Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2021         06            16                                         2021/ДШМ/27

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                       Д.Дд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Батзориг,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолтой Д.Дд холбогдох 2038006280010 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ч.Батзоригийн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хар нүдэн овогт Д-ийн Д, 1984 оны 9 дүгээр сарын 09ий өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Хөвсгөл аймгийн Сум дундын 2007 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан /регистрийн дугаар ..................../.

Шүүгдэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Уийг 2020 оны 9, 10, 11 дүгээр сард, мөн 12 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр үл ялиг зүйлээр шалтаглан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр баг “Цагаан зураа” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын эхээр 4,40 м урттай 52 ширхэг 4.47 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хар нүдэн овогт Д-ийн Дыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”, “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д-ийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5, 3.1, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Дд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дын цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 424 /дөрвөн зуун хорин дөрөв/ цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцож нийт биечлэн эдлэх ялыг 56 /тавин зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхийг, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, эрүүгийн хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 4.47 куб.метр модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Д.У нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Даас нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Даас ойн санд учруулсан хохиролд 13,763,873 /арван гурван сая долоон зуун жаран гурван мянга найман зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн дансанд оруулах, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 2138006280010 дугаар хэрэгт шүүгдэгч Д.Даас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батзориг эсэргүүцэлдээ: Д.Д нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Уийг 2020 оны 09,10, 11 дүгээр сард, мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “зулын гол ороож чадсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан түлхүүрийн оосроор хацар хэсэгт нь ороолгож, бэлэг эрхтэн рүү нь өшиглөж, гутлаараа байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр баг “Цагаан зураа” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын эхээр 4,40 м урттай 52 ширхэг 4.47 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Дыг “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгэсүгэй” гэжээ.

Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэснийг ноцтой зөрчсөн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 56а дугаартай яллах дүгнэлтээр Д.Дыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Уийг 2020 оны 09, 10, 11 дүгээр сард мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зулын гол ороож чадсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан түлхүүрийн оосроор хацар хэсэгт нь ороолгож, бэлэг эрхтэн рүү нь өшиглөж, гутлаар тус тус байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр баг Цагаан зураа гэх газраас 2020 оны 12 дугаар сарын эхээр 4.40 м урттай 52 ширхэг 4.47 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгэсэн байна.

Мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй нотолж чадаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...63шX464=15м3“, “...модыг тоолж хэмжилт хийж үзэхэд нийт 21 ширхэг ургаа нойтон мод байх бөгөөд 4 метр 40 см тайрахад 63 ширхэг нойтон мод унагааж бэлтгэсэн байв” гэж, мөн өдрийн Модонд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Уг уулын модны захад 4м 40см урттай 24x34см метрийн өргөнтэй 63 ширхэг нойтон мод байв. Нийт 21 ширхэг босоо модыг унагааж 4м 40см урттай тайрч бэлтгэн 63 ширхэг болгосон байв” гэж тус тус тэмдэглэжээ.

Гэтэл Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлттэй хамт ирүүлсэн “Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт”-д нийт 52 ш гэж, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 56а дугаартай яллах дүгнэлтэд “...Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр баг “Цагаан зураа” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын эхээр 4.40м урттай 52 ширхэг 4.47 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж...” гэж хууль бусаар бэлтгэсэн модны хэмжээг эрс зөрүүтэй бичсэн байна.

Дээрхээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.Дын хууль бусаар бэлтгэсэн модны хэмжээ нь 52 ширхэг эсхүл 63 ширхэгийн аль болох нь тодорхойгүй байх тул дээрх байдлыг дахин шалгах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Модны тоо хэмжээ өөрчлөгдсөнөөс шалтгаалж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ өөрчлөгдөх боломжтой тул үүнийг эргэлзээгүй тогтоох нь дээрх хуулийн заалттай нийцэх юм. 

Мөн мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн шийдвэрээр Д.Дын хууль бусаар бэлтгэсэн модонд шилжилгээ хийхийг Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн даргад даалгаж тус ойн ангийн шинжээч Б.Одончимэг дүгнэлт гаргажээ.

Гэтэл Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаартай албан бичгээр экологи эдийн засгийн дүгнэлтийг цагдаагийн газарт хүргүүлсэн нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл Эрчимт-Идэр сум дундын ойн ангийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан эсэх нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Дд холбогдох хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

                         ШҮҮГЧИД                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                 Н.БАЯРХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                      ,