Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 00206

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Т.Балжир нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түгсүрэнгийн Балжирт холбогдох эрүүгийн 201722000284 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Гөрөөчин овогт Түгсүрэнгийн Балжир, Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1964 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 4 дүгээр багт оршин суух, урьд 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, 2005 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар, 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 09-нд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн РЙ64100516 дугаартай.

Шүүгдэгч Т.Балжир нь 2017 оны 04 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 22-01 тоотод оршин суух иргэн М.Санжаагийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 627.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Балжир нь 2017 оны 04 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 22-01 тоотод оршин суух иргэн М.Санжаагийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 627.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Санжаагийн: “Би 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр эмнэлэгт хэвтээд 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр эмнэлгээс гараад гэртээ харьтал манай байшингийн урд талын 2 цонхны баруун талын цонхны салхивчийг хулгайч онгойлгоод орхичихсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс гал тогооны эргэнэг дотор дунд гарын хажуу талын бөөрөн дээрээ тойруулаад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас дурсгав гэсэн бичигтэй мөнгөн аяга, том өрөөний мөлхөө тавилга дээр байсан Смарт маркийн 32 инчийн телевизор, том өрөөний шүүгээн дотор байсан дээрээс нь бага зэрэг уусан “Нутаг” нэртэй 0.75 граммын архи, буудай бүтээсэн бүтээлэг, ... шүүгээн дотор байсан орчин үеийн дунд гарын хөөрөг, хувцасны шкаб дотор байсан хар болон бор өнгөтэй хавар намрын 2 куртик, авдар дотор байсан бүсэлхийгээрээ бүсэлдэг олон тасалгаатай цүнх зэрэг зүйл алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч а/д Ц.Амарсайханы 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №65 дугаартай “...4 дугаартай гарын мөр нь Түгсүрэнгийн Балжирын баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч а/х Т.Бүрэнхааны дахин шинжилгээ хийсэн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №78 дугаартай “... хэргийн газарт байх зурагтны сууринаас бэхжүүлсэн гэх гарын мөр нь MN004620000604, MN004620000123 дугаарт бүртгэгдсэн гарын мөр нь Т.Балжирын баруун гарын эрхий хурууны мөр мөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 17-20  дугаар хуудас/,

Үнэлгээний мэргэжилтэн Ш.Даваасүрэнгийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйлд үнэлгээ гаргасан дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

Шинжээч Ц.Амарсайханыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Балжир нь “тухайн үед би 40 размерийн бакалан гуталтай байсан. Тэр гутлыг алга болгосон” гэж мэдүүлж байх боловч хохирогч М.Санжаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч Ц.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч Ц.Амарсайханы 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гутлын мөрний зураг зэргээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Т.Балжирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байх тул шүүгдэгч Т.Балжирт холбогдох Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Т.Балжир нь хохирогч М.Санжаад учруулсан 627.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Т.Балжираас 627.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Санжаад олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 201722000284 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 69 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Түгсүрэнгийн Балжирыг орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Түгсүрэнгийн Балжирыг 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Балжирт оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Балжирын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Балжираас 627.000 /зургаан зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Санжаад олгосугай.

      6. Эрүүгийн 201722000284 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Балжирт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ