| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 194/2025/1432/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1718 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1718
2025 07 03 2025/ШЦТ/1718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сүрэнхоролоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/,
шүүгдэгч А.С нарыг оролцуулан эрүүгийн 2411 02809 0388 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А.С, Монгол Улсын иргэн, ............... өдөр, Ховд аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн .............. тоотод тоотод оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 ны 6 дугаар сарын 04-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 ны 01 дүгээр сарын 23-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч А.С нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Д ” нэртэй караокед бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.279.200 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч О.Ч ын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч А.С , гэрч Г.О нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар ЧД2-25-98 хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч А.С нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Д ” нэртэй баарны караокед хохирогч О.Ч ын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.279.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал), хохирогч О.Ч мэдүүлсэн “...Би 2024 оны 10 сарын 27-ны өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13-р хорооны “Д ” баарны караокед найзтайгаа сууж байсан чинь тэнд байсан зөөгч нь найз бид бид хоёрыг ганцаараа сууж байсан үл таних эрэгтэй хүний ширээнд нэгдээд суучих гэсэн. Тэгээд сууж байгаа 23 цагийн орчимд намайг ноль орчихоод ирэхэд найз О гараад явчихсан. Тэгээд миний гар утас, цүнх байхгүй болохоор баарны ажилтнаас асуухад, хамт сууж байсан эрэгтэй чинь аваад гарсан байх, ойрхон цагдаад ороод бүртгүүлэхээрэй гэхээр нь мэдэгдсэн. Надаас миний цүнх, гар утас мөн эсэхийг надаас асууж тодруулахаар дуудахад нь би өөрийн биеэр ирсэн. ...Би тэр хүнийг анх удаа караокед харсан. Баарны ажилтан та хэд цөөхөн байгаа учраас шахаад суучих гэхээр нь суусан. Өөр зүйл байхгүй. Би тухайн үед найзтайгаа л юм яриад сууцгааж байсан. ...Цагдаагийн байгууллагаас намайг дуудаж миний алдсан цүнх, гар утас бусад зүйлийг бүрэн нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн. Надад цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
гэрч Г.О мэдүүлсэн “...2024 оны 10 дугаар сарын 28-ны орой Чингэлтэй дүүргийн 13-р хороо Д нэртэй караокед би найз Ч ын хамт орсон тэгээд найзын хамт нэг шил архи уусан, дахин нэг шил архи аваад караокед дотор бүжиглэсэн тэгээд сүүлийн архиа аваад ууж эхлэх үед зөөгч нэг эмэгтэй хүн ирээд ганцаараа байгаа эрэгтэй цагаан малгайтай санагдаж байна нэг 30 орчим насных гэмээр хүний хажууд суусан. Би муудаад ирэхээрээ гэр рүүгээ явчихдаг байнга ийм үйлдэл гаргадаг. Тэгээд нэг мэдсэн гэртээ өглөө болсон манай найз Ч над руу залгаад утас цүнхээ алдсан байна, тэгээд би цагдаа дээр ирээд юмаа аваад явж байна гэж хэлсэн. ...Би найз Ч ын хамт байсан өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
“Дамно” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар ЧД2-25-98 хөрөнгийн үнэлгээний тайлан “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.279.200 төгрөг” (хавтаст хэргийн 38-41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, мөн бусдын өмчлөлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж өөртөө авч байгаа нь энэ гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох гэсэн зорилготой, шунахай сэдэлтээр үйлдсэн байна.
Шүүгдэгч А.С ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч А.С ын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.С ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч А.С нь “2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар ЧД2-25-98 хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.279.200 төгрөгийн үнэ бүхий Infinix note 30 vip гар утсыг хохирогч О.Ч д хүлээлгэн өгсөн, хохирогч нь “...Цагдаагийн байгууллагаас намайг дуудаж миний алдсан цүнх, гар утас бусад зүйлийг бүрэн нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн. Надад цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал) гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.С нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.С од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч А.С нь хэдийгээр урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байсан боловч дахин бусдын өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, ашиг хонжоо олох гэсэн зорилготой, шунахайрах сэдэлтээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдэх арга, гэмт хэргийн объект, халдлагын зүйл зэргийг урьдчлан сонгож, гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг онцлогтой гэмт хэрэг байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин хохирогчийн гар утсыг буцаан хүлээлгэн өгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв. Шүүгдэгч А.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч А.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчийн гар утсыг буцаан хүлээлгэн өгч, нөхөн төлж хохирол, хор уршгийг арилгасан, хохирогч О.Ч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухайд байр сууриа илэрхийлсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч А.С од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч А.С од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болон мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус сануулав.
Прокуророос шүүгдэгч А.С од нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нь гомдол саналгүй зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.С /РД:............/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Шүүгдэгч А.С од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь зэх заалтанд зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн тэнссэн хугацаанд тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч А.С од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болон мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР