| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03093/И |
| Дугаар | 183/ШШ2022/02824 |
| Огноо | 2022-10-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2022/02824
2022 оны 10 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2022/02824 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотын Колумбиа Пайк гудамж, 5300 дугаар байр, 208 тоот хаягт оршин суух, Бэрсүд овогт Нацагийн Ганхуяг /РД:0000000/-
Нэхэмжлэгч: АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотын Колумбиа Пайк гудамж, 5300 дугаар байр, 208 тоот хаягт оршин суух, Пүрэвдоржийн Мөнхгэрэл /РД:00000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наадам центр, өөрийн байранд байрлах, Хаан банк ХХК /РД:000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, 99 байр, 20 тоот хаягт байрлах, Империал кастел ХХК /РД:00000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Империал хотхон 91А-5 тоот хаягт оршин суух, Хотгойд овогт Төмөрийн Мөнхбаяр /РД:0000000000/ нарт холбогдох,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр А1 тоот, 493 м2 таунхаус, Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр АЗ тоот, 493 м2 таунхаусын өмчлөгчөөр тогтоолгох, Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Базаррагчаа, хариуцагч Хаанбанк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч Империал кастел ХХК, Т.Мөнхбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Нацагийн Ганхуяг болон Пүрэвдоржийн Мөнхгэрэл нарын эзэмшлийн Нийслэлийн Засаг даргын 423 тоот шийдвэр бүхий 0310549 тоот гэрчилгээтэй газарт Империал Кастел ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 001 тоот гэрээ байгуулан Империал Хаус хотхоныг барьж дуусгасантай холбогдуулан тус гэрээг дүгнэн дараах нөхцөлүүдтэйгээр дуусгавар болгохоор 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 008\2013 дугаартай Хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох дүгнэлт харилцан тохиролцсон. Дээрх гэрээ нь Империал кастел ХХК, Хаан банк, Т.Мөнхбаяр нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн БГ-14Ч23 дугаар барьцааны гэрээнээс өмнө байгуулсан тул Хаан банк нарын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд Т.Мөнхбаяр нь өмчлөх эрхгүй этгээд дээр таунхаусуудыг барьцаалсан нь хууль бус юм. Гэрээнд заасны дагуу 1 дүгээр зүйлд Империал Кастел ХХК нь иргэн Н.Ганхуяг болон П.Мөнхгэрэл нарын эзэмшлийн газрыг ашигласны төлбөрт байрууд болон төлбөрийг шилжүүлнэ гэж заасны дагуу 1 дүгээр зүйлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, 95Б байрны 2 тоот, 270 м2 таунхаусыг 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн өгсөн болно. Харин 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 008\2013 дугаартай Хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох дүгнэлтийн 1 дүгээр зүйлийн А-д заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхон 91 байр А1 тоот, 493 м2 таунхаусыг 2014 оны 6 дугаар сард, мөн зүйлийн Б-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр АЗ тоот, 493 м2 таунхаусыг 2014 оны 9 дүгээр сард шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр А1 тоот, 493 м2 таунхаус, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр, АЗ тоот, 493 м2 таунхаусын хууль ёсны өмчлөгчөөр Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл нарыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр А1 тоот, 493 м2 таунхаус, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж Империал Хаус хотхоны 91 байр АЗ тоот, 493 м2 таунхаусыг Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл нарын өмчлөлд Улсын бүртгэлд бүртгүүлэхийг Империал кастел ХХК, Т.Мөнхбаяр, Хаан банк ХХК нарт даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Хаанбанк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал хаус хотхоны 91 дүгээр байр А1 тоот, 493 мкв таунхаус, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал хаус хотхоны 91 дүгээр байр АЗ тоот 493 мкв таунхаусын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь ХААН Банк ХХК-д хамааралгүй учир хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Өгөөмөр бор хужирт ХХК, Империал Кастел ХХК, Н.Батмагнай, Т.Мөнхбаяр нар нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хаан Банкны байгууллагын банкны газартай ЗГ-14/123 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2 800 000 000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стандион Оргил 99 тоот барилгын ажлын санхүүжилтийн зориулалтаар 15 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээл авч тус зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн БГ-14/123 дугаартай барьцааны гэрээ байгуулж нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг барьцаалуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир банк шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/10342 дугаар талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж гарч, барьцааны гэрээнд дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан барьцааны эрх дуусгавар болоогүй байгаа болно. Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу Банк дээрх иргэдийн хооронд хийгдсэн тохиролцоо, үүссэн маргаан болон өмчлөлийн эрхтэй холбоотой асуудлыг огт мэдэх боломжгүй бөгөөд банкны хувьд шударга барьцаалагч юм. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 171 дүгээр зүйлийн 171.1, 172.1, 172.4-т зааснаар өмчлөгч ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд барьцааны зүйл нь гагцхүү барьцааны шаардлагын хамт нэгэн зэрэг шилждэг ба өөрөөр хэлбэл барьцааны зүйлийг өмчлөгч өөрчлөгдсөн ч тухайн эд хөрөнгөд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр үлдэх тул шинэ өмчлөгч нь барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийн өмчлөгч болох хуулийн зохицуулалттай болно. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагаас Хаан Банк ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Империал кастел ХХК, Т.Мөнхбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Империал Кастел ХХК нь 2010 оноос эхлэн барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2011-2016 оны хугацаанд Империал хаус-1, Ривер хаус-68 айлын орон сууц, Империал хаус-2 зэрэг төслийн захиалагчаар ажилласан. 2011 онд Иргэн Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл нарын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах №0310549 тоот гэрчилгээний дугаартай газарт Хамтран ажиллах гэрээний дагуу Империал хаус-1 хотхоны төслийн ажлыг эхлүүлэн 2014 онд улсын комисст хүлээлгэн өгсөн. Империал хаус-1 төслийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байх хугацаанд Империал хаус-2 төслийг эхлүүлэн Хаан банкны санхүүжилтээр дуусгасан болно. 2015-2017 оны хугацаанд барилгын салбар эдийн засгийн хямралд өртөж үл хөдлөх хөрөнгийн борлуулалт зогсонги байдалд орсоноор манай компанийн ажил зогссон. Хамтран ажиллах гэрээний дагуу иргэн Н.Ганхуяг П.Мөнхгэрэл нарт газрын төлбөрийг мөнгөөр болон Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамба гудамж 95Б байрны 2 тоот 270 м2 таун хаусыг шилжүүлэн өгсөн. Харин Империал хаус-1 хотхоны 91 А байрны А1 тоот 493 м2, АЗ тоот 493 м2 таун хаусуудын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх гэрчилгээг албан ёсоор өгөөгүй ч тухайн орон сууцыг ашиглалтад орсон хугацаанаас эхлэн эзэмшин амьдарч, бусдад түрээслэн захиран зарцуулж байна. Барьцааны гэрээ нь талуудын сайн дурын хүсэл зорилгоор хийгдсэн. Хаан банкинд үл хөдлөхийг хэсэгчлэн чөлөөлж өгөх хүсэлтийг хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар ямар нэгэн хариу өгөөгүй байна. Иймд нэхэмжлэгч талын гаргасан Империал хаус хотхоны 91 А байрны А1 тоот 493 м2, АЗ тоот 493 м2 таун хаус байрнуудыг Хаан банкны зээлийн барьцааны асуудлыг шийдвэрлэсний дараа үл маргах журмаар иргэн Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл нарын нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв.
4. Нэхэмжлэгч талаас, 2020.06.03-ны өдрийн Итгэмжлэл, Гадаад пасспортын хуулбар, 2013.08.01-ний өдрийн №008/2013 дугаар Хамтран ажиллах гэрээ дуусгавар болгох дүгнэлт, 2010.07.08-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2016.05.31-ний өдрийн 19385 дугаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2015.09.08-ны өдрийн 5409 дугаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2019.02.19-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гаргасан гомдол, 2019.03.06-ны өдрийн 2/192 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хариу мэдэгдэх хуудас, 2018.06.22-ны өдрийн 4/248 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хариу мэдэгдэх хуудас, 2018.11.28-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналт шалгалтын хэлтсийн даргад гаргасан Хүсэлт, 2018.05.28-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан Хүсэлт, 2016.05.19-ны өдрийн №57/16 дугаар Империал кастел ХХК-ийн Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2018.12.26-ны өдрийн Итгэмжлэл, 2015.05.15-ны өдрийн Итгэмжлэл, 2017.01.13-ны өдрийн Хаан банк ХХК-д гаргасан хүсэлт, 2016.04.01-ний өдрийн Империал кастел ХХК-ийн захиралд гаргасан мэдэгдэл, 2015.11.18-ны өдрийн Империал кастел ХХК-д гаргасан хүсэлт, 2020.07.07-ны өдрийн 10027 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2020.07.16-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гаргасан гомдол, 2020.07.23-ны өдрийн 332 дугаар Гомдол хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэл, 2020.07.23-ны өдрийн 332 дугаар Гомдол хянан шийдвэрлэсэн тогтоол, 2022.06.06-ны өдрийн Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагч Хаан банк ХХК-аас, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.05.11-ний өдрийн 01/4749 дугаар Итгэмжлэл, түүний орчуулга, 2020.05.13-ны өдрийн 29/4912 дугаар Итгэмжлэл, 2014.11.24-ний өдрийн №ЗГ-14/123 дугаар Зээлийн гэрээ, түүний хавсралт, 2015.07.31-ний өдрийн ЗГ-14/123/1 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2014.11.24-ний өдрийн №Баянгол дүүрэг-14/123 дугаар барьцааны гэрээ, түүний хавсралт, 2021.01.06-ны өдрийн01/39 дугаар Итгэмжлэл, 2021.01.07-ны өдрийн 29/95 дугаар Итгэмжлэл, 2018.09.07-ны өдрийн 10342 дугаар тус шүүхийн шүүгчийн захирамж, 2021.11.29-ний өдрийн 01/12242 дугаар Итгэмжлэл, 2022.01.10-ны өдрийн 29/362 дугаар Итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагч Империал кастел ХХК, Т.Мөнхбаяр нараас, 2020.10.05-ны өдрийн Итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.04.01-ний өдрийн Итгэмжлэл, 2021.06.10-ны өдрийн Итгэмжлэл, 2021.06.19-ний өдриийн 21/13 дугаар Итгэмжлэл, 2021.07.19-ний өдрийн Итгэмжлэл, 2022.06.02-ны өдрийн Итгэмжлэл, 2022.04.06-ны өдрийн Итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
2021.03.12-ны өдрийн 3107 дугаар захирамжаар тус шүүхийн тамгын газрын Хур системээс Империал кастел ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагааг нотлох баримт гаргуулахаар, 2021.03.16-ны өдрийн 3261 дугаар захирамжаар Хаан банк ХХК-аас Империал кастел ХХК-ийн зээлийн дансны хуулга, УБЕГ-аас Империал кастел ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хувийн мэдээллийг нотлох баримтаар гаргуулахаар, 2022.03.22-ны өдрийн 4518 дугаар захирамжаар УБЕГ-аас улсын бүртгэлийн Ү-2206018879 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион 91а/3 дугаар, 493 м.кв талбай бүхий хувийн сууцны дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахаар, 2022.04.28-ны өдрийн 7252 дугаар захирамжаар УБЕГ-аас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд жавзандамба гудамж, Империал хаус хотхон 91 байр, А1 тоот, 493 м.кв таунхаус, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд жавзандамба гудамж, Империал хаус хотхон 91 байр, А3 тоот, 49,3 м.кв таунхаусын түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа болон түүнтэй холбоотой баримтыг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэж шүүх түүнийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Н.Ганхуяг нь хариуцагч Хаан банк, Империал кастел, Т.Мөнхбаяр нарт холбогдуулан, тэдгээрийн хороонд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн БГ-14/123 дугаар барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр А1 тоот, 493 м2 таунхаус, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр АЗ тоот, 493 м2 таунхаусыг барьцаалсан нь хууль зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэх үндэслэлээр хэлцлийн зарим хэсэг буюу дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Мөнхгэрэл хамтран нэхэмжлэгчээр ажиллагаанд оролцон, нэхэмжлэгч нар ажиллагааны явцад 3 удаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрчилж, эцсийн байдлаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр А1 тоот, 493 м2 таунхаус, Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр АЗ тоот, 493 м2 таунхаусын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах гэж шаардлагаа тодорхойлон уг шаардлагаа дэмжин мэтгэлцэв.
3. Хариуцагч Империал кастел ХХК, Т.Мөнхбаяр нар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан. Харин хариуцагч Хаан банк ХХК нь маргааны зүйл болох хоёр үл хөдлөх эд хөрөнгө нь Өгөөмөр бор хужирт ХХК, Империал Кастель ХХК, Н.Батмагнай, Т.Мөнхбаяр нар 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хаан Банк ХХК-тай байгуулсан ЗГ-14/123 дугаартай зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир банк шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/10342 дугаар Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж гарч, барьцааны гэрээнд дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хариуцагч Империал кастел ХХК-ийн оноосон нэр Юу энд Эй Эм байсныг өөрчилсөн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба Юу энд Эй Эм ХХК болон Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл нарын хооронд 2011 оны 02 сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл нарын эзэмшлийн Нийслэлийн Засаг даргын 423 тоот захирамж бүхий 0310549 тоот гэрчилгээтэй газарт Юу энд Эй Эм ХХК нь 18 айлын амины орон сууцны хотхоныг барьж гүйцэтгэн ашиглалтад оруулах гэрээний хавсралтад заасан амины орон сууцыг Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл нарт газрын төлбөрт тооцон өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байна. /1-р хх-ийн 174-177/
Улмаар гэрээний оролцогч Империал кастел ХХК болон Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл нар нь 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ дуусгавар болгох дүгнэлт гэх баримтыг үйлдэн, гэрээнд заасны дагуу Империал кастел ХХК нь иргэн Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл нарын эзэмшлийн газрыг ашигласны төлбөрт нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө, бэлэн мөнгө шилжүүлэхээр тохирсны дотор маргаан бүхий Хан-Уул дүүргийн Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91-А1 тоот, 493 м2 таунхаус /2014 оны 06 сард/, Хан- Уул дүүргийн Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91-АЗ тоот, 493 м2 таунхаус /2014 оны 9-р сард/ нэхэмжлэгч нарт шилжүүлэх үүрэг хүлээжээ. /1-р хх-ийн 8/
Зохигчдын байгуулсан дээрх хэлцэл нь хэдийгээр хамтран ажиллах гэрээ нэртэй боловч энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нарын эзэмшлийн газарт барилга барьсан газрын төлбөрт тооцон нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхээр тохиролцсон тохиролцоо нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.
Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Хариуцагч Империал кастел ХХК, Т.Мөнхбаяр нар нэхэмжлэгч Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл нар өөрсдийн эзэмшлийн газрыг Империал Хаус СӨХ-д шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй тул нэхэмжлэгч нар гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
4.2. Нэхэмжлэгч Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Имериал кастел ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн Империал Хаус хотхоны 91 байр А1 тоот, 493 м2 таунхаус, мөн байрны АЗ тоот, 493 м2 таунхаусын улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах бичиг баримтыг бүртгэлийн байгууллагад шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Империал кастел ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний дотор гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/05409 дугаар шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нар өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох шаардлага гаргаагүй, уг шийдвэрээр нэхэмжлэгч нарын өмчлөх эрхтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй тул шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.
4.3. Хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч Өгөөмөр бор хужирт ХХК, Империал Кастел ХХК, Н.Батмагнай, Т.Мөнхбаяр нар нь Хаан Банк ХХК-иас ЗГ-14/123 дугаар зээлийн гэрээ гэрээний дагуу 2 800 000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стандион Оргил 99 тоот барилгын ажлын санхүүжилтийн зориулалтаар 15 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлэн авч тус зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн БГ-14/123 дугаартай барьцааны гэрээ байгуулж нэхэмжлэлд дурдсан маргааны зүйл болох хоёр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4.4. Хариуцагч Т.Мөнхбаяр нь Империал кастел ХХК-ийн захирлын хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.
Дээр дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч нар хариуцагч Империал кастел ХХК, Т.Мөнхбаяр нараас арилжааны гэрээний үүрэгт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр А1 тоот, 493 м2 таунхаус, Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр АЗ тоот, 493 м2 таунхаус буюу хоёр амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхтэй тул маргаж буй хоёр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчид өөрчлөгдсөн тухай бүртгэл хийхийг даалгахаар шийдвэрлэлээ.
Ипотекийн тухайд: Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт Бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг ипотек гэнэ гэж зааснаар ипотек нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө дээр олгогдож буй эд юмсын хязгаарлагдмал эрх юм. Өөрөөр хэлбэл барьцаалагдаж буй эд хөрөнгийн үүрэг нь өмчлөгчөө биш тухайн эд хөрөнгөө дагадаг. Үүрэг гүйцэтгэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байсан ч ипотек үгүй болдоггүй, шинэ өмчлөгчийн гарт очсон ч зээлийн баталгааныхаа хувьд үүрэг хүлээдэг.
Иймд нэхэмжлэгч Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл нарыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр А1 тоот, 493 м2 таунхаус, Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр АЗ тоот, 493 м2 таунхаус буюу хоёр амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь хариуцагч Хаан банк ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй нь дээр нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хаан банк ХХК нь хариуцвал зохих этгээд биш байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл нарын хариуцагч Империал кастел ХХК, Т.Мөнхбаяр нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр А1 тоот, 493 м2 таунхаус, Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, Империал Хаус хотхоны 91 байр АЗ тоот, 493 м2 таунхаус буюу хоёр амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчид өөрчлөгдсөн тухай бүртгэлийг хийхийг даалгасугай.
2. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ганхуяг, П.Мөнхгэрэл нарын хариуцагч Хаан банк ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Н.Ганхуягийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хаан банк ХХК, Империал кастел ХХК, Т.Мөнхбаяр нараас 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ