Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/28

 

 

 

 

 

 

2021         06            16                                         2021/ДШМ/28

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Ц.От холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Берикбол

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 252 дугаар захирамжтай, Ц.От холбогдох 2138000000102 дугаартай эрүүгийн хэргийг прокурор М.Берикболын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ухаа овогт Ц.О, ..... оны ….. дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............../.

Яллагдагч Ц.О нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Булагтагийн эх” нэртэй газрын ойгоос 2020 оны 11 дүгээр сард хууль бусаар 12.9 метр куб мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 252 дугаар захирамжаар яллагдагч Ц.От холбогдох эрүүгийн 2138000000102 тоот хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 2138000000102 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг хэргийн хамт прокурорт хүргүүлж, энэ хэрэгт 12.9 метр куб шинэс мод битүүмжлэгдсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Берикбол эсэргүүцэлдээ:  ... шүүгчийн захирамж үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой, шүүх зөв үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1.Гэмт хэрэг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Булагтагийн эх” гэх газарт үйлдэгдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Т.Төгсгэрэл, Т.Содбаяр, Т.Батзориг, Ч.Хөхрий нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн Булагтгийн эх, Булагтагийн эх, Булагтаг гэх үгнүүд нь хоорондоо утгын хувьд зөрүүтэй биш бөгөөд Булагтай, Булгийн, Булгаас, Булгууд гэж хувилгасан ч гэсэн утга зүйн хувьд өөрчлөлт орохгүй, ус ундрага буюу ус гарах эхтэй холбоотой үг юм. Гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллах дүгнэлт зэрэгт Булагтаг гэсэн үгэнд “ийн” нөхцлийг залгах, зарим үед “а” үсгийг гээгдүүлж, гээгдүүлэхгүйгээр бичсэн тохиолдол байна. Мөн хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт зэрэгт GРS-ийн код, газрын байршил бичигдсэн ба техник, технологи хөгжсөн өнөө үед интернеттэй орчинд хаана, ямар газар гэдгийг Coogle Maps програмыг ашиглаж хайлт хийж харах бүрэн боломжтой.

2.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт “Байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр оногдуулна” гэсэн заалт нь эрүүгийн хэрэгт холбогдуулан гаргасан хууль зүйн зохицуулалт биш бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага экологи эдийн засагт хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч төлбөр ногдуулж, акт тавьж байгаа ойлголт юм. Харин эрүүгийн хэрэгт экологи-эдийн засагт учруулсан хохирол, хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, буруутай этгээдээс гаргуулах асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэдэг тул энэ заалт хамаарахгүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн /улсын байцаагчийн эрхтэй/ дүгнэлт гаргаж байгаа ба энэ нь төлбөр ногдуулсан асуудал биш юм.

Урьд нь улсын байцаагчаар төлбөр ногдуулах шийдвэр гаргуулан хэрэгт хавсаргасныг шүүх “...улсын байцаагчаас төлбөр ногдуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт “Байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр оногдуулна” гэсний дагуу улсын байцаагчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд эрүүгийн хэрэгт хохирол, хор уршгийг шүүхээс гаргуулж шийддэг” гэснээр нэгдсэн нэг ойлголтод хүрч, шүүхээс тогтоосон жишиг гэдгийг дурдах нь зүйтэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж заасан. Гэрч Т.Содбаяр, шүүгдэгч Ц.О нарын мэдүүлгээр мод цагаалсан үхэр нь иргэн н.Эрдэнийн үхэр болох нь тогтоогдсон, үхрийг битүүмжлээгүй тул н.Эрдэнийг иргэний нэхэмжлэгчээр татах, үхрийг битүүмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн үхрийг үнэлэхдээ зах зээлийн ханш, махны үнэ зэргийг баримтлан үнийг тогтоосон ба үхрийн насыг тогтоох нь эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, “уналга”...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэснийг үндэслэн үхрийн үнэлгээг тогтоолгосон, үхрийг битүүмжлэхгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/252 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Яллагдагч Ц.О нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Булагтагийн эх” нэртэй газрын ойгоос 2020 оны 11 дүгээр сард хууль бусаар 12.9 метр куб мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдсон байх ба анхан шатны шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан  нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Учир нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж баримтжуулах ба  бичвэрийн агуулга монгол хэлний өгүүлбэр зүй, найруулга, зөв бичих дүрэмд нийцсэн, энгийн, тодорхой, хоёрдмол утгагүй байх учиртай. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ дээрх шаардлагыг хангаагүй, бичвэр нь дүрмийн алдаатай бичигдсэн, гэмт хэрэг үйлдсэн газрын нэрийг буруу бичсэнийг зөвтгөх боломжгүй.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох тул прокурорын эсэргүүцэлд дурдсан  “...Coogle Maps програмыг ашиглан хайлт хийж” гэмт хэрэг үйлдсэн газрыг тогтоох үндэслэлгүй.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн бэлтгэсэн модны нөхөн төлбөрийг тогтоолгохоор шинжээч томилсон байх ба “...хариуцсан мэргэжилтний №25” гэх дүгнэлт нь хэзээ гаргасан нь тодорхойгүй, огноогүй, Ц.Эрдэнэчимэг нь дүгнэлт гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна. Эрх бүхий этгээдийн шийдвэрээр, хуульд заасан журмын дагуу тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг шинжээчээр томилох ба нэгэнт томилогдсон тохиолдолд шинжээч дүгнэлтдээ өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгах учиртай. Гэтэл дээрх “дүгнэлт уг шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар дүгнэлтэд “Иргэн Ц.О модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 12,96м3 хэрэглээний нойтон шинэс мод байв” гэж тодорхойлсон атал “12,9 м3” модонд үнэлгээ хийснээс модны экологи-эдийн засгийн үнэлгээ, ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ буруу тогтоогдсоныг зөвтгөх шаардлагатай.

3.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, мөн зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зохицуулсан.

Иймд яллагдагч Оын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “шар үхэр” хэний өмчлөл, эзэмшилд байдгийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх ажиллагааг хийгээгүй атал прокурор “шар үхэр” бусдын өмч болох нь тогтоогдсон гэж дүгнэж буй нь ойлгомжгүйг дурдах нь зүйтэй.

Харин н.Эрдэнэ гэх хүн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол нөхөн төлүүлэхээр шаардаагүй тул түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн  хөрөөг хураан авах тухай мөрдөгчийн саналд “...БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг цахилгаан хөрөөг” гэж, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэлд “...ОХУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг цахилгаан хөрөө” гэж өөр өөр тусгажээ. Дээрх хөрөөнүүдийн зах зээлийн ханш ялгаатай байдаг тул  яллагдагчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн хөрөөний аль нь болохыг тодруулж,  үнэлгээ тогтоолгосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 252 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,       2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАЯРХҮҮ

                             ШҮҮГЧИД                                      Л.ЭРДЭНЭБАТ

                                                                         Б.СОСОРБАРАМ