| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0216/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/206 |
| Огноо | 2017-08-14 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-т холбогдох эрүүгийн 201722000284 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Б-,
Шүүгдэгч Т.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн М.С-гийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 627.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн М.С-гийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 627.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч М.С-гийн: “Би 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр эмнэлэгт хэвтээд 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр эмнэлгээс гараад гэртээ харьтал манай байшингийн урд талын 2 цонхны баруун талын цонхны салхивчийг хулгайч онгойлгоод орхичихсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс гал тогооны эргэнэг дотор дунд гарын хажуу талын бөөрөн дээрээ тойруулаад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас дурсгав гэсэн бичигтэй мөнгөн аяга, том өрөөний мөлхөө тавилга дээр байсан Смарт маркийн 32 инчийн телевизор, том өрөөний шүүгээн дотор байсан дээрээс нь бага зэрэг уусан “Нутаг” нэртэй 0.75 граммын архи, буудай бүтээсэн бүтээлэг, ... шүүгээн дотор байсан орчин үеийн дунд гарын хөөрөг, хувцасны шкаб дотор байсан хар болон бор өнгөтэй хавар намрын 2 куртик, авдар дотор байсан бүсэлхийгээрээ бүсэлдэг олон тасалгаатай цүнх зэрэг зүйл алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч а/д Ц.Амарсайханы 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №65 дугаартай “...4 дугаартай гарын мөр нь Т.Б-ын баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч а/х Т.Бүрэнхааны дахин шинжилгээ хийсэн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №78 дугаартай “... хэргийн газарт байх зурагтны сууринаас бэхжүүлсэн гэх гарын мөр нь MN004620000604, MN004620000123 дугаарт бүртгэгдсэн гарын мөр нь Т.Б-ын баруун гарын эрхий хурууны мөр мөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 17-20 дугаар хуудас/,
Үнэлгээний мэргэжилтэн Ш.Даваасүрэнгийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйлд үнэлгээ гаргасан дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,
Шинжээч Ц.Амарсайханыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Б- нь “тухайн үед би 40 размерийн бакалан гуталтай байсан. Тэр гутлыг алга болгосон” гэж мэдүүлж байх боловч хохирогч М.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч Ц.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч Ц.Амарсайханы 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гутлын мөрний зураг зэргээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байх тул шүүгдэгч Т.Б-т холбогдох Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Т.Б- нь хохирогч М.С-д учруулсан 627.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Т.Б-аас 627.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.С-д олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 201722000284 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 69 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-ыг орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-аас 627.000 /зургаан зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.С-д олгосугай.
6. Эрүүгийн 201722000284 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ