| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/03998/И |
| Дугаар | 183/ШШ2022/02934 |
| Огноо | 2022-10-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2022/02934
2022 оны 10 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2022/02934 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 14 байр, 23 тоот хаягт оршин суух, Тайж овогт Тэгшээгийн Эрдэнэтуул //РД:00000000/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 24 байр, 24 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Цагааны Уранчимэг //РД:000000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 24 байр, 24 тоот хаягт оршин суух, Хотгойд овогт Лхагважавын Одбаатар /РД:000000000/ нарт холбогдох
Гэм хорын хохиролд 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, иргэдийн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хүү болох 11 настай Б.Ананд нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо 15 байрны гадаа хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож байгаад н.Ялалт гэх хүүхдэд зодуулсан. Би орой ажлаасаа ирэхэд хүүгийн маань нүүр ам хөхөрч, хавдсан байдалтай байсан. Хүү минь тухайн үед надад юу болсон талаар тодорхой хэлээгүй. Дараа нь хүүтэйгээ нэлээд ярилцаж байж юу болсныг нь олж мэдсэн. Тэгээд хүүтэйгээ хамт эмнэлэгт үзүүлэхээр явсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдсон ба эмч нар энэ гэмтэл нь олон удаа цохиулсны улмаас үүснэ, гэмтэл нь хамрын төв хянган дор байдаг өсөлтийн цэгийг гэмтээсэн байх тул яваандаа хүүхэд чинь өсөхгүй болох, нүүр нь муруйлттай болох, нүүрний аль нэг хэсэг өсөхгүй болох янз бүрийн согог гарах боломжтой. Ирээдүйд болох зүйлийг яг одоо тодорхойлох боломжгүй, өсөлтийн цэгийг дайрч гэмтээсэн тул үр дагавар гарах магадлал өндөр байгаа гэж хэлснээс хойш байнгын сэтгэл санаа зовоостой, айдас түгшүүртэй амьдрах болсон. Хүүгийн хамрыг эмчлүүлэхээр эмч нарт хандахад өсвөр насны хүүхдийн хамрыг хамаагүй оролдож болохгүй, маш болгоомжтой мэргэжлийн эмчээр хийлгэх ёстой гэсэн учраас эмнэлэгт хагалгааг хийлгэсэн. Хагалгааны зардлыг бүрэн төлсөн. Хариуцагч талаас хүүгийнгээ эмчилгээний зардал мөнгө аваагүй байгаа. Хүү маань одоо маш их айдастай гадаа гарч тоглохгүй байгаа. Иймд эмчилгээний зардалд төлсөн 3 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэв.
2 Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний зүгээс нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтан дээр нь үндэслэж байгаа. Би Номуун гээд хагалгаа хийлгэсэн эмнэлэг рүү нь эхнэрээ явуулж шалгуулахад хагалгааны зардлыг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлдөг, бид нар хүүхдээс хагалгааны төлбөр гэж авдаггүй гэж хэлсэн учраас би тэр мөнгийг нь буюу 2 364 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үнэн зөв нэхэмжилсэн дүнг төлж болно... гэв.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Эмчилгээний буюу хагалгааны зардлын тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах эрх зүйн зохицуулалт байгаа болно. Тухайн эмнэлэг үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд шууд тайлбар өгч төлбөр авсан байх ёстой байх гэж бодож байна. Хариуцагч эмчилгээний бусад гарсан зардлыг төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Өсвөр насны хүүхдийн асуудал болохоор харилцан уучлалт гуйж ойлголцох нь зүйтэй гэж дүгнэлээ... гэв.
4. Нэхэмжлэгч талаас, Иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.08.26-ны өдрийн 44 дугаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, 2022.06.27-ны өдрийн 9048 дугаар Шинжээчийн дүгнэлт, 2022.09.07-ны өдрийн 3411 дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Эмчилгээний болон төлбөр төлсөн баримтууд зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: Итгэмжлэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас 1 287 607 төгрөгийг хангаж, үлдэх 2 212 393 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нарын хүү О.Ялалт нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр миний хүү Б.Анандыг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Хамрын яс хугарсан тул хүүгээ хагалгаанд оруулсан. Түүнтэй холбоотой гарсан эмчилгээний зардлыг хариуцагч нараас гаргуулна... гэж тайлбарлав.
3. Хариуцагч ...эрүүл мэндийн даатгалаас төлөгдсөн хагалгааны зардлыг төлөх үндэслэлгүй, бодитойгоор гарсан зардлыг төлөхөд татгалзахгүй... тайлбарласан.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд
4.1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр прокурорын тогтоолд ...насанд хүрээгүй яллагдагч О.Ялалт нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 15 байрны гадаа насанд хүрээгүй хохирогч Б.Анандын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун нүдний зовхины дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. О.Ялалт нь хэрэг үйлдэх үедээ 11 нас 5 сар 11 хоногтой байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй... гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
4.2 Б.Ананд нь 11 настай болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 9048 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай байна. Иймд түүний эх Т.Эрдэнэтуул нь мөн зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар түүний нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
4.3. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-т 7-14 хүртэл насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасан тул Б.Анандын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хариуцлагыг иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд О.Ялалтын эцэг, эх болох Л.Одбаяр, Ц.Уранчимэг нар хүлээх юм.
4.4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, 506 дугаар зүйлийн 506.1-д 16 нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч нараас Б.Анандын эх Т.Эрдэнэтуул нь зардал болон эмчилгээний төлбөрийг шаардах эрхтэй байна.
4.5. Нэхэмжлэгчийн хүү Б.Анандын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн үзлэг, эм тариа болон нэмэлт хоол хүнсэнд 1 242 607 төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдож байна.
4.6. Харин Номун клиник эмнэлэгт мэс засал хийлгэсэн зардал 2 364 000 төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдсан болох нь №27500 дугаартай баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн бодитой гараагүй зардал шаардсан гэх татгалзлыг үндэслэлтэй гэж үзэв.
4.7. Дээрх үндэслэлээр хариуцагч Л.Одбаатар, Ц.Уранчимэг нараас 1 242 607 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Эрдэнэтуулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 257 393 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Одбаатар, Ц.Уранчимэг нараас 1 242 607 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Эрдэнэтуулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 257 393 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Одбаатар, Ц.Уранчимэг нараас улсын тэмдгийн хураамжид 35 453 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ
Ц.ОЮУНБИЛЭГ