын хадгалалт, хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалалт, хамгаалалтыг хангалтгүй хэрэгжүүлсэн зөрчил гаргасныг хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ нь хэрхэн яаж, шалган тогтоосон болох, энэ нь хүнд, хөнгөн, хүндэвтэр шинжтэй зөрчлийн алин болох нь тодорхойгүй, хариуцагч талын тайлбар, татгалзлын үндэслэл болсон баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
8.Хэрэгт авагдсан 2021.11.10-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзвэл, Монгол нутгийн зураг 3 боть номын тоон эхийг байгууллагаас гадна хүмүүс ашиглаж байгаа талаар хэлэлцсэн байх бөгөөд, боть номын тоон эхийг Суурь, судалгаа, мониторингийн хэлтсийн гэрээт ажилтан Б.Бгаас авсан болох нь тогтоогдсон талаар дурдаж, энэ талаар ярилцсан байх ба, хурлаас Б.Бгийн ашиглаж буй компьютерт үзлэг хийж, нууцлалтай холбоотой баримт, материал байгаа талаар шалгалт хийж, компьютер, эд материалыг хүлээн авах ажлыг Суурь, судалгаа, мониторингийн хэлтсийн дарга, Архив, мэдээллийн төвийн дарга нар зохион байгуулж, протокол үйлдэн танилцуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэхүү хурлын шийдвэрийн дагуу хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ нь Б.Бгаас тайлбар авсан, уг тайлбараар байгууллагын дундын серверээс санамсаргүй байдлаар нутгийн зураг 3 боть номыг PDF өргөтгөлөөр олж авсан, цааш нь Ц.Жамъяан гэх хүнд мэйлээр явуулж, 100,000 төгрөгөөр зарсан болохоо зөвшөөрсөн, хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ нь 2021.11.11-ний өдөр Б.Бгийн ажлын компьютер дахь файлыг шалгаж, хүлээн авсан, мөн өдрөө Ө.Д, Б.Б, дарга Н.А нарыг байлцуулсан сонсох ажиллагааг зохион байгуулж, Архив мэдээллийн төвийн дарга Н.А, нэхэмжлэгч Ө.Д нарт Төрийн албаны тухай хуулийн 48.1.2-т заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 48.1.3-т заасны дагуу халах сахилгын шийтгэл ногдуулах, Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн гэрээт ажилтан Б.Бгийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах саналыг удирдлагад танилцуулахаар шийдвэрлэж, үүний үр дүнд нэхэмжлэгч Ө.Дд сахилгын шийтгэл ногдуулсан Б/119 тоот тушаал гарчээ.
9.Харин Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн гэрээт ажилтан Б.Б нь байгууллагын дундын серверээс санамсаргүй байдлаар нутгийн зураг 3 боть номыг PDF өргөтгөлөөр олж авсан, цааш нь Ц.Жамъяан гэх хүнд мэйлээр явуулж, 100,000 төгрөгөөр худалдсан болохоо зөвшөөрсөн байх бөгөөд үүнд яагаад нэхэмжлэгч Ө.Дг буруутай гэж үзсэн болох нь ойлгомжгүй, серверт тавигдсан PDF өргөтгөл нь “Түүхэн газрын зураг” 3 боть цуврал цомгийн эх загвар файл байсан эсэх, архиваас алдагдсан эсэх нь тодорхойгүй, энэ байдлыг шалгаж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй, үүнийг хариуцагч талаас өмнөх шүүх хуралдаан дээр ажилчдын эрх ашгийг бодоод Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, шалгуулаагүй өнгөрсөн гэж тайлбарласан болно.
Өөрөөр хэлбэл, “Түүхэн газрын зураг” 3 боть цуврал цомгийн эх загвар файлыг хэн хадгалж, хамгаалж чадаагүй болох, хэн дундын серверт тавьсан болох, үүнд хэн гэм буруутай болохыг хариуцагч байгууллага эрх бүхий байгууллагад хандаж шалгуулаагүй, энэ байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгч Ө.Д нь Б/119 тоот тушаалд баримталсан хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.4-т заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх байдал, 12 дугаар зүйлийн 12.3-т заасан ...төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хариуцдаг эсхүл тэдгээр нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан уг нууцыг зардуулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно... гэсэн заалтыг зөрчсөн байдал баримтаар тогтоогдсонгүй.
10.Дээрх бүгдээс нэгтгэн дүгнэбэл, хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ-ын нэхэмжлэгч Ө.Дд сахилгын шийтгэл ногдуулсан зөрчил нь тодорхойгүй, үүнийг шалгаж тогтоосон талаарх баримтгүй, Б/119 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг баримтлаагүй, тушаалын хууль зүйн үндэслэл, үйл баримтууд хоорондоо тохирохгүй, сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон гэж үзэхгүй, нэхэмжлэгч Ө.Дг сахилгын хүндэвтэр зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй, эдгээр байдал нь баримтаар тогтоогдохгүй, Б/119 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
10.1.Хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ-ын даргын Б/119 тоот тушаалыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан тушаалын үр дагавар болох нэхэмжлэгч Ө.Дгийн 2021 оны 11 сараас хойш 2022 оны 05 сарыг хүртэл нийт 6 сарын хугацаанд цалингаас суутгасан суутгалын дүнг хариуцагч байгууллагын 2022.09.14-ний өдрийн 1/1785 тоот албан бичгийг үндэслэн 1,425,654 төгрөг гэж тооцлоо.
10.2.Нэхэмжлэгч Ө.Д нь сахилгын шийтгэл ногдуулсан Б/119 тоот тушаалын улмаас 2021 оны 04 дүгээр улирал, 2022 оны 01 дүгээр улирлын урамшууллаа авч чадаагүй байх бөгөөд, тэрээр 2021 оны 4 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, үнэлгээгээр 94,8 хувьу буюу А үнэлгээ, 2022 оны 01 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, үнэлгээгээр 95.4 хувь буюу А үнэлгээ тус тус авсан байх ба, газрын даргын 2021.12.22-ны өдрийн А/253 тоот, 2022.04.08-ны өдрийн А/86 тоот урамшуулал олгох тухай тушаалуудад зааснаар үндсэн цалингийн 40%-ийн нэмэгдэл авах байжээ.
Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нэгэнт хууль зүйн үндэслэлгүй гарсан нь тогтоогдож, хүчингүй болж байгаатай холбогдуулан, нэхэмжлэгч Ө.Дд олгоогүй, 2021 оны 04 дүгээр улирлын урамшууллыг нэхэмжлэгч Ө.Дгийн цалингийн дэлгэрэнгүй тооцооны баримтыг үндэслэн, үндсэн цалин болох 766,481 төгрөгийн 40% болох 306,592 төгрөг, 2022 оны 01 дүгээр улирлын урамшууллыг мөн адил 306,592 төгрөг, нийт 613,184 төгрөг гэж тооцлоо.
10.3.Ингээд хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ-аас Б/119 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын дагуу үндэслэлгүй суутган авсан 6 сарын цалин 1,425,654 төгрөг, олгогдоогүй 2021 оны 04 дүгээр улирал, 2022 оны 01 дүгээр улирлын урамшуулал нийт 613,184 төгрөг, бүгд 2,038,838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 45,990 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
11.Нэхэмжлэгч Ө.Дуласүрэн нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал 2021.12.15-ны өдөр тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн байх тул, энэхүү 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.Дд олгож, хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ-аас 117,771 /70,200+47,571/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хууль нь 2021.07.02-ны өдөр шинэчлэн батлагдаж, 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд энэхүү маргааны зүйл нь 1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад хамаарч, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан тул хуучин хуулийг баримтлан хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ-ын даргын 2021.11.15-ны өдрийн Б/119 тоот “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ-иас 2,038,838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 45,990 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Дуласүрэн нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Дгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.Дд олгож, хариуцагч ГЗБГЗЗГ ТБАГУТҮГ-аас 117,771 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА