| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2022/01517/И |
| Дугаар | 182/ШШ2022/03092 |
| Огноо | 2022-10-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2022/03092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, У.Г-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоот хаягт байрлах, М ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 31,653,600 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 13,580,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч У.Г-
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянга
Хариуцагчийн төлөөлөгч Б.А
Хариуцагчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн
Гэрч Б.Анухай, Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Г- хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 31,653,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.Нэхэмжлэгч У.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК-ийн захирал Б.Атэй барилгын ажил гүйцэтгүүлэхээр 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Зуун мод зусланд байрлах газар дээр жилийн 4 улиралд ашиглагдах, амьдран суух зориулалттай дүнзэн торх хийцлэлтэй амины орон сууцыг эхлээд 75,600,000 төгрөгийн төсвөөр барьж, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг байгуулсан. Гэрээнд заасан дагуу миний бие төлбөрийг бүрэн хариуцаж төлсөн боловч ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэт дуусгаж, түлхүүр гардуулах үүргээ биелүүлэхгүй ажлыг дутуу хийж, орхиод хаяад алга болсон. Анх гэрээ байгуулах үед Б.А нь дүнзэн байшин барих туршлагатай, манай компанийн ажилчид бүгд мэргэжлийн чадварлаг хамт олон байгаа гэж итгүүлэн гэрээний 4.1-д заасан урьдчилгаа 30,000,000 төгрөгийг авч ажлыг эхлүүлсэн. Байшин барих газар нь цэвдэгтэй байна, суурийн ажлыг хийхэд нэмэлт зардал гарна гэж хэлэхэд би хамтран суурийн ажилд оролцсон. Гэрээний дагуу дүнзэн торхыг бэлэн болгох, авч ирж суурьд бэхлэх ажлыг эхлүүлэх үед 20,000,000 төгрөг өгөх ёстой үүргээ биелүүлсэн. Хятадын хил хаах гээд байна, хурдан материалаа татах шаардлагатай байна гэж хэлээд 25,600,000 төгрөгийг аваад гэрээнд заасан хугацаанд байшинг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Барилгыг үргэлжлүүлэн барьсан иргэд барилгын дүнз нь чанарын шаардлага хангахгүй муудсан, барилгын тааз намхан стандарт бус, дээврийн хийц болон цонхнууд нь гэрээнд заасан шаардлага хангахгүй байдлаар хийсэн байсан талаар хэлсэн. Тиймээс чанарын шаардлага хангахгүй ажлыг дахин засуулж, нэмэлт материал авч хийсэн, мөн огт хийгдээгүй байсан хаалга, дээврийн дулаалга, дотоод засал зэрэг ажлыг хийж дуусгуулсан. Ажил гүйцэтгэгч нь гэрээт ажлаа бүрэн дуусгаж түлхүүр гардуулах хугацаа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болон хүлээлгэн өгөхөөр харилцан тохирсон боловч хариуцагч нь 8 дугаар сараас хойш ажиллаагүй. Удаа дараа гэрээгээ дүгнэх, хийсэн ажлын чанарын талаар шаардлага тавьсан боловч уулзаагүй. Гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанар, стандартын шаардлага хангахгүй байсан учраас засан сайжруулах, дутуу ажлыг Ганболд, Жамбалдорж нартай гэрээ байгуулан хийлгэж байшинг ашиглалт оруулахад нэмэлтээр 31,653,000 төгрөгийн материалын зардал, ажлын хөлс, тээврийн зардал гарсныг хариуцагч М ХХК нь Иргэний хуулийн 343, 350 дугаар зүйл, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.1, 2.3, 7.1-д заасныг зөрчсөн буюу биелүүлээгүйгээс учирсан хохирол 31,653,600 төгрөгийг М ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч М ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Манай компани 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Харин У.Г- нь гэрээний дагуу олгох 20,000,000 төгрөгийг дутуу өгсөн. Иймээс бараа матерал авах боломжгүй болж ажил зогссон. Иймд нэхэмжлэлийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч М ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр У.Г-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний зүйлийн 2.1-т “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Зуун мод гэх зусланд байрлах газарт дүнзэн торх хийцлэл бүхий амины орон сууцыг барих буюу аяган суурийн ажлыг гүйцэтгэх гол нөхцөлтэй мөн гэрээний 2.3-т “Аяган суурийг гүйцэтгэх ажлын материал тоноглолыг Арматур, бетон, цутгалт суурийг хөндий гүйцэтгэнэ гэж харилцан тохиролцож ажлыг эхэлсэн. Манай компани нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс аяган суурийг хийх газрын хөрсний хуулалтын ажлаа эхлэхэд газар нь намаг, цэвдэгтэй байсан буюу бидний тооцоолсноос өөр нөхцөл байдал үүссэн учир захиалагчид мэдэгдсэн. Захиалагч У.Г- нь барилгын инженерт үзүүлэн аяган суурийг хийхээс татгалзаж нил суурь хийхийг санал болгосон. Уг нь барилгын төсөвт аяган суурийг 3,500,000 төгрөгт багтаан, шалыг дан нэг үе цутгалтаар хийхээр төлөвлөгдсөн байсан. Компани нь гэрээнд өөрчлөлт оруулъя нэмэгдэл зардлын мөнгө гарлаа гэхэд ажлаа хийчхээд дараа нь тооцъё гэсэн ба энэхүү зардлаа тухайн үед захиалагчид хэлсэн байсан. Манай компани Нил суурь, шалыг 3 удаагийн давхар цутгалт хийж дараахь нэмэлт зардлыг гаргасан. Үүнд: Нил суурийг хийхэд газрыг бүхэлд нь ухаж бэлтгэдэг тул эксватор машин хөлсөлсөн үнэ 800,000 төгрөг, Барилгын суурийн цутгалтад 24 куб 250 маркын зуурмаг авсан 170,000*24=4,080,000 төгрөг, шалны улны дайрганы үнэ 7 машин *200,000=1,400,000 төгрөг, шаланз 12 куб -21 м.кв талбайд цутгахад 170,000*12=2,040,000 төгрөг, гадны ком 44х44 хэмжээтэй 1100 ширхэг*3,350 төгрөг=3,685,000 төгрөг, дотор ком 44х20 хэмжээтэй 1100 ширхэг*2,750=3,025,000 төгрөг, шалны 2 дахь үеийн цутгалтын дайрга 6 хово*200,000=1,200,000 төгрөг, шалны цутгалт 10 см зузаантай 9 куб 170,000=1,530,000 төгрөг нийт 17,760,000 төгрөг болсон. Аяган суурийг хийсэн бол түүний зардал 3,500,000 төгрөг, шалны дан цутгалтын үнэ 4 куб 680,000 төгрөг болохоор тус тус төсөвлөгдсөн байсан. Төсөвлөгдсөн зардлаа хасаад нэмэлт гарсан зардал болох 13,580,000 төгрөгийг У.Г-аас гаргуулж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч У.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Б.А нь хөрс хуулалтын ажил эхлэхэд газар нь намаг, цэвдэгтэй байсан гэдэг нь худал бөгөөд уг газрын онцлогийг мэдэж байсан. Гадна хом 44x44 хэмжээтэй 1100 ширхэг, 3,350,050 төгрөг, дотор хом 44x20 хэмжээтэй 1100 ширхэг нийт 3,025,000 төгрөгийн нийт 970 ширхэг хом орсон. Аяган суурь анхнаасаа хийхгүй гэдгээ өөрсдөө тохироод нил суурь хийнэ гэж хэлээд явсан. Энэ дээр ямар ч маргаан гаргаагүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Барилгын ажил гүйцэтгэх 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 9-32, 127-128, 222-235 дахь тал/-ууд, Зарлагын баримт /хавтаст хэргийн 34-68 дахь тал/, Барилгын ажил гүйцэтгэх 2021-11-25-ны өдрийн гэрээ, Барилгын ажил гүйцэтгэх 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ /хавтаст хэргийн 69-75 дахь тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 78-83, 236 дахь тал/, тайлбар зэргийг, хариуцагчаас хариу тайлбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэрэл зураг /141-158, 202-206 дахь тал/-ууд, Ажлын хөлсний тооцоо, Ажлын гүйцэтгэлийн тооцоо /хавтаст хэргийн 159-161 дахь тал, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 162-176, 235 дахь тал/, сөрөг нэхэмжлэл, зарлагын баримт зэргийг /хавтаст хэргийн 199-201 дахь тал/, нэхэмжлэгчийн хүсэлтээр Үзлэг хийх ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрч О.Ганболдын мэдүүлэг, хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Анухай, Д.А нарын мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч У.Г- нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 31,653,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 343, 350 дугаар зүйл, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.1, 2.3, 7.1-д заасныг зөрчсөн буюу биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
7.Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Харин У.Г- нь гэрээний дагуу олгох 20,000,000 төгрөгийг дутуу өгсөн гэж маргажээ.
8.Хариуцагч М ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нил суурь шалны 3 удаагийн цутгалт гарсан зардал 13,580,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
9.Нэхэмжлэгч У.Г- хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “Б.А нь хөрс хуулалтын ажил эхлэхэд газар нь намаг, цэвдэгтэй байсан гэдэг нь худал бөгөөд уг газрын онцлогийг мэдэж байсан” гэх тайлбараар няцааж маргасан.
10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Барилгын ажил гүйцэтгэх 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 9-32, 127-128, 222-235 дахь тал/-ууд, Зарлагын баримт /хавтаст хэргийн 34-68 дахь тал/, Барилгын ажил гүйцэтгэх 2021-11-25-ны өдрийн гэрээ, Барилгын ажил гүйцэтгэх 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ /хавтаст хэргийн 69-75 дахь тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 78-83, 236 дахь тал/, тайлбар зэргийг, хариуцагчаас хариу тайлбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэрэл зураг /141-158, 202-206 дахь тал/-ууд, Ажлын хөлсний тооцоо, Ажлын гүйцэтгэлийн тооцоо /хавтаст хэргийн 159-161 дахь тал, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 162-176, 235 дахь тал/, сөрөг нэхэмжлэл, зарлагын баримт зэргийг /хавтаст хэргийн 199-201 дахь тал/, нэхэмжлэгчийн хүсэлтээр Үзлэг хийх ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрч О.Ганболдын мэдүүлэг, хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Анухай, Д.А нараас авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
11.Нэхэмжлэгч У.Г- нь хариуцагч М ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Зуун мод зусланд байрлах газар дээр жилийн 4 улиралд ашиглагдах амьдран суух зориулалттай дүнзэн торх хийцлэлтэй амины орон сууцыг эхлээд 75,600,000 төгрөгийн төсвөөр барьж, түлхүүр гардуулах нөхцөлтэй, дүнзэн торх Монгол улсад бэлтгэсэн залгаагүй мод, 8х7=56м.кв нийт 61,600,000 төгрөг, Дулаан зогсоол байшинтай залгаа дүнзэн торх 4х4=17м.кв нийт 14,000,000 төгрөг, Террас 20 м.кв бонус нийт үнэ 75,600,000 төгрөг гэж тохиролцсон нь тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-дах хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ. /хавтаст хэргийн 4-9 дэх тал/
12.Талууд Зуун мод зусланд байрлах газар дээр жилийн 4 улиралд ашиглагдах амьдран суух зориулалттай дүнзэн торх 8х7=56м.кв дулаан зогсоол байшинтай залгаа дүнзэн торх 4х4=17м.кв нийт 14,000,000 төгрөг, Террас 20 м.кв бонус нийт үнэ 75,600,000 төгрөг гэж тохиролцож гэрээ байгуулсан боловч дээрх гэрээнд заасан байшингийн хэмжээ, загвар өөрчлөгдөж, нил суурь шалтай, 2 унтлагын өрөө, зочны өрөө, лоунж, ариун цэврийн өрөө,техникийн өрөө бүхий нийт 80 м.кв талбайтай, дулаан зогсоолгүй байшин баригдсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зураг, Барилгын ажил гүйцэтгэх 2021-11-25-ны өдрийн гэрээ, Барилгын ажил гүйцэтгэх 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 69-75 дахь тал/
13.Хариуцагч М ХХК нь Зуун мод зусланд байрлах газар дээр жилийн 4 улиралд ашиглагдах амьдран суух зориулалттай 80 м.кв талбайтай, байшин барьж байхад зураг төсөлд өөрчлөлт оруулж өгөхгүй, нэмэлт зардал тооцож өгөөгүй, нийт 59,300,000 төгрөг авсан гэж мэтгэлцэв.
14.Нэхэмжлэгч У.Г- хариуцагч М ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,200,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 11,700,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 6,000,000 төгрөг нийт 67,400,000 төгрөг шилжүүлсэн болох нь ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 78-83 дахь тал/
15.Хариуцагч М ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хөөс буцаалт гэж 6,600,000 төгрөгийг түүний 5598053103 тоот дансанд шилжүүлсэн, мөн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн нийт 2,300,000 төгрөг нь хуучин байшин нураасан хөлс гэж маргаж байгааг нэхэмжлэгч няцааж, үгүйсгэж чадаагүй. /хавтаст хэргийн 162, 236 дахь тал/,
16.Нэхэмжлэгч У.Г- нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Р.Жамбалжамцтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Зуун мод зусланд байрлах газар дээр жилийн 4 улиралд ашиглагдах амьдран суух зориулалттай дүнзэн торх бүхий барилгын цахилгааны болон инженерийн ажил буюу энэхүү гэрээний хавсралт 1-т заасан гадна болон дотор цэвэр, бохирын инженерийн шугам сүлжээ, халаалт, цахилгаан дулаалга, гэрэлтүүлэг, агаар сэлгэлтийн ажлыг бүрэн цогц байдлаар гүйцэтгэж ажлын хөлсийг авна. Гүйцэтгэгч нь зургийн дагуу ажлыг гүйцэтгэх бөгөөд 2 унтлагын өрөө, зочны өрөө, лоунж, ариун цэврийн өрөө, техникийн өрөө бүхий нийт 80 м.кв талбайтай байшингийн цахилгааны болон сангийн ажлыг гүйцэтгэх, ажлын хөлс 2,500,000 төгрөг” гэж, мөн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О.Ганболдтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулан уг гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Зуун мод зусланд байрлах газар дээр жилийн 4 улиралд ашиглагдах амьдран суух зориулалттай амины сууцанд мужааны болон дотор дулаалга, заслын ажлыг гүйцэтгэх одоо байгаа ажлын доголдол, гологдолыг засан сайжруулах, гүйцээн барих дотор талбайн цэвэр бохирын инженерийн шугам сүлжээ халаалт цахилгаан дулаалга гэрэлтүүлэг, агаар сэлгэлтийн ажлыг иж бүрэн цогц байдлаар гүйцэтгэх, ажлын хөлс 4,500,000 төгрөг” гэж тус тус тохиролцжээ.
17.Нэхэмжлэгч У.Г-ы гаргасан хариуцагч М ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 31,653,600 төгрөгийн хохирол учирч 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Р.Жамбалжамцтай, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О.Ганболдтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хөлс төлж хохирсон гэх тайлбар нь Р.Жамбалжамц, О.Ганболдтой нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ түүний хавсралт ажлын хөлс зэргээс үзэхэд хариуцагч М ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 31,653,600 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна. /хавтаст хэргийн 71 дэх тал /
18.Хариуцагч М ХХК нь Зуун мод зусланд байрлах газар дээр жилийн 4 улиралд ашиглагдах амьдран суух зориулалттай дүнзэн торх 8х7=56м.кв 1,100,000 төгрөгөөр тохирсон тул 80 м.кв талбайтай байшин барьсан зөрүү 26,400,000 төгрөгийг захиалагч төлөөгүй, нийт үнэ 75,600,000 төгрөг гэж тохирсон зардлаас 16,300,000 төгрөгийг шилжүүлээгүй нийт 42,700,000 төгрөг төлөхгүй гүйцэтгэгчийн хохироосон гэх тайлбар нь гэрч У.Анухай, Д.А нарын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байх ба нэхэмжлэгч үүнийг үгүйсгэсэн татгалзсан баримт гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасанаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
19.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн хөрөнгөөр гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
20.Нэхэмжлэгч У.Г- нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй байх боловч нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээ цуцлагдаагүй, харин хариуцагч талын тайлбарласнаар “нэхэмжлэгч зургийг өөрчлөх, зарим тооцоолоогүй ажлуудыг нэмж хийх, төсөв нэмэгдэх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор төсөв мөнгө дуусч ажлыг зогсоож, гэрээ цуцлагдсан байна.
21.Харин нэхэмжлэгч У.Г- нь хариуцагч М ХХК-ийн дээр дурдсан ажлуудыг хийсэн хэмжээнд нь нэгэнт хүлээн авсан, хийсэн ажлын чанар байдлын талаар тухайн үед маргаагүй байх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Р.Жамбалжамцтай, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О.Ганболдтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Зуун мод зусланд байрлах газар дээр жилийн 4 улиралд ашиглагдах амьдран суух зориулалттай дүнзэн торх хийцлэлтэй амины орон сууцыг ашиглалтанд оруулсан бөгөөд нэгэнт хүлээн авсан, хийсэн ажлын чанар байдлыг одоо тогтоох боломжгүй юм.
22.Хариуцагч М ХХК дурдсан ажлын хүрээнд ажлын хөлсний урьдчилгаанд авсан 67,400,000 төгрөгөөс 6,600,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үлдэх 60,800,000 төгрөгийн хэмжээнд тохирсон ажлыг нэгэнт хийсэн болох нь дээрх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 31,653,600 төгрөг гаргуулах нэхэмжлэгч У.Г-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
23.Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч У.Г-д холбогдуулан Нил суурь шалны 3 удаагийн цутгалт хийхэд гарсан зардал 13,580,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
24.Нэхэмжлэгч У.Г- нь хариуцагч М ХХК-ийн захирал Б.А нь хөрс хуулалтын ажил эхлэхээс өмнө газар нь намаг, цэвдэгтэй байсан газрын онцлогийг мэдэж байсан гэж тайлбарлав.
25.Нэхэмжлэгч У.Г-, хариуцагч М ХХК нар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний 2.3 дахь хэсэгт “Аяган суурь, Арматур, бетон цутгалт суурийг хөндий гүйцэтгэнэ. Захиалагч арматур нийлүүлнэ” гэж тохиролцсон байна.
26.Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт “гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заажээ.
27.Хариуцагч М ХХК нь уг газар нь намаг, цэвдэгтэй байсан тухайд захиалагчид мэдэгдсэн бөгөөд захиалагч ил суурь шал цутгалт хийхийг зөвшөөрсөн гэх тайлбар гаргасан.
28.Хариуцагч М ХХК нь нил суурь шал цутгалт хийхэд гарсан зардал, газар ухаж бэлтгэх экскатор машин хөлслөх зардал 800,000 төгрөг, Барилгын суурийн цутгалтанд 24 куб 250 маркийн зуурмаг 4,080,000 төгрөг, Шалны улны хайрга 1,400,000 төгрөг, Шаланз 12 куб 21 м.кв талбайд цутгахад 2,040,000 төгрөг, гадна хом 44х44 хэмжээтэй 1100 ширхэг 3,685,000 төгрөг, дотор хом 44х20 хэмжээтэй 1100 ширхэг 3,025,000 төгрөг, шалны 2 дахь үений цутгалтын хайрга 1,200,000 төгрөг, шал цутгалт 10 см 9 куб 1,530,000 төгрөг нийт 17,760,000 төгрөгөөс аяган суурь хийхэд төсөвлөгдсөн зардал 3,500,000 төгрөгийг хасч үлдэх 13,580,000 төгрөгийг шаардсан тооцоололд нэхэмжлэгч маргаж баримтаар үгүйсгээгүй байна.
29.Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт зааснаар төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй.
30.Иймд нэхэмжлэгч У.Г-аас 13,580,000 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэстэй.
31.Нэхэмжлэгч У.Г-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,218 төгрөг, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,850 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч У.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 225,850 төгрөг гаргуулж хариуцагч М ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 31,653,600 төгрөг гаргуулах нэхэмжлэгч У.Г-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.Г-аас 13,580,000 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д олгож сөрөг нэхэмжлэлийг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Г-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,218 төгрөг, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,850 төгрөгийг Улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч У.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 225,850 төгрөг гаргуулж хариуцагч М ХХК-д олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ