Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2022/01301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2022/01098/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** баг *** хороолол *** дугаар байрны *** тоотод оршин суух *** овогт Л.С /утас*** /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар хороолол *** дүгээр байрны *** тоотод оршин суух *** овогт Л.М /утас *** /-т холбогдох,

 

Нэр төр сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С, хариуцагч Л.М иргэдийн төлөөлөгч Ц.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*** Миний бие нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 30 минутад ажлаа хийгээд сууж байтал Л.М гэх эмэгтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг барьчихсан E-Mongolia сангаас лавлагаа гарахгүй байна. Хараад өгөөч гэж асуусан. Цахим мэдээллийн санд тухайн иргэний *** дүгээр баг, *** дугар хороолол, *** дүгээр байр, *** тоотын эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай бүртгэлийг шалгахад хувийн хэргийг 2013 онд цахимжуулахдаа өмнөх Л.М-ийн мэдээллийг өмнөх өмчлөгчийн мэдээллээр андуурч шивэгдсэн байна. Цахимжуулалтын алдааг хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр мэдээллийн санд залруулга хийгдэнэ гэж тайлбарлаж хэлтэл Муу сайн луйварчин чамаас болж гааль дээр өчнөөн төгрөгийн татвар төлөх болчихоод байна. Тан нарын буруу биз дээ дарга чинь хаана байна новшоо гэж өрөө тасалгааг орилж хашигчиж элдвээр доромжилж байсан ч Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/02 тушаалаар батлагдсан Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журам-ын 2 дугаар зүйлийн 2.6-д Цахим мэдээллийн санд хүлээн авч хадгалсан иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийн мэдээлэлд улсын ерөнхий байцаагчийн шийдвэр, хяналтын улсын ахлах байцаагч болон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын ахлах бүртгэгч засвар өөрчлөлт хийнэ гэсний баримтлан цахим мэдээллийн санд хяналтын улсын байцаагчийн 1500 дугаартай дүгнэлтээр тухайн иргэний өмчлөгчийн мэдээллийг залруулж E-Mongolia цахим сангаас лавлагаа боломжтой болгосон.

Гэтэл эн өдрөө дахин ирж ажил цаг дууссан байхад буюу 17 цаг 45 минутад Ариг банкны зээлийн гээ баталж өгөхийг шаардаж доромжилж харааж байгаад улсын бүртгэгч О.М-аар батлуулаад гарсан ч 2 хоногийн дараа буюу 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт ажлын өрөөнд орж ирэн Чи миний байрыг Ч гэдэг хүний нэр дээр байна гэсэн биз дээ, чи өчнөөн луйвар хийдэг би мэднэ чамайг шалгуулна А даргад хэлэх гэсэн тантай босоо болохоор хамааралгүй гээд байна гэж дайрч доромжилж 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 175000 иргэний хандалттай *** ЫН ГРУППТ *** гэсэн фэйсбүүк хаягаас миний зургийг зөвшөөрөлгүй тавьж, Гаршсан хулгайч, луйварчин байж, арчаагүй новшийн хүүхэн минь хулгай луйвар хол явахгүй шүү гэж жирийн төрийн албан хаагч миний хувь хүний нэр төр алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасан тул миний нэр төрийн сэргээж, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү.

Энэхүү худал мэдээллийг миний зургийн хамт цахим орчинд оруулсныг 4700 хүн уншиж, 1800 иргэн сөрөг мэдээллийн хариулт өгсөн сэтгэгдэл бичиж, 6700 иргэн өөрийн болон бусад зарын групп руу share хийснээс танил нөхөд, УЛсын бүртгэлийн ерөнхий газар, хамт олон, хамаатан саданд намайг луйварчин гэмт хэрэгтэн болгон харагдуулахад хүрээд байна гэв.

 

Хариуцагч Л.М нь шүүхэд гаргасан тайлбартаа:

*** Надад яаралтай мөнгөний хэрэг болоод хөөцөлдөөд Ариг банкны эдийн засагчтай уулзахад шуурхай зээлийг нь гаргаж өгье гээд дуудсан. Барьцаанд нь байрныхаа ордерыг өгөх гэтэл таны үл хөдлөх чинь таны нэр дээр байдаггүй юм байна гэхээр нь E-Mongolia цахим сангаас татаад орхисон. Тэгээд үл хөдлөх рүү очоод ирье гээд очсон. Л.С гэж хүн дээр очсон. Уучлаарай танд үл хөдлөх байхгүй байна, Ч гэдэг хүн дээр байна гэхээр нь би уурласан. Чи юу яриад байгаа вэ, энэ байр миний ганц үл хөдлөх гэхэд мэдэхгүй та хүсэлтээ бичээд өгөөрэй гэж хэлсэн. Би тийм юм байхгүй гэж хэлсэн. Миний найз нөхдөд ийм юм болж байсан, эд нарын яаж мөнгө иддэгийг би мэддэг болохоор би хардах эрхтэй. Би үнэхээрийн уурласан яахлаараа Ч-ын нэр дээр болдог юм бэ гэхэд та ямар аймар хэл амтай юм бэ гэхэд нь би дарга дээр нь орсон. За энэ асуудлыг шийдээд өгье гэсэн. Манайх гараар бичдэг байсныг цахимжуулсан тэр үед алдаа гарсан байна. Би хардах эрхтэй чи надад тайлбарлаж өг гэхэд за та өргөдөл бичээд өгчих гэхээр нь өнөөдөр гэсэн юм байхгүй. Миний юмыг 5хан минутын дараа засаж өгсөн, гэнэт огцом уурлаад би бүр галзуурах дөхсөн. Та шалгаарай таных болчихлоо гэхээр нь гайхаад юмаа авчхаад мөнгөө авсан. Би 3 хоног хэвтсэн, орон байргүй болчихлоо гэхээр их юм бодсон. 1 дэх өдөр босоод энэ хүн дээр ирсэн, өөрийнхөө шугаман дээр судлаад тань дээр байхгүй байна гэж хэлэхэд зургийг нь дараад авах байсан байна. Надад нотлох баримт байхгүй байна. Та нар тавхан минутын дотор засчихдаг, ийм улсууд юм байна. Чиний ард камер байдаг юм байна, авдаг газраараа яваад аваарай гэж хэлсэн. Миний хуурай дүү энэ хүнтэй найз юм байна лээ та яах юм бэ, өвчин зовлонтой гэж хэлсэн, зүгээр тэр охинтойгоо намайг уулзуулчих гэсэн. Эдний ажил нь тийм замбараагүй байгаа байхгүй юу. Энэ засагдах материал биш. 2013 оноос хойш цахимд орсон гээд байна. Энэ байрыг би урд нь Төрийн банканд тавьж байсан. 2 жилийн өмнө шалгахад надад үл хөдлөх байхгүй байгаа, тэр хооронд миний байрыг өөр хүний нэр дээр болгоод мөнгө эргүүлсэн байх хардлага надаа байна. Та нар үгсэн нийлж худлаа яриад байна. Ингэж төрийн ажил хийхгүй, би хүн гүтгэж худлаа ярихгүй. Чи төрийн албан хаагч хүн. Эд нар луйварчид. гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ц.П нь шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:

*** Шүүх хуралдааны явцад талуудын маргааныг сонсоход миний гаргасан дүгнэлт Л.М О.С-г гүтгэн, нэр төрд халдсан байна. гэв.

 

Нэхэмжлэгчээс цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим нийтлэл, фото зураг, *** цахим хаяг, улсын байцаагчийн дүгнэлт, Дархан-Уул аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд засвар өөрчлөлт хийсэн тухай тэмдэглэл, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, улсын байцаагчийн дүгнэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай хувийн хэргээс Худалдаа хөгжлийн банкны Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Худалдаа хөгжлийн банкны албан тоот, зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Төрийн банкны дархан салбарын тодорхойлолт, Ариг банкны зээлийн гэрээ, улсын байцаагчийн дүгнэлт зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Л.М нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр *** ЫН ГРУПП-т *** гэсэн фэйсбүүк хаягаас Сэрэмжлүүлэг !!!.. Анхаарч сайн хар энэ хүүхнийг С гэдэг. Үл хөдлөхөд ажилладаг. Баасан гаригт ажил тарахын өмнө өөрийн нэр дээр байдаг орон сууцны гэрчилгээгээ авч очоод шалгуулахаар очлоо. Учир нь E-Mongolia сайтаар хайхаар надад үл хөдлөх байхгүй гэж гараад учрыг лавлах гэж очтол энэ бүсгүй юу гэж хэлсэн гээч*** энэ байр Ч гэдэг хүн дээр бүртгэлтэй байна гэдгийг сонсоод би шоконд орж, тэр хавийнхнийг самарч өглөө дөө. Дарга дээр нь хүртэл орж, яг одоо миний байрыг нэр дээр минь болго гэж шаардсан. Та хэнээс юу сонссоноо тайлбар хий гэнээ*** Чи энэ С-гаас асуу*** Та нар ингэж бусдын өмчийг өөр бусдад шилжүүлж хулгай луйвар хийж амьдардаг новшнууд юмуу л гэлээ*** Аманд сайхан үг яаж багтах бэ дээ иймэрхүү луйварчид байдаг юм байна шүү нөхдөө. Хөдөлгөөнгүй байдаг хүний үл хөдлөхийг бусдын нэрэн дээр болгож юу хийдэг нь ойлгомжтой. ХАМГИЙН сонирхолтой нь манай сүлжээнд алдаа гарчээ та уучлаарай одоохон засаад өгөөдхөё*** Миний нэр дээрх байр Ч-ынх болдог нь хачирхалтай биз *** новш*** 2 хоног амралт таараад өчигдөр очтол бүх материалаа засаж амжсан байгаа нь гаршсан хулгайч, луйварчин байж. Бас дээр нь бүгд үгсэн хуйвалдаад Та буруу сонссон байна.. Танд би ерөөсөө Ч гэж хэлээгүй гэж гүрийж байсан шүүкккк. Арчаагүй новшийн хүүхэн минь хулгай луйвар хол явахгүй шүү*** Үл хөдлөхийн ажилтан бүгд л адилхан хог шаарууд юм байна гэдгийг л харлаа. Та нар зүгээр л луйварчид юм байна. Та нар минь үл хөдлөхөө байнга шалгаж байгаарай. Олон түмэнд харагдахаар бүгд цааш нь түгээ*** Ийм л новшийн нийгэмд амьдарч байгаадаа гутарч байна оо новш гэж .!!! гэсэн нийтлэлийг бичиж, нэхэмжлэгч Л.С-гийн гэрэл зургийн хамт олон нийтэд түгээсэн байна.

*** нэртэй фэйсфүүк хаягийг хариуцагч Л.М нээж, эзэмшдэг бөгөөд тэрээр дээрх нийтлэлийг бичиж мэдээлсэн болохоо хариуцагч Л.М нь шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

Хариуцагч Л.М нь *** аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар хороолол *** дүгээр байрны *** тоот орон сууцны өмчлөгч нь бөгөөд тэрээр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр E-Mongolia цахим сүлжээний нэгдсэн санд үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авахад уг орон сууц нь хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй талаар лавлагаа гарч ирээгүйн улмаас тухайн өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан байна.

 

E-Mongolia цахим сүлжээний нэгдсэн санд Эд хөрөнгийн эрхийн улсын мэдээллийн санд Л.Мийн өмчлөлийн талаарх мэдээлэл алдаатай шивэгдэж орсон байсан тул Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах бүртгэгч Л.С нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1500 дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд засвар, өөрчлөлт оруулах тухай дүгнэлтэд заасны дагуу Л.Мийн өмчлөлийн эд хөрөнгийн мэдээллийг залруулж, E-Mongolia цахим сүлжээний нэгдсэн сангаас лавлагаа авах боломжтой болгосон болох нь хэрэгт авагдсан шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр үл хөдлөх хөрөнгийн *** дугаартай хувийн хэргээс бэхжүүлэн авсан Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар хороолол *** дүгээр байрны *** тоот орон сууцны өмчлөгчөөр Л.М-ийг бүртгэж, Улсын бүртгэлийн хэлтсээс 2011 оны 06 дугаар сарын 21-ны өдөр олгосон *** тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-38/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1500 дугаар дүгнэлт зэрэг баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4195 дугаар захирамжид заасны дагуу Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар хороолол *** дүгээр байрны *** тоот үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт үзлэг хийхэд үзлэгээр тухайн орон сууцыг Л.Мийн өмчлөлөөс бусад этгээдийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1500 дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд засвар, өөрчлөлт оруулах тухай дүгнэлтэд *** Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд эх нотлох баримтаас зөрүүтэй, алдаатай бүртгэгдсэн зөрчлийг арилгаж, бүртгэл үнэн зөв, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмын хангах зорилгоор*** иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт болон хяналт шалгалт, улсын бүртгэл хийх явцад өмнө бүртгэгдсэн бүртгэл алдаатай дараах нөхцөл байдал тогтоогдвол энэхүү дүгнэлтийг үндэслэн холбогдох эрхийн улсын бүртгэлд засвар өөрчлөлт оруулна. Үүнд:

1.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд эх нотлох баримтаас зөрүүтэйгээр өмчлөгчийн мэдээлэл буруу дутуу бүртгэгдсэн, бүртгэгдээгүй бол*** Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан эх нотлох баримт бичгийг үндэслэн холбогдох бүртгэлд зохих засвар, өөрчлөлт оруулах, *** засвар өөрчлөлтийг нэгж дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч тухай бүр хийх*** - ээр заасны дагуу Тасгийн дарга бөгөөд Улсын ахлах бүртгэгч ажилтай Л.С нь E-Mongolia цахим сүлжээний нэгдсэн санд Л.Мийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэлд засвар өөрчлөлтийг оруулсан байна. /хх-11-12/

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно, 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заажээ.

 

Хариуцагч Л.М-ийн өөрийн *** нэртэй фэйсбүүк хаягаараа дамжуулан нийтэд нийтэлсэн нэхэмжлэгч Л.С-тай холбоотой нийтлэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч Л.М нь өөрөө тухайн мэдээлэл нь үнэн зөв гэдгийг нотолж чадаагүй ба хэрэгт авагдсан дээрх үйл баримтаар тухайн мэдээлэл нь үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч Б.С-гийн гаргасан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэдийн төлөөлөгчөөс хариуцагч Шүүх хуралдааны явцад талуудын маргааныг сонсоход миний гаргасан дүгнэлт Л.М О.С-г гүтгэн, нэр төрд халдсан байна гэж дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Л.М-ийг өөрийн *** нэртэй фэйсбүүк хаягаараа дамжуулан *** ЫН ГРУПП-т нэхэмжлэгч Л.С-гийн талаарх дээрх бичсэн мэдээлэл нийтлэлээ няцаах өгөхийг даалгаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.С-гийн нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Л.М-ийг өөрийн *** нэртэй фэйсбүүк хаягаар дамжуулан *** ЫН ГРУПП-т нэхэмжлэгч Л.С-гийн талаар бичсэн нийтлэлд няцаалт хийхийг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М-ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.С-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА

 

 

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

 

 

М.ОЮУНЦЭЦЭГ