Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/41

 

 

 

 

 

С.Т, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Хохирогч М.Ундрал /онлайнаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Цолмон /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, Р.Мөнхбаясгалан,

Шүүгдэгч Б.Б /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/38  дугаар шийтгэх тогтоолтой Б.Б нарт холбогдох 1934006830481 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч С.Т нь 2019.8.14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 87-80 УБО улсын дугаартай Lexus 470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг мөн дүрмийн 3-р бүлгийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/. хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож М.Ундралын эрүүл мэндэд хөнгөн, Б.Алтаннавчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Л.Баярсайханы амь насыг хохироосон,

Шүүгдэгч Б.Б нь 2019.8.14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 40-22 СҮА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалт мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас С.Тын жолоодож явсан 87-80 УБО улсын дугаартай Lexus 470 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч М.Ундралын эрүүл мэндэд хөнгөн, Б.Алтаннавчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Л.Баярсайханы амь насыг хохироосон,

мөн шүүгдэгч Б.Б нь 40-22 СҮА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сутай Санждоржийн Тд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон Батсүхийн Бт тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Сутай Санждоржийн Тыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, Шүүгдэгч Боржигон Батсүхийн Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил, 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Тын өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч С.Тыг хөдөлгөөнд аюул саад тулгармагц тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авах хэмжээний хурдыг тохируулж явсан бол, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигчдын суудлын бүсийг зүүлгэх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлсэн бол хүний амь нас эрсдэх нөхцөл үүсэхгүй байх боломжтой байжээ гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлбэл С.Т унаж явсан автомашин нь цуваа буюу эгнээнд явж байсан бөгөөд Замын хөдөлгөөний дүрэмд заасан зөвшөөрөгдсөн хурдтайгаар хөдөлгөөнд оролцсон, аливаа саад бэрхшээл тулгарах үед тормос гишгэж хурдыг хасах буюу зогсоох арга хэмжээг ямар ч хүн дээр дурьдсанаар авдаг. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гэж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн сэдэлтийг тордорхойлсон бөгөөд нэг талаар эрүүгийн хуулийн зохицуулалт байгаа боловч хамгаалах бүс зүүгээгүй үйлдэл нь нөгөө талаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20-д зааснаар хариуцлага хүлээх нөхцөл үүссэн.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч С.Тыг гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр дүгнэсэн. С.Т болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хэрэгт авагдсан баримт, гэрч нарын мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтээр зам тээврийн осол болсон ноцтой шалтгаан нь Б.Бын үйлдлээс болсон гэж үзэж болох бөгөөд С.Тын саадыг өөрөөсөө зайлуулж Б.Бын унаж явсан автомашиныг мөргөхгүйн тулд тойрч гарах үйлдэл хийснээр бусад зорчигч нарыг эрсдэл орохоос хамгаалсан байх магадлал өндөр юм.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй тул шийтгэх тогтоолын С.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч А.Мөнхтулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Гэрч нарын мэдүүлэг нэг болон гурван шинжээчийн дүгнэлтээр Б.Быг гэм буруутай гэж шүүх үндэслэлээ тодорхойлсон. Гэрч нар үгссэн мэт нэг янзын мэдүүлэг өгсөн энэ мэдүүлгийг үндэслэн шинжээч дүгнэлт гаргасан. Шинжээч нь тусгай мэдлэггүй гэдэг талаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорт хүсэлт гомдол өгсөн боловч шийдвэрлээгүй. Харин анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлтийг хүлээн авч ШУТИС-ийн тусгай мэдлэг бүхий мэргэжлийн багш нарыг шинжээчээр томилсон. Гаргасан дүгнэлтийг нь шүүх үнэлсэнгүй яагаад ямар үндэслэлээр үнэлээгүй вэ гэдгээ шийтгэх тогтоолд бичээгүй болно. Мөн хэргийн газрын үзлэг, ослын актад Б.Бын тээврийн хэрэгсэл огт байхгүй. Үзлэгт хамруулаагүй. ...Б.Бын тээврийн хэрэгсэл хаана зогсож байсан ямар хөдөлгөөн хийсэн талаар хэргийн газрын үзлэгт огт дурьдагдаагүй. Ослын актад мөн л огт ороогүй. Тэгсэн мөртлөө түүнийг дуудаж авчирсан үзлэг дуустал байлгасан ослын актад байхгүй машины эзнээр гарын үсэг зуруулсан. Тэгэхээр хэргийн бодит байдлыг тогтоох хоёр гол нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. Мөн 5 шинжээчийн дүгнэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт гаргах боломжгүй гэсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн газрын үзлэг, ослын актад тэмдэглэгдээгүй нотлох баримт байхад тээврийн хэрэгслийн жолоочийг буруутгаж болох уу үгүй юм. Гэтэл шүүх гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн шинжээч нарын дүгнэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн хуулийн заалтыг хэрэглэх ёстой байсан гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-р зүйлийн 1-д зааснаар "Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа МУ-ын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина" гэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөнөөр мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан "хэргийн бодит байдлыг" нотлон тогтоох, 16.2 дугаар зүйлд заасан "нотолбол зохих байдал" хангах үүргээ биелүүлээгүй эргэлзээтэй үйл баримтаар иргэнийг яллагдагчаар татаж гэм буруутайд тооцлоо. Гэмт хэргийг хэн үйлдсэн ямар үйлдэл нь гэм буруутай болов гэдгийг нотлон тогтоож чадаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 1.7-р зүйлийн 1-д зааснаар "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй", мөн зүйлийн 2-т зааснаар "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд... байдлыг эргэлзээгүй тогтооно" гэснийг хэрэгжүүлээгүй тусгай мэдлэггүй шинжээч нарын дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. ШУТИС-ийн техникийн мэдлэг бүхий шинжлэн ухааны мэргэшсэн доктор багш нар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар дүгнэлт гаргах боломжгүй гэсэн. Энэ дүгнэлтийг үнэлээгүй. Мөн оролцогч нараас гаргасан шинжээч н.Батболд, гэрч н.Гомбожав нарыг анхан шатны шүух хуралд оролцуулах хүсэлтийг хангаагүй нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Ялангуяа шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан эсэх асуудал нь эргэлзээтэй, мөн гэрч Н.Гомбожавыг хэн хаанаас яаж авчирч мэдүүлэг өгүүлсэн, түүний мэдүүлэг нь гэрч н.Золбоогийн мэдүүлэгтэй үг үсгийн зөрүүгүй шахуу, мөн дэлгүүрийн камерийн бичлэгийг хэн хаанаас авсан яагаад бичлэгнээс осол хийсэн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлоогүй зэрэг асуудлыг зайлшгүй нотлон тогтоох шалгах шаардлагатай байсан. Гэтэл шүүх энэ камерийн бичлэгийг үнэлээгүй болно.

Иймд ... шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгох өөрчлөлт оруулж түүнийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх амь хохирогчийн оршуулгын болон хоног хураахад зарцуулсан зан үйлийн зардал, хохирогч М.Ундралын эмчилгээний зардлыг баримтаар шүүх хуралдаанд ирүүлсэн хэмжээгээр буюу 31.023.390 төгрөгөөр нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь УДШ-ийн 2009.05.22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1.4-т "...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсан төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар тогтооно..." гэснийг үзэхэд хоног хураахад зарцуулсан зан үйлийн зардлыг оруулаагүй учраас энэ хохирлын хэмжээ хэт өндөр гарсан байх тул түүнийг хянаж тооцож өгнө үү.

Улсын яллагч... ялтан Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 3 сарын хорих ялтай дүйцүүлж нийт эдлэх ялыг 3 жил 3 сар хорих ялаар тогтоож ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргасан бөгөөд шүүх Б.Быг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэж нийт 2 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Иймд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №14/05 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эсхүл мөрдөн байцаалтад буцаан өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтэндээ: Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэгт хийгдвэл зохих бүх ажиллагаанууд хийгдэж дууссан. Цаашид хийх ажиллагаа байхгүй. Шинжээчийн 122, 50 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогч М.Ундрал гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан нэхэмжлэлийн тал дээр өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх гаргасан саналдаа: Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан гаргасан саналдаа: Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээтэй байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.11 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар хэргийн газраас зугтаасан гэдэг замын хөдөлгөөний дүрмийн заалт тавьж байж хүнд ял оногдуулах ёстой. Ийм заалт шинжээчийн дүгнэлтэд огт байдаггүй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж дээрх асуудлуудыг дахин шалгуулах шаардлагатай байна гэсэн санал байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан саналдаа: Мөрдөн байцаах ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж байна. Үүнтэй санал нийлэхгүй байгаа. Ослын акт хэргийн газрын үзлэгээр нотлогдсон гэж байна. Хэргийн газрын үзлэг, ослын актаар Бт холбогдох хэрэг нотлогдон тогтоогдоогүй. Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүх хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Б.Б гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах саналтай байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь  хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Т, шүүгдэгч Б.Б нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Т нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 87-80 УБО улсын дугаартай Lexus 470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн. Мөн дүрмийн 3-р бүлгийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/. хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож машинд зорчин явсан М.Ундралын эрүүл мэндэд хөнгөн, Б.Алтаннавчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Л.Баярсайханы амь насыг хохироосон,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 40-22 СҮА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн, мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас С.Тын жолоодож явсан 87-80 УБО улсын дугаартай Lexus 470 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч М.Ундралын эрүүл мэндэд хөнгөн, Б.Алтаннавчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Л.Баярсайханы амь насыг хохироосон, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, авто тээврийн  осол болсон хэргийн  газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Ундралын “...Т тээврийн хэрэгслийг бариад хөдөлсөн... манай нөхөр урд суусан байсан би яг ар талд нь сууж явахад өөдөөс эсрэг урсгалаас цэнхэр портер ирж явсан. Хоёр талаас ойртож ирээд явж байтал нөгөө портер гэнэт хамраа манай урсгал руу эргүүлсэн ба ...бүгд хүүе гээд л гэнэт машин онхолдоод эргэлдээд явчихсан... Миний хувьд гомдолтой байна хэрэв эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл орж ирээгүй бол ийм зүйл болохгүй байсан… Би бүс зүүгээгүй байсан. Нөгөө хэд зүүсэн эсэхийг сайн хэлж мэдэхгүй, хэрэв зүүсэн бол машинаас шидэгдэхгүй л байх байсан.” /1-р хх-ийн 34, 46/,

Хохирогч Б.Алтаннавчийн “...Улаанбаатар хотоос гараад явж байсан уг машиныг Т жолоодож явсан... Цонжинболдогийн замаар уруудаад явтал эсрэг урсгалаас цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд бид нарын урдуур ороод  ирсэн. Тэгсэн манай дарга Баярсайхан “хөөе наад машин чинь яаж байна“ гэж хэлэхэд манай жолооч Т нь тойрч гарах гэж жолооны хүрдийг дарсан боловч машин маань замаас гарч онхолдсон... Уг портерийг ...манай цуваанд явж байсан машин араас нь очиж хөөж зогсоосон ...” /1-р хх-ийн 36, 37/,

Гэрч Б.Гомбожавын “...Би осол болохын өмнөхөн цайны газарт хоол захиалаад гадаа тамхи татаад зам руу хараад зогсож байтал Улаанбаатар хотын чиглэлээс 470 маркийн тээврийн хэрэгсэл ... багцаагаар 60-70 км цагийн хурдтай явж байсан байх миний хажуугаар өнгөрсөн ба эсрэг урсгалаас нь цэнхэр өнгийн портер маркийн машин машин дохио өгөхгүй шороон зам руу салах гээд хурдаа бууруулаад нэг секунд зогсох шиг болоод л ... тэгээд нөгөө 470 маркийн тээврийн хэрэгсэл дөхөөд очиход нь яг урдуур нь өөдөөс нь яваад орчихсон. Тэгсэн нөгөө 470 маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдөхгүйн тулд урдуур нь тойрч гарах гээд тойрсон ба цаана гараад тэр чигээрээ эрчээрээ яваад онхолдчихсон. Тэгсэн нөгөө портер араар нь шууд шороон замаар буугаад яваад өгсөн... яг зөрөхийн завдалгүй урдуур нь дараад орчихсон.” /1-р хх-ийн 53/

Гэрч  Ц.Золбоогийн “...Цонжинболдог цогцолборын урд талын засмал замаар явж байтал миний сууж явсан машины урд талын машин буюу цувааны урд талаас 5 дахь машины урдуур эсрэг урсгалд явж байсан цэнхэр өнгийн портер маркийн машин зүүн гар тийшээ эргэж миний сууж байсан машины эгнээ рүү орсон ...урд талын машин тухайн эсрэг урсгалд орсон портер машиныг мөргөхгүйн тулд хажуу талаар нь буюу баруун гар талаараа тойроод гарчихсан. Тэгээд эргэж эгнээндээ ороод тогтохгүй цаашаа эсрэг урсгалын эгнээг даваад замын хойд талын хөвөөг даваад онхолдсон... бөмбөрөөд л явчихсан ...Тэгээд тухайн портер машин зам дээр эргэсэн газар очоод хартал үргэлжилсэн цагаан шугамтай газар байсан ...” /1-р хх-ийн 51, 52/

Гэрч Д.Цогтбаярын “...миний урд явсан 5 дугаартай тээврийн хэрэгслийн эсрэг урсгалд явж байсан цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руугаа бага зэрэг дарсхийсэн маягтай харагдсан ба манай урд талын машин урдуур нь тойрч гарч байгаа харагдсан би ард нь яг хэр зайтай явсан талаараа сайн хэлж мэдэхгүй байна нэг мэдсэн аваар болсон. Нөгөө цэнхэр өнгийн портер яг миний урдуур зам хөндлөн гараад  чигээрээ шороон замаар давхиад явчихсан ...портер давхиад явчихлаа араас олоод ир дууд гээд манай нөгөө машины хүмүүс ямар асуудал болсныг мэдэхгүй араас нь очиж авчирсан..” /1-р хх-ийн 43/,

Гэрч Б.Өлзийбаярын “...Цонжинболдогийн ойролцоо асфальтан замын хажууд саарал өнгийн суудлын машин хажуу талаараа унасан байдалтай харагдсан. Тэгээд явж байтал урд явж байсан машины хүмүүс тэр портерийн араас яваад бичиг баримтыг шалгаад аваад ир гэж хэлсэн. Тэгээд портерийг зогсоогоод та бичиг баримтаа гаргаад ир ...та яагаад хэргийн газраас зугтаад явчив гэхэд юм дугараагүй. Тэгээд машиныг нь унуулаад буцаад замын хажуу руу унасан байсан машин луу явсан.” /1-р хх-ийн 44/ гэх мэдүүлгүүд,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №632, 9 дүгээр сарын 12-ны өдрийн №130 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 55-56, 66-67/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №11349, /1-р хх-59/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч С.Батболдын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №122 дугаартай дүгнэлт, /1-р хх-69/, Төв аймаг дарь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №50 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2-р хх-45/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

С.Тын:

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 87-80 УБО улсын дугаартай Lexus 470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн, мөн дүрмийн 3-р бүлгийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/. хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож машинд зорчин явсан М.Ундралын эрүүл мэндэд хөнгөн, Б.Алтаннавчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Л.Баярсайханы амь нас хохирсон, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ ...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол... “ гэсэн гэмт хэргийн шинжийг,

 

Б.Бын :

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 40-22 СҮА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн ,  мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас С.Тын жолоодож явсан 87-80 УБО улсын дугаартай Lexus 470 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч М.Ундралын эрүүл мэндэд хөнгөн, Б.Алтаннавчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Л.Баярсайханы амь нас хохирсон, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол...“ гэсэн гэмт хэргийн шинжийг,

мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.  

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй , шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нотлох баримтуудыг харьцуулан шинжилж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоосон байна.

Анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан С.Тд оногдуулсан тэнсэн харгалзсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй,  хохирол төлбөр барагдуулаагүй зэргийг харгалзан Б.Бт оногдуулсан биечлэн эдлэх хорих ялын хэмжээ, нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээ нь шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд бүрэн тохирсон байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Т, Б.Б нарын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлээс болсон, гэм буруутай болох нь тогтоогдсон тул хохирлыг тэдгээрт хувь тэнцүүлэн хариуцуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг судалж үзэхэд:

            Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт С.Тын “... би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний зүгээс болсон хэрэгт ямар ч маргаангүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ... хохирол мөнгөө төлөхөө илэрхийлж байна... андыгаа хажуудаа суулгаж яваад зам тээврийн осол гаргаж амь насыг нь хохироосондоо маш их харамсаж гэмшиж байна“ гэх мэдүүлэг, түүний өмгөөлөгч Б.Батсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт  гаргасан тайлбар, шүүхийн  хэлэлцүүлэг  дууссаны дараа гаргасан дүгнэлт, шүүгдэгч С.Т гэм буруу дээрээ маргадаггүй, 25 607 345 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан шүүхээс  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн С.Тд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байхад гэм буруугийн талаар шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Б.Батсүх нараас  “...саадыг өөрөөсөө зайлуулж Б.Бын унаж явсан машиныг мөргөхгүйн тулд тойрч гарах үйлдэл хийснээр бусад зорчигч нарын эрсдэлд орохоос хамгаалсан... С.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү саналыг гаргасан болно“ гэсэн давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авах  үндэслэлгүй байна. /1 хх-ийн 109, 3 хх-ийн 27/,

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2616 дугаартай “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл”-ийг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч М.Бат-Эрдэнэ нь хөндлөнгийн гэрч Ц.Бауржан, Д.Цэрэнбат нарыг оролцуулан үйлдсэн бол “Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч”-ийг ахлах дэслэгч Г.Манлайбаатар нь Ж.Отгонтөгс, О.Ханд нарыг байлцуулан танилцуулж үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн “...хөндлөнгийн гэрчээр Ц.Бауржан, Д.Цэрэнбат нарыг оролцуулж хэмжилт хийсэн атлаа зам тээврийн ослын актад хэмжилт бүдүүвч зургийг О.Ханд, Ж.Отгонтөгс гэсэн хоёр хүнд танилцуулж..., ...ноцтой зөрчсөн гэж үзэж байна“ гэх гомдол үндэслэлгүй байна. /1-р хх-ийн 5-10/,

Мөрдөн шалгах шатанд хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг ханган  мөрдөгч болон прокурорын шийдвэрээр Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч С.Батболд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №122 дугаартай дүгнэлт, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн хошууч Г.Мягмархишиг, ахлах дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ, ахлах дэслэгч Б.Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №50 дугаартай шинжилгээний дүгнэлтүүдийг тус тус гаргажээ. /1-р хх-ийн 68-69, 2-р хх-ийн 42-45/,

Дээрх шинжээч томилсон шийдвэрийг хэргийн оролцогч нарт танилцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг тайлбарлаж гарын үсэг зурсан байх бөгөөд шинжээч томилсон шийдвэртэй холбогдуулан тухайлбал “эрх зүйч мэргэжилтэй хүмүүс шинжээч”-ээр томилогдож болох эсэх талаар болон шинжээчийг татгалзах гаргах хүсэлт гаргах  зэргээр шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч нараас ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй байна.  /2-р хх-ийн 42-44 тал/,

 Нөгөөтээгүүр шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “шинжээчид тавьсан асуулт нь түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгт хамаарахгүй ... бол шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах” эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, мөн хуулийн 27.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шинжээчээр томилогдож №122, №50 дугаартай дүгнэлтүүдийг бичгээр гаргахдаа шинжээчид нь тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн  эсхүл тусгай мэдлэгт хамаарахгүй гэж үзэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаагүй, харин өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарна хэмээн үзэж  шинжилгээ дүгнэлт гаргасан байх ба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангадаг байгууллагад “эрх зүйч” мэргэжлээрээ 4-14 жил ажилласан, мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг тогтооход шаардагдах мэдлэгийг эзэмшсэн гэж үзэж тэдгээрийг шинжээчээр томилсон нь Шүүх шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байх тул   өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн “...дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр заалтыг ноцтой зөрчиж, эрх зүйч мэргэжилтэй хүмүүс шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа...” гэх гомдол үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг гарснаас хойш 1 жил 8 сар гаруй хугацаа өнгөрсөн, тээврийн хэрэгсэл хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мандуул нарын эзэмшилд байгаа.  С.Тын жолоодож явсан 87-80 УБО улсын дугаартай Lexus 470 маркийн тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...тээврийн хэрэгслийг техникийн бүрэн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай” гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын “С.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч А.Мөнхтулгын “...Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгох өөрчлөлт оруулж түүнийг цагаатгаж өгнө үү“ гэх, өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эсхүл мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Харин шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох” гэснээс  өөрөөр  тусгасан  байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “1. Шүүгдэгч Сутай Санждоржийн Тыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Боржигон Батсүхийн Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг...” гэснийг “1.Шүүгдэгч Сутай Санждоржийн Тыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүний амь нас  хохирсон гэмт хэрэг,

Шүүгдэгч Боржигон Батсүхийн Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүний амь нас хохирсон гэмт хэрэг...“ гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Б.Батсүх, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч А.Мөнхтулга, өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын 2021 оны 02 дугаар  сарын 08-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг түүний  ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХДАВАА

 

 

    ШҮҮГЧИД                                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                       Т.ЭНХМАА