2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1847

 

 

 

 

 

 

 

 

  2025        07         30                                     2025/ШЦТ/1847

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор М.Билгүүтэйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,  

улсын яллагч М.Билгүүтэй,

хохирогч Б.Б , түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Х.У , түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан эрүүгийн 2403 00639 0301 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Х. У  /РД:......../, Монгол Улсын иргэн, ........... өдөр ......... аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... ХХК-д жолоочийн ажилтай гэх, ам бүл 5, эх, дүү нарын хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн ..........тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Дугаар ....... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 3 жил 6 сар 25 хоногоор тогтоосон,  хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.У  нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ногоор зоорьны автобусны буудлын замд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 08 цаг 52 минутын орчимд “Hyundai Sonata” загварын 00-00 УЕН  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “Toyota Prius” загварын 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хүнд юм өгчихөөд Налайх дүүргээс ирж байсан. Автобусны буудлаас хүн авах гэж байхад энэ хүн 3 дугаар эгнээнд явж байгаад 1 дүгээр эгнээнд явж байгаа намайг мөргөсөн. Миний гар тасарсан. Машинаас 4 залуу гарч ирээд зодох гэж дайрсан. Бүгд нийлж дайрсан. Энэ залуу бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцоод явж байсан. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа ирж уулзаагүй, холбогдоогүй. Утсаар хүн дарамталдаг. Ээж нь утсаар ярьж дарамталдаг. Эрдэнэт хүний гар тасарчихсан байна. Яаж байна гээд ирж уулзаж болно. Хүний гар тастсан  хүнийг өмгөөлөөд сууж байна. Энэ хүнээс болж авсан машинаа журмын машинд хийчихсэн авч чадахгүй байгаа. Энэ хүн намайг ийм болгоогүй байсан бол би ажил хийгээд явж байх байсан. Би  нэг гараараа яаж өмдөө татах уу? гутлаа үдэх вэ? Хоол идэхэд хүртэл хэцүү байгаа. Журмын хашаанд байгаа машинаа төлүүлж авмаар байна. Гараа төлүүлмээр байна. Надад хиймэл гар хийлгээд өг. Үгүй бол би хувийн арга хэмжээгээ авна. Надад алдах юм байхгүй.” гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилт хийсэн бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  хохирогч Б.Б , гэрч Б.С , Б.Б , Г.Ц , Б.У  нарын мэдүүлэг, шүүгдэгч Х.У ын жолоодох эрхийн лавлагаа, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Дугаар 14090 дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 362 дүгнэлт, авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №100 албан тоот,  тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 2002 магадлагаа, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар ЕГО0225/130 дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн Дугаар 1870 тоот дүгнэлт, Техникийн шинжээч нарын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 08/155 тоот дүгнэлт зэрэг болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигтай холбоотой баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Хохирогч Б.Б нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар ЕГО0225/130 дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, Toyota Prius-30 маркийн цэнхэр өнгийн 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг байлцуулахгүйгээр шинжилгээ хийсэн гэж маргах боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заавал өмчлөгч, эзэмшигчийг байлцуулж шинжилгээний объектод шинжилгээ хийх зохицуулалт байхгүй, энэхүү шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг оролцогч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан (1 дэх хавтаст хэргийн 141 дэх тал), хууль сануулж зориуд худал дүгнэлт гаргасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохыг шинжээчид сануулан баримтанд гарын үсэг зуруулсан, шинжээчийн дүгнэлтийг мөн оролцогч нарт танилцуулсан байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар ЕГО0225/130 дүгнэлт хууль зөрчиж авагдсан, шинжээч худал дүгнэлт гаргасан эсвэл шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй эсэх талаар оролцогч нараас гомдол гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж болохгүй хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хувьд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, энэ хэрэгт хамааралтай байх талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүгдэгч Х.У  нь шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь дээрх байр суурийг дэмжиж оролцсон байна.

Шүүгдэгч Х.У  нь 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 08 цаг 52 минутын орчимд “Hyundai Sonata NF” загварын 00-00 УЕН  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4.  Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. ...3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралт /гэрэл нь асахгүй болсон/ заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Toyota Prius” загварын 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал),

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилт хийсэн бүдүүвч (1 дэх хавтаст хэргийн 13-14 дэх  тал),

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 20-21, 15-17 дахь тал),

Хохирогч Б.Б мэдүүлсэн “...2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 30 минутын үед ББСБ-ын эзэмшлийн Тоёота Приус маркийн 00-00 УЕН дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Налайхаас хот руу явж байхад Ногоон зоорь гэх газрын автобусны буудлын харалдаа автобусны буудлын карма руу ороод хүн авах санаатай явж байхад хоёрдугаар эгнээний машин гэнэт миний машины зүүн урд хэсэг рүү дарж орж ирээд миний машин хөмрөөд цаашаа шидэгдэж унасан. Тэгээд тухайн машинаас 4 залуу гарч ирээд би машинаасаа өөрөө гараад миний баруун гар хугарч хуруунууд нь бяцарсан байсан. Тэгээд түргэн тусламжийн машин ирээд эмч үзэж цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийгээд явсан. ...Тухайн машин замын хоёрдугаар эгнээнд явж байгаад гэнэт миний урдуур дараад ороод ирсэн. ...Миний зүүн гарыг тохойны хэсгээр тайрсан. ...Би машинаа бүрэн бүтэн болгуулмаар байна. Мөн эрүүл мэнддээ учирсан хохирлыг барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал),

Гэрч Б.С  мэдүүлсэн “...2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон зоорь гэдэг газраас найз У ын Sonata маркийн 00-00 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ажилдаа явж байсан. Ногоон зоорины автобусны хойд талын буудлын зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад 1 дүгээр эгнээнд шилжин орох үед уулзвар руу баруун эргэх үйлдэл хийх үед араас машин ирээд мөргөсөн. Бид нар машинаас буугаад харсан чинь ард Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл дээшээ хараад онхолдсон байдалтай байсан. Бид нар гүйж очсон чинь машинаас нэг ах жолооч талын цонхоор мөлхөөд гарч ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал),

Гэрч Б.Б  мэдүүлсэн “...2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8 цаг 40 минутын орчим У  нь Sonata маркийн 00-00 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй С  тэр хоёр манай гадаа ирж намайг болон Ц  бид хоёрыг машиндаа суулгаад тэгээд доошоо гудамжаар уруудаж тав зам руу орох үед 08 цаг 50 минут болж байсан байх тухайн үед С ын иргэний үнэмлэх нь шаардлагатай болоод буцаад эргэх болсон 2 дугаар эгнээнд явж байгаад 1 дүгээр эгнээнд орсон бөгөөд автобусны буудал өнгөрөх үед машины ард машин тормозлох чимээ гарсан 1 чимээ гараад дахин хоёр дахь удаа чимээ гараад миний зорчин явсан тээврийн хэрэгслийн хойноос мөргөх чимээ гарсан. Миний бие жолоочийн ард талын суудал дээр зорчин явсан ба харин Ц  миний баруун талд суугаад явж байсан. Тэгсэн Ц ын талын цонх нь онгорхой байсан учир цонхоор нүдний буланд машин мөргөөд онхолдож байгаа байдал нь нүдний үзүүрт сүүтэгнээд харагдаж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал),

Гэрч Г.Ц  мэдүүлсэн “...2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8 цаг 40 минутын орчим У  нь Sonata 6 маркийн 00-00 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй С ын хамт манай гэрийн гадаа ирсэн ба Б  бид хоёр нэг хашаанд хамт байдаг учир бид хоёрыг аваад тэндээс аваад гудамжаар уруудаж төв зам орсон. Би гэрээс гараад гар утсаар тоглоод явж байсан учир хараагүй ямар ч байсан миний зорчин явсан тээврийн хэрэгслийн ард машин тормозлох чимээ хоёр удаа гарсан. Миний сууж явсан талын хойд бампер орчим түс хийх чимээ гараад тэгээд зогссон. Машинаас буугаад гараад харсан чинь машин хөмөрсөн байсан. У  түргэн болон цагдаагийн байгууллга дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу эхлээд түргэний машин ирээд осолд орсон жолоочийг аваад явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал),

Шүүгдэгч Х.У ын жолоодох эрхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Дугаар 14090 дүгнэлтэнд “...Б.Б ын биед баруун шууны дунд хэсгийн зөөлөн эд булчин ясны бүрэн бус тасрал, баруун шууны дунд хэсгээр тайрах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 5.10.65.1-т зааснаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтонги 65% алдагдлуулах хүнд зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал),

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 362 дүгнэлт  (1 дэх хавтаст хэргийн 101-105 дахь тал),

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №100 албан тоот (1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 2002 магадлагаа “...Жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...Жолооч Х.У  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасны дагуу Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалт, мөн дүрмийн 10.4-т заасны дагуу Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзлэнэ гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар ЕГО0225/130 дүгнэлтэнд “...Toyota Prius -30 маркийн цэнхэр өнгийн 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь ослын өмнө 3,9-0 секундэд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг авсан байна. ...Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө 94 км/ц хурдтай явсан байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 144-148 дахь тал),

Техникийн шинжээч нарын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 08/155 тоот дүгнэлтэнд “...Жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Жолооч Х.У  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4.  Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. ...3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ:        а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралт /гэрэл нь асахгүй болсон/ заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Гэм бурууг шүүх тогтооно. Гэвч жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 заалтыг, жолооч Х.У  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 болон 3.4 заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. ...Уг зам тээврийн осол гарах зам, орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 157-158 дахь тал) зэрэг болно.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.У т холбогдох эрүүгийн 2403 00639 0301 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоон, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, уг үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байдаг бол  жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй байдаг.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн үр дүнд бий болно. Хохирол, хор уршиг бий болгож, түүний шалтгаан болсон хууль бус үйлдэл нь учруулсан хохирол, хор уршигийг бий болгох нөхцлийг бүрдүүлж бодит боломжийг агуулдаг. Эрүүгийн эрх зүйд шууд шалтгаант холбооны онолыг хэрэглэдэг буюу хууль бус үйлдэл нь хохирол, хор уршигт шууд хүргэсэн өөр бусад хүний үйлдэл эсвэл өөр бусад хүчин зүйлийн нөлөөлөлд өртөөгүй байхаар тодорхойлогдоно.

Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болоод бусад нотлох баримтуудтай танилцаж гэмт хэрэг болсон тухайн цаг мөчийн үйл явдлыг сэргээн дүрслэхэд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 08 цаг 52 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ногоон зоорьны автобусны буудлын замд хөдөлгөөнд оролцож байсан “Hyundai Sonata” загварын 00-00 УЕН  улсын дугаартай  тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч Х.У  нь нэг чигт 2 эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эгнээ байр солих, өөрчлөх үйлдэл гүйцэтгэх үед хохирогч Б.Б ын жолоодон замын хөдөлгөөнд оролцож чигээрээ явж байсан “Toyota Prius” загварын 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол болсон байна.

Осол гарсан шалтгаан нөхцлийг тодруулж мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтүүд авагджээ. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Бямбадэмбэрэлийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 2002 магадлагаанд “...жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...жолооч Х.У  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, ...10.4 ...дэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагааг гаргасан байна. Харин ШУТИС-ийн Механик, инженерийн сургуулийн Тээврийн салбарын эрхлэгч доктор, дэд проф И.Базаррагчаа (Ph.D), багш доктор, Н.Мөнхзул (Ph.D), багш, доктор Д.Бадрах (Ph.D) нарын бүрэлдэхүүнтэй 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 08/155 техникийн шинжээч нарын дүгнэлтэнд “...Жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Жолооч Х.У  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4.  Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. ...3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралт /гэрэл нь асахгүй болсон/ заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Гэм бурууг шүүх тогтооно. Гэвч жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 заалтыг, жолооч Х.У  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 болон 3.4 заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. ...Уг зам тээврийн осол гарах зам, орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргажээ. Мөрдөгчийн магадлагаа болон  шинжээч нарын дүгнэлтээр шүүгдэгч Х.У ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 дэх заалтыг зөрчсөн болохыг адил дүгнэжээ.

Харин мөрдөгчийн магадлагаа үйлдэгдэх үед мэдэгдээгүй байсан үйл баримт нь шинжээч нар дүгнэлт гаргах үед илэрсэн байсан байна. Энэ нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар ЕГО0225/130 дүгнэлтээр Toyota Prius-30 маркийн цэнхэр өнгийн 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн компьютерээс Bosch фирмд үйлдвэрлэсэн CDR-900 загварын ослын өмнөх 5 секундын үйл явдлыг тайлж уншигч төхөөрөмжөөр хурд болоод ослын өмнө жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтооход  “...Toyota Prius-30 маркийн цэнхэр өнгийн 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь ослын өмнө 3,9-0 секундэд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг авсан байна. ...Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө 94 км/ц хурдтай явсан байна” гэх үр дүн авагдсаныг шинжээч дүгнэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 08 цаг 52 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ногоон зоорьны автобусны буудлын замд шүүгдэгч Х.У ын жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан “Hyundai Sonata” загварын 00-00 УЕН  улсын дугаартай тээврийн хэрэгсэл нэг чигт 2 эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эгнээ байр солих, өөрчлөх үйлдэл гүйцэтгэх үед  хохирогч Б.Б ын жолоодож замын хөдөлгөөнд оролцон чигээрээ явж байсан “Toyota Prius” загварын 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гарах үед шүүгдэгч Х.У  (МУ-ын ЗХД-ийн 10.4 болон 3.4), хохирогч Б.Б (МУ-ын ЗХД-ийн 12.4) нар хэн аль нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчжээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол, хор уршиг түүнд хандаж буй сэтгэхүйн харьцаа буюу гэм буруугаар тодорхойлогдож байна.

Үүнд жолооч гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно. Шүүгдэгч Х.У  нь гэмт хэрэг үйлдэгдэх тухайн мөчид “Hyundai Sonata” загварын 00-00 УЕН  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч болохын зэрэгцээ шүүгдэгч Х.У ын жолоодох эрхийн лавлагаа хэрэгт нотлох баримтаар авагдсаныг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.У ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь тогтоогдсон, энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Б ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Дугаар 14090 дүгнэлтээр тогтоогдсон.

Гэмт хэргийг объектив шинжээр зүйлчлэхэд хууль бус, нийгэмд аюултай үйлдэл, үүний улмаас бий болсон хохирол, хор уршгийн хоорондын дотоод холбоо, хамаарлыг тусган илэрхийлдэг буюу шалтгаан, үр дагавар уялдаатай байхыг шаарддаг.

Шүүгдэгч Х.У  нь зам тээврийн осол болох тухайн цаг хугацаанд “Hyundai Sonata” загварын 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь нотлогдсон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг хүлээсэн этгээд бөгөөд бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б ыг замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн талаар дурдсан боловч энэ нь шүүгдэгч Х.У ын үйлдлийг зөвтгөх, гэм буруугүйд тооцох, цагаатгах үндэслэл болохгүй юм. Шүүгдэгч Х.У ын үйлдэл нь хохирогч Б.Б ын эрүүл мэндэд учирсан хүнд хохиролтой шууд шалтгаантай холбоотой байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж үзэх үндэслэл нь хууль зүйн хувьд жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчөөгүй байх явдлаар тодорхойлогдоно. Харин жолооч нар харилцан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээр харилцан хохирол учруулсан бол дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон хохирол, хор уршиг, түүнд нөхцөлдөх шалтгаант холбооны холбоо хамаарлаар хариуцах нь зүйтэй.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл гэдэгт гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдалд хүргэсэн, түүний зайлшгүй урьдач нөхцөл болсон, осол гарах нөхцөл бүрэлдэн бий болох хүчин зүйлсийг ойлгодог. Техникийн шинжээч нарын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 08/155 тоот дүгнэлтэнд тусгагдсанаар шүүгдэгч Х.У  (МУ-ын ЗХД-ийн 10.4 болон 3.4), хохирогч Б.Б (МУ-ын ЗХД-ийн 12.4) нар хэн аль нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн нь үндэслэлтэй боловч хохирогч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлээгүй бол түүний эрүүл мэндэд хүнд хохирол учрахгүй байх байсан зэргээр таамаглан шүүхээс шийдвэр гаргах боломжгүй, шүүхийн шийдвэр нь нотлох баримтанд үндэслэсэн, объектив шалгуураар үнэлэгдсэн, хийсвэрлэл, таамаглалд тулгуурлаагүй хууль зүйн үндэслэл бүхий байх ёстой.

Шинжлэх ухааны тусгай мэдлэг, шалгагдан баталгаажсан техник тоног төхөөрөмж, анагаах ухааны тусгай мэдлэг болоод бусад нотлох баримтууд, хууль зүйн дүгнэлтүүд зэргээр тээврийн хэрэгслийн хурд өндөр байсан нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээг нэмэгдүүлсэн, зөвшөөрөгдсөн хурдтай явж байсан бол хохирлын хэмжээ энэ хэмжээнд тодорхойлогдох байсан зэргээр нотлон тогтоосон баримтууд хэрэгт авагдаагүй, ийм баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.У ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Х.У ын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.У ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Хохирогч Б.Б аас гаргаж ирүүлсэн түүний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбогдох баримтууд (1 дэх хавтаст хэргийн 199-227 дахь тал) зэрэгтэй танилцав. Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг түүнийг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг хохиролд тооцож буруутай этгээдээс гаргуулна. Үүнд гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол нь эмчилгээний зардал, эм тариа худалдан авсан зэрэг санхүүгийн баримтуудаар тогтоогдох учиртай. Харин хохирогч Б.Б аас гаргаж ирүүлсэн хохирлын баримтууд дотор шатахуун худалдан авсан, хүнсний бүтээгдэхүүн, архи худалдан авсан хоолны газраар үйлчлүүлсэн зэрэг баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамааруулан буруутай этгээдээс гаргуулан шийдвэрлэх боломжгүй юм. Иймээс хохирогч Б.Б ын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 319.810 /гурван зуун арван есөн мянга найман зуун арав/ төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.У аас гаргуулах үндэслэлтэй байна.  

Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилжээ. Энэ дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн Дугаар 1870 тоот дүгнэлтэнд “...Тухайн зам тээврийн ослын улмаас Б ийн Б /РД: .........../-ын сэтгэцэд дасан зохицохын эмгэгийн шинж илэрч байна. ...Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна“ гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 27-29 дэх тал) нотлох баримтаар авагджээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолоор батласан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай аргачлалд заасны дагуу шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шүүх дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн ангилал, хүндрүүлэх нөхцөл байдал, шинж, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа эсэх, төлбөрийн чадвар зэрэг болон Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэг, 514 дүгээр зүйлд тус тус заасныг харгалзан мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 03 тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ...сард 792.000 /долоон зуун ерөн хоёр мянга/ төгрөг байхаар тогтоосны дагуу 31.680.000 /гучин нэгэн сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг шүүгдэгч Х.У аас гаргуулж хохирогч Б.Б т олгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан байна. Гэмт хэргийн улмаас учрах хохирол нь гэмт хэрэг үйлдэгдсэн даруйд үүсч хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хэлбэрээр тодорхойлогдох бол хор уршиг нь эрүүл мэндийг сарниулах, хөдөлмөрийн чадвар тодорхой эсвэл тогтонги алдагдах, амьдралын чанар буурах, байнгын өвдөлт, зовиурын шалтгаан болох зэрэг хэлбэрээр илэрхийлэгдэж гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш үргэлжлэн бий болох үр дагаварууд байх тул гэмт хэрэг үйлдэгдэх үед бус шүүхэд хэргийг шийдвэрлэх хугацаанд мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон бодох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.У аас түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б т учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нийт 31.999.810 төгрөгийг гаргаж хохирогч Б.Б т олгохоос мөрдөн шалгах ажиллагааны үед 1.000.000 төгрөгийг төлсөн талаар баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Х.У аас 30.999.810 /гучин сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн ........... тоотод оршин суух Б ийн Б /РД: .........../- олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.Б нь цаашид хийлгэх эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд тус тус зааснаар буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б нь эмнэлэгийн тусламж үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4.885.265 төгрөгийн зардал гарсан байна. (1 дэх хавтаст хэргийн 176 дахь тал), Иргэний нэхэмжлэгч С.С мэдүүлсэн “...гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.885.265 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Х.У аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 179 дэх тал) авагджээ. Шүүгдэгч Х.У ын гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Б т үзүүлсэн эмнэлэгийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэхтэй холбогдон зардал гарсан байх тул шүүгдэгч Х.У аас 4.885.265 /дөрвөн сая найман зуун наян таван мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Toyota Prius XW30 загварын 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал), Н  ББСБ-ийн 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар №30113482255 тоот Зээлийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 38-41 дахь тал), Зээлийн эргэн төлөлтийн хуваарь “...эргэн төлөх зээлийн нийт дүн 32.283.221.61 /гучин хоёр сая хоёр зуун наян гурван мянга хоёр зуун хорин нэгэн төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг” (1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал), 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар №30113482255 фидуцийн гэрээ “...Түргэн борлогдох үнэ 20.000.000 төгрөг” (1 дэх хавтаст хэргийн 43-45 дахь тал), гэрч Б.У  мэдүүлэхдээ “...Тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтлийн үнэлгээ хийгээд одоогоор хянах шатандаа явж байна. Одоогоор тээврийн хэрэгсэлд учирсан тохирлын үнэлгээ 13 сая төгрөг гаруй тооцоологдоод байгаа бөгөөд хохирогчийн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн зүгээс явах эд ангийн оношилгооны дүгнэлт үзүүлээгүй тул энд хамаарах эвдрэл хохирлын тооцоо хийгдээгүй. Хэрвээ хийгдвэл энэ хохирлын дүн нэмэгдэх боломжтой /магадлалтай/. Манай компаний зүгээс шинжилгэний ажлын хөлсийг төлсний дараа шинжээчийн дүгнэлтийг мөрдөгчид хүлээлгэж өгөх чиглэлтэй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 229 дахь тал) зэрэг Toyota Prius XW30 загварын 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаарх санхүүгийн баримтууд, гэрчийн мэдүүлэг авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно., 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ., 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ., гэж  Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтанд "хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ" гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх ерөнхий болон тусгай хууль, дүрэм, журмаар хамгаалах ашиг сонирхлын хүрээ буюу ямар төрлийн хохирлыг нөхөн төлүүлэх, түүнийг үнэлэхээс хамаарч тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг.

Гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөнд учирсан буюу тодруулбал тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтооход тухайн тээврийн хэрэгслийн эвдэрч, гэмтсэн эсвэл дахин ашиглах боломжгүй болсон эд анги, мөн техникийн нөхцөл байдал зэргийг тодруулж засварлах, шинээр солих эсвэл уг тээврийн хэрэгслийг бүр мөсөн ашиглах боломжгүй болж зах зээлийн үнэ цэнээ алдсан зэрэг нөхцөл байдлуудыг тогтооход тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай юм. Хохирогчоос тээврийн хэрэгслийн үнэ 32 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн байна.

Toyota Prius XW30 загварын 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй, гэрч Б.Уянгын мэдүүлгээр 13 сая төгрөг гаруй болсон явах эд ангийн оношилгооны дүгнэлтийг ирүүлээгүй энэ дүгнэлтээс хамаарч хохирлын үнэлгээ өсөх боломжтой талаар мэдүүлсэн байна. Иймээс хэдийгээр шүүгдэгч Х.У ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б ын жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан Toyota Prius XW30 загварын 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байх боловч хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй, энэ талаарх шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул дээрх тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тооцоолж буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно гэж заажээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд заасан үндэслэлээр хохирогч Б.Б нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Х.У  нь хохирлыг төлж барагдуулаагүй байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Х.У  нь урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байсан (1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал) хувийн байдалтай байна. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол хор уршгийг бүрэн нөхөн төлөөгүйг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Х.У ын үйлдэлд хохирогч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Х.У  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Х.У ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохоор тогтоов.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Х.У т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал гаргасантай танилцахад шүүгдэгч Х.У ын үйлдлийн улмаас хохирогч Б.Б ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гарыг баруун шууны дунд хэсгээр тайрсны улмаас дахин нөхөн сэргээгдэхгүй болсон, мөн хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувиар алдсан болох тухай шинжээч дүгнэсэн, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээч нар дөрөвдүгээр зэрэглэлд хамаарахаар тогтоожээ. Энэ нөхцөл байдлууд нь шүүгдэгч Х.У ын үйлдлийн шинж, учирсан хохирол, хор уршгийн нөхцөл байдлыг тодорхойлохын зэрэгцээ гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, арилгасан байдал, хувийн байдал зэрэгт тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялын төрөл хэмжээний дотроос нэмэгдэл ялыг хэрэглэж, хорих ялыг сонгон, хугацааг 2 жил 6 сарын хугацаагаар нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.        

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Х.У  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Х ийн У  /РД:....................../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Шүүгдэгч Х.У т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохоор тогтоосугай.

4. Шүүгдэгч Х.У т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505, 511 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Х.У аас 30.999.810 /гучин сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн ...................  тоотод оршин суух О  овогт Б ийн Б /РД: ............./-т, мөн шүүгдэгч Х.У аас 4.885.265 /дөрвөн сая найман зуун наян таван мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.    

6. Хохирогч Б.Б нь цаашид хийлгэх эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардал болон Toyota Prius XW30 загварын 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505, 510 дугаар зүйлд тус тус зааснаар буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шүүгдэгч Х.У  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.У ыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.У т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР