Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
Хэргийн индекс | 182/2022/02701/И |
Дугаар | 182/ШШ2022/03322 |
Огноо | 2022-11-15 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2022/03322
2022 11 15 182/ШШ2022/03322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ЧЛ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЮБАЭЭ ХХК-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн барьцаанд төлсөн 8,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гаргасан гэрээнээс учирсан хохиролд 2,433,586 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.О, өмгөөлөгч Т.З,
Хариуцагчийн төлөөлөгч Г.Х,
Гэрч Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 2019.04.20-ны өдөр хариуцагч ЮБАЭЭ ХХК-тай рестораны зориулалттай нийт 252 м.кв талбайг түрээслэхээр Т 19/2 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн түрээсийн гэрээг байгуулахдаа 1 сарын түрээсийн төлбөр болох 8,000,000 төгрөгийг ЮБАЭЭ ХХК-нд шилжүүлсэн ба энэ талаар гэрээний 5.1 дэх хэсэгт тусгасан. Түрээслэгч тал болох ЮБАЭЭ ХХК-аас 2020.03.27 өдөр болон 2020.04.06-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлүүдийг бидэнд илгээж, 2020.04.09-ний өдөр бид түрээсийн талбайг чөлөөлж өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.3-т “гэрээг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гэрээ цуцлах талаар 3 сарын өмнө мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Гэтэл ЮБАЭЭ ХХК-ийн зүгээс хамгийн анх 2020.03.27-ны өдөр мэдэгдэл явуулж, 1 сар ч бололгүй хүчээр талбайг чөлөөлүүлсэн байдаг. Иймд түрээсийн гэрээ нэгэнт дуусгавар болсон, бид хариуцагч байгууллагаас барьцаанд өгсөн 8,000,000 төгрөгөө буцаан авах шаардлагыг удаа дараа гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд түрээсийн гэрээний дагуу бидний барьцаанд тавьсан 8,000,000 төгрөгийг хариуцагч ЮБАЭЭ ХХК-аас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч ЧЛ ХХК-тай 2019.04.20-ны өдөр 19/2 дугаартай түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дахь зүйлийг үндэслэн байгуулсан. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д “Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” мөн түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Түрээсийн баталгаа болгож түрээслэгч нь 1 сарын төлбөртэй тэнцэх 8.000.000 төгрөгийн хэмжээний барьцааг түрээслэгчид шилжүүлнэ” 5.2-т “Түрээсийн барьцаа нь гэрээ цуцлагдах эсхүл дуусгавар болох нөхцөлд төлбөр тооцооны үлдэгдэл, түрээслэгчид учирч болох хохирлыг арилгах хэрэгсэл болно”, 5.5-т “Түрээслэгч түрээслэн авсан байрыг түрээслэхээс өмнө байсан байдалд бүрэн оруулж засаж хүлээлгэн өгнө. Эс бөгөөс барьцаа мөнгийг буцаан олгохгүй” гэж тус тус заасан.
Гэвч ЧЛ ХХК нь түрээсийн гэрээ байгуулж ажиллах хугацаандаа түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь огт төлж байгаагүй, байнга шаардуулж, нэхүүлдэг байсан. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагаас нэхэмжлэгчид мэдэгдэл өгч түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн талбайг чөлөөлүүлсэн байдаг. ЧЛ ХХК нь манай талбайг түрээсэлж байх хугацаандаа түрээслэн авсан байр, бусад тоног төхөөрөмжийг эвдэж 10,433,586 төгрөгийн хохирол учруулсан. Тийм учраас барьцааны 8,000,000 төгрөгийг суутган авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ЧЛ ХХК нь 2019.04.20-ны өдөр 19/2 дугаартай гэрээг байгуулан ЮБАЭЭ” ХХК-ийн өмчлөлийн В1 давхарт байрлах 72 м.кв бүхий гал тогоо /1 агуулах, 1 бэлтгэлийн өрөө, гал тогоо/ 2 давхарт байрлах 180 м.кв бүхий “Х” ресторан нийт 252 м.кв талбайг түрээсэлж байсан. Түрээсийн талбайг хүлээлгэж, хүлээлгэн өгөх талаар ямар нэгэн акт үйлдээгүй, нэхэмжлэгч талаас хүн ирээгүй. Тийм учраас манай байгууллага түрээсийн талбайг хүлээн авах үед бичлэг хийн баримтжуулж, үүний дараа зохих засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийх, эвдэрсэн эд зүйлийг шинээр авах зэргээр өөрөөсөө зардал гаргасан. Үүнд:
3.1.Рестораны В1 давхарт 3,833,500 төгрөг, 2 дугаар давхрын зааланд 3,156,400 төгрөг, нийт 6,989,900 төгрөгийн хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл бид цэвэрлэгээний ажлын хөлс 4 удаа 30,000 төгрөг буюу 120,000 төгрөг, гал тогооны цэвэрлэгээний төлбөр 300,000 төгрөг, жигнүүр шатаасны төлбөр 850,000 төгрөг, гурилын машины төлбөр 800,000 төгрөг, газны мэдрэгчийн дохиолол гэмтээсэн төлбөр 260,000 төгрөг, бэлтгэлийн өрөөний хөргөгчийн доод хэсгийг шатаасны төлбөр 350,000 төгрөг, дутаасан аяга тавгийн төлбөр 348,000 төгрөг, материалын үнэ 227,500 төгрөг, нийт 3,833,500 төгрөг. 2 давхарт хийсэн заслын ажлын хөлс 720,000 төгрөг, цахилгааны засвар 300,000 төгрөг, хивс угаалгад 150,000 төгрөг, их цэвэрлэгээний ажлын хөлс 120,000 төгрөг, эвдэрсэн сандлын төлбөр 225,000 төгрөг, эвдэрсэн хөшигний төлбөр 120,000 төгрөг, эвдэрсэн шилэн хаалганы цоож 190,000 төгрөг, гэрэл шатаасан төлбөр 60,000 төгрөг, эвдэрсэн холигчийн төлбөр 35,000 төгрөг, тек хийгдсэн 490,000 төгрөг, хагарсан текний чулуу 50,000 төгрөг, тэжээлийн блокт 100,000 төгрөг, сандлын бүрээсний хими цэвэрлэгээ 101,200 төгрөг, ширээний скачерт 150,000 төгрөг, материалын үнэ 365,200 төгрөг гэх мэт хамаарна. Энэ зардалд мөн 2020.04.15-ны өдөр АИ ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөр хамаарах бөгөөд түрээсийн зүйл болсон талбайд бүхэлд нь засвар хийсэн байдаг. Учир нь нэхэмжлэгч байгууллага эд зүйлээ хүлээн аваад явсны орой нь плитка шатаж, хана тэр чигтээ хар болсон байдаг юм.
3.2.Нэхэмжлэгч нь 2020.03.15-ны өдрөөс 2020.04.09-ний өдөр хүртэлх 25 хоногийн түрээс, 2020.02.25-ны өдрөөс 2020.03.25-ны өдрийн ашиглалтын зардал 870,874 төгрөг, ариутгалын зардал 37,800 төгрөг, ашиглалтын зардал 2020.03.25-ны өдрөөс 2020.04.09-ний өдөр хүртэлх ашиглалтын зардалд 680,712 төгрөг гэх мэт нийт төлбөл зохих 5,943,686 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 3,443,686 төгрөгийн түрээс болон ашиглалтын зардал буюу тог, цахилгаан, усны зардлын төлбөрийг төлөөгүй байдаг.
Эдгээр төлбөрт нийтдээ 10,433,586 төгрөг төлсөн бөгөөд үүнээс барьцааны 8,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2,433,586 төгрөг гэж бид тооцсон байгаа. Иймд нэхэмжлэгч ЧЛ ХХК-иас 2,433,586 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Түрээсийн гэрээний 5.3 болон 5.4 дүгээр заалтад тооцоо нийлэх талаар дурдсан байдаг. Хариуцагч тал гэрээнд заасны дагуу манайд гэрээ цуцлах талаар 3 сарын өмнө мэдэгдээгүй, ийнхүү мэдэгдэл ирснээс хойш 3 сарын дотор түрээсийн талбайг чөлөөлөх боломж олгоогүй, биднийг 2020.04.09-ний өдөр хүчээр гаргасан учир тооцоо нийлэх боломж байгаагүй, акт үйлдээгүй юм. Бид рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан учир техник, тоног төхөөрөмжийн аль нэг нь эвдэрлээ гэхэд рестораны үйл ажиллагаа тэр чигтээ зогсонги байдалд ордог байсан тул эвдрэл гарах бүрт тэр даруй арга хэмжээ авч, засвар үйлчилгээ хийлгэдэг байсан бөгөөд тус барилга доторх засварчнаар засуулдаг байсан. Өөрөөр хэлбэл түрээсийн талбайг чөлөөлөх 2020.04.09-ний өдөр манай ресторан хэвийн үйл ажиллагаа явуулж байсан, ямар нэгэн техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл байгаагүй.
Хариуцагчийн өгсөн зарим баримтууд тооцооллын алдаатай, мөнгө шилжүүлсэн гэх баримтуудаас үзвэл нэг ажлыг 2 газраар хийлгэсэн байх жишээтэй, засварын ажлын гэх баримтууд, жигнүүр, гурил зуурагчийн төлбөрт төлсөн гэх 2,345,000 төгрөгийн баримт нь 2022 он гэсэн огноотой, хуурамч, нэг талын баримтууд гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь түрээсийн зүйлийн өнгө, үзэмжийг сайжруулах, дараагийн байгууллагадаа түрээслэх зорилгоор өөрсдөө мэдэж засвар үйлчилгээ хийсэн гэж үзэхээр байна. Нэхэмжилсэн хохирол нь манай байгууллагын үйл ажиллагаатай хамааралгүй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн гэрээ, 2020.03.27, 2020.04.06-ны өдрүүдийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл гэсэн баримтууд,
6.Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.04.22-ны өдрийн нэхэмжлэх хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралтууд, 2020.04.29, 2020.05.02-ны өдрүүдийн төлбөрийн баримтууд, цэвэрлэгээ хийлгэж, төлбөр төлсөн тухай баримтууд, 2020 оны 05, 06 сарын нэхэмжлэх, зарлагын баримтууд, засварын ажлын баримтууд, 2020.04.09-нөөс 22-ны өдрүүдийн В1 давхрын засвар үйлчилгээ, их цэвэрлэгээ, тооллогын протокол, 2020.04.15-ны өдрийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, түрээсийн талбай хүлээж авах үеийн байдлыг харуулсан гэрэл зургууд гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ЧЛ ХХК нь хариуцагч ЮБАЭЭ ХХК-нд холбогдуулж түрээсийн барьцаанд төлсөн 8,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Хариуцагч ЮБАЭЭ ХХК нь нэхэмжлэгч ЧЛ ХХК-нд холбогдуулж гэрээнээс учирсан хохиролд 2,433,586 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч тал манай байгууллагад гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгч, бид 2020 оны 04 сард түрээсийн объектыг чөлөөлсөн, харин харилцан акт үйлдэх боломж байгаагүй, түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон, энэ үед бидэнд ямар нэгэн төлбөр тооцоо байгаагүй, иймд тухайн үед барьцаанд тавьсан 8,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч тал нэхэмжлэгч нь тухайн үед түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлэхгүй, удаа дараа зөрчиж байсан учраас бидний зүгээс мэдэгдэл өгч, гэрээг цуцласан, харин нэхэмжлэгч тал түрээсийн объектыг хэвийн байдлаар буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөр, ашиглалтын зардлын тооцоотой байсан, мөн жигнүүр шатааж, плитка асаалттай орхисноос болж плитка шатаж, эргэн тойрны хана муухай болсон, энэ бүгдийг бид засварлаж, цэвэрлэж, өөрөөсөө зардал гаргасан учраас гэрээнд заасны дагуу барьцааны 8,000,000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй, байгууллагаас гарсан 10,433,586 төгрөгийн зардалд суутган авсан, харин нэхэмжлэгч нь зөрүү 2,433,586 төгрөгийг төлөх ёстой гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн.
3.Нэхэмжлэгч ЧЛ ХХК нь 2019.04.20-ны өдөр хариуцагч ЮБАЭЭ ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ЧЛ ХХК нь хариуцагч ЮБАЭЭ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамж-35, UB INN hotel and gallery зочид буудлын В1 давхарт байрлах, 72 м.кв талбай бүхий гал тогоо /1 агуулах, 1 бэлтгэлийн өрөө, гал тоо зэрэг орно/, 2 дугаар давхарт байрлах 180 м.кв талбай бүхий “Х” ресторан, нийт 252 м.кв талбайг рестораны чиглэлээр түрээслэн, 2 жилийн хугацаатай, 1 сард 8,000,000 төгрөг төлөх, мөн барьцаанд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 8,000,000 төгрөг төлж үйл ажиллагаа явуулах, хариуцагч ЮБАЭЭ ХХК нь түрээсийн талбайг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.
Зохигчид уг гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 43 дугаар зүйлийн 43.2.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг гарган, түрээсийн талбайн хэмжээ, зориулалтыг зааж, түрээсийн гэрээг хавсарган тус хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэгтэй байтал уг үүргээ биелүүлээгүй байх боловч энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хариуцагч ЮБАЭЭ ХХК-ийн түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаагүй болно.
4.Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т зааснаар барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг байх бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар гэрээний үндсэн дээр үүсдэг, зохигчид барьцааны талаар тусдаа бичгээр гэрээ байгуулаагүй байх боловч түрээсийн гэрээндээ хөдлөх хөрөнгийн барьцаа буюу мөнгө төлөх талаар тохиролцсон байна.
Иймд шүүх зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 199 дүгээр зүйлийн 199.1, 199.2, 189 дүгээр зүйлийн 189.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасантай нийцэж байна гэж үзсэн бөгөөд хуулийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг онцлогтой.
5.Хариуцагч ЮБАЭЭ ХХК нь түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамж-35, UB INN hotel and gallery зочид буудлын В1 давхарт байрлах, 72 м.кв талбай бүхий гал тогоо /1 агуулах, 1 бэлтгэлийн өрөө, гал тоо зэрэг орно/, 2 дугаар давхарт байрлах 180 м.кв талбай бүхий “Х” ресторан, нийт 252 м.кв талбайг нэхэмжлэгч ЧЛ ХХК-нд хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байх боловч түрээсийн зүйл болох В1 давхрын гал тогоо, 2 дугаар давхрын Х рестораныг ямар байдалтай, ямар эд хогшлын хамт нэхэмжлэгч ЧЛ ХХК-нд хүлээлгэн өгсөн талаар ямар нэгэн акт үйлдээгүй, энэ талаар баримтгүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч ЧЛ ХХК нь түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар барьцаанд 8,000,000 төгрөгийг хариуцагч ЮБАЭЭ ХХК-нд төлсөн, энэ талаар бичгийн баримтгүй байх боловч талууд маргаагүй, харин нэхэмжлэгч ЧЛ ХХК нь түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар түрээсийн болон ашиглалтын зардлыг төлөх үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлээгүй, төлбөр төлөхийг хариуцагч ЮБАЭЭ ХХК-иас удаа дараа шаардаж байжээ.
6.Өөрөөр хэлбэл, хариуцагч ЮБАЭЭ ХХК нь 2020.03.27, 2020.04.06-ны өдрүүдэд нэхэмжлэгч ЧЛ ХХК-нд гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, түрээсийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч ЮБАЭЭ ХХК нь түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар, хугацаанаас нь өмнө 2020.04.09-ний өдрөөр тасалбар болгон цуцласан байх бөгөөд нэхэмжлэгч ЧЛ ХХК нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.1, 326 дугаар зүйлийн 326.1, түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар түрээсийн зүйл болсон В1 давхрын гал тогоо, 2 дугаар давхрын Х рестораныг ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон бүрэн бүтэн буцаан өгөх үүрэгтэй.
Харин зохигчдын хооронд үүссэн таагүй харилцааны улмаас хэн аль нь гэрээ болон хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч ЧЛ ХХК нь түрээсийн зүйл болох В1 давхрын гал тогоо, 2 дугаар давхрын Х рестораныг хариуцагч ЮБАЭЭ ХХК-нд бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар ямар нэгэн акт үйлдээгүй, төлбөр тооцоо, эд хөрөнгийн эвдрэл, гэмтлийн талаар ямар нэгэн тооцоо хийгээгүй байна.
7.Тодруулбал, түрээсийн гэрээ цуцлагдсанаар нэмэлт үүрэг болох барьцааны үүрэг хамт дуусгавар болсон, нэхэмжлэгч ЧЛ ХХК нь барьцааны 8,000,000 төгрөгийг хариуцагч ЮБАЭЭ ХХК-иас шаардаж байсан гэх боловч энэ талаар бичгийн баримтгүй, хариуцагч ЮБАЭЭ ХХК нь түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.5-д зааснаар түрээсийн болон ашиглалтын зардлын төлбөрийн үлдэгдэл, засвар хийж байгууллагаас гарсан зардлыг суутган авсан гэж, барьцааны 8,000,000 төгрөгийг буцаан өгөхөөс татгалзаж байх боловч хариуцагч ЮБАЭЭ ХХК нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48, 49, 50 дугаар зүйлд зохицуулснаар нэхэмжлэгч ЧЛ ХХК-нд бичгээр мэдэгдэл өгөөгүй, барьцааны 8,000,000 төгрөгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар хуульд заасан зохих ажиллагааг явуулаагүй байна.
Иймд нэхэмжлэгч ЧЛ ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар барьцаанд өгсөн 8,000,000 төгрөгийг хариуцагч ЮБАЭЭ ХХК-иас шаардах эрхтэй, хариуцагч ЮБАЭЭ ХХК нь нэхэмжлэгч ЧЛ ХХК-ийн барьцааны 8,000,000 төгрөгийг буцаан өгөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй, тэрээр 8,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй, энэ талаарх нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч ЮБАЭЭ ХХК-иас 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЧЛ ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
8.Хариуцагч ЮБАЭЭ ХХК нь 2020.04.09-ний өдрөөс 22-ны өдрүүдэд нэхэмжлэгч ЧЛ ХХК-ийн үлдээсэн түрээсийн зүйл болох В1 давхрын гал тогоо, 2 дугаар давхрын Х ресторанд цэвэрлэгээ хийж, засвар оруулсан байдлын талаар тэмдэглэл үйлдэн баримтжуулжээ. Энэхүү тэмдэглэлд рестораны тааз, текний модон хийцийг буулгаж, өөрсдийн текийг угсарсан, заалны хана таазанд эмульс хийсэн, рестораны заалны бүтэн цэвэрлэгээ хийсэн, барилгын материал худалдан авсан, маш олон шаазан эдлэл, хутга, сэрээ дутсан, скатерт эвдэрсэн, цахилгаан жигнүүр санаатай тогонд залгаж үлдээсэн гэх мэт байдлын талаар дурджээ.
Хариуцагч ЮБАЭЭ ХХК-иас өгсөн, тухайн үеийн түрээсийн зүйлийг хүлээн авсан байдлыг харуулсан гэрэл зургуудаас үзвэл, буузны жигнүүр шатсан, цахилгаан утас болон хана харласан, засвар хийж байгаа байдал харагдах бөгөөд хариуцагч ЮБАЭЭ ХХК нь 2020.04.15-ны өдрийн АИ ХХК-тай засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр АИ ХХК нь хариуцагч ЮБАЭЭ ХХК-ийн барилгын В1 давхар болон 2 дугаар давхарт сэргээн засах засал чимэглэлийн ажлыг 2020.04.15-ны өдрөөс 2020.06.01-ний хооронд иж бүрэн гүйцэтгэх, хариуцагч ЮБАЭЭ ХХК нь ажлын хөлс төлөх үүргийг хүлээсэн.
Уг гэрээнд зааснаар АИ ХХК нь В1 буюу зоорийн давхарт заслын ажил 568,000 төгрөг, цэвэрлэгээ хийх 120,000 төгрөг, хоёр ширэмтэй плитканы асаагуур солих 10,000 төгрөг, бэлтгэлийн өрөөний хөргөгчний доод хэсэг шатсаныг засварлах 350,000 төгрөг гэх мэт нийт 9 төрлийн, 3,833,500 төгрөгийн үнэ бүхий ажлыг, 2 дугаар давхар буюу ресторанд заслын ажил 720,000 төгрөг, цахилгааны засвар, монтаж шинэчлэх 300,000 төгрөг, хивс угаалгах 150,000 төгрөг, их цэвэрлэгээний ажлын хөлс 120,000 төгрөг, сандал засвралах 225,000 төгрөг, хөгшиг эвдэрсэн 100,000 төгрөг, холигч эвдэрсэн 190,000 төгрөг гэх нийт 15 төрлийн, 3,156,400 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд хариуцагч ЮБАЭЭ ХХК нь ажлын хөлсөнд 6,989,900 төгрөгийг АИ ХХК-нд төлсөн, хариуцагч талын үндэслэл болгосон зарлагын баримтууд, төлбөрийн баримтууд болон бусад баримтуудаар тодорхойлсон үнийн дүн үүнд багтсан байна.
Энэ байдал нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Жамъяндоржийн гаргасан “...би ЮБАЭЭ ХХК-нд аж ахуйн ажилтан хийдэг, ЧЛ ХХК манай байгууллагын В1 давхар болон 2 дугаар давхрын рестораныг түрээсэлсэн талаар мэднэ, би жижиг засвар үйлчилгээг нь хийдэг байсан, тус байгууллага нь рестораны текийг өөрчилсөн байсан, цахилгаан хэрэгслийн хувьд ч хүлээлгэж өгсөн зүйл байхгүй, хөргөгчөө авахдаа пилеткийг асаасан юм шиг байсан. Түүнээс болоод гал гараад эргэн тойрны хана нь шатаж харласан. Маш их утаа гарсан байсан, тийм учраас 2020 оны 04 сард манай байгууллага өөр байгууллагыг хөлсөлж засвар хийлгэсэн...” гэх агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
9.Дээрх бүгдээс үзвэл, хариуцагч ЮБАЭЭ ХХК нь маргааны зүйл болсон түрээсийн талбай болох В1 давхрын гал тогоо, 2 дугаар давхрын Х ресторанд засвар үйлчилгээ хийж, өөрөөсөө зардал гаргасан байдал харагдах бөгөөд тэрээр уг хохирол буюу 6,989,900 төгрөгийг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар нэхэмжлэгч ЧЛ ХХК-иас шаардах эрхтэй.
Гэхдээ нэхэмжлэгч ЧЛ ХХК-ийн ямар гэм буруутай үйл ажиллагаа, хууль бус үйлдлээс дурдсан хохирол бий болсон нь тодорхойгүй, эвдэрч гэмтсэн, засаж сайжруулсан зүйлийн чухам аль хэсэг нь нэхэмжлэгч ЧЛ ХХК-нд хамаарахыг ялган, зааглах боломжгүй, хариуцагч тал болон гэрчийн мэдүүлгээр жигнүүр, плитка шатаж, хана муухай болсон гэх боловч анх ямар шинж байдалтай объектыг хүлээлгэн өгч, ямар шинж байдалтайгаар эргүүлэн авсан болохыг харуулсан бичгийн баримтгүй, хооронд харьцуулан дүгнэх боломжгүй, түүнчлэн ямар эд хөрөнгийг өөрчилсөн, муутгасан болох нь тодорхойгүй, засвар, үйлчилгээ болон эд хөрөнгө худалдан авсан зарим баримтууд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, нэг талын баримтууд гэж үзэхээр байх бөгөөд хариуцагч ЮБАЭЭ ХХК нь түрээсийн зүйлийг бүхэлд нь сэргээн засах зорилгоор засварын ажлыг хийсэн байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д зааснаар хариуцагч ЮБАЭЭ ХХК нь нэхэмжлэгч ЧЛ ХХК-ийн түрээсийн үйл ажиллагаатай холбоотой түрээсийн зүйл болох эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирол гэх 6,989,900 төгрөгийг гэрээ дуусгавар болсон 2020.04.09-ний өдрөөс хойш 6 сарын дотор нэхэмжлэгч ЧЛ ХХК-иас шаардах эрхтэй байхад энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлсэн талаарх баримтгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дуусчээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т заасан хохирол шаардах эрх нь хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д заасан богиносгосон хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна гэж үзсэн.
Иймд нэхэмжлэгч ЧЛ ХХК-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хариуцагч ЮБАЭЭ ХХК-нд учирсан хохирлын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн хохирол болох 6,989,900 төгрөгийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.
10.Харин нэхэмжлэгч ЧЛ ХХК нь түрээсийн гэрээний дагуу гэрээ цуцлагдах хүртэл 2020.03.15-ны өдрөөс 04 сарын 09-ний өдрийг хүртэл 25 хоногийн түрээсийн төлбөрт 4,354,300 төгрөг, ашиглалтын зардалд 2020.02.25-ны өдрөөс 03 сарын 25-ны өдрийг хүртэл 870,874 төгрөг, 03 сарын 25-ны өдрөөс 04 сарын 09-ний өдрийг хүртэл 680,712 төгрөг, ариутгалын зардал 37,800 төгрөг, нийт 5,943,686 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3,443,686 төгрөгийг төлөөгүй, төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, 4.7-д зааснаар зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон.
Тиймээс хариуцагч ЮБАЭЭ ХХК-нд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ цуцлагдах хүртэл хугацааны түрээс болон ашиглалтын зардлыг нэхэмжлэгч ЧЛ ХХК-иас шаардах эрхтэй, нөгөө талаар нэхэмжлэгч ЧЛ ХХК нь түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй.
Хариуцагч ЮБАЭЭ ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа түрээс болон ашиглалтын зардалд 3,443,686 төгрөг, засварын зардалд 6,989,900 төгрөг, нийт 10,433,586 төгрөг болсноос барьцааны 8,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл 2,433,586 төгрөг гэж тодорхойлсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч ЧЛ ХХК-иас түрээс болон ашиглалтын зардалд 2,433,586 төгрөгийг гаргуулж хариуцагч ЮБАЭЭ ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
11.Нэхэмжлэгч ЧЛ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөг, хариуцагч ЮБАЭЭ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 53,887 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЮБАЭЭ ХХК-иас 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЧЛ ХХК-нд, нэхэмжлэгч ЧЛ ХХК-иас 53,887 төгрөгийг гаргуулж хариуцагч ЮБАЭЭ ХХК-нд тус тус олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ЮБАЭЭ ХХК-иас 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЧЛ ХХК-нд олгосугай.
2.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар нэхэмжлэгч ЧЛ ХХК-иас 2,433,586 төгрөгийг гаргуулж хариуцагч ЮБАЭЭ ХХК-нд олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ЧЛ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөг, хариуцагч ЮБАЭЭ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 53,887 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЮБАЭЭ ХХК-иас 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЧЛ ХХК-нд, нэхэмжлэгч ЧЛ ХХК-иас 53,887 төгрөгийг гаргуулж хариуцагч ЮБАЭЭ ХХК-нд тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА