| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2038002800281 |
| Дугаар | 2021/ДШМ/26 |
| Огноо | 2021-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Б |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2021/ДШМ/26
2021 06 16 2021/ДШМ/26
И.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Г.Баяраа,
Шүүгдэгч: И.Э,
Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/121 дүгээр цагаатгах тогтоолтой И.Эд холбогдох 2038002800281 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурор Н.Батмөнхийн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хатгин овогт И.Э, ….... оны….......... дугаар сарын .....-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............../.
Шүүгдэгч И.Э нь 2020 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 04-01 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/121 дүгээр цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2038002800281 дугаартай хэргийг шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч И.Эыг цагаатгаж, шүүгдэгч И.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Н.Батмөнх эсэргүүцэлдээ: ... Цагаатгах тогтоолыг 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шүүхээс И.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэтамир нарын мэдүүлэгт хөтлөгдөж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь И.Э нь “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй” яллагдагч, шүүгдэгч бөгөөд түүний төрсөн хүү Б.Эрдэнэтамир нь 2007.01.11-ний өдөр төрсөн 13 настай буюу бага насны хүүхэд тул мөн худал мэдүүлэг өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй юм.
И.Э, насанд хүрээгүй Б.Энар “Х.Г нь И.Эыг үсдэж чирсэн, зодож цохисон, Б.Эрдэнэтамирыг нүцгэн байхад гэрээс хөөж гаргасан” талаар мэдүүлсэн байх боловч тэдний мэдүүлэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч Х.Гийн “...Эрдэнэчулуун Тамираа миний хүү босоод ир, энийг хөөж гаргая гэж хэлснээ миний зүүн шанаа руу гараараа 3 удаа цохисон...Тэгснээ галын хайч байсан уу? төмөр байсан уу? нэг тийм зүйлээр толгой дундуур маань 2 удаа цохисон...тэдний гэрээс гараад...Шагдар найзынхаа гэрт очсон...” гэсэн, гэрч Г.Шагдарын “...Цус нөжтэйгээ холилдсон, хувцас нь шороо тоос болсон байдалтай орж ирсэн...толгой нь хагарсан, хамраас нь цус гоожсон, уруул нь язарсан байдалтай байсан. ...авгай, хүүхэд 2-тоо зодуулчихлаа гэж хэлж байсан...” гэсэн, гэрч Д.Уянгын “...Эрдэнэчулуун...Ганааг зодсон болгоод цагдаад өгчихье гэж байсан...” гэсэн мэдүүлгүүд, шинжээч эмч нарын удаа дараагийн дүгнэлт зэргээр тус тус үгүйсгэгдсэн. Хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, эх сурвалжаа тодотгож бататгасан мэдүүлэг бөгөөд И.Э, насанд хүрээгүй Б.Энарын мэдүүлгийг цагаатгах талын гол нотлох баримт болгон үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж нотлох баримтаар үнэлсэн мэдүүлэгт үндэслэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Аргагүй хамгаалалт” хийсэн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэхэд хүргэж байна.
2. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Учир нь шүүхийн цагаатгах тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн...улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч...ийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийн талаар тодорхой тусгаагүй байгаа болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч Ц.Мөнхжаргал, хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд нар оролцсон талаар цагаатгах тогтоолд дурьдсан байх ба тэдгээрээс гаргасан дүгнэлт, саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар огт дурьдаагүй. Хохирогч Х.Г, гэрч Г.Шагдар, Д.Уянга нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, И.Э, насанд хүрээгүй Б.Энарын мэдүүлгийг ямар үндэслэлээр хууль ёсны гэж үзсэн болох нь тодорхойгүй. Хавтаст хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл авагдаагүй, уг тэмдэглэлийг хавсаргаж, хэргийн оролцогч нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна.”, 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна.”, 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Баримтат мэдээлэл нь...шүүх хуралдааны тэмдэглэл...энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.”, 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг...шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.” гэснийг тус тус ноцтой зөрчсөн байх ба мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан “хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт байгаагүй” үндэслэлээр шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл бүрдэж байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаартай яллах дүгнэлтээр И.Эыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 04-01 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч И.Эыг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч И.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Гийн биед “тархи доргилт” бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “бие махбодын хэлбэр” гэдгийг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан
этгээд нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг ойлгох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хэн алиндаа гэмтэл учруулсан үйлдэл бүр гэр бүлийн хүчирхийлэлд хамаарахгүй. Энэ хэргийн тухайд дээрх зорилгоор биед нь халдсан шинж тогтоогдоогүй тул хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл хэсгээр зүйлчлэх шаардлагатай байжээ.
Анхан шатны шүүхийн И.Э нь 2020 оны 3 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 04-01 тоотод Х.Гийн биед халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тогтоогдож байх хэдий ч шүүгдэгчийн үйлдэл нь бодит агуулгаараа өөрийн ...амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Х.Г нь согтуугаар, шөнийн цагаар, бусдын орон байранд хүч түрэн орж, хэрүүл маргаан үүсгэж, шүүгдэгчийг үсдэн чирч хүч хэрэглэсэн довтолгооны үед түүний эсрэг хариу үйлдлийг шүүгдэгч И.Э хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримт хэрэгт авагдсан шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Би удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, бие махбодь, сэтгэл санаагаар хохирч байсан. ...Ингээд хамгийн сүүлд болсон явдал 2020 оны 3 дугаар сарын 26-ны шөнө 02 цаг 10 минутын үед аавынхаа гэрт буюу Мөрөн сумын 9-04-01 тоотод хүүтэйгээ унтаж байтал хашааны хаалга нүдээд байсан. Гэтэл Х.Г шууд хашаа даваад орж ирээд гэрийн хаалга эвдлэх гээд байхаар нь онгойлгож өгсөн. Тухайн үед би унтлагын хувцастай байсан байх, орж ирээд намайг үсдээд чирээд гаргасан. Тэгээд би алуулах юм байна гэж бодоод хүүгээ цагдаа дууд гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг,
И.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн “...Ганзоригтой ноцолдож байхад Ганзориг миний биеийн зүүн талын хэсэг рүү өшиглөж цохиж зодсон. Намайг гэрийн гадаа зодуулж байхад хүү Эрдэнэтамир маань хувцасгүй нүцгэн /ганцхан бандааштайгаа/ бид хоёрыг тойроод уйлаад гүйгээд байсан...” гэх мэдүүлэг,
Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэтамирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ганзориг ах орж ирээд шууд л ээжийн нүүр рүү нь гараараа цохиод ор руу түлхэж унагаасан. Намайг орноосоо босоод иртэл Ганзориг ах надад чи гар гээд миний нуруу руу цохиж намайг нүцгэн гадаа гаргасан. Би ганцхан плавктай, өөр ямар ч хувцасгүй нүцгэн байсан учраас даараад жорлон ороод байж байтал Ганзориг ах ээжийн үснээс чирж гаргаад гэрийн хаалга руу толгойгоор нь мөргүүлээд газарт хавсарч унагаасан. Тэгэхэд ээж маань надад гар утсаа өгөөд цагдаад дуудлага өгөөрэй гээд утсаа өгтөл Ганзориг ах цагдаа дуудах нь гэж мэдээд хашаа даваад зугатаачихсан. ...Ганзориг ах намайг гэрээс хөөж гаргахдаа миний нуруу руу цохисон...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Дээд шатны прокурор “... Шүүхээс И.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Энарын мэдүүлэгт хөтлөгдөж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ... И.Э, насанд хүрээгүй Б.Энарын мэдүүлгийг цагаатгах талын гол нотлох баримт болгон үнэлсэн ... Шүүх хуралдаанд улсын яллагч Ц.Мөнхжаргал, хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд нар оролцсон талаар цагаатгах тогтоолд дурьдсан байх ба тэдгээрээс гаргасан дүгнэлт, саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар огт дурьдаагүй, ...Хавтаст хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл авагдаагүй, уг тэмдэглэлийг хавсаргаж, хэргийн оролцогч нарт танилцуулаагүй...” гэх эсэргүүцэл гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээх бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан үзэж энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь хэргийн нотлох баримтад хамаарах баримтат мэдээлэл ба мөн хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна” гэж хуульчилсан.
Хавтаст хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан байх ба тэмдэглэлийг хуулийн хугацаанд гаргаагүй, хэргийн оролцогчид түүнтэй танилцах боломжоор хангаагүй гэх үндэслэл мөн адил тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/121 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ