Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 101

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/0104/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга           Н.Болор-Уянга 

Улсын яллагч                             Д.Отгонтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл

Хохирогч Д.Саруултуул 

Шүүгдэгч Б.Мөнххуяг нарыг оролцуулан

     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрэйд овогт Батсүхийн Мөнххуягт холбогдох 201723000172 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, “Цагаан овооны эрүү” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх, Хэрэйд овогт  Батсүхийн Мөнххуяг / РД: СЭ79123172 / 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Мөнххуяг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Саруултуул, Ч.Ганболд нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Хохирогч Ч.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “... Саруултуул эгчийн гэрт нь очсон... унтаж амраад байж байхад ойролцоогоор 04-05 цагийн үед Саруултуул эгчийн салсан нөхөр болох Мөнххуяг нь гэртээ халамцуу согтуу байдалтай ирээд намайг унтаж амарч байхад шууд өшиглөж сэрээгээд Саруултуул та хоёр ингэж байдаг байх нээ чамайг алаад өгье гээд намайг хөлөөрөө өшиглөөд байсан... Миний зүүн гарын шууны орчимд нэг зүйлээр хатгачихаар нь би гараад харахад зүүн гарын шууны орчмоос цус гарч байсан. Тэгээд Мөнххуяг дахиж намайг зодож цохих гэхэд Саруултуул эгч болиулаад хорьсон. Миний гарнаас цус гараад байсан  учир Саруултуул эгч бид хоёр яаралтай эмнэлэг явахаар болоод тэндээсээ шууд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 13-14 тал/ 

             Хохирогч Д.Саруултуулын мөрдөн байцаалтад өгсөн: “... Мөнххуяг 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ойролцоогоор 05 цагийн үед  байсан байх гэж бодож байна. Гэрт ирээд бид хэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж унтаж байсан Ганболдыг өшиглөж зодоод байсан. Тэгээд харсан чинь Ганболдын зүүн гарын шууны орчмоос нилээн цус гарчихсан байсан. Би Мөнххуягийг болиулах гээд нилээн оролдсон боловч Мөнххуяг болихгүй бас намайг зодож цохиж биед гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 17 тал / 

           Шүүгдэгч Б.Мөнххуягийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг: “... 2017 оны 06 дугаар сарын 11-ний өглөө гэртээ Хэнтий аймгаас очиход эхнэр Саруултуул хөрш айлын залуу Ганболдтой гэрийн хойд талд газар унтаж байсан. Тэгэхээр нь би уурлаад тэр 2 хөнжлийг хуулахад Саруултуул, Ганболд 2 нүцгэж хэвтэж байсан. Би уурандаа Ганболдыг хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд бид 2 барьцалдаад авсан. Би өөрийн баруун хөлний гутлын түрийнд байсан хүрэн өнгийн бариултай мал ажиллах болон уурга янзлахдаа хэрэглэдэг хутгаа гаргаж ирээд Ганболдыг айлгая гэж бодсон боловч уурандаа түүний гарын зүүн гарын шууны орчимд 1 удаа хатгачихсан. Түүнээс цус гарч байсан бөгөөд хэр их цус гарсныг мэдэхгүй. ... би тэр үед их ууртай байсан болохоор эхнэрээ хэд хэдэн удаа цохисон” гэсэн мэдүүлэг / хх-ийн 32-33 тал/  

 

     Шинжээчийн дүгнэлт: 2017.06.15-ны өдрийн 2017.192 

1. Ч.Муратын биед зүүн гарын шууны гадна хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  

3. Ч.Ганболдын биед үүссэн гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

5. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/ зэрэг болно.

 

      Шинжээчийн дүгнэлт: 2017.06.15-ны өдрийн 2017.193 

1. Д.Саруултуулын биед баруун нүдний дээд, доод зовхи, дух, зүүн гарын бугалга, зүүн гаын шуу, зүүн гарын эрхий хурууны гадна хэсэг, хүзүү, баруун гуя, баруун, зүүн шилбэ, хэвлийн зүүн ар, зүүн бөөрний доод хэсэг, баруун гарын тохойн зөөлөн эдийн няцралууд бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Д.Саруултуулын биед үүссэн гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

5. Дээрх Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 21 тал/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч Б.Мөнххуяг 2017 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан баг “Найнгийн энгэр” гэх газар иргэн Д.Саруултуул, Ч.Ганболд нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Саруултуул, Ч.Ганболд нарын мэдүүлэг, 192, 193 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  

        Хохирогч Ч.Ганболд, хохирогч Д.Саруултуул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Хэрэйд овогт Батсүхийн Мөнххуягийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнххуягт 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнххуяг нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнххуягт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА