| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/03264/И |
| Дугаар | 183/ШШ2022/03084 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2022/03084
2022 оны 10 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2022/03084 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ........ хаягт байрлах, Х ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоот хаягт байрлах, С овогт Э-ийн Б /РД:ИА000000/-т холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 37 740 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х ХХК болон Э.Б нар 2018.09.12-ны өдөр 0000 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээний дагуу Э.Б нь 26000 литр дизель түлшийг 1 литрийг нь 2050 төгрөгөөр тооцон нийтдээ 53 000 000 төгрөгийн шатахуун худалдах авсан байдаг. Гэрээнд зааснаар төлбөрийг 1 сарын хугацаатай буюу 2018.10.31-ний дотор төлж дуусгахаар тохирсон боловч төлөхгүй удаа дараа нэхүүлж, 2019.08.23-нд 16080 литр түлшийг 28 140 000 төгрөгөөр тооцож өгсөн. 25 160 000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн. Одоог хүртэл төлөгдөөгүй байгаа. 2019.08.23-ны өдөр 28 140 000 төгрөг төлснөөр гэрээний үүрэг шаардах хугацаа нь Иргэний хуулийн 79.1-т заасны дагуу тасалдаж, улмаар мөн үеэс эхэлж шаардах эрхийг тооцох боломжтой тул гэрээний үүрэг шаардах хуулийн хугацаа хэтрээгүй байгаа болно. Үлдэгдэл 25 160 000 төгрөгт гэрээний 4.3-т заасны дагуу алданги тооцох хуульд заасан хэмжээнээс хэтэрч байх тул алдангийг 50 хувиар тооцон 12 580 000 төгрөг, нийт 37 740 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрээний дагуу дизель түлш авсан нь үнэн. 2019 онд 28 140 000 төгрөгийг төлж барагдуулсан. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаанд доголдол үүссэн учраас төлөх боломж гараагүй. Би 2022 оны хавраас хойш хайрга угаан цэвэрлэж нийлүүлэх ажил хийсэн боловч 20-иод сая төгрөгийн өрөнд орсон. Үндсэн төлбөр дээр төлбөр маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Миний энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд алдангиас жаахан хөнгөлж өгнө үү гэж хүсэж байна. Би цалингийн орлоготой боловч шүүхийн шийдвэр дээр өр төлбөртэй учраас төлөх боломжгүй байгаа. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангиасаа багасгаж өгөхийг хүсэж байна... гэв.
3. Нэхэмжлэгч талаас, Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.09.12-ны өдрийн №18/9/12 дугаар Шатахуун худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, Тооцооны хуудас зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас 31 450 000 төгрөгийг хангаж, үлдэх 6 *******0 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18/9/12 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 25 160 000 төгрөг, алданги 12 580 000 төгрөг нийт 37 740 000 төгрөгийг шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
3. Хариуцагч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Гэрээний үлдэгдэл төлбөр 25 160 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор алдангийн хэмжээг багасгах хүсэлтийг гаргасан.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талуудын хороонд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 00000 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр худалдагч Х ХХК 26000 литр дизель түлшийг 1 литрийг 2050 төгрөгөөр тооцож, худалдан авагч Э.Б-т нийлүүлэх, худалдан авагч нь шатахууны төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны дотор бүрэн төлж барагдуулах, төлбөр төлөх хугацаа хэтэрвэл төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7-12/
4.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байхаар зохицуулсан.
4.3 Худалдагч буюу нэхэмжлэгч Х ХХК нь гэрээний зүйл болох 26000 литр дизель түлшийг худалдан авагч Э.Б-ын өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
4.4. Худалдан авагч буюу хариуцагч Э.Б төлбөр төлөх үүргээс 28 140 000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Энэ талаар зохигчид маргаагүй болно. Харин үлдэгдэл 25 160 000 төгрөгийг төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.
4.5. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө. гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэх хэдий ч Ковид-19 цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон нөхцөл байдал, зохигчдын тайлбарыг тус тус харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алданги 12 580 000 төгрөгийг 50 хувь буюу 6 *******0 000 төгрөгөөр багасгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Э.Б-раас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 25 160 000 төгрөг, алданги 6 *******0 000 төгрөг, нийт 31 450 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 *******0 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Б-раас 31 450 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 *******0 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 431 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-аас улсын тэмдгийн хураамжид 315 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ