Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/393

 

щМОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл,

улсын яллагч Э.Гантулга /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дашням /цахимаар/,

шүүгдэгч ********* нарыг оролцуулан,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********ид холбогдох эрүүгийн 2405018840402 дугаартай, 312/2025/0054/Э индекстэй хэргийг Монгол Улсын дээд шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /***************/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ********* нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө *********байрлах *********гэх нэртэй зочид буудлын өрөөнд хохирогч *********ийн толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь дагз ясны далд шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

-2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *********сумын *********дугаар баг ********* иргэн *********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж чулуу шидэх, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, толгойд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

-2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн *********сум ********* гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *********тэй маргалдаж, хүзүү, нуруун тус газарт нь хутгаар зүсэж, хүзүү, нуруунд шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********ийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2405018840402 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч ********* нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө *********байрлах *********зочид буудлын өрөөнд хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогч *********той маргалдаж толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь дагз ясны далд шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол,  

- 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *********сумын *********дугаар баг ********* иргэн *********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж чулуу шидэж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, толгойд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,

-  2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн *********сум ********* багийн *********тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *********тэй маргалдаж, хүзүү, нуруун тус газарт нь хутгаар зүсэж, хүзүү, нуруунд шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********ийн өгсөн: “...Мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

- Хохирогч *********ийн өгсөн: “...Миний бие 2021 оноос хойш 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд суманд тээврийн үйл ажиллагаа явуулдаг "*********" компанид жолоочийн ажил хийдэг байсан. Энэ ********* гэдэг хүн 2024 оны 2 дугаар сарын сүүлээр манай компанид жолоочоор орж ирсэн. ...урагшаа *********боомтоор хил нэвтэрч гарсан. Тухайн өдөр ачаагаа буулгаж амжаагүй юм. Тэгээд орой 19 цагийн орчим байх *********зочид буудалд *********, ********* нар архи, хятад пиво ууж байхад нь гаднаас ********* бид хоёр орж ирсэн. Би хятад архи уугаагүй, пиво уусан. Батням орон дээрээ хэвтээд унтчихсан, *********, ********* хоёр нэлээн согтуу уугаад сууж байсан. ********* бид хоёр гаднаас орж ирэхдээ 10 орчим хайрцгийн тал хятад пиво авч орсон. Тэгээд бид нар юм яриад сууж байхад ********* *********тай муудалцаад маргалдаад унахаар нь ********* дундуур нь орж болиулаад *********ыг яв гээд би гадагшаа буудлаас гаргаж өгсөн. ********* буудал руугаа яваад, би буцаж ороод буудлын дэлгүүрээс 4, 5 ширхэг шилтэй пиво, шампунь аваад өрөө рүүгээ ороход ********* орон дээр суучихсан, ********* ванны өрөөнд бөөлжөөд байж байсан. Би өрөөнд ороод *********ид зүгээр байгаа хүнтэй яагаад муудалцаад байгаа юм гэж хэлээд орон дээрээ суугаад авсан пивоо шалан дээр тавьсан. Намайг орон дээр суухад ********* шалан дээр тавьсан шилтэй задлаагүй пивыг авахаар нь уух гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь шууд миний толгой руу шилтэй пивоор цохисон. Цохиход би орилоод толгойгоо бариад унасан чинь ********* ванны өрөөнөөс гарч ирсэн. Тэгээд гаднаас буудлын эзэн хятад хүн орж ирээд мөн хажуу талын өрөөнд байрлаж байсан манай компанийн *********, ********* хоёр орж ирээд наад *********аа хая гээд намайг аваад гарсан. ********* бас цуг гарсан. ...Намайг ********* орон дээр сууж байхад задлаагүй пивоор толгой руу цохисон, дахин цохиход нь ********* ванны өрөөнөөс орж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-16, 69-71, 74-75, 78-79-р тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6186 дугаартай “...*********ийн биед дагз ясны далд шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 19-20-р тал/,

- Хохирогч *********ийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 24-33-р тал/,

- Хохирогч *********оос гаргаж өгсөн хохирлын баримтууд /1-р хх-ийн 81-р тал/,

- Гэрч *********ын өгсөн: “...*********ийн биед ил харагдах гэмтэл байгаагүй. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өглөө уулзахад толгой өвдөж байна гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р тал/,

- Гэрч Ц.*********ийн өгсөн: “...буудлынхаа өрөөнөөс гарч *********той уулзсан. Бид хоёр хоорондоо ярилцаж байгаад нүүрс тээврийн машин байрлуулсан газартаа очиж хонохоор болоод хамтдаа такси бариад явсан. *********той хамт явж байхад *********тай зодолдсон, толгой хэсэгтээ пивоны шилээр цохиулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92-р тал/,

- Гэрч П.*********гийн өгсөн: ...*********той хамт нүүрс тээврийн машин руугаа явж байхад ********* нь *********ид зодуулсан гэж ярьж байсан, юугаар зодуулсан талаараа надад хэлээгүй. Ямар шалтгааны улмаас хоорондоо маргалдан зодолдсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р тал/,

- Гэрч Э.*********ын өгсөн: “...*********, ********* нар хоорондоо маргалдаж муудалцан зодолдсон талаар би мэдэхгүй байна. Тухайн үед би гараад явчихсан байсан. Сүүлд ********* утсаар өрөөнд байсан залуутайгаа зодоон хийсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-р тал/,

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1204 дугаар шинжээчийн: ... ********* /РД:*********/-ийн сэтгэцэд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь хувь хүний сэтгэлзүйн онцлог, эмчилгээ эдгэрэлт, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй... гэх дүгнэлт /1-р хх-ийн 120-122-р тал/,

- Шүүгдэгч Д.*********ийн яллагдагчаар өгсөн: “... Би тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-нд би ажиллаж байх хугацаандаа *********той танилцсан. Би нүүрс тээврийн машинтайгаа 2024 оны 04 дүгээр сард яг өдрийн сайн санахгүй байна Гашуун сухайт боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц боомтоор хилээр гарсан. Хятад руу ороод ачаагаа буулгачхаад буудалд өрөө авсан. Буудлын өрөө нь 3 ортой байсан учраас Батням, ********* бид гурав цуг орсон. Тэгээд ********* бид хоёр нэлээн их пиво уусан. Энэ өдөр Батням буудлаас гараад явсан. ********* бид хоёр пиво ууж хоноод маргааш мөн үргэлжлүүлж уусан юм. Хажуу талын өрөөнд байсан ********* орж ирж пиво уусан. ********* гадагшаа гарч яваад танихгүй ********* гэдэг найзыгаа дагуулж орж ирсэн. ********* нь архи уучихсан согтуу жаахан агсам залуу байсан. ********* пиво унагааж асгаад байхаар нь би унтаж амармаар байна, наадахаа боль гэж хэлж орноос босож ирж маргалдсан чинь ********* нь намайг орон дээр үүрээд унагаачихсан. Тэгээд орон дээр байж байхад ********* хажуу талаас орж ирээд баруун билүү зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохиод авахаар нь би *********той орон дээр барилцаж аваад орны хажуу талд байсан пивоны шилээр толгой руу цохичихсон юм. Пиво бол талаараа байсан, шил нь хагараагүй. Толгой тархинаас цус гараагүй. Гаднаас хажуу талын өрөөнд байсан манай компанийн *********, ********* хоёр орж ирж салгасан юм. *********ыг намайг үүрч шидэхэд хажууд ********* байсан. Тэгээд *********, *********, ********* эд нар бүгдээрээ өрөөнөөс гараад явсан. Би ганцаараа буудалдаа үлдээд унтаж амарсан. Би *********ийн толгой хэсэгт пивоны шилээр 1 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 138-140-р тал/,

- Хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймгийн *********сумын ********* багийн *********тоотод үзлэг хийхээр тогтов. ...Гэр доторх байдал эмх замбраагүй, зүүн талын ор хэсгийн ирмэг болон урд шалан дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байлаа гэх хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 188-192-р тал/,

- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 194-р тал/,

- Хохирогч *********ын өгсөн: “... 2024 оны 11 дүгээр сарын 01-ний орой 17 цагийн орчим найз ********* утсаар залгаад хүрээд ир гэхээр нь ********* баг 1-34 тоотод нэг шил 0,5 гр архи авч очсон. Бид хоёр хувааж уугаад дахин нэг шил архи дэлгүүрээс авч уугаад согтсон байсан. Тухайн үед маргалдаад ********* миний араас мөр лүү жижиг хутгаар зүссэн. Би яаж байна гээд эргээд хартал миний хоолойн тус газар зүссэн. Манай найз ********* орж ирээд хажууд байдаг манай ахын гэрт орж эмнэлэг дуудсан. Миний хоолойноос цус алдаад эмнэлэг орж 6 оёдол тавиулсан. Бид хоёр архи уугаад авсан архи дуусаж байхад ********* гаднаас орж ирсэн. Гэтэл *********, ********* луу дайраад цохиж авах гээд байхаар нь би наадхаа цохиж байхаар намайг зод гэсэн чинь барьж байсан хутгаараа миний хоолой, мөрийг зүссэн. Миний сэтгэл санаанд ямар нэгэн байдлаар хор уршиг учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198-р тал/,

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №978 дугаар шинжээчийн: “...*********ын биед хүзүү, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн хоёр, мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хүзүү, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн  201-202-р тал/,

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11-р сарын 08-ны өдрийн №136 дугаар шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн хутганы бариулын зүүн болон баруун талын хэсэгт гарын мөр илрэхгүй байна. Тогтоолд дурдсан *********ийн ********* /*********/ 53401 дугаартай, *********ы ********* /*********/ МИ000710013599 дугаартай гарын хээний дардас “Гарын хээний нэгдсэн сан”-д бүртгэлтэй эсэхийг хувийн мэдээллээр шалгахад санд бүртгэлтэй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 209-210-р тал/,

- Шүүгдэгч *********ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны орой 17 цагийн үед *********од гэртээ ганцаараа байж байгаад таньдаг дүү *********ыг утсаар залгаад ганц шил архи аваад хүрээд ир гэсэн чинь удалгүй манай гэрт ирээд архи авч уусан. Бид хоёр согтсон байсан. Би төмс арилгадаг жижиг хутгаар тоглоод орон дээр хэвтэж байхад нь зүүн мөр лүү нь хатгасан чинь уурлаад босоод миний хоолойноос боогоод авахаар нь хутгаараа хоолой руу нь санамсаргүй зүссэн. Бид хоёр маргасан зүйл байхгүй тоглож байгаад хутгаар зүссэн байсан. Тиймээ би *********ын хоолой, мөрөн тус газар нь хутгаар зүссэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228-р тал/,

- Хохирогч *********гийн өгсөн: ...2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *********сумын Морин заг гэх суурьшлын бүсэд өглөө Дөрвөлжин уулзварын SН250 гаалийг дугаартай жолооч согтуу машинаа хөдөлгөөд түр зогсох хооронд нь би нэг хүний хамт хийн шланкыг нь сугалж авсан. Тэгээд машины түлхүүрийг *********авсан. Орой 20 цаг 45 минутын орчимд SН250 машины хажууд Приус 30 маркийн машин зогсож түлшийг авах гэж байсан. Би зургийг нь дархад яваад өгсөн. Тэр жолооч “*********” компанийн БҮ161 гаалийн дугаартай машины хажууд архи уугаад байж байсан. Би очоод “энэ машины түлшийг зарж болохгүй ээ намайг менежер нь энэ машиныг харж бай гэж хэлсэн. Та нар одоо 2000 төгрөгөөр зараад буцаад компанид 3000 төгрөгөөр төлнө шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл “чамд ямар хамаатай юм бид нар угаасаа ингэж зарж хоолны мөнгөө гаргаж авдаг” гэж хэлсэн. Тэгээд би явах гэж байхад тэр SН250 гаалийн дугаартай машины жолооч намайг “Алаа захирч яв” гэж хэлэхэд нь би “юу гээд байгаа юм ална шүү чамайг алгадчих уу” гээд маргалдаж байхад над руу чулуу газраас аваад шидээд, дахин нүд хэсэг рүү цохисон юм. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү... Урд өгсөн мэдүүлэгт нэмж хэлэх зүйл байхгүй. Би тухайн үедээ эмчилгээ дусал, тариа жаахан хийлгүүлсэн, үүний баримт байхгүй. Миний зүүн талын нүдийг 1 удаа цохисны улмаас нүд, нүүр хэсэг хавдаж хөхөрч, хойшоо толгойгоороо газарт унаж, толгой хагарч цус гарсан. Нүд хөхөрч хавдсан учраас ажлаа хийхэд хүндрэлтэй байсан. Эмчилгээний зардал, ажлаа хагас дутуу хийсэн, сая Өмнөговиос өөрийнхөө *********улсын дугаартай *********загварын машиндаа 40 литр шатахуун хийж ирсэн, 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ талаар надад баримт байхгүй. Би Өмнөговь аймагт ажилладаг учраас дахиж ирж чадахгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй. Надтай энэ ********* гэдэг хүн ерөөсөө уулзаагүй, надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг  /2-р хх-ийн 8-13-р тал/,

- Гэрч *********өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн үед ажлын шугамаар таньдаг эгч болох ********* хорхог ид гэж урихаар нь гэрт нь очсон. Хорхог идээд 21 цагийн үед гэрийн гадна нь утсаар ярьж байхад эгч гэрээсээ гараад явсан. Удалгүй 05-аас 10 минутын дараа гэрээс 10-аас 20 метрийн цаана байсан давхар чиргүүлтэй машины хажууд эмэгтэй хүн орилохоор нь гүйгээд очсон. Очиход эгч ********* газар унасан байдалтай байсан. Эгчийн хажууд 1 эрэгтэй зогсож байсан, хоёр алхмын цаана 3 эрэгтэй хүн архи уугаад сууж байсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд байхаар нь би болиулах гэж оролдсон. Эгчийн нүүрний зүүн нүдний харалдаа хэсгээр хавдсан, толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Эгч босож ирээд цагдаад дуудлага өгсөн. Би цагдааг иртэл эгчийн хажууд байсан. Эгчийг цохисон гэх залуу цагдаа ирэхээс 1 минутын өмнө зугтсан. Ер нь их согтолттой байсан. Цагдааг иртэл архи уусаар л байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-17-р тал/,

- Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №389 дугаартай шинжээчийн: ...*********гийн биед толгойд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. *********гийн биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 32-33-р тал/,

- Шүүгдэгч *********ийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна. Хохирогч *********гээс уучлалт гуйсан. Өөрийнхөө бурууг хүлээж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 98-99-р тал/,

- Хохирогч *********т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж Эрүүл мэндийн даатгалын санд нийт 1,682,550 төгрөгийн зардал гарсан талаарх баримт /2-р хх-ийн 79-80-р тал/,

- Хохирогч *********т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж Эрүүл мэндийн даатгалын санд нийт 170,550 төгрөгийн зардал гарсан талаарх баримт /2-р хх-ийн 79-80-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдсан нийт 15.7 см урттай, 2 ширхэг хадаасаар бэхэлсэн, модон бариултай, 8.1 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхгийг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч *********, *********, *********, гэрч *********, Ц.*********, П.*********, Э.*********, *********нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6186 дугаартай,  2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1204 дугаартай, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 978 дугаартай, Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №389 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч *********ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутга зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

Шүүгдэгч ********* нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө *********байрлах *********зочид буудлын өрөөнд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч *********той маргалдаж толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь “дагз ясны далд шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол,  

- 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *********сумын *********дугаар баг ********* иргэн *********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж чулуу шидэж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, “толгойд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,  

- 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн *********сумын ********* багийн *********тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *********тэй маргалдаж, хүзүү, нуруун тус газарт нь хутгаар зүсэж, “хүзүү, нуруунд шарх гэмтэл” үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *********ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 6186 дугаартай дүгнэлтэд,

хохирогч *********, ********* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 978, 389 дугаартай дүгнэлтэд тус тус нэрлэн зааж шүүгдэгчийн үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч ********* нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө *********байрлах *********зочид буудлын хохирогч *********ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлдээ *********эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх тул Монгол улсын Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *********ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж, гараараа болон пивоны шил, чулуугаар цохиж, хутгаар зүсэж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгтЭнэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг ..., мөн өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг ... үйлдлийн аль алиныг хамааруулан ойлгохоор Улсын Дээд Шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаар, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 316 дугаар тогтоолуудад тус тус дурдсан, шүүгдэгч ********* нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр,  2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг төрлийн гэмт хэрэгт хамаарах боловч хоёр өөр хохирогчтой, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах шаардлагагүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Шүүгдэгч *********ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүнд хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч ********* нь гэм хорын хохирол, эмчилгээний төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин нийт 9,027,000 төгрөгийг нэхэмжилж, 330,000 төгрөгийн нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд ирүүлсэн бөгөөд 500,000 төгрөгийг шүүгдэгч ********* нь хохирогчийн 5076168709 дугаартай дансанд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкаар шилжүүлснээр хохирогч ********* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн /2 хх-ийн 133 дахь тал/, хохирогч ********* нь гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /1 хх-ийн 198 дахь тал/, *********, ********* нар нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, хохирогч нар нь шүүх хуралдаанд оролцохгүй гэдгийг тус тус мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.

 

Хохирогч нарын эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсний зардалд *********т 1,682,550 төгрөг, *********т 170,550 төгрөг тус тус зарцуулсныг гэм буруутай этгээдээр төлүүлэх иргэний нэхэмжлэлийг улсын яллагч гаргасан нь зөв бөгөөд шүүгдэгч ********* нь дээрх *********ийн эмчилгээний зардалд гарсан 1,682,550 төгрөг, хохирогч *********ын эмчилгээний зардалд гарсан 170,550 төгрөгийг тус тус 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд тус тус төлсөн байна. /2 хх-ийн 130-131 дэх тал/.

 

Харин хохирогч ********* нь эмчилгээний зардал, гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд нотлох баримт ирүүлээгүй, шүүх хуралд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэм хорын хохирол, эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Иймд энэ тогтоолоор шүүгдэгч *********ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял  оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймгийн *********сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар заасныг журамлан хөнгөрүүлэх байр суурийг тус тус илэрхийлж оролцлоо.

Шүүгдэгч *********ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч *********ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч *********ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ...учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

1 дүгээр хавтаст хэргийн 38-51 дэх тал, д авагдсан, “Хур” системээс авсан иргэний үнэмлэхийн мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, нийгмийн даатгалд даатгуулагчийн сүүлийн 5 жил ажилласан түүх, иргэний цалингийн мэдээлэл, ял шийтгэлийн мэдээлэл, захиргааны зөрчлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч ********* нь ********* настай, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, Орхон аймгийн *********сумын *********баг, *********ын *********тоотод дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч *********ид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нэг хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол, хоёр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хор уршгийн шинж чанар, урьд 2 удаа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хохирогч *********т 500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,853,100 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч *********д учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлууд, мөн  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймгийн *********сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч *********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ид оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 191 /нэг зуун ерэн нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих-437 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорих нь зүйтэй байна.

Шүүгдэгч ********* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч *********, Д.********* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч ********* нь эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 15.7 см урттай, 2 ширхэг хадаасаар бэхэлсэн, модон бариултай, 8.1 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд тус тус даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ********* овогт *********ийн *********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймгийн *********сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч *********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн цагдан хоригдсон 191 /нэг зуун ерэн нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих-437 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьсугай.

8. Шүүгдэгч ********* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч *********, Д.********* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хохирогч *********гийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 3,000,000 /гурван сая/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч ********* нь эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 15.7 см урттай, 2 ширхэг хадаасаар бэхэлсэн модон бариултай, 8.1 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримтын шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд тус тус даалгасугай.  

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ