Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 201722000141 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г-,

Шүүгдэгч Б.Г- нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 18 дугаар гудамжны үзүүрт иргэн С.Б-ийн зүүн зулай, зүүн гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г- нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 18 дугаар гудамжны үзүүрт иргэн С.Б-ийн зүүн зулай, зүүн гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Г-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч С.Б-ийн: “...нөгөө залуу надтай их хэрүүл хийгээгүй харин хажууд нь зогсож байсан хар өнгийн савхитай улаан шар өнгийн нүүрний арьстай залуу намайг чи юу юм бэ гээд хутга бариад над руу дайрсан. Эхлээд миний толгойн зүүн чихний дээгүүр тэр залуу хутганы үзүүрээр шүргэж арьсыг маань зүссэн. Тэгсэн чинь Ц.Г- гэдэг залуу дундуур орж тэр залууг болиулсан. Тэгсэн чинь нөгөө хутгатай залуу Ц.Г-гаас зөрж гарч ирээд миний гуя руу хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,

Гэрч Ц.М-ийн: “...Намайг бөөгнөрсөн хүмүүсийн дэргэд байхад өглөө надаас тамхины мөнгө асуусан ах ирээд намайг чи надаас тамхины мөнгө асуудаг хэн юм бэ гээд хэрүүл өдсөн. Би тэр ахтай хэрэлдэж байсан чинь Б.Г- ах намайг өмөөрч байгаа бололтой дундуур орж ирсэн. Б.Г- ах нөгөө надтай хэрэлдэж байсан ах хоёрыг Ц.Г- /Ц.Г-/ дундуур нь орж салгаж байсан. Тухайн үед би Б.Г- ахыг хүн рүү хутга барьж дайрч байхыг мэдээгүй. Зүгээр л зодоон хийх гээд дайрч байна гэж бодсон. Нэг мэдсэн нөгөө надтай хэрэлдэж байсан ах замын хажуугийн боржур дээр суучихсан байсан. Удалгүй уулзвар дээр бөөгнөрсөн хүмүүс тарсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Ц.Г-ийн “...Б.Г-д хутгалуулдаг ах М-тэй чи надаас тамхины мөнгө асуудаг хэн юм гээд нөгөө ах бид хэдийн хажууд ирээд М-тэй хэрэлдсэн. Тэгээд Б.Г- М-г өмөөрч хутга гаргаж ирээд нөгөө ахыг хутгалчих шиг болсон. Би Б.Г-ийг хутгалангуут дундуур нь орж салгасан. Б.Г- бүүр дайраад болохгүй арай гэж салгасан. Тэгээд би Б.Г-д чи хүн хутгалчихлаа ш дээ. Чи одоо цагдаа дуудаж хэргээ хүлэ, наад хутгаа өг гэсэн чинь надад хутгаа өгөөгүй зах руу уруудаад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Г.Дэлгэрмөрөнгийн “... би 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өдрийн ээлжтэй байсан. 14 цаг 23 минутад гудамжинд хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага 103-т ирсэн. Хаяг нь 4 дүгээр багийн 18 дугаар гудамжны ертөнцийн зүгээр зүүн талын үзүүрт гэсэн дуудлага 103-т өгсөн. Намайг 14 цаг 30 минутын үед захын хойд уулзвар дээр очиход доошоо харж хэвтсэн байдалтай байсан. ...Тэгээд би өмдийг нь тайлаад шархыг нь гаргаж үзэхэд зүүн талын гуяны урд хажуу хэсэгт зүсэгдсэн шархтай, цус бага зэрэг тогтсон байдалтай байсан. Би тухайн үед гуянд үүсгэгдсэн шархны дээд хэсгээр бинт тавьж боогоод чангалуур тавьсан. Шархан дээр нь цэвэр бинтээр боолт хийсэн. Мөн толгойны орчим цус гарч байгаад тогтсон байдалтай харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, Р.Ням-Осорын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаартай

1. С.Б-ийн биед зүүн зулай, гуянд шарх бүхий гэмтэл учирсан байна. Дээрх шарх бүхий гэмтлүүд нь тус бүрдээ ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад зулгаралт бүхий гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

4. Дээрх гэмтлүүд нь бүрэн эдгэрэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг болох хутга 1 ширхэг, хэрэг учрал болсон гэх Мөрөн сумын 4 дүгээр багийн 18 дугаар гудамжны ерөнхий байдлыг харуулсан К-42 дугаар камерын бичлэг зэрэгт үзлэг хийн хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан баримтууд /хх-ийн 7-13 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч С.Б- нь мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Б.Г-эс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол нэхэмжилснийг бүрэн төлсөн, хохирогч С.Б- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 201722000141 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь 80 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Шарнууд овог Б.Г-ийг бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Г-ийн цагдан хоригдсон 80 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

      4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3, 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 201722000141 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.

      5. Эрүүгийн 201722000141 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ШҮҮГЧ                               Н.АРИУНЖАРГАЛ