| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0240/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/246 |
| Огноо | 2025-08-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* ******* Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000258 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ******* ******* ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* ******* ******* н ажилтай, химич ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* ******* ******* сумын 11 дүгээр баг Уурхайн дүгээр байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд ******* ******* ******* сумын 1 дүгээр баг мал эмнэлгийн урд талын замаар Toyota prius-30 маркийн 26-90 улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуугаар жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд согтуугаар ******* ******* ******* сумын 1 дүгээр баг мал эмнэлгийн урд талын замаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Toyota prius-30 маркийн 26-90 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Манай эхнэр 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ...хүү төрүүлсэн юм. Ингээд би хүүтэй болсон баяраа тэмдэглээд ******* сумын 8 дугаар баг Төмөр замын хороололд 23 цагийн орчимд найз , нартай хамт пиво уусан. Тухайн үед би нэг л лааз пиво уусан. Пиво ууж дууссаны дараа ...би өөрийнхөө цагаан өнгийн дугаартай Тоёота приус-30 маркийн машиныг жолоодоод ******* сумын 1 дүгээр баг Бунхны гудамж руу баруунаасаа зүүн тийш чиглэлтэй явсан. Энэ үед мал эмнэлгийн урд талын зам дээр цагдаа зогсож байсан бөгөөд намайг дохиур модоороо дохиж зогсоосон. Намайг зогсоосон замын цагдаа миний бичиг баримтыг шалгаад 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ******* ******* шүүхээр жолоодох эрхээ хасуулсан гэдгийг маань мэдсэн. Тухайн цагдаа цаас хуйлж байгаад үлээлгэж үнэртээд чамаас пиво үнэртээд байна, чи юу уусан юм гэж асуухаар нь пиво уусан гэдгээ үнэнээ хэлсэн. ...Тухайн үед надаас 0,21 бүхэл спиртийн агууламж гарсан. Тэгээд уг цагдаа намайг согтуу байна гэж үзээд миний машиныг журмын хашаанд хийж саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч “...2025 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд ...мал эмнэлгийн урд талын төв зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед уг замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй приус-30 маркийн машин биднийг чиглээд ирсэн бөгөөд гэх хүн жолоодоод явж байсан. Тухайн хүний бичиг баримтыг нь шалгаж мэдээллийг нь ...шүүж үзэхэд 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 1 жилийн хугацаатай жолоодох эрхээ хасуулсан байсан. ...драйгер багажаар үлээлгэж үзэхэд 0,21 бүхэлтэй согтолтын зэрэг гарсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Тухайн улсын дугаартай приус-30 маркийн машиныг гэх хүн жолоодоод явж байсан бөгөөд удалгүй над дээр хүрч ирээд энэ залуу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 1 жилийн хугацаатай жолоодох эрхээ хасуулсан байна, одоо согтуу, пиво уусан байна гэж хэлсэн. Ингээд бид хоёр ыг эрүүлжүүлэх байранд авчраад түүгээр драйгер үлээлгэж шалгахад 0,21 бүхэл согтолтын зэрэг гарсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 484 дугаар шийтгэврийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 484 дүгээр шийтгэврийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч *******ын согтуурлын зэрэг 0,21 хувьтай гарсан болох нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА