Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/621

 

 

 

 

 

  2021            06            24                                         2021/ДШМ/621    

 

Ш.Ш-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүг  ийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Л.Галав,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/519 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Л-гийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.Ш-д холбогдох эрүүгийн 2106004290458 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш-,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 558 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 181 дүгээр зүйлийн 181.2.5, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт тус тус зааснаар  6 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан;

 

Ш.Ш- нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ямар нэгэн шалтгаангүйгээр Д.Л-гийн нүүр, толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шарнууд овогт Шинэтуяагийн Ш-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.0000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.Ш-д сануулж, Ш.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 151.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Л- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ш.Ш-эс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.Л- давж заалдах гомдолдоо: “...шүүхээс Ш.Ш-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж байгаа нь түүний үйлдсэн хэрэгт тохироогүй гэж үзэж байна. Учир нь, Ш.Ш- нь урьд хулгай, танхай, хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлж байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, миний эрүүл мэндэд учирсан гэм хорыг барагдуулаагүй байхад түүнд торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, учруулсан хохиролд тохирохгүй байна. Хэдийгээр мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардлаа бүрэн гаргаж өгч чадаагүй, цаашид 2.500.000 төгрөгөөр хамар тэгшлэх хагалгаанд орох, хугарсан шүдээ янзлуулах шаардлагатай. Тухайн хагалгаа нь 6 сарын дараа хийгдэх байсан учраас баримт гаргаж өгч чадаагүй. Гэтэл энэ хүн зөв зүгээр явж байсан надад ийм хэмжээний хохирол учруулчихаад байхад шүүх дээрх үйлдэлд нь тохирсон ял шийтгэл оногдуулаагүй гэж үзэж байна. Хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломж байсаар байтал хөнгөн ял болох торгох ял оногдуулсан нь анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй буюу ял хөнгөдсөн гэж үзэж байна Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж түүнд тохирсон ял шийтгэлийг оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. ...” гэжээ.

 

Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ш.Ш- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэсэн хуул зөрчөөгүй. Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 151.000 төгрөгийн баримтыг гаргаж өгснийг шүүгдэгч төлж барагдуулсан. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад хохирогч Д.Л- гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Ш.Ш- нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ямар нэгэн шалтгаангүйгээр Д.Л-гийн нүүр, толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогч Д.Л-гийн “...Шижирээ гэх залуу согтуу хүрч ирээд миний гэдэс рүү гараараа хатгаад “юу хийгээд зогсоод байгаа юм, надаас асуугаач” гэх зэргээр согтуурхаад байхаар нь би “хөгшөөн чи цаашаа яв, би ахаас юм асууж байна” гэхэд миний нүүр лүү баруун гараараа нэг удаа тохойлдсон чинь хамраас цус гараад доошоо тонгойх үед дээрээс дагз хэсэг рүү 1-2 удаа цохих шиг болсон. ...Миний хамар хугарсан, үүдэн нэг шүд эмтэрчихсэн. ...” /хх 8-9/,

Ш.Ш-н яллагдагчаар өгсөн “...Л- бид хоёр маргалдаад намайг араас тэврээд “машиндаа суу, одоо боль” гэхээр нь би “тавь” гэж хэлээд эргэж хараад тохойгоороо нүүр лүү цохьчихсон юм. ...” /хх 34/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Д.Л-гийн биед хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 885 дугаартай дүгнэлт /хх 16-17/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Ш-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримтыг тогтоож, энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусган, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ш.Ш-ийн хохирогч Д.Л-гийн нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Ш-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд заасан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч Д.Л-гийн ял шийтгэл хөнгөдсөн талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, хохирогч Д.Л-д 150.000 төгрөг төлснийг дурдаж, тооцоолох боломжгүй /цаашид гарах эмчилгээний зардал/ хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Л-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/519 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Л-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН