Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00450

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00307 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НГт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагааг зогсоож эд хөрөнгө битүүмжлэх, хураах, дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нарантунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Хинд төлбөртэй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчин явуулж, эд хөрөнгө хураахдаа хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, өөрийн албан өрөөнд явуулж нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулахаар шаардсан. Мөн шийдвэр гүйцэтгэгч Г.Ганбаатар нь дуудлага худалдааны үнийн санал авч байгаа талаар мэдэгдэлгүй орон сууцны зах зээлийн үнийг хэд гэж бодож байгаа талаар бичнэ үү гэж худал хэлж бичүүлж, үнийн санал болгон дуудлага худалдаанд борлуулж байгаа хууль бус үйлдлийг зогсоож шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэх, хураах болон анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. Зөвлөгөө авах, судалгаа хийх цаг хугацаа олголгүйгээр үнийн санал авсан, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур 180 сая төгрөгийн үнийн санал өгсөн. Энэ үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлүүлэх хүсэл зорилготой гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.27-ны өдрийн 184/ШШ2017/00246 дугаар захирамжаар Б.Б, А.О нараас 88 611 313 төгрөгийг гаргуулж, Хинд олгох, хариуцагч Б.Б, А.О нар шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201028885 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 133/2 дугаар байрны 111 тоот хаягт байрлалтай 91.15 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2201014825 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамжны 169 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201000280 дугаартай 407 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалган шийдвэрлэсэн.

 

Төлбөр төлөгч А.О, Б.Б нарт 2017 оны 17271408/02, 17271408/03, 17271408/08, 2018 оны 17271408/02, 17271408/01 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан ч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг хаягаар очиж 2017.12.05-ны өдрийн 17271408/07 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн хоёр гэрчийг оролцуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг хаягт очиж 2018.10.12-ны өдрийн 17271408/05 дугаар хураах тогтоолоор хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасны дагуу хөндлөнгийн гэрчийн овог, нэр регистрийн дугаарыг тогтоол болон тэмдэглэлд тусгаж, 41.8-д заасны дагуу гарын үсэг зуруулан баталгаажуулсан.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 180 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 126 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох үнийг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2018.11.01-ний өдрийн 4/18153, 4/18154 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаагүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бээс хариуцагч НГт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/2 дугаар байр, 111 тоот, орон сууцны зориулалттай, 91.15 м.кв талбайтай, Ү-2201028885 улсын бүртгэлийн дугаартай 2 өөрөө орон сууцны үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, мөн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагааг зогсоож эд хөрөнгө битүүмжлэх, хураах, дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг мэдэгдэхдээ 2018.11.01-ний өдрийн 4/18153, 4/18154 тоот мэдэгдлээр мэдэгсэн гэх боловч бодит байдалд 2018.11.22-ны өдөр зохион байгуулсан анхны дуудлага худалдаа явагдсаны дараа танилцуулж гарын үсэг зуруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг хураах тогтоол үйлдсэн өдрөөс талуудад мэдэгдэж, 1 сарын дотор зах зээлийн ханшийн үнэлгээг авна хэмээн заасныг зөрчиж, 2018.12.12-ны өдрийн төлбөр авагч Хны албадан дуудлага худалдаанд яаралтай оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэж дуудлага худалдаанд оруулж,  хэт нэг талыг барьсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой битүүмжлэх, хураах тогтоол, дуудлага худалдааг хүчингүй болгуулах зэрэг асуудлыг огт авч хэлэлцээгүй, зөвхөн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хэмээн дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд шууд гаргах эрх зүйн зохицуулалттай байдаг. Нэхэмжлэгч талаас хариуцагчид ажиллагааны хууль бус үйлдлийг илэрхийлсэн утга бүхий гомдлыг гаргасан. Гэтэл гомдлыг анхан шатны шүүх хянаж үзээгүй, зөвхөн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хэмээн дүгнэлт өгсөн нь алдаатай болжээ. Нэгэнт анхан шатны шүүх үнэлгээтэй холбоотой дүгнэлт өгсөн бол тухайн үнэлгээг хийсэн компанийг, төлбөр авагч Х зэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оруулах ёстой. Улмаар тогтоосон хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэгч хуульд заасны дагуу эрхээ хэрэгжүүлэн дээд шатны байгууллагад хандаж гаргасан гомдлын хариуг хүлээн авсан өдрөөс хугацааг тоолон шүүхэд гомдол гаргасан юм. Гэтэл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасны дагуу ажиллагааг цааш нь үргэлжлүүлж, дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулсан нь илт хууль бус нэг талыг барьсан ажиллагаа явуулсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагааг зогсоож, эд хөрөнгө битүүмжлэх, хураах, дуудлага худалдаа явуулсан үйл ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацаа дууссан” гэж маргажээ. /хх-ийн 1, 19-20 /

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00246 дугаар захирамжаар төлбөр төлөгч Б.Б нь 88 013 297 төгрөгийг “Х” ХХК-нд 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Y-2201028885 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/2 дугаар байр, 111 тоот, орон сууцны зориулалттай, 91.15 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 24-28/

 

Төлбөр төлөгч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, эрхийн улсын бүртгэлийн Y-2201028885 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/2 дугаар байр, 111 тоот, орон сууцны зориулалттай, 91.15 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17271408/7 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17271408/05 тоот тогтоолоор тус орон сууцыг хураажээ. /хх-ийн 40-41, 54-57 /

 

Төлбөр төлөгч Б.Б болон орон сууцны өмчлөгч А.О нар нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дээрх орон сууцыг 180 000 000 төгрөгөөр худалдан борлуулах хүсэлтэй болохоо хариуцагч байгууллагад мэдэгдсэн, төлбөр авагч “Х” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 180 000 000 төгрөгийн үнийн саналыг зөвшөөрч хөрөнгийн дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар харилцан тохиролцсон тул дуудлага худалдааны үнийг тогтоосон хариуцагчийн үйл ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх-ийн 60-63/

 

Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг худалдан борлуулах үнийн саналаа зах зээлийн ханшид нийцүүлэн өгч чадаагүй гэх боловч хэргийн 60 дугаар талд “...,орон сууцыг 180 000 000 төгрөгөөр үнэлж байна. Иймд тус үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулж өгнө үү” гэх нэхэмжлэгчийн гарын үсэг зурж баталгаажуулсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч тухайн орон сууцыг худалдан борлуулах үнийн саналаа 180 000 000 төгрөг гэж хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлсэн гэж үзнэ. Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн баримт дээр дуудлага худалдаа болсны дараа зурсан гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хууль бус явагдсан, эд хөрөнгө битүүмжлэх, хураах, дуудлага худалдаа явуулсан үйл ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардсан боловч уг шаардлагаа нотолж чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар дээрх ажиллагаа хуульд заасан журмыг зөрчиж явагдсан гэх байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх ажиллагаануудтай холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргах эрхтэй бөгөөд дээрх хугацаанд гомдол гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн ажиллагаанд гомдол гаргах хугацааг хуульд тухайлан заасан бөгөөд уг хугацаанд гомдол гаргаагүй бол эдгээр ажиллагааг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.  /хх-ийн 114-118/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр эрх үүрэгт нь сөргөөр нөлөөлөхөөр байвал уг этгээдийн өөрийх нь болон хэргийн оролцогчийн хүсэлтээр гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах бөгөөд шүүх өөрийн санаачлагаар оролцуулах боломжгүй юм. Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээдийг оролцуулах талаар нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэлт авагдаагүй тул нэхэмжлэгчийн үнэлгээ хийсэн компанийг болон “Х” ХХК зэргийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД