| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/01335/И |
| Дугаар | 183/ШШ2022/02976 |
| Огноо | 2022-10-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2022/02976
2022 оны 10 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2022/02976 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны 8-31 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Хүрэлбаатарын Ижилцэцэг /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус АОС 41Б тоот хаягт оршин суух, Боржигон овогт Түвшинжаргалын Баясгалан /РД:0000000/-д холбогдох,
Арилжааны гэрээг цуцалснаас үүсэх үүрэгт 180 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Х.Ижилцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян /ШТЭҮД-0572/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, гэрч Я.Цэрэндэндэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би нөхөртэйгөө Т.Баясгалангаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Зайсан Виллаж хотхоны 2-2 тоот, 89,3мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нийт 200 000 000 төгрөгөөр авахаар тохиролцож байрны төлбөрт Мөнгөн Тулга Цамхаг ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 байрны 6, 7 дугаар давхарын 26, 34 тоот 2 ширхэг нэг бүр нь 31,88мкв талбайтай байрнуудыг нийт 160 000 000 төгрөгөөр тооцон Т.Баясгаланд шилжүүлж, мөн 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 20 000 000 төгрөгийг бэлнэр өгсөн. Гэтэл 2016 оны З дугаар сард н.Батзориг гэх хүн орж ирээд "Би Баясгалангаас 3 хоногийн өмнө энэ байрыг худалдаж авсан энэ байрны ордер нь миний нэр дээр байгаа. Т.Баясгалан та нарын хоорондын ярьсан зүйл надад хамаагүй, 3 хоногийн дотор 200 000 000 төгрөг өгөөд энэ байраа авбал ав чадахгүй бол гар" гэж дарамталсан. Маргаашнаас нь эхлээд том биетэй хүмүүс явуулж хаалга үүд нүдүүлж хүүхэд сургуульд нь дагаж, хүүхэд айлгаад байраа сулла гэж дарамтлаад байхаар нь бид аргагүйн эрхэнд байрнаас гарсан. Т.Баясгалангийн залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй дээрх асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан. Энэ үеэс эхлэн Т.Баясгалан болон манай гэр бүлийн хоорондын өглөг авлага, өр ширний асуудал эцэслэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Иргэн Т.Баясгаланд Зайсан дахь 3 өрөө байрыг нь буцаан хүлээлгэн өгсөн тул өөрийн шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нүтаг дэвсгэрт байрлах 53 байрны 6 дугаар давхарын 26 тоот, 7 дугаар давхарын 34 тоот 2 ширхэг нэг бүр нь 31.88 мкв талбайтай байрны үнэ нийт 160 000 000 төгрөг, бэлнээр өгсөн 20 000 000 төгрөг нийт 180 000 000 төгрөгийг Т.Баясгалангаас гаргуүлж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Талуудын хооронд Иргэний хуулийн 8-р зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Т.Баясгалан нь Х.Ижилцэцэг гэх энэ хүнийг танихгүй. Анх Я.Цэрэндэндэв гэдэг хүнээр дамжуулж уулзаж байсан. Я.Цэрэндэндэв нь Т.Баясгалантай Эх орон телевизэд жолоочийн ажил эрхэлж байсан О.Батбаяр гэгчээр дамжуулан 2013 оны 6 дугаар сард танилцсан бөгөөд өөрийгөө олон төрлийн бизнес хийдэг хувийн нисэх онгоцтой гэх мэтээр танилцуулж улмаар шат дараалан хэд хэдэн төрлийн наймаа арилжаа хийхээр болсон байдаг. Үүнд нэгдүгээрт 2013 оны 7 дугаар сард Я.Цэрэндэндэв нь Т.Баясгалангийн эзэмшилд байсан 2761УНХ улсын дугаартай Бэнтли маркийн автомашиныг 150 000 ам.доллараар худалдан авахаар харилцан тохирч наадмаар унаж хэрэглэмээр байна гэж хүссэний дагуу бичгээр хэлцэл байгуулж мөнгө өгөлгүйгээр машинаа өгч явуулсан. Тохирсны дагуу тухайн автомашины мөнгийг 7 дугаар сардаа багтаан төлнө, хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг Я.Цэрэндэндэв өөрөө бүрэн хариуцна, төлбөр тооцоо дууссан өдөр машины бичиг баримтыг Я.Цэрэндэндэвт шилжүүлэхээр тохирсон байдаг. Я.Цэрэндэндэв нь Т.Баясгаланд автомашины төлбөрт Сүхбаатар дүүргийн 100 айлд баригдаж буй 2 орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд 2013 оны 7 дугаар сарын сүүлээр Зайсанд байрлалтай авто угаалгын газар Я.Цэрэндэндэв нь Мөнгөн тулга цамхаг ХХК-ийн захирал гэх С.Баттулгыг дагуулан ирж би энэ хүнээс авлагатай төр мөнгөө байраар авч төлбөртөө тооцно хэмээн 2013 оны 5 дугаар сард байгуулснаар бичигдсэн огноотой Орон сууц захиалах, захиалгаар гүйцэтгэх гэрээний бэлэн төсөл авчран надаар гарын үсэг зуруулан нэг хувийг үлдээн нөгөө хувийг өөрснөө авч явсан, тухайн орон сууцны нэг нь 66 948 000 төгрөг, нөгөө нь 63 760 000 төгрөг бөгөөд нийт үнэ 130 408 000 төгрөг болсон бөгөөд Т.Баясгалан нь 2013 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн Монголбанкны ам.долларын ханш 1 462.58 төгрөгт хөрвүүлэн 89 162 ам.долларт тооцон авсан байдаг. 2013 оны 8 дугаар сард Я.Цэрэндэндэвээр өрмийн хайгуулын ажлыг гүйцэтгүүлэн тухайн ажлын хөлсийг 31 850 ам.долларт тооцсон үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан тул 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Бэнтли маркийн 2761УНХ дугаарын машин худалдах нэмэлт гэрээг талууд байгуулсан байдаг. 2013 оны 09 дүгээр сарын 23-нд бэлнээр 20 000 000 төгрөг өгч түүнийг тухайн өдрийн Монгол банкны ханш 1700 төгрөгт хөрвүүлэн 11 756 ам.доллар тооцон авч машины төлбөрт суутган авч байсан байдаг. 2013 оны 9 дүгээр сард Я.Цэрэндэндэв нь Т.Баясгалангийн эзэмшлийн Зайсан виллажийн 2 байрны 94,3 метр квадрат орон сууцыг нэг метр квадратыг 2 500 000 төгрөгт тооцон нийт 235 750 000 төгрөг, нэмж автозогсоолийг 20 000 000 төгрөгт нийт 255 750 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлээд өгчих би өөрийн 2 өрөө орон сууцаа суллахаар зарчихна тэгээд мөнгийг нь өгье гэх санал тавьсан бөгөөд Т.Баясгалан нь хүлээн зөвшөөрөлгүй мөнгөө бэлнээр нь авчир гэхэд Я.Цэрэндэндэв нь тэгвэл танай банк бусаас би зээл авсан болж гэрээ байгуулья тэгээд хугацаандаа өгөхгүй бол надаас хүү аваарай гэсэн тул 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т.Баясгалангийн нагац эгчийн нэр дээр байдаг Глобал профит ББСБ ХХК, Я.Цэрэндэндэв нар нь 6 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй 255 750 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж Зайсан виллажийн шинэ орон сууцанд нүүн орсон бөгөөд 2 жил амьдран мөнгөө төлөөгүй тул орон сууцаа буцаан авсан байдаг. Я.Цэрэндэндэв нь Хан-Уул дүүргийн 11 хороо Зайсангийн зүүн талд байрлах Т.Баясгалангийн эзэмшлийн Силкю ундарга ХХК-ийн нэр дээр ашиглах эрхийн гэрчилгээ болон газар түүн дээр баригдсан авто угаалгын газрыг зарах уу түрээслэх үү гэхэд түрээслэнэ гэвэл түрээсэлнэ зарна гэвэл зарна, 100 000 ам.доллараар худалдана гэхэд миний нэр дээр шилжүүлчих хөрөнгө оруулах хятадууд ирсэн байгаа гээд шилжүүлж авсан өдөртөө урьдчилгаа гээд 100 ам.доллар өгсөн байдаг. Гэтэл тухайн компанийг газрын эрхийн хамтаар Ву гэгч залууд 100 000 ам.долларын барьцаанд тавьсан байсан. Үүнийг нь Т.Баясгалан мэдэж н.Булгаа гэгч залууд зээлсэн 100 000 ам.доллар, хүү нь 42 000 ам.доллар байсныг учир байдлаа хэлж буулган 35 000 ам.доллар төлж компанийг барьцаанаас суллуулан буцаан авч 35 000 мянган ам.доллараар хохирсон байдаг. Мөн тухайн 2014 онд Налайх дүүрэгт байх Т.Баягалангийн өмчлөлийн Баясгалант өргөө ХХК түүний хөнгөн бетоны дутуу баригдсан үйлдвэрийг 3 000 000 000 орчим төгрөгөөр худалдан авахаар тохирч, мөнгө өгөлгүйгээр шилжүүлэн авсан боловч авсны дараа газрыг барьцаанд тавин үйлдвэрийн машин техник, тоног төхөөрөмжийг зарж үрсэн, хамгаалалт ажиллуулсны хөлсөө ч өгөөгүй байсан бөгөөд Т.Баясгаланд ямар нэгэн хариу төлбөр өгөөгүй тул нэг жил орчмын дараа буцаан авсан, өмчлөлдөө авсан хугацаандаа бусдад өр төлбөр үүсгэн 4 шүүхийн шийдвэр гаргуулж, сүүлд өөрөө төлж дуусгасан байдаг. Дээрх хөнгөн бетоны үйлдвэр болон угаалгын газартай холбоотой Я.Цэрэндэндэвийг 2016 онд Цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан боловч гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын өмчлөлийн маргаан байна хэмээн үзэн Я.Цэрэндэндэвт холбогдох эрүүгийн 201626030031 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Я.Цэрэндэндэв гэдэг хүн Т.Баясгалантай 4 төрлийн эрх зүйн харилцаа үүсгэсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Т.Баясгалтантай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй, шаардах эрх байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Нэхэмжлэгч талаас, Иргэний үнэмлэхийн хуулбар, 2016.04.25-ны өдрийн №459 дугаар Мөнгөн тулга цамхаг ХХК-ийн албан тоот, 2022.06.28-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас Итгэмжлэлийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна
2022.04.29-ний өдрийн 183/ШЗ2022/07419 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар 2022.05.13-ны өдрийн 183/ШЗ2022/08310 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архиваас нотлох баримт гаргуулахаар, 2022.06.28-ны өдрийн 183/ШЗ2022/11572 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар тус тус шийдвэрлэж шүүх түүнийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...миний бие Т.Баясгалангаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан виллаж хотхоны 2-2 тоот 89,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 200 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, байрны төлбөрт Мөнгөн Тулга Цамхаг ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 6, 7 давхрын 26, 34 тоот, нэг бүр нь 31,88 м.кв талбайтай орон сууцыг нийт 160 000 000 төгрөгөөр тооцон захилгын гэрээг түүний нэр дээр шилжүүлсэн. Мөн 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 20 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Гэтэл Батзориг гэдэг хүн Т.Баясгалангаас тухайн байрыг худалдан авсан, өмчлөгч нь би гэж дарамталснаас манай гэр бүл байрыг чөлөөлж өгсөн. Нэгэнт бидний хооронд байгуулагдсан арилжааны гэрээ цуцлагдсан тул байрны төлбөрт тооцон шилжүүлсэн 2 ширхэг орон сууцны үнэ, бэлнээр төлсөн төлбөр нийт 180 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч ...Нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаан үүсээгүй. Харин түүний нөхөр болох Я.Цэрэндэндэвтэй хэд хэдэн хэлцлийн дагуу эрх, үүрэг үүссэн бөгөөд нэхэмжлэлд дурдсан 2 ширхэг орон сууц, 20 000 000 төгрөгийн төлбөр нь Я.Цэрэндэндэвтэй байгуулсан гэрээ хэлцлийн нэг болох авто машин худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцон шилжүүлэн авсан төлбөр... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэв.
3. Х.Ижилцэцэг нь Т.Баясгаланд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ...Т.Баясгалантай манай нөхөр Я.Цэрэндэндэв нь Т.Баясгалангийн өмчлөлийн Зайсан виллаж хотхоны 2-2 тоот 89,3 м.кв орон сууцыг 200 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, төлбөрт нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн Тулга Цамхаг ХХК-ийн барьж буй 53 байрны 6 давхрын 26 тоот, 7 давхрын 34 тоот 2 ширхэг орон сууцыг нийтдээ 160 000 000 төгрөгөөр тооцон шилжүүлж, дээр нь нэмж 20 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч үлдэгдэл төлбөрөө төлж амжаагүй байтал улсын заан Батзориг байрны гэрчилгээг барьж орж ирэн, манайхыг хөөн гаргасан. Т.Баясгалан нь орон сууц давхардуулан зарах замаар бидний 2 ширхэг орон сууц, 20 000 000 төгрөгийг залилан мэхэлсэн... гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар Я.Цэрэндэндэв нь 2013 оноос 2015 оныг хүртэл хугацаанд Т.Баясгалан болон түүний нөхөр Батбаяр нараас Бентли маркийн авто машин, авто угаалгын газар, блок үйлдвэр, орон сууц зэрэг эд зүйлийг худалдан авахаар гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1794 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
4. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж заасан.
4. Зохигчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын архиваас тус шүүхэд ирүүлсэн 201625021719 дугаартай эрүүгийн хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч Х.Ижилцэцэг нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст тайлбар гаргахдаа ...манай нөхөрт дуучин Т.Баясгалан зайсанд байрлалтай, шинээр ашиглалтад орж байгаа байрыг зармаар байна. Чи сонирхох уу гэж асуусан юм билээ. Тэгэхээр нь манай нөхөр зөрүүлж миний захиалсан 100 айлд байрлалтай 2 өрөө, 2 ширхэг байр одоо ашиглалтад орох гэж байгаа. Энэ байрыг аваад зөрүү тохирох уу гэж асуухад нь Баясгалан зөвшөөрсөн юм билээ. Тэгээд энэ талаар манай нөхөр надад хэлэхээр нь би зайсангийн байрыг нь авъя гэж хэлсэн юм... гэж, гэрч Я.Цэрэндэндэв 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан тайлбартаа ...2013 оны 8 дугаар сард Т.Баясгалан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан виллаж хотхоны 2-2 тоот байрыг зармаар байна гэж хэлэхээр нь би эхнэр Ижилцэцэгийн хамт очиж уг байрыг үзсэн. Тухайн үед би эхнэр Ижилцэцэгээс дээрх байрыг авах уу төлбөр тооцоонд нь 100 айлд байрлалтай 2 өрөө, 2 ширхэг байрыг оруулах уу гэж хэлэхэд манай эхнэр хэрвээ зөвшөөрөх юм бол уг байрыг зөрүү хийгээд худалдан авъя гэж хэлсэн... гэж, хариуцагч Т.Баясгалан 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн хэлтэст өгсөн тайлбартаа ...миний эзэмшлийн Хан-Уул дүүрэгт байрлах байрыг Цэрэндэндэв 2013 оны намар худалдан авахаар тохиролцож, гэрээ хэлэлцээр байгуулсан... гэж тус тус мэдүүлэг тайлбар гаргажээ.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч Х.Ижилцэцэг, хариуцагч Т.Баясгалан нарын хооронд гэрээ байгуулагдсан, үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохирсон буюу гэрээний гол нөхцөлийг агуулсан нэг талын гэрээ байгуулах саналыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрснөөр тэднийг харилцан тохиролцсон гэж үзэх бөгөөд хэрэгт нэхэмжлэгч Х.Ижилцэцэг болон хариуцагч Т.Баясгалан нар орон сууц худалдах, арилжих талаар тохиролцож, тэдгээрийн хороонд үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Х.Ижилцэцэгийн хариуцагч Т.Баясгаланд холбогдуулан гаргасан 180 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар гэрч Я.Цэрэндэндэв, хариуцагч Т.Баясгалан нарын хооронд гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байх бөгөөд Я.Цэрэндэндэв гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ижилцэцэгийн хариуцагч Т.Баясгаланд холбогдуулан гаргасан 180 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 057 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ