Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2022/03189

 

 

 

 

 

 

 

 

 2022        11        03                                             182/ШШ2022/03189

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: НЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Т-д холбогдох,  

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 23,070,834 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Хариуцагч Г.Т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Т нь 2020.09.21-ний өдрийн 158 дугаартай зээлийн гэрээгээр НЗ ХХК-аас 13,000,000  төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй зээлсэн. Мөн өдрөө 158 дугаартай фидуцийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 2005 онд үйлдвэрлэгдсэн, mercedes benz ml 320 маркийн хар өнгөтэй, 10** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нэг жилийн жолоочийн даатгалын төлбөр болох 325,000 төгрөгийг манай байгууллагаар төлүүлэн өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, зээлээс нэг ч төлөлт хийгээгүй бөгөөд манай байгууллагын зүгээс тээврийн хэрэгслийг олж үнэлгээ тогтоолгуулахаар хайсан боловч хаана байгаа нь тодорхойгүй, чанар байдал нь ямар болсон талаар мэдэгдэхгүй болсон. Тиймээс фидуцийн гэрээний дагуу шаардлага гаргах боломжгүй болсон. Харин манай байгууллагын хувьд зээлдэгчээс зээлийн гэрээний үндсэн үүргийг шаардах эрхтэй тул удаа дараа үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч одоог хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. НЗ ХХК нь 2020.09.21-ний өдрийн 158 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу шаардаж байна.

Мөн зээлийн гэрээнд “гэрээний үүргээ биелүүлээгүйгээс холбогдон гарах бусад зардал, хууль зүйн зардал, өмгөөлөгчийн хөлсийг зээлдэгч бүрэн хариуцан төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрийг зээлдэгч төлөх үүрэг хүлээж байна. Бидний зүгээс Г.Тд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр 2021.09.21-ний өдрийн 10978 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэгэнт хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байсан учир шүүхэд хандан эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, хаяг тогтоох ажиллагаа хийсэн. Хариуцагч Г.Т нь биднээс санаатай зайлсхийж, төлбөр төлөхгүй зугтааж байна. Түүний зээлийн үлдэгдэл нь 2021.11.20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 13.000.000 төгрөг, 2020.10.21-ний өдрөөс 2021.07.21-ний өдрийг хүртэл 10 сарын хүү 3.902.917 төгрөг, алданги 4.000.030 төгрөг, даатгалын төлбөр 297.917 төгрөг, хууль зүйн туслалцааны төлбөрт 1.840.000 төгрөг, нийт 23,070,834 төгрөг болсон байна. Иймд хариуцагч Г.Тгээс зээл, учруулсан хохиролд 23,070,834 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.09.21-ний өдрийн зээлийн гэрээ, хавсралт, 2020.09.21-ний өдрийн фидуцийн гэрээ, 2020.09.22-ны өдрийн кассын зарлагын ордер, 2021.10.25-ны өдөр Г.Тгийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан оршин суугаа хаягийн талаарх тайлбар, Г.Тгийн оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.03-ны өдрийн 3535 дугаар “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Хариуцагч талаас шүүхэд ямар нэгэн бичгийн баримт ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч НЗ ХХК нь хариуцагч Г.Тд холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон зардалд 23,070,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг зээлийн гэрээний хугацаа нэгэнт дууссан, хариуцагч нь авсан зээлээс нэг ч төлөлт хийгээгүй, манай байгууллага зээлийг төлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авсан, хариуцагчийг эрэн сурвалжлуулж хаяг тогтоосон, зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алданги, байгууллагаас гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй, харин фидуцийн гэрээний зүйл болох автомашин хаана байгаа нь тодорхойгүй байгаа учир энэ гэрээний дагуу шаардлага гаргах боломжгүй болсон гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэгч НЗ ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, гадаад худалдаа, авто машины түрээсийн үйлчилгээ гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд зохигчдын хооронд 2020.09.01-ний өдөр зээл, фидуцийн гэрээ байгуулагджээ. Зээлийн гэрээний дагуу хариуцагч Г.Т нь 13,000,000 төгрөгийг, сарын 3,5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай нэхэмжлэгч НЗ ХХК-иас зээлж авсан, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги төлөх,  

фидуцийн гэрээгээр зээлийг төлөөгүй тохиолдолд хариуцагч Г.Т нь өөрийн эзэмшлийн 10** УНЦ улсын дугаартай, Mercedes benz ml 320 маркийн хар өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг НЗ ХХК-ийн нэр дээр бүртгүүлэх, автомашиныг өөрөө унаж, ашиглаж байх нөхцөлтэй байхаар тус тус тохиролцжээ.  

 

3.Зохигчдын хооронд үүссэн энэхүү харилцааг шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа байна гэж дүгнэсэн бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 286 дугаар зүйлийн 286.2, 286.5-д заасан шаардлагад нийцсэн байна.  

 

Нэхэмжлэгч НЗ ХХК нь зээлийн гэрээний дагуу 13,000,000 төгрөгийг 2020.09.22-ны өдөр хариуцагч Г.Тд олгосон, хариуцагч Г.Т нь мөн өдөр фидуцийн гэрээний дагуу 10** УНЦ улсын дугаартай, Mercedes benz ml 320 маркийн автомашины тээврийн хэрэгслийн бүртгэлийг нэхэмжлэгч НЗ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн талаар баримтгүй боловч нэхэмжлэгч тал маргаагүй болно.

 

Харин энэхүү фидуцийн гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болж, гэрээний зүйл болсон автомашин хаана байгаа нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч фидуцийн гэрээний дагуу шаардлага гаргаагүй, зөвхөн зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алданги, зардал буюу хохирлыг шаарджээ.

 

4.Хариуцагч Г.Т нь зээлийн гэрээний хавсралт буюу эргэн төлөлтийн хуваарийн дагуу, зээлийн гэрээний 12 сарын хугацаанд үндсэн зээлд 13,000,000 төгрөг, хүүд 4,370,528 төгрөг, даатгалын төлбөрт 325,000 төгрөг, нийт 17,695,828 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, зээлээс огт төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч НЗ ХХК нь хариуцагч Г.Тгээс зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан, түүний хаяг тодорхойгүй болж, эрэн сурвалжлуулж, хаяг тогтоох ажиллагаа хийжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч НЗ ХХК нь зээлийн гэрээний дагуу өөрийн хүлээсэн үүргийг шударгаар, зохих ёсоор биелүүлж, зээлийн 13,000,000 төгрөгийг хариуцагч Г.Тд хүлээлгэн өгсөн байхад хариуцагч Г.Т нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, үндсэн зээл, хүү огт төлөөгүй болох нь тогтоогдсон тул тэрээр үндсэн зээл, хүүнээс гадна нэмэлт үүрэг болох алданги, түүнчлэн нэхэмжлэгчид учруулсан зардал буюу хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч НЗ ХХК-нд зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.9, 3.2.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг, учирсан хохирлын хамт шаардах эрх үүснэ.

 

5.Харин нэхэмжлэгч НЗ ХХК нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2, 3.2.5, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч Г.Т зээлийн гэрээний график зөрчиж, зээлийг авснаас хойш огт төлөлт хийгээгүй байхад зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан учраас хариуцагч Г.Тг эрэн сурвалжлуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.

 

Гэвч шүүх нэхэмжлэгч НЗ ХХК нь зээлийн хүүг 2021.07.21-ний өдөөр тасалбар болгон шаардаж байгаа байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгч НЗ ХХК нь энэхүү зээлийн гэрээний хугацааг дуусаагүй байхад 2021 оны 07 сард нэг талын санаачилгаар цуцласан байна гэж дүгнэлээ.

 

6.Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9, 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар хариуцагч Г.Т нь гэрээний үүргээ зөрчсөн, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацаанд алданги төлөх, зээлдүүлэгчид учирсан хохирол, хууль зүйн туслалцааны хөлс, өмгөөллийн хөлс, нотариатын үйлчилгээний хөлс зэргийг бүрэн хариуцан төлөх үүргийг хүлээжээ.

 

Хэдийгээр талууд гэрээнд хохирол, зардал, алданги төлөх талаар тохиролцсон байх боловч зээлийн гэрээ нэгэнт цуцлагдсан учраас нэхэмжлэгч тал алдангид 4,030,000 төгрөгийг шаардах хууль зүйн үндэслэлгүй, хэдийгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу хариуцагч Г.Т нь 325,000 төгрөгийн даатгалын төлбөр төлөхөөр байх боловч энэ нь юуны даатгал болох нь тодорхойгүй, энэ талаар зээлийн гэрээнд ямар нэгэн зохицуулалт байхгүй, даатгалын төлбөр гэх 297,917 төгрөгийг хэнд, хэзээ, хэрхэн төлсөн болох нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй, үүнийг нэхэмжлэгч тал тодруулж чадаагүй болно.

 

Мөн нэхэмжлэгч НЗ ХХК нь 2021.11.01-ний өдөр Цэц мэргэн ХХН-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, хууль зүйн туслалцаа авах, өмгөөллийн хөлсөнд 1,670,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх боловч уг төлбөрийг яаж 1,840,000 төгрөг гэж тооцсон нь ойлгомжгүй, өмгөөллийн хөлс төлсөн тухай баримтгүй, тэрээр Үндсэн хуульд заасан өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлсэн байна. Тиймээс хариуцагч Г.Т нь алданги, даатгалын төлбөр, өмгөөллийн хөлс болох зардал буюу хохирлыг хариуцах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

7.Шүүх хариуцагч Г.Тг эрэн сурвалжилж, хаяг тогтоосны үндсэн дээр шүүхэд албадан ирүүлж, түүнд 2022.09.15-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан, эрх, үүргийг нь танилцуулан, 2022.09.29-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч Г.Т нь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч Г.Тг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул хариуцагч Г.Тгээс үндсэн зээл 13,000,000 төгрөг, 2020.10.21-ний өдрөөс 2021.07.21-ний өдрийг хүртэл 10 сарын хүү 4,135,446 төгрөгийг нэхэмжлэгчийн тооцоолсноор, түүний гаргасан шаардлагын хүрээнд 3,902,917 төгрөг болгож, нийт 16,902,917 төгрөг /13,000,000+3,902,917/-ийг гаргуулж нэхэмжлэгч НЗ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,167,917 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

8.Нэхэмжлэгч НЗ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 273,305 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Тгээс 242,465 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НЗ ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Г.Тгээс 16,902,917 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НЗ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,167,917 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч НЗ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 273,305 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Тгээс 242,465 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НЗ ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА