Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2022/03153

 

                                                                                         

 

 

 

 

 

 

 

                                     2022       11        01

                                182/ШШ2022/03153

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, шүүгч Ж.Байгалмаа, У.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.Х

 

Хариуцагч: “И” ХХК

 

2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйн хохиролд 1,371,883 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 1,600,000 төгрөг, ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 2,400,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 150,000 төгрөг, нийт 5,521,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Л.Х

иргэдийн төлөөлөгч Ш.З

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Х миний бие 2019 оны 12 сарын 03-ны өдөр “И” ХХК-д харилцагчийн менежерийн албан тушаалд ажилд орсон. Ажиллах хугацаандаа компаниас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллаж, компнийн алсын хараа, зорилгод хүрэхийн тулд хичээл зүтгэл гарган нэг ч чөлөө, таслалтгүй хангалттай сайн хэмжээнд ажиллаж байсан. Гэтэл 2021 оны 09 сарын 14-ний өдөр хүний нөөцийн менежер н.М надтай уулзаж, манай байгууллагын үй ажиллагааны чиглэл өөрчлөгдөж байгаа тул захирлууд ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж дамжууллаа хэмээн аман байдлаар мэдэгдсэн. Уг байгууллага нь 2021 он гарснаас хойш цалин хөлсөө хагас дутуу олгож, авлага, өглөгийн асуудалтай мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 11 сараас 2021 оны 09 сар хүртэл төлөөгүй гэх асуудлууд байсан учир миний хувьд асуудлаа шийдээгүй үед ажлаас гарах хүсэлт өгөх боломжгүй байсан. Мөн байгууллагын зүгээс ажил чөлөөлөх тушаал гаргаж өгөөгүй бөгөөд би тухайн мэдээллийг хүний нөөцөөс сонсоод 7 хоног ажиллаад эд зүйлсээ хүлээлгэн өгч, дараагийн ажлаа хайж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 09 сарын 15-ны өдрөөс ажлаас гарсан юм.

 

Гэтэл нийгмийн даатгал төлөгдөөгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болж /даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ/ ажил чөлөөлөх тушаал гаргаж өгнө үү, даатгалаа төлүүлж ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдмөөр байна гэсэн хүсэлтэйгээр би 2021 оны 10 сарын 29-ний өдөр гүйцэтгэх захирал н.Чулуунпүрэвтэй оффис дээр нь очиж уулзсан. Тэрээр хэлэхдээ 2021 ондоо багтаан ниймийн даатгалын өрийг барагдуулна. Энэ нь нэг хүний асуудал биш нийт ажилчдын асуудал тул нэг мөсөн төлөхөөр байгаа, харин ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирлыг 1,000,000 төгрөг байгууллагын зүгээс 2021 оны 12 сард өгч барагдуулна гэж хэлсэн. Үүнийг нэхэмжлэлд хавсаргасан чатны харилцан яриагаар нотлох юм.

 

Бид дээрх байдлаар тохиролцсон боловч өнөөг хүртэл ямар ч шийдвэрлэсэн үр дүн гараагүй байгаа бөгөөд би ажлаасаа гэнэт халагдаад дараагийн ажлаа олоход 3 сарын хугацаа зарцуулж, ямар ч ашиг орлогогүй болж, өрх толгойлсон эх хүнийхээ хувьд маш хүнд байдалд орж, банкны зээл ч авах боломжгүй болсон. Иймд

2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйн хохирол 1,371,883 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 1,600,000 төгрөг, ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 2,400,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 150,000 төгрөг, нийт 5,521,883 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

  1. Хариуцагч “И” ХХК нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх

хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

 

  1. Иргэдийн төлөөлөгч Ш.З шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэ шүүх хурал нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж, гэнэт халагдсаны төлбөр болон 3 сар ажилгүй байсан төлбөрийг гаргуулахыг шийдвэрлэх тухай байлаа. Нэхэмжлэгчийн дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

  1. Шүүх нэхэмжлэгчийн ирүүлсэн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс Л.Хд хүргүүлсэн хариу, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Л.Хд хүргүүлсэн хариу, цалин авч байсан дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч “И” ХХК-аас 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, хариуцагч байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан гэж ажилгүйдлийн тэтгэмжийн 1,371,883 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 1,600,000 төгрөг, ажилгүй байсан 3 сарын хугацааны цалинд 2,400,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 150,000 төгрөг, нийт 5,521,883 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч “И” ХХК-ийг шүүхэд албадан ирүүлж 2022 оны 06 сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн болно.

 

          2. Л.Х нь 2020 оны 01 сарын 03-ны өдөр “И” ХХК-тай харилцааны менежерийн албан тушаалд, үндсэн цалин хөлсийг 800,000 төгрөг байхаар тохирч хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна. Улмаар 2021 оны 09 сарын 15-ны өдрөөс ажлаас гарснаа нэхэмжлэгч тайлбарлаж байх ба хариуцагч байгууллага нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад төлөөгүй, дээрх шимтгэлийг төлөөгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмж болон халагдсаны тэтгэмжээ авч чадалгүй хохирсон, улмаар 3 сар ажилгүй суусан, өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

         

            3. Нэхэмжлэгч 2021 оны 9 дүгээр сар дуустал хариуцагч “И” ХХК-д ажилласан нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний цалинд И ХХК-иас мөнгө шилжиж байсан баримтаар тогтоогдож байх бөгөөд 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд хариуцагч нэхэмжлэгчийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авсан атлаа нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлж төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх “Хур” мэдээлэл солилцооны системийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т ...даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр ...сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:

1/ хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх,

2/ шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх,

3/ нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах гэж заасан байх бөгөөд ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 2Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан байна.

 

            Компани ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч дээрх хугацааг ажилласанд тооцуулж чадахгүй, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй байна. Нэхэмжлэгч нийгмийн даатгалын байгууллагад хандаж хариу авсан тухайгаа тайлбарлаж байна. Иймд хариуцагч “И” ХХК-д нэхэмжлэгч Л.Хгийн 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, мөн нэхэмжлэгчид учирсан хохирол болох авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмжийн 1,231,903 /(690909+800000+800000):3х45%:21.2өдөр х76/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

          5. Хариуцагч нэхэмжлэгчийг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, халагдсаны тэтгэмж авах шалтгаанаар ажлаас халсан нь тодорхойгүй тул ажлаас халагдсаны тэтгэмжид 1,600,000 төгрөг, мөн хариуцагчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэхийг тогтоолгоогүй атлаа ажлаас гарснаас хойш ажилгүй байсан гэж 3 сарын хугацааны цалинд 2,400,000 төгрөг тус тус нэхэмжилсэн, нотлох баримтгүйгээр өмгөөлөгчийн зардалд гэж 150,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагууд үндэслэлгүй байх тул нэхэмжлэлээс энэ талаарх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг хариуцагч гаргаагүй гэх боловч өөрөө ажлаас чөлөөллөө гэснийг зөвшөөрч хариуцагчид ажиллахгүй болсон байна.

 

          6. Иргэдийн төлөөлөгч “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй” гэсэн нь хариуцагчийг буруутай байна гэж дүгнэж байна гэж үзнэ.

 

            Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, дахь хэсэгт заасныг баримтлан Л.Хгийн ажилласан 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч “И” ХХК-д даалгаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан “И” ХХК-аас 1,231,903 төгрөгийг гаргуулж Л.Хд олгож, нэхэмжлэгчийн 4,289,980 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч “И” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 104,316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 173,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2,  120-р зүйлийн  120.2-д  зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн  хүчинтэй  болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14 хоногт бэлэн болох  шийдвэрийг 14 хоногийн  гардан авах  үүрэгтэй ба  гардан авснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                            С.БУД

 

                         ШҮҮГЧИД                                           Ж.БАЙГАЛМАА

 

                                                                                     У.САЙНБИЛЭГ