Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/42

 

 

 

 

 

А.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганболд /онлайнаар/, Ц.Раашзэвэг,

Шүүгдэгч А.Э /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолтой А.Эд холбогдох 201301032637Т дугаартай 6 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч А.Э нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 3 дугаар гудамжны 29 тоотод 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр насанд хүрээгүй буюу 17 настай Б.Энхмандалыг хүч хэрэглэн хүчиндсэн,

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Энхмандалын цэнхэр өнгийн гар утсыг хугалж санаатайгаар устгасан,

Мөн А.Э нь давтан үйлдлээр 1. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг Барчингийн энгэр гэх газар 2014 оны 08 дугаар сарын 20-ны үед тус сумын иргэн Г.Дэлгэрцэцэгийн өлзий тамгатай цагаан зүсмийн 1 тооны морийг хулгайлж 2.000.000 төгрөг, 2. Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг Улаан хужир гэх газраас 2014 оны 07 дугаар сарын сүүлээр тус сумын иргэн Л.Лодонгийн хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, 3. Хэнтий аймгийн Биндэр сумын нутгаас 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргалын 1 тооны хонгор халзан зүсмийн үрээг хулгайлж 1.000.000 төгрөг, 4. Хэнтий аймгийн Биндэр сумын нутгаас 2014 оны намар иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргалын 1 тооны хонгор зүсмийн морийг хулгайлж 1.000.000 төгрөг, 5. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг Зүүн хөгөн гэх газраас 2015 оны 05 дугаар сарын дундуур тус сумын иргэн О.Оюунчимэгийн зоосон тамгатай бор зүсмийн 1 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөг, 6. Хэнтий аймгийн Дөш гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 19-өөс, 21-ний өдрийн орчимд тус сумын иргэн П.Жаргалбаярын эзэмшлийн хөлтэй ширээтэй онгин тамгатай халиун зүсмийн морь, дэлтэй хар зүсмийн морь, засмал дэлтэй хүрэн зээрд зүсмийн морь буюу 3 тооны адуу хулгайлж 3.300.000 төгрөг, 7. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг Хөтөл усны овоот гэх газраас 2015 оны 04 дүгээр сарын 16-аас 19-ний хооронд тус сумын иргэн Д.Пүрэвээгийн холбоо онги тамгатай сартай саарал зүсмийн морь, толин сартай хойд хөл бэлэвсэн хээр зүсмийн буюу 2 тооны удаа хулгайлж 2.400.000 төгрөг, 8. Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Уйлантын зоо, харз гэх газраас 2015 оны 05 дугаар сарын сүүлээр иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргалын 1 тооны шарга халзан зүсмийн адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

Шүүгдэгч А.Э нь шүүгдэгч Ю.Мтай бүлэглэн давтан үйлдлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлжийн гүүр гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө тус сумын иргэн Ц.Мэргэний цавьдар зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг Их хонхор гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө тус сумын иргэн Д.Ганзоригийн эзэмшлийн бор зүсмийн морь, саарал халзан зүсмийн морь буюу 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Зүүнбаян гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 06-аас 11-ний хооронд тус сумын иргэн Г.Цогбадрахын эзэмшлийн дэлтэй хөх саарал зүсмийн морь, М үсгэн тамгатай, засмал дэлтэй хонгор зүсмийн морь, М үсгэн тамгатай, халтар зүсмийн морь буюу 3 тооны адууг хулгайлж 2.500.000 төгрөг, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бор үзүүр гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний үеэр тус сумын иргэн Д.Алтанзаяагийн эзэмшлийн засмал дэлтэй, хар зүсмийн морь, ахар засмал дэлтэй, хөх буурал морь буюу 2 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөг, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Чингисийн хэрэм-ийн баруун талаас 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 13-ны хооронд тус сумын иргэн Н.Насанжаргалын 1 тооны буган халиун зүсмийн хар дэлтэй морийг хулгайлж 700.000 төгрөгийн буюу бусдад нийт 22.700.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овгийн Арцсэдийн Эд Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,

Эрүүгийн 201301032637 дугаартай шүүгдэгч Боржигон овгийн Арцсэдийн Эд холбогдох хэргээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Арцсэдийн Эгийн давтан үйлдлээр ганцаараа болон бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 20-ноос 2015 оны 04 дүгээр сарын 19-ний хооронд үйлдсэн 5 гэмт хэргийг, бусадтай бүлэглэж 2015 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө үйлдсэн 1 гэмт хэргийг нийт 6 гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Боржигон овгийн Арцсэдийн Эг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр, бүлэглэж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван дөрвөн наснаас дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Боржигон овгийн Арцсэдийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Арцсэдийн Эд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Э давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.4, 153.1, 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа миний эрх зүйн байдлыг дордуулж хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэн тул оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Миний бие нь 126.2 126.4-ийг хүлээн зөвшөөрөхгүй мөн энэ гэмт хэргийг хийгээгүй гэдгээ үнэн зөвөөр нь удаа дараа мэдүүлж байсан. Мөн хохирогч болох Б.Энхмандалд ямар нэг дарамт шахалт учруулаагүй тул хийгээгүй хэргийг хийсэн болгож худал мэдүүлэг өгч байгаа нь ил тодорхой байгаа нь хавтаст хэргээс харагдана. Доорхи дүгнэлтээр нотлогдоно. 2013.11.13-наас 18-ны шинжилгээний дүгнэлтээр тодорхойлогдож байгаа. Гэрч Б.Мөнх-Очир, Г.Гансүх нарын мэдүүлгээр тодорхойлогдоно. Энэ хэргийн үнэн зөвийг тогтоож зөв шийвэрлэж өгнө үү. 145-р зүйлийн 145.2-оор зүйлчилсэнийг хүлээн зөвшөөрч үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн хохирол гомдлыг нь бүрэн барагдуулсан учир миний эрх зүйн байдлыг дээрдүүлж 2015 оны Өршөөлийн хууль буюу хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...А.Э нь хохирогч гэх Б.Энхмандалыг хүчирхийлсэн гэсэн талаар үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт, хууль зүйн дүгнэлтэд ямар ч тодорхой дүгнэлт хийгээгүй байна...

А.Э мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаануудад Б.Энхмандалыг 18 насанд хүрээгүй гэдгийг огт мэдээгүй надаас 2 залуугийн аль нэгтэй нь суувал болох талаар асуудаг байсан учир насанд хүрээгүй гэдгийг нь мэдээгүй гэж мэдүүлэг өгсөн байдаг юм. Б.Энхмандал нь 18 насанд хүрэхэд цөөхөн сар дутуу байсан учир түүний бие бялдар, хэл яриа, асууж байгаа асуулт, хүсэл зориг зэргээс нь А.Э насанд хүрээгүй гэдэг ойлголт төрөхгүй нь тодорхой учир шүүх А.Эг Б.Энхмандалыг хүчиндсэн гэж дүгнэлт хийвэл 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгээр биш мөн зүйлийн 1.1 дэх хэсгээр ял оногдуулж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгэзр зүйлийн 4.1-д зааснаар өршөөлд хамааруулахыг хүсэж байна.

Хохирогч гэх Б.Энхмандал одоогийн байдлаар бараг 25 нас хүрч байгаагийн хувьд эрх ашгаа хамгаалах эрх зүйн чадвартай тул санал дүгнэлтээ хэлэх бүрэн эрхтэй учир 2016 оны 06 сарын 24-нөөс хойш нэг ч удаа гомдол гаргаагүй бөгөөд 2021 оны 01 сарын 13 өдрийн шүүх хуралдааний товыг мэдэгдэхэд ямар нэг гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэснээс нь дүгнэлт хийвэл уг хэрэг учрал болоогүй, энэ талаар өөрт нь ямар нэг хохирол учраагүй зэргийг харуулж байгаа баримт гэж миний хувьд үзэж байна. Ер нь тухайн үед уг хэрэг учрал болсон байлаа гэхэд 8 жил шахам хугацаа өнгөрч байгаа ба хохирогч гэх Б.Энхмандалын эрүүл мэндэд болон бусад ямар нэгэн байдалд нь хохирол учраагүй тул А.Эд заавал ял халдаах гээд байгаа нэг талыг барьсан үйл ажиллагаа байгаа мэтээр ойлгогдож байна. Учир нь шүүх Б.Энхмандалыг А.Э хүчирхийлсэн нь үндэстэй гэж үзвэл хохиролгүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар заасан заалтыг журамлаж хохирогч гэх Б.Энхмандал 2021 оны 01 сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд санал гомдолгүй учир шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг нь анхааран үзэж 4 жилээс доош тодруулбал А.Эгийн цагдан хоригдсон буюу эдэлсэн ялд нь тохируулж ял халдаан, анхан шатны шүүх хуралдаанаас энэ талаарх ялыг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан гэж үзэж байгааг эрхэм шүүгчид болгоохыг хүсэж байна.

...Шүүх А.Эд 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хорих ял оногдуулсан дээрээ 2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсгийг баримтлан 2 жилийн ялыг нэмж 6 жилийн хорих ял оногдуулсныг зөвшөөрөх боломжгүй байна. Мал хулгайлсан эцсийн үйлдэл болох 2015 оны 07 сарын 13-ноос хойш 5 жил 6 сар өнгөрсөн нь 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т хүндэвтэр гэмт хэрэг үйлдснээс хойш 5 жил өнгөрсөн тохиолдолд ялаас чөлөөлдөг тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ дашрамд дурьдахад анхан шатны шүүх 2 ялыг хооронд нь нэмэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг журамлаж хөнгөн ял болох 2 жилийг нь 4 жилд нь багтааж болох байтал 2015 оны эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсгийг баримтлан хооронд нэмж А.Эд 6 жилийн ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгч А.Эгийн эрх зүйн байдлийг дордуулсныг зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ба хохирогч нарын хохирол бүрэн төлөгдсөн тэд хохирол гомдолгүй болсон байдлийг нь харгалзаж хөнгөн ялыг нь хүндэд нь багтаах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд эдгээр байдлуудад дүгнэлт хийн миний гаргасан гомдлыг тал бүрээс нь нухацтай хянаж Улсын яллагчын 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 зүйлийн 2 дахь хэсгээр ялласныг хэрэгсэхгүй болгох буюу та бүхэн эргэлзээтэй гэж үзвэл 2015 оны Өршөөлийн хуульд хамааруулж 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсгээр 2 жилийн хорих ял халдаасныг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсгээр хэргэсэхгүй болгох буюу тийм боломжгүй гэвэл А.Эгийн урьдчилан болон биеэр эдэлсэн ялыг багтааж давж заалдах шатны шүүх хуралдаанаас нэн яаралтай суллаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан дүгнэлтдээ: Шүүхийн шийтгэх тогтоолд хөөн хэлэлцэх хугацааны талаар тусгагдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь бүхэлдээ үндэслэлтэй гарсан гэж үзэхгүй байгаа учраас шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан саналдаа: Хөөн хэлэлцэх хугацааг анхаараасай гэж хүсэж байна. Хэргийг бодит үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Хохирогч Энхмандахын ээж, аавын мэдүүлгийг онцолж хараасай гэж хүсэж байна. Шүүгдэгч А.Эг суллаж өгнө үү гэж хүсэж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганболд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Хэрэв хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзвэл хүчингийн хэргийн зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчилж, ял оногдуулахдаа ялын бодлогыг зөв тогтоох талаар шүүх бүрэлдэхүүн анхаараарай гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч А.Э гаргасан тайлбартаа: Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй болохоор өдийг хүртэл ингэж хохироод явж байна. Янз янзын дүгнэлт гаргаад яваад байгаад гомдолтой байна. Мөрдөн байцаагч намайг маш их зодож, дарамталсан гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд дараах  байдал тогтоогдлоо.

1. Хэргийн талаар Төв аймгийн Прокурорын газраас  үйлдэж шүүхэд шилжүүлсэн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар яллах дүгнэлтэд  “...Яллагдагч А.Э нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 3 дугаар гудамжны 29 тоотод 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, насанд хүрээгүй буюу 17 настай, Б.Энхмандалыг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт үйлдэлдээ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар, ....цэнхэр өнгийн гар утсыг хугалж, санаатайгаар устгасан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч А.Э нь ганцаараа болон яллагдагч Ю.Мтай бүлэглэн, давтан үйлдлээр 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 07 дугаар сарын хооронд Төв, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс иргэдийн 17 тооны адууг хулгайлж, бусдад нийт 18 700 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, дахь хэсэгт зааснаар тус тус яллагдана” гэж тусгагджээ. /5-р хх-ийн 133-135/

Үүнээс үзвэл прокурор яллах дүгнэлтээр яллагдагч А. Эг ганцаараа 5 удаагийн үйлдлээр 8 адуу, Ю.Мтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр 9 адуу, нийт 17 тооны адууг хулгайлж, бусдад нийт 18 700 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд буруутгасан байхад шүүх яллах дүгнэлтэд тусгагдсанаас өөрөөр буюу шүүхийн шийтгэх тогтоолын “Холбогдсон хэргийн талаар”, “Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт”, “Хууль зүйн дүгнэлт” хэсэгтээ шүүгдэгч А.Эг ганцаараа 8 удаагийн үйлдлээр 11 адуу, яллагдагч Ю.Мтай бүлэглэн 9 адуу хулгайлж бусдад нийт 22 700 000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон хэмээн хууль зүйн дүгнэлт хийж,  эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шийдвэрлээгүй байна.

2. Шүүх шүүгдэгч А.Эгийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр насанд хүрээгүй буюу 17 настай Б.Энхмандалыг /1996.06.07 төрсөн/ хүч хэрэглэн хүчиндсэн үйлдэлтэй 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамааруулан мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан   “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” гэж үзэж зүйлчлэлийг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн өөрчлөлт оруулж “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн бол таван жилээс арван хоёр хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт “насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх“-ээр заасан байна.

Үүнээс үзвэл насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээг хүндрүүлсэн байхад шүүх хуулийн өөрчлөлтүүдийг ялган салгаж хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” гэж үзэж, зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж заасантай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

3. Шүүх А.Эг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан давтан үйлдлээр ганцаараа болон бусадтай, бүлэглэж, олон тооны мал хулгайлсан гэмт хэргийн зарим үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар  сарын 11-ний өдрийн хууль хэрэглэж хамруулсан нь буруу байна.  

Учир нь Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдахаас өмнө болон дараа нь удаа дараагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж нэг төрлийн гэмт хэргийг үйлдсэн хүний үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн зүйлчилж, үйлдсэн гэмт хэрэг нь нийгэмд учруулж буй хор аюул, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс нэг удаа ял оногдуулж буй нөхцөлд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдахаас өмнө үйлдсэн зарим хэргийг нь салгаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж болохгүй юм.

4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна“ гэсэн шаардлага хангахгүй байна. Тухайлбал  

 Шүүгдэгч А.Эгийн ганцаараа 2014 оны 07 дугаар сарын сүүлээр иргэн Л.Лодонгийн 1 тооны адуу хулгайлсан үйлдлийг орхигдуулсан, прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар шүүгдэгч Ю.Мтай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө иргэн Д.Ганзоригийн 2 тооны адуу, 2015 оны 07 дугаар сарын 06-аас 11-ний хооронд иргэн Г.Цогбадрахын 3 тооны адуу, 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр иргэн Д.Алтанзаяагийн 2 тооны адуу, 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 13-ны хооронд иргэн Н.Насанжаргалын 1 тооны морийг хулгайлсан үйлдлийг А.Э ганцаараа үйлдэж, “бусдад нийт 22 700 000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан байна” гэж хууль зүйн дүгнэлт хийжээ.     

Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэг нь эрс зөрүүтэйгээс гадна шүүгдэгчийн яллаж байгаа зарим ямар үйлдлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь тодорхой бус, ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтыг зөрчсөн байна.  

Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа зөрчил гаргасныг зөвтгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв  аймаг дахь сум дундын Эрүүгийн  хэргийн  анхан шатны шүүхийн  2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, А.Э холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч А.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                             Т.ЭНХМАА