| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 194/2025/1468/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1736 |
| Огноо | 2025-09-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1736
2025 07 07 2025/ШЦТ/1736
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч А.Марал /томилолт/,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2503 00000 0584 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........... угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ........ замд Toyota mark X маркийн ......... УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөсөн болохоо илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-ийн 1 дэх тал/,
Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч А.Мөнхболдын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “согтуурлын зэргийг шалгасан хэмжилт хяналтын төхөөрөмжийн заалт 3.96 %” гэсэн тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 6-7 дэх тал/,
“Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар *******ийн жолоодох эрх хасагдсан” талаарх лавлагаа /хх-ийн 22 дахь тал/,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1168 дугаартай шийтгэвэр /хх-ийн 28-30 дахь тал/,
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Н.Х “...өөрийн эзэмшлийн Тоyota sai маркийн ........УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрдэнэтолгой зам дагуу Эрдэнэмоторс засварын газрын урд талд 23 цагийн үед байрлуулчихаад контейнероос ачаа буулгаж байсан юм. Тэгээд нэг харахад миний машины ард талаас Тоyota Марк Х маркийн машин мөргөөд зогсож байсан. Тэгээд би яваад очиход тухайн мөргөсөн машины жолооч нь согтуу байсан. Тэгээд цагдаа дуудсан юм. Цагдаа ирээд хэмжилт хийгээд нөгөө машины жолоочийг аваад явсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нөгөө машины жолооч миний хохирлыг бүрэн барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/,
Яллагдагч *******ийн “Би 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн үед Эрдэнэтолгойн тэнд байдаг Сансар дэлгүүрийн зогсоолд танил ахынхаа машиныг гуйж аваад тэнд очсон юм. Тэнд очоод найзтайгаа уулзаад 2 том пивийг машинд сууж байгаад хувааж уусан юм. Тэгээд би ууж дуусчихаад тэндээс танил ахын машин болох Toyota Mark X маркийн ......... УНВ улсын дугаартай машиныг жолоодоод гэр лүүгээ харих гээд явж байгаад Эрдэнэтолгойн замаар уруудаад 200 орчим метр зайд явж байгаад гудамж руугаа эргэх үедээ замын 1 дүгээр эгнээнд зогсож байсан машины ард талаас нь мөргөчихсөн юм. Тэгээд тэр машины эзэн нь ирээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд хэмжилт үзлэг хийгээд намайг замын цагдаагийн хэлтсийн байранд аваачаад драгер үлээлгэхэд 3,96% гарч байсан. ...би өмнө нь бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад баригдаж шүүхээр орж 1 жилээр жолоодох эрхээ 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүгчийн шийтгэвэрээр хасуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дэх тал/,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнээс дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулав. Үүнд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 дахь тал/,
Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 дахь тал/,
Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 22 дахь тал/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 24 дэх тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25 дахь тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 14 хуудас баримт гаргаж өгөв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн эзэмшлийн Хаан банкны ............. тоот дансны хуулга 12 хуудас,
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын “******* нь Ээж И.А хамт тус хорооны холбоо толгой ..........тоотод оршин суудаг үнэн болно” гэх тодорхойлолт 1 хуудас,
Эх Ц.А нь өрхийн эмнэлэгийн хяналтад байдаг тухай тодорхойлолт 1 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол хор уршгийг хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсоныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр .......... замд Toyota mark X маркийн ..........УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг шалгасан материал, жолоодох эрхийн лавлагаа, Иргэний нэхэмжлэгч Н.Х, яллагдагч ******* нарын өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ганцаараа тээврийн хэрэгсэл жолоодож явсан, замын хөдөлгөөнд оролцож байхад замын цагдаа зогсоон согтуурал хэмжих багаж үлээлгэхэд согтолтын зэрэг 3,96% гарсан гэх үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ хэсэгт заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Иймд *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Уг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй, гэмт үйлдэл хийснээр төгсдөг шинжтэй ба хэрэгт хохирогч, хохирол тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гарсныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
*******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Шүүхээс *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилтай өвчтэй эхээ асардаг гэх хувийн байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, хохирол, хор уршиг учраагүй гэх шинж чанар зэргийг харгалзан
*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******ийн бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жил хүртэл хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ