Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 147/ШШ2022/00415

 

 

 

 

 

 

   

 2022 оны 11 сарын  14  өдөр      Дугаар 147/ШШ2022/00415       Баруун-Урт сум           

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р, “Ногоон” хотхоны  103-р байрны 2-24 тоотод оршин суух, утасны дугаар 95253436, Тарь овогт *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, “Төмөртэй”-н 106 тоотод оршин суух, утасны дугаар 99513060, Хэрээд овогт *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:

“5,620,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг

Хариуцагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Ариунжаргал нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “ 5,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            Баруун-Урт сумаас урагш 14 км-т “Түмний эх” уяачдын хороолол байгуулагдсан. Тэндээс газар авах боломжтой, Хэрлэн гэдэг хүн мэдэж байгаа гэсэн мэдээлэл аваад 2019 онд Хэрлэнтэй очиж уулзсан. Ингээд 4 айлын газар авахаар тохиролцож, нэг айлын газраа 30х30 хэмжээтэй 1,500,000 төгрөгөөр үнэлэн газраа заалгаж аваад 2020 оны 2 дугаар сард газар дээрээ очиж буун зун нь хашаагаа татсан. Манайхыг бууснаас хойш Хэрлэн ирээд мөнгөө өг гэхээр нь бэлнээр 400,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш мөн бэлнээр 700,000 төгрөг, дахин 300,000 төгрөг бэлнээр өгч, өөрийнх нь ХААН банкны 5013016748 тоот дансаар 2020.9.02-ны өдөр 600,000 төгрөг, 2020.9.19-ний өдөр 500,000 төгрөг тушаасан. Мөн кадастрын мөнгө гэж 120,000 төгрөг бэлнээр авсан. Ингээд нийт 2,620,000 төгрөг өгсөн. Бид нар хоёр айлын газрын тооцоогоо бүтэн хийчихсэн тул одоо гэрчилгээгээ гаргуулж авъя, гэрчилгээ гарсны дараа үлдэх хоёр айлын тооцоогоо хийе гэхэд элдэв шалтаг хэлэх, айлган сүрдүүлэх зэргээр дарамталж явсаар 2021 оны 5 дугаар сард 2 айлын газрын төлбөрт нь блокны машин, зуурагч, түрдэг тэрэг, подон мод 150 ш зэрэг блокны комыг 3,000,000 төгрөгт тооцож аваад явсан.

            Тэгсээр гэрчилгээ гаргаж өгөхгүй 2 жил өнгөрсөн. Гэтэл 2022 оны 5 дугаар сард аймгийн ГХБХБГ-аас манай газрыг дуудлага худалдаанд оруулахаар боллоо гэж зар явсан. Ингээд бид дуудлага худалдаанд орж Сүхбаатар аймгийн Халзан сумын 2-р баг, Сахиул шовдол 0.3 дугаар байршилтай 0.36 га /3606 м2/ газрыг ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар эзэмшихээр худалдан авч аймгийн ГХБХБГ-тай гэрээ байгуулсан. Сумын Засаг даргын  захирамж гарч бидэнд 0000087571 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмших эрх маань баталгаажсан.

            Хэрлэн нь газар худалдан борлуулах эрх бүхий албан тушаалтан биш атлаа бидэнд эрх мэдэлтэй мэтээр ойлгуулан, газрын төлбөр гэж мөнгөн хэлбэрээр 2,620,000 төгрөг, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий блокны машиныг минь авч нийт 5,620,000 төгрөгийг бодит хохирол учруулсан болно.

            Иймд *******гээс бидэнд учруулсан хохирол болох 5,620,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2 Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Баруун-Урт сумын Засаг даргын албан тоотын дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баруун-Урт сумаас 15 км-т уяачдын хороолол хашаа барих ажлыг хийж эхэлсэн. Тус хашаа нь 30х30 харьцаатай 40 айлын хашаа, дайман хаалгатай, тус тусдаа 00-той хашааг гэрээний дагуу 4,500,000 төгрөгөөр барьж нэр бүхий 14 иргэнд хүлээлгэн өгөхөөр болсон.

Хашаа барих газар нь 2014 онд Сүхбаатар сумын газар нутаг, 2016 онд Асгат сумын газар нутаг гэж явсаар баригдах хугацаа хойшилж 2018 онд Халзан сумын нутаг дэвсгэр гэсэн шийдвэр гарч сумын ИТХ-аар хэлэлцэж, Халзан сумын Засаг даргын захирамж гарч 14 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гарч үүний дагуу газар эзэмших гэрчилгээ болон кадастрын зураг зэргийг шинээр гаргуулж өгөхөөр болсон ч ихэнх иргэд төлбөрөө төлөөгүйн улмаас газраа аваагүй.

Уг иргэдээс *******, *******, *******,******* нарын иргэд газраа авах боломжгүй болсон учраас *******ийн нэр дээр захирамж шийдвэрийг нь гаргуулж өгөхөөр болж Халзан сумын Тамгын газарт хүсэлт гаргаж өгсөн боловч 2018 оны Газрын тухай хуулиар сумын Засаг даргын захирамжаар эзэмшлийн газрыг олгохгүй, заавал дуудлага худалдаанд оруулж дахин гэрчилгээ олгоно гэсэн шинэ заалтын дагуу дуудлага худалдаанд оролцуулдаг болсон юм.

*******оос уг газрын төлбөрт 2,500,000 төгрөг авсан нь үнэн. ******* нь авах гэж тохирсон газар дээрээ блокны машин ажиллуулж блок цохих ажил хийж байсан боловч блокны машин нь ажиллахгүй байсан.

Ингээд надад өөрөө хүсэлт тавьж газрын төлбөртөө блокны машин оролцуулж өгөхөөр тохиролцож блокны машинаа надад өгсөн боловч авсан цагаас эхлэн блокны машин нь ажиллаагүй, би өөрөө өөр блокны машин авч сэлбээд ч засвар авахгүй байгаа ба зуурмагны машины редуктр нь эвдэрсэн тэр даруй *******т хэлсэн.

Блокны тавцан арзайж хатсан 100 ширхэг тавцан дээр нь хулдаас төмөр тавьж янзлаад блок хийх бэлтгэл хангасан боловч машин нь ажиллахгүй байсан. Блок хийж зохих хэмжээний орлого олох гэж бодож байсан боловч машин ажиллахгүй хоёр жил хөрөнгө мөнгө, зардал гаргаж янзлах гээд чадаагүй, хайрга шороо татаж ажил их удсан болохоор миний хувьд ч гэсэн гомдолтой л байна гэжээ.

3. Гэрч Б.Гантуяа мэдүүлэхдээ: Манай ах ******* нь *******гээс “Түмэн-Эх” хороололд 4 айлын газрыг 6 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон байсан. Би энэ асуудлыг сонсоод өөрийн танил болох Халзан сумын газрын даамал М.Эрдэнэ гэдэг хүнээс дээрх газрын талаар лавлахад энэ газар нь ямар ч асуудалгүй, удахгүй Засаг даргын захирамж гарна... гэх мэт зүйл ярьдаг байсан. Тэгэхээр нь би ах, эгч хоёртоо асуудалгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд ах *******ынх тухайн газраа заалгаж аваад ямар ч хашаагүй газар нүүж очиод блокон хашаа, малын саравч, байшин зэргийг барьж эхэлсэн. Тэгээд ах маань хүнээс блокны машиныг иж бүрнээр нь худалдаж аваад өөрөө блокоо гаргаж дутуу хашаагаа барьсан. Тухайн үед ******* нь манай ахын блокны машиныг их сонирхож байсан. ******* нь газрын мөнгө гэж нэхэх болсон, ах, эгч хоёр мөнгөгүй байна, намайг мөнгө шилжүүлчих гэсэн учир би 500,000 төгрөгийг ******* рүү шилжүүлж байсан. ******* нь газрын мөнгө гэж байнга нэхэж, хэл амаар доромжилж, газрын мөнгөө төлж чадахгүй бол зайл гэх мэтээр загнаж байсан. Манай ах *******, ******* нар ярилцаад газрынхаа үнийн үлдэгдэлд блокны машиныг иж бүрнээр нь өгөхөөр болж, ******* блокны машинаа авахаа ирэхдээ эхнэр, хүүхдүүдийн хамт өөрийн машинаар ирж ачаад авч явсан талаар манай бэр эгч ярьдаг” гэж,

4. Гэрч Л.Төмөрбаатар мэдүүлэхдээ: ******* нь “Түмэн-Эх” хороололд нүүж ирээд *******гээс газар худалдаж авсан нь үнэн. Хэдэн төгрөгөөр авсныг нь мэдэхгүй байна. Манайх “Түмэн-Эх” хорооллын газраа *******гээс худалдаж авч байсан. ******* нь тухайн худалдаж авсан газраа хашаа барихын тулд эхлээд хүнээс блок худалдаж аваад барьж байгаад сүүлдээ хүнээс блокны машин худалдан авч блок хэвлэж хашааныхаа дутууг барьж байсан. Манайх *******ынхтой саахалт учраас өдөр бүр хийж байгаа ажил нь харагддаг. Тухайн үед блокны машин нь хэвийн ажиллаж блокоо хийж байгаа нь харагдаж байсан. Сүүлдээ тус блокны машинаа *******д зарсан гэсэн, хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй” гэж,

5. Гэрч Б.Мөнхбаатар мэдүүлэхдээ: ******* нь 2 жилийн өмнө надтай уулзаад “би блок хийж байгаа, та завтай бол хэд хоног туслаад өгөөч” гэж гуйсны дагуу би тэдний хашаанд очиж түүнтэй хамт шавар зуурч блок хэвлэсэн. Тухайн үед блокны машин ажиллах нь ажиллаж байсан. Харин блок нь цууралттай, эвдрэлтэй гараад байсан. ******* “хоёулаа блок хийж чадахгүй байх шиг байна, чаддаг хүнээр хийлгэе” гэж ярьж байсан. Би 2 өдөр л *******т туслаж ажилласан.” гэж тус тус мэдүүлжээ.

6. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Гантуяа, Г.Эрдэнэчимэг нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай “дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-ний хуулбар, блокны машины фото зураг, *******ийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Халзан сумын 2-р багт байрлах, нэгж талбарын 2210000205 дугаар бүхий 3226 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-1211000010 дугаарт бүртгэлтэй иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газрын дуудлага худалдааны төлбөр тушаасан баримт зэргийг,

7. Хариуцагч талаас блокны машины зураг, *******, *******, *******,******* нарын гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2014.10.28-ны өдөр Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар, “эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг”-ийн хуулбар, Сүхбаатар аймгийн Халзан сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/28 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, хавсралтын хуулбар, Сүхбаатар аймгийн Халзан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/01 дугаартай “Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоол, хавсралтын хуулбар, Сүхбаатар аймгийн Халзан сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/36 дугаартай “Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа явуулах тухай” захирамж, хавсралтын хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

8. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Тарь овогт Баттогтохын Гантуяа /РД: РЕ92010803/, Гомбосүрэн овогт Лувсанцэрэнгийн Төмөрбаатар /РД:ЛЮ54122975/, хариуцагчийн хүсэлтээр Боржигон тайж овогт Батаагийн Мөнхбаатар /РД:ЛЮ69011177/ нарыг гэрчээр асуужээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч *******д  газар худалдах-худалдан авах гэрээний төлбөрт нийт 2,620,000 төгрөг өгсөн. Бид нар хоёр айлын газрын тооцоогоо бүтэн хийчихсэн тул одоо гэрчилгээгээ гаргуулж авъя, гэрчилгээ гарсны дараа үлдэх хоёр айлын тооцоогоо хийе гэхэд элдэв шалтаг хэлэх, айлган сүрдүүлэх зэргээр дарамталж явсаар 2021 оны 5 дугаар сард 2 айлын газрын төлбөрт нь блокны машин, зуурагч, түрдэг тэрэг, подон мод 150 ш зэрэг блокны комыг 3,000,000 төгрөгт тооцож аваад явсан. Газрын гэрчилгээг гаргуулж өгнө гэж явсаар 2 жил өнгөрсөн. Гэтэл 2022 оны 5 дугаар сард аймгийн ГХБХБГ-аас манай газрыг дуудлага худалдаанд оруулахаар боллоо гэж зар явсан. Ингээд бид дуудлага худалдаанд орж Сүхбаатар аймгийн Халзан сумын 2-р баг, Сахиул шовдол 0.3 дугаар байршилтай 0.36 га /3606 м2/ газрыг ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар эзэмшихээр худалдан авч аймгийн ГХБХБГ-тай гэрээ байгуулсан. Сумын Засаг даргын  захирамж гарч бидэнд 0000087571 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмших эрх маань баталгаажсан.

******* нь газар худалдан борлуулах эрх бүхий албан тушаалтан биш атлаа бидэнд эрх мэдэлтэй мэтээр ойлгуулан, газрын төлбөр гэж мөнгөн хэлбэрээр 2,620,000 төгрөг, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий блокны машиныг минь авч нийт 5,620,000 төгрөгийг бодит хохирол учруулсан болно.

Иймд *******гээс бидэнд учруулсан хохирол болох 5,620,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

3. Хариуцагч ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Миний бие 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газартай “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр Баруун-Урт сумаас урагш 15 км зайнд олгогдох газарт хорооллын хашаа барих ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэтэл хашаа барих газар нь Сүхбаатар сумын нутаг, Асгат сумын нутаг гэж явсаар баригдах хугацаа нь хойшлогдож, 2018 онд Халзан сумын нутаг гэсэн шийдвэр гарч, сумын Засаг даргын захирамжаар 14 айлд газар эзэмшүүлэх шийдвэр гарсан.

Гэрээний 2.3-т “Гүйцэтгэгч тал газар худалдан авсан этгээдийн газрын гэрчилгээг авахад холбогдох баримт бичгийг бүрдүүлж гаргаж өгнө.” гэж заасны дагуу газрын гэрчилгээ, кадастрын зургийг нь гаргуулахаар Халзан сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргасан боловч Газрын тухай хуулиар сумын Засаг даргын захирамжаар эзэмшлийн газрыг олгохгүй заавал дуудлага худалдаанд оруулж гэрчилгээ олгоно гэсэн заалтын дагуу дуудлага худалдаанд оролцуулдаг болсон тул *******ийн газрын гэрчилгээг нь гаргуулж чадаагүй. 

******* нь авах гэж тохирсон газар дээрээ блокны машин ажиллуулж блок цохих ажил хийж байсан боловч блокны машин нь ажиллахгүй байсан.

Ингээд надад өөрөө хүсэлт тавьж газрын төлбөртөө блокны машин оролцуулж өгөхөөр тохиролцож блокны машинаа надад өгсөн боловч авсан цагаас эхлэн блокны машин нь ажиллаагүй, би өөрөө өөр блокны машин авч сэлбээд ч засвар авахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар 2019 онд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй Сүхбаатар аймгийн Халзан сумын 2-р багийн нутаг “Шовдол” гэх газарт 4 айлын газар /нэг айлын газар 30м х 30м хэмжээтэй, нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөг/-ыг 6,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч уг газраа заалгаж хашаагаа татаж, гэрээний үнэд 2,500,000 төгрөг, кадастрын төлбөр 120,000 төгрөг, 3,000,000 төгрөгт тооцож блокны машины иж бүрдлийг  шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

5. Газрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэжээ

6. Сүхбаатар аймгийн Халзан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/01 дугаартай “Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын дагуу Халзан сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/36 дугаартай “Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа явуулах тухай” захирамж гарч, Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/45 тоот захирамжийн 1-р хавсралт “дуудлага худалдаагаар худалдах газрын мэдээлэл”-ийн жагсаалтаар газрын байршил, газрын хэмжээ, газрын зориулалт, анхны үнэ, дэнчин, дуудлага худалдаа явуулах хэлбэр, нэгж талбарын дугаар, зохион байгуулах огноог баталсан байна.

7. Нэхэмжлэгч ******* нь дээрх жагсаалтын 10-т зарлагдсан Халзан сумын 2-р баг, “Шовдол”-д байрлах 3606 /га/ хэмжээтэй, ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор газрыг эзэмших эрхийн дуудлага худалдаанд оролцон ялагч болсноор газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэсэн болох нь Монгол Улсын Иргэний газар эзэмших эрхийн 000087571 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гээд 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; ... гэжээ.

9. Хариуцагч ******* нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Баруун-Урт сумаас урагш 15 км зайнд олгогдох газарт хорооллын хашаа барих ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцож, гэрээний 2.3-т “Гүйцэтгэгч тал газар худалдан авсан этгээдийн газрын гэрчилгээг авахад холбогдох баримт бичгийг бүрдүүлж гаргаж өгнө.” гэж зааснаар газрыг худалдах эрхтэй гэж маргаж байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэх “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” нь Газрын тухай хууль /шинэчилсэн найруулга/ -ийн 5, 33 дугаар зүйлийг тус тус зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн, өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь төрийг төлөөлөх эрхгүй, тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчсөн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх дүгнэлээ.

10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заажээ.

11. Уг хүчин төгөлдөр бус хэлцлээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д гэрээний үнэд 2,500,000 төгрөг, кадастрын төлбөр 120,000 төгрөг, 3,000,000 төгрөгт тооцож блокны машины иж бүрдлийг  шилжүүлсэн үйл баримтын талаар маргахгүй байх тул хариуцагч *******гээс 5,620,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

12. Хариуцагч ******* нь блокны машиныг хүлээн авахад биет байдлын доголдолтой байсан, авснаас хойш удалгүй эвдэрсэн гэх боловч эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацааны дотор мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул шүүх тухайн блокны машины иж бүрдэл /блокны машин, зуурагч, түрдэг тэрэг, подон мод 150 ширхэг/-ийн үнэд хариуцагчаас 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

13. Нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 104,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2019 онд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 5,620,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 104,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.ЭРДЭНЭЗУУ