Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0105

 

 

 

 

 

 

   2023          01          30                                     128/ШШ2023/0105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: хяналтын прокурор Б.С*******

Хариуцагч: улсын байцаагч Б.Т*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нарын хоорондын  “ улсын байцаагч Б.Т*******ы 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч хяналтын прокурор Б.С*******, хариуцагч улсын байцаагч Б.Т*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дүгнэлт гаргагч хяналтын прокурор Б.С******* нь улсын байцаагч Б.Т*******д холбогдуулан “ улсын байцаагч Б.Т*******ы 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлт гаргасан байна.

2. даргын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар баталсан удирдамжийн дагуу тус хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч Б.Т******* нь Т******* ББСБ ХХК-д газар дээрх шалгалтыг хийжээ.

3. Уг шалгалтаар Т******* ББСБ ХХК-ийн зээлийн эдийн засагч Ц.М******* холбогдох зөрчлийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, 0 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу Ц.М******* 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

4. Дүгнэлт гаргагч хяналтын прокурор Б.С******* нь Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн маргаан бүхий актыг эс зөвшөөрч, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчилд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль бус гэж үзэж дүгнэлт бичиж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай дүгнэлтийг бичиж 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

5. Дүгнэлт гаргагч хяналтын прокурор Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... улсын байцаагч Б.Т*******ы ажиллагаа явуулсан дугаартай гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан зөрчлийн материал үндэслэлгүй байгаа учраас эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт гаргасан. Холбогдогч Т******* ББСБ нь 2021 онд 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй нийт 40 удаагийн бэлэн орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн талаар Санхүү мэдээллийн албанд мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд холбогдуулан шалгаж тогтоосон баримтад үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 0 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэдийгээр “Т*******” ББСБ нь 2021 онд 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй нийт 40 удаагийн бэлэн мөнгөний орлого зарлагын гүйлгээ хийгдсэн талаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүргээ биелүүлээгүй болох нь материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон боловч Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчилд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.18  дахь хэсэгт заасан Монгол банкны хянан шалгах ёстой байсныг байцаагч шалгаж зөрчил шалгах харьяаллыг зөрчсөн байна. Иймд улсын байцаагч Б.Т*******ы 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 0 дугаартай шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн” гэв.

6. Хариуцагч улсын байцаагч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар баталсан удирдамжийн дагуу Т байрлах “Т*******” ББСБ-д газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу шалган үзэхэд 2021 онд хийгдсэн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 19 удаагийн нийт 595,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээг Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлээгүй байсан тул илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу “Т*******” ББСБ-ын зээлийн эдийн засагч Б.М******* 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийг ногдуулж, шийтгэл оногдуулсан. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Монгол банк, энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7, 4.1.8, 4.1.10-т заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Санхүүгийн зохицуулах хороо, энэ хуулийн 4.1.9-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчийн танхим, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох Институт, Санхүүгийн мэдээллийн алба болон тухайн төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих эрх бүхий байгууллага эрсдэлд суурилсан хэлбэрээр тус тус хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу хэрэгжилтийг хангуулахаар ажилласан боловч Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.18  дахь хэсэгт заасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх харьяалал хамаарахгүй болохыг тухайн үед сайн нягтлаагүйн улмаас энэ заалтыг хэрэглэсэн байгаа” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдогчийг торгох гол үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд заасан гүйлгээний талаар мэдээлэх, хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул торгосон. Энэ зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2 болон 21 дэх хэсэг дээр аль алин дээр нь байдаг. Гол нь харьяалан шийдвэрлэх зөрчил бол Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 20 дахь хэсэгт байдаг. Монгол банкны харьяалан шийдвэрлэх нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг дээр тус тусдаа байдаг. Яг адилхан шалган шийдвэрлэдэг, яг адилхан зөрчил гэж үзэж байна. эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсгийг 20 дахь хэсэг болгож өөрчлөх хүсэлтийг гаргаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичих хуулийн зохицуулалттай. Холбогдогчийн газар дээрх хяналт шалгалт хийгээд холбогдох арга хэмжээг аваад торгууль төлөгдөөд бүх процесс дууссан учраас эргээд энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор холбогдогчийн дансанд буцааж байршуулаад эсхүл харьяаллын дагуу Монгол банканд шилжүүлээд шийтгэлийн хуудсаа өөрчлөөд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар торгох саналтай байна.

Торгуулийн арга хэмжээ болон бусдад учруулсан хохирлын хэмжээ нь 11.29 дүгээр зүйлийн 20, 21 дэх хэсэгт харилцан адилгүй байгаа юм. Хэрвээ 11.29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болоход дахин шийтгэлийн хуудас үйлдэгдэх боломжтой байгаа юм. Холбогдогчийн зүгээс шүүхэд гомдол гаргаад шүүхээс хэрхэн яаж шийдвэрлэх талаар эсхүл, актын биелэлтийг түдгэлзүүлэх талаар мөн шинээр илэрсэн нөхцөл байдал гээд үйл ажиллагаа хийх боломж байдаг. Энэ тохиолдолд шийтгэлийн хуудсыг өөрчлөх боломжтой гэж үзвэл холбогдогчийн хөрөнгийг битүүмжлэх, улмаар бусдад учирсан хохирлын хэмжээг тодорхойлох нэмэлт ажиллагаа хийгдэхээр байна. Гэхдээ холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан биш, ерөнхийдөө тухайн хуульд заасан холбогдох арга хэмжээг л авч байгаа гэж ойлгох нь зүйтэй байх гэж үзэж байна” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. хяналтын прокурор Б.С*******ы “ улсын байцаагч Б.Т*******ы 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар шүүхэд хандсан дүгнэлтийг дараах үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэв.

2. даргын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тай тушаалаар банк бус санхүүгийн байгууллагад газар дээрх хэсэгчилсэн шалгалт явуулахаар шийдвэрлэж, улсын байцаагч Б.Т******* Т******* ББСБ ХХК-ийн үйл ажиллагаанд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу шалгалт явуулж 2021 онд хийгдсэн 20,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй 19 удаагийн, нийт 595,500,000 төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээг Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлээгүй гэх зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу тус компанийн зээлийн эдийн засагч Ц.М*******ыг 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан байна.

3. Дүгнэлт гаргагчаас “Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчилд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль бус” гэж, хариуцагчаас “Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.18 дахь хэсэгт заасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх харьяалал хамаарахгүй болохыг тухайн үед мэдээгүй, сайн нягтлаагүйн улмаас энэ заалтыг хэрэглэсэн, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 20 дахь хэсэг гэж өөрчлөх боломжтой” гэж маргажээ.

4. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Хуульд заасан харилцагчийг таньж мэдэх, тусгайлан хяналт тавих, гүйлгээний талаар мэдээлэх, харилцагчийн талаарх баримт материалыг хадгалахтай холбоотой үүргийг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, мөн хуулийн 11.29 дүгээр зүйлийн 20 дахь хэсэгт “Гүйлгээний талаар мэдээлэх, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл, хөрөнгө битүүмжлэх, түдгэлзүүлэхтэй холбоотой хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн дахь хэсгийн 6.18 дахь хэсэгт “ хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн ...11.29 дүгээр зүйлийн ...20 дахь хэсэгт, ... заасан зөрчил” гэж зааснаас үзвэл хариуцагч улсын байцаагчийн “...шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохгүйгээр зөвтгөх боломжтой” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.  

5. Учир нь Т******* ББСБ ХХК нь 2021 онд 20,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй нийт 40 удаагийн бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн талаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэдэгт талууд маргахгүй байгаа хэдий ч Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчилд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.18 дахь хэсэгт заасан зөрчил шалгах харьяаллыг зөрчсөн гэх прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

6. Мөн улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогчийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг өөрчлөх хууль, эрх зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхээс иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргах эрхгүй болно.

7. Өөрөөр хэлбэл шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг зөвтгөх буюу   Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 20 дахь хэсэг гэж өөрчлөх боломжгүй, зөвтгөх хуулийн заалтууд нь өөр өөр шийтгэл оногдуулахаар заасан байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.18, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт  заасныг  баримтлан хяналтын прокурор Б.С*******ы 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай дүгнэлтийг хүлээн авч, улсын байцаагч Б.Т*******ы 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 133.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ