Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2022/01269

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2022/01322/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** аймаг, *** сум *** дугаар баг өөрийн байр ******* ТӨХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** аймгийн *** сум, *** дугаар баг *** дугаар байрны *** дүгээр орц *** тоотод оршин суух *** овогт М.Б /утас *** /-т холбогдох,

 

Дулааны төлбөрт 613,968.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Хариуцагч М.Б нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 613,968.20 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөртэй ба очихоор хаалгаа тайлдаггүй, төлбөрийг барагдуулах талаар удаа дараа шаардуулж байгаа хэдий ч төлдөггүйгээс ийнхүү хуримтлал үүсгээд байна. Манай компаний хувьд тус иргэний орон сууцны байрыг халаалт, хэрэглээний халуун усаар тасралтгүй ханган ажиллаж байна. Нийтийн зориулалттай орон сууцны халаалтыг айл тус бүрээр хаах, хязгаарлах техникийн боломжгүй байдаг тул хуримтлагдсан 613,968.20 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөрийг М.Бээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

*** Би энэ байраа 2007 онд 4 ам бүлтэй айлаас худалдан авсан билээ. Байраа аваад бүх хууль ёсны дагуу бүх газруудаар явж, төлбөр тооцоогоо шалгаж, ******* ТӨХК дээр очиж 4 ам бүлтэй айлаас нэг ам бүлээр өөрийн нэр дээр шилжлүүлж авсан. гэрээний дэвтрээ Д.с компанид аваачиж өгсөн. Дулааны төлбөрөө боломжтой болонгуут хийж төлдөг байсан. *** Би дулааны төлбөр өндөр гарч байна, 4 ам бүлээр манайхыг тооцож дулааны төлбөрийг бичиж байгаа гэдгийг 2016 онд мэдэж, тус байгууллагад энэ талаар бичгээр хүсэлт гаргасан. Би хэрэглэсэн дулааны төлбөрөөс илүү төлбөр 10 гаруй жил төлсөн учир надад төлөх төлбөр байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* ТӨХК нь хариуцагч М.Бт холбогдуулан 2015 оноос 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны дулааны төлбөр нийт 613,968.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.Бт нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2007 оноос хойш 2017 он хүртэлх хугацаанд 1 ам бүлийг 4 ам бүлээр бичиж илүү төлбөр авч байсан учир одоо төлөх төлбөргүй гэж маргасан болно.

Хариуцагч М.Б нь *** аймаг, *** сум *** дугаар баг *** дугаар байрны *** орц *** тоот орон сууцад амьдардаг, ам бүл 1 бөгөөд тухайн орон сууцны өрхийн мэдээлэл хийгдээгүй, гэрээний үзүүлэлт шинэчлэгдээгүйн улмаас 4 ам бүлээр тооцогдон төлбөр 2016 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд бичилт хийгдсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан М.Б-ийн ******* ТӨХК-нд хандсан өргөдөл, дулааны төлбөрийн бичилтийн баримт зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл хугацааны айл өрхийн дулааны төлбөрийг төлсөн учир хариуцагч М.Б нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар, 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацааны дулааны төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч М.Б нь 2021 оны 03 сард 200,000 төгрөг, 2021 оны 05 сард 200,000 төгрөгийг нийт 400,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан харилцагчийн дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байх тул хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар, 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацааны дулааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан ******* ТӨХК-ий гаргасан нэхэмжлэгч М.Бээс 613,963.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА