| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0219/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/208 |
| Огноо | 2017-08-14 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1738000000015 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Б-,
Шүүгдэгч Н.Б- нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Э.Б-ийг хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас цохиж түүний биед “тархины доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б- нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Э.Б-ийг хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас цохиж түүний биед “тархины доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Н.Э.Б-ийн “2017 оны 3 дугаар сарын 02-ны орой 21 цаг өнгөрч байхад ... Б- согтуу орж ирснээ манай дүү Намхайг зодох гээд дайраад байхаар нь би наад хүүхдээ зүгээр байлга гэж хэлсэн чинь миний урдаас янз бүрийн юм яриад байхаар нь гэрээс гар зайл гэсэн. Тэгтэл миний хэвтэж байсан орны урд ирж суухаар нь жудаггүй зан гаргалаа гэж хэлсэн. Гэтэл намайг хэлэх хэлэхгүй олон үгээр хэлж байсан. Би зайл гэсэн чинь миний зүүн талын шанаа руу гарынхаа араар цохьсон. Тэгэхэд манай нөхөр салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Б.Н-н “Б- ах А- ахынд буцаж орж ирээд Э.Б- эгчтэй хэрэлдэж байснаа гарынхаа ар талаар хацар руу нь алгадсан. Тэгэхээр нь би салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Т.А-, Н.М- нарын мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 408 дугаартай
1. Н.Э.Б-ийн биед тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Н.Э.Б-ийн биед учирсан тархины доргилт гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Н.Э.Б-ийн биед учирсан тархины доргилт бүхий гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Б- нь хохирогч Н.Э.Б-д мөрдөн байцаалтын явцад 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол төлж сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 38 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Н.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгийг буцаан хэрэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Хохирогч Н.Э.Б- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1738000000015 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Н.Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн 1738000000015 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН