| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2017/0101/Э |
| Дугаар | 96 |
| Огноо | 2017-08-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0101/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга
Улсын яллагч Я.Сансар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч Э.Батолд нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Эрдэнэбилэгийн Батболдод холбогдох 201723000152 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1986 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007.11.14-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 5 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Мөн Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012.04.11-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан гэх Тугчин овогт Эрдэнэбилэгийн Батболд /РД: СА86110711/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Батболд нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор иргэн Э.Муратыг зодож цээжний баруун талын 7, 8 дугаар хавиргыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Муратын мөрдөн байцаалтад өгсөн: ... “2017.05.28-ны өдөр гэртээ байж байхад танил Батболд манай гэрт ирсэн би түүнд 50.000 төгрөгийн өртэй байсан. Надаас өрөө нэхэхэд нь би 3 хоногийн дараа өгье гэхэд үгүй одоо авна гээд манай гэрт суугаад байсан. Би гадаа ойр байсан хониноосоо 1 хонь барьж өгөхөд би хургатай хонь авна. Ахиж 1 хонь нэмж өг гэсэн. Би өгөхгүй гэхэд Батболд уурлаж намайг газар унагааж толгой цээж рүү 3 удаа өшиглөсөн. Би түүнд хандаж боль, өвдөж байна хурганы чинь оронд бэлэн мөнгө өгье гэхэд үгүй заавал хурга авна гэж хэлээд газраас мод авч миний нуруу руу 2 удаа модоор цохисон. Би боль ямаа өгье гэхэд Батболд зодохоо болисон. Би түүнд хар халзан зүсмийн ямаа өгсөн гэсэн мэдүүлэг. / хх-ийн 9 тал /
Э.Батболдын сэжигтнээр өгсөн мэдүүлэг: ... “ Мурат надад хонь барьж өгөхгүй болохоор нь би Муратыг зүүн хөлөөрөө өгзөг рүү нь 1 удаа өшиглөсөн. Дараа нь 2 мөрөн дээрээс нь барьж байгаад өвдөгөөрөө цээж рүү нь өшиглөсөн гэсэн мэдүүлэг / хх-ийн 28 тал /
Шинжээчийн дүгнэлт: 2017.06.07-ны өдрийн 2017.184
1. Э.Муратын биед цээжний баруун талын 7,8 дугаар хавирга бага зэргийн зөрүүтэй ташуу хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 21 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Батболд нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багт Сайханы энгэр гэх газарт иргэн Э.Мураттай өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор түүнийг зодож цээжний баруун талын 7, 8 дугаар хавиргыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Муратын мэдүүлэг, 184 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Э.Мурат нь /хх-ийн 10 тал/ шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эмчилгээний зардал болон учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тугчин овогт Эрдэнэбилэгийн Батболдыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1, 7.2, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батболдыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Батболдод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА