| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2022/03070/И |
| Дугаар | 182/ШШ2022/03334 |
| Огноо | 2022-11-16 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2022/03334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, М ХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суугч, Б.Б- т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт төлсөн 6,374,938 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан, хариуцагч Б.Б- хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт төлсөн 6,374,938 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч М ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ; М ХК-тай * УБР улсын дугаартай, OLVO, XC90 маркийн автомашины эзэмшигч Т.Содбаатар нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Тус автомашиныг Т.Содбаатар нь Неткапитал мобайл ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээслэн эзэмшдэг. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр * УБҮ улсын дугаартай, Toyota Passo маркийн автомашиныг жолоодож явсан Б.Б- нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо өрхийн эмнэлгийн баруун хойд замд * УБР улсын дугаартай, Volvo ХС 90 маркийн Т.Содбаатарын жолоодож явсан автомашинтай мөргөлдсөний улмаас даатгалын тохиолдол үүссэн. Уг зам тээврийн осолд * УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4а “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дэх хавсралт нэг Тоормосны систем 1.6.Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөнг зөрчсөн нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Тээврийн прокурорын газрын 268 дугаар тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 266 дугаар Мөрдөгчийн магадалгаа, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, үзлэг хийсэн тэмдэглэл, Мастер үнэлгээ ХХК нь 31172 дугаар “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар 13,569,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон байна. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Неткапитал мобайл ХХК нь Мастер Үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангийн үнийн дагуу 13,569,200 даатгалын нөхөн төлбөрт тооцон шилжүүлэхийг нэхэмжилсэн. Тус хохирлыг үнэлгээний тайланд үндэслэн даатгалын зүйл болох 7336 УБР улсын дугаартай, Volvo XC90 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын 5,000,000 төгрөгийг * УБҮ машины жолоочийн хариуцлагын даатгал болох Тэнгэр даатгал ХХК-иас олгож, гэрээний дагуу 6,374,938 төгрөгийг даатгалын зүйлийн өмчлөгч болох Неткапитал мобайл ХХК-д шилжүүлсэн. Улмаар манай компанид Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрх шилжсэн. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 6,374,938 төгрөгийг буруутай этгээд болох Б.Б-гээс гаргуулна гэв.
2.Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа; 2022 оны 02 сарын 22-ны өдөр * УБҮ улсын дугаартай Toyota passo маркийн авто машин жолоодож яваад машины тоормос эвдэрсний улмаас машин ямар ч жолоодлогогүй болсон. Чингэлтэй дүүргийн 12 дугаар өрхийн эмнэлгийн баруун замд * УБР улсын дугаартай VOLVO XC 90 маркийн машин жолоодож явсан Т.Содбаатарын машинтай мөргөлдсөний улмаас даатгалын тохиолдол үүссэн. Тэр үед миний бие өвчүү хугарч, дагз цуурсан нүдний ухархайны яс хугарсан, мөн хамар хугарсан байдалтай эмнэлэгт ухаангүй очиж хэвтэн эмчлүүлж байгаад 50 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Ингээд гарч ирээд Т.Содбаатартай хамт яваад үнэлгээ хийлгэх гэсэн боловч завгүй ажилтай гэсээр бүтэн сар болсны дараа цагдаа дээр үнэлгээ хийгдсэн гээд очсон байсан. Нэт капитал мобайл ХХК-иас нэхэмжилсэн 6,374,938 төгрөгийг төлөх чадваргүй. Учир нь миний бие тэргэнцэр дээр 100 хувь хүний асрамжид байдаг группийн мөнгө болох 400,000 төгрөгөөр амьдардаг гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, Даатгалын гэрээ, Неткапитал мобайл ХХК-ийн тодорхойлолт, Тээврийн гэрчилгээ, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Тээврийн прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 268 тоот тогтоол, Мөрдөгчийн магадлагаа, тогтоол, Тээврийн Цагдаагийн алба Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Мастер үнэлгээ ХХК-ийн даатгалын гэрээ, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хавсралт, төлбөр төлсөн депозит дансны харилцагчийн хуулга зэрэг баримтыг, хариуцагчаас хариу тайлбар, Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт төлсөн 6,374,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрх шилжсэн, хохирлыг төлөх төлбөрийн чадваргүй гэх тайлбар нь хохирол гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэрлэгдэх асуудал гэж тайлбарлав.
5.Хариуцагч Б.Б- нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тэргэнцэр дээр 100 хувь хүний асрамжид байдаг, группийн мөнгө болох 400,000 төгрөгөөр амьдардаг гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, Даатгалын гэрээ, Неткапитал мобайл ХХК-ийн тодорхойлолт, Тээврийн гэрчилгээ, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Тээврийн прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 268 тоот тогтоол, Мөрдөгчийн магадлагаа, тогтоол, Тээврийн Цагдаагийн алба Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Мастер үнэлгээ ХХК-ийн даатгалын гэрээ, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хавсралт, төлбөр төлсөн депозит дансны харилцагчийн хуулга, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч М ХК нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг Т.Содбаатартай нэг жилийн хугацаатай байгуулж, Т.Содбаатар нь * УБР улсын дугаартай автомашиныг Неткапитал мобайл ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээслэн эзэмшдэг болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байх ба энэ тухайд хариуцагч маргаагүй.
8.Хариуцагч Б.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр * УБҮ улсын дугаартай, Toyota Passo маркийн автомашиныг жолоодож явах үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо өрхийн эмнэлгийн баруун хойд замд * УБР улсын дугаартай, Volvo ХС 90 маркийн Т.Содбаатарын жолоодож явсан автомашинтай мөргөлдсөний улмаас даатгалын тохиолдол үүсч, уг зам тээврийн осолд * УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, мөн дүрмийн 4 дэх хавсралт нэг Тоормосны систем 1.6.“Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн”-г зөрчсөн нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Тээврийн прокурорын газрын 268 дугаар тогтоол, Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн осол, үзлэгээр тогтоогдсон байна.
9.Тээврийн прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаар тогтоолоор “...Монгол улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, эд хөрөнгөнд бага бус хэмжээний хохирол учирсан нь уг гэмт хэргийн шинжийг агуулахгүй буюу цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүслээ” гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Бүртгэлийн 0343 дугаар гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсугай. Иргэний нэхэмжлэгч Т.Содбаатар нь ослын улмаас өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 497, 499, 505, 510 дугаар зүйлд заасны дагуу буруутай этгээдээр арилгуулахаар түүний оршин байгаа газрын Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 17-18 тал/
10.Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 266 дугаар магадлагаанд “...* УБҮ улсын дугаартай, Toyota Passo маркийн автомашиныг жолоодож явсан жолооч Б.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ, а.энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 4 дэхь хавсралт нэг Тоормосны систем 1.6.Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн, Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явагч машин механизмыг ашиглахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. * УБР улсын дугаартай, Volvo ХС 90 маркийн автомашиныг жолоодож явсан жолооч Т.Содбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ.
11.Мастер үнэлгээ ХХК-ийн автомашины эвдрэл, хохирлыг 13,569,000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээнд зохигчдын хэн аль нь маргаж гомдол гаргаагүй байна.
12.Неткапитал мобайл ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 021281 тоот тодорхойлолтонд “Харилцагч Т.Содбаатар нь, Volvo ХС 90 маркийн * УБР улсын дугаартай автомашины даатгалын нөхөн олговрыг Худалдаа хөгжлийн банкны *** тоот данс руу шилжүүлж өгнө үү. Хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг М ХХК-д шилжүүлэв” гэжээ.
13.Нэхэмжлэгч М ХХК нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 5,737,443.34 төгрөгийг олгосон болох нь Даатгалын гэрээ, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хавсралт, төлбөр төлсөн депозит дансны харилцагчийн хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 55 тал/
14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “хариуцагч Б.Б- нь Тэнгэр даатгал ХК-тай жолоочийн хариуцлагын даатгалын гэрээтэй байсан тул 5,000,000 төгрөг төлөгдөж, Неткапитал мобайл ХХК-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалтад заасан орлогод 10 хувиар тооцож, үлдэх 5,737,443.34 төгрөгийг олгосон тул хариуцагч Б.Б-гээс тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролд олгосон 6,374,938 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
15.Нэхэмжлэгч М ХХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж зааснаар шаардах эрхтэй.
16.Хариуцагч Б.Б- нь тэргэнцэр дээр 100 хувь хүний асрамжид байдаг, группийн мөнгө болох 400,000 төгрөгөөр амьдардаг гэх тайлбар шүүхэд гаргасан бөгөөд Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсанд “ЭХМК-оос тогтоосон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 80” гэж бичигдсэн байх ба тэрээр бусдын тусламжгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцдог болох нь Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 266 дугаар магадлагаагаар тогтоогдсон гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 44 тал/
17.Хариуцагч Б.Б-гээс тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролд олгосон 6,374,938 төгрөгийг гаргуулж М ХК-д олгох үндэстэй.
18.Нэхэмжлэгч М ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гээс 116,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гээс 6,374,938 /зургаан сая гурван зуун далан дөрвөн мянга есөн зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж М ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжинд 116,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ