Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00497

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/03798 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МЗ-д холбогдох,

 

Сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулж, үндсэн цалингаас суутгасан 563 520 төгрөг гаргуулах, ээлжийн амралтаас цалингүйгээр ажлуулсан өдрийг хуульд нийцүүлэн олгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Сахилгын шийтгэл 2018.01.08-ны ногдуулсныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хөдөлмөрийн гэрээг цуцалж 2018.07.09-ний өдөр ажлаас халсан. Б2/7 тоот тушаалд албан тушаалаа ашиглаж ажилтнуудад хөнгөлөлт үзүүлсэн, өөртөө цалин бодуулсан нь барилгын хэлтсийн төлөвлөгөөт хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзсэн. Хөнгөлөлтийг олгохдоо тухайн ажилчдын ажилласан жилийг харгалзаж үздэг. Тус хөнгөлөлтийг олгохдоо Х.Б ажилтнуудын судалгааг гаргасан. Ажилчид өөрсдийн ажилласан жилийг нотолж батлуулсан. Барилгын хэлтсийн хяналтын тайланд Г,Т, Батболд, Т гэсэн ажилчдыг тус бүр 16, 17, 19, 16 жил ажилласан нь үнэн болохыг тогтоосон. Иймд Х.Бд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Уг тайлан нь дотоод аудит хяналт шалгалтын дүгнэлттэй зөрчилдөөнтэй байхад сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Х.Б нь өөртөө цалин боддог ажил албан тушаалтай хүн биш. Гэрч Б нь 11, 12 сард Х.Б ажиллаж байсныг гэрчилсэн. Х.Б өөртөө илүү цалин олгоогүй, ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй өнөөг хүртэл хохирч байна. Х.Бтэй холбоотой асуудлыг 2017.11.30-ны өдөр аудитын байгууллага тогтоосон юм бол 2018.01.08-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж буй нь хуульд заасан хугацааг илэрхий хэтрүүлсэн. 2018.07.09-ны өдрийн Б2/177 дугаар ажлаас халсан тушаалын эрх зүйн үндэслэлд   удаан хугацааны захиргааны чөлөө авсан ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хориглосон тухай Замын даргын 2017.03.03-ны өдрийн А86 тоот тушаалыг зөрчсөн талаар дурдсан. Нягтлан бодогч  нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүрэгтэй холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулсан. Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн дотоод журмын 3.4.2-т зааснаар Х.Бд хариуцуулсан аливаа тэмдэг байхгүй. Одоо энэ тэмдэг нь олдсон, байгууллага дээр байгаа. Шинээр томилогдсон хүний нөөцийн менежер Байгалмаа нь програм хэвийн ажиллаж байгаа талаар хэлсэн. Харин цаг бүртгэлийн програм нь Х.Бийн нүүр болон хурууны хээг таньдаг. Х.Б нь өөрийн нүүр, хурууны хээг үлдээж явах боломжгүй юм. Үүнээс болж энэ байгууллагын эрх ашиг хохирсон, зөрчигдсөн зүйл байхгүй. Удирдах ажилтнуудыг тухайн байгууллагын хүний нөөц бүртгэдэггүй. Эдгээр ажилчдын хувийн хэрэг нь хүний нөөцийн албанд байдаг тул үүнийг гаргаж өгөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Хариуцагчийн эрх ашиг зөрчигдсөн, хохирсон зүйл байхгүй гэжээ.

 

Хариуцагч М Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дотоод журмын 3.1.2-т хүний нөөцийн менежер ямар үүрэгтэй болохыг зааж өгсөн. Тушаал гаргахдаа шийдвэрийн төсөл боловсруулж даргад танилцуулдаг. Мөн 6.8, 7.4, 7.5 зэрэг зүйл заалтуудыг хүний нөөцийн менежер зөрчсөн нь шалгалтын актаар тогтоогдсон. Мөн ажлын байрны тодорхойлолтын 8.6, 8.10-т заасан үүргийг зөрчиж,урт хугацааны захиргааны чөлөө олгохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага хариуцахаар заасантай холбоотойгоор байгууллагад 3 160 000 төгрөгийн хохирол учруулсан нь шалгалтын актад тусгагдсан. Урт хугацааны захиргааны чөлөөтэй болон тус байгууллагад ажиллахгүй байгаа хүмүүсийн ажлын байрыг хадгалах үүрэгтэй болохоос нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх үүрэггүй юм. Энэ тухай холбогдох баримтыг бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас авсан, тус албан бичиг хэрэгт байгаа. Ажлын байрны тодорхойлолтын 8.6, 8.10,хөдөлмөрийн дотоод журмын 6.8, 7.4, 7.5.д-д зааснаар ажилтнуудын цагийн бүртгэлд хяналт тавих нь хүний нөөцийн менежерийн ажил үүрэгт хамаардаг. Гэтэл шалгалтаар цалингийн бүртгэлд маш олон ажилтанд захиргааны чөлөө олгосон байгаа ч тушаал нь байхгүй байдаг. Хөдөлмөрийн дотоод журмаар 1 хоногийн чөлөөг хэсгийн мастер, 2 хоногоос дээш хугацааны чөлөөг байгууллагын даргын тушаалаар олгохоор заасан. 2017 оны 03 сард 14 ажилтанд 4-21 хоногийн захиргааны чөлөө олгосон гэж ирцийн бүртгэлд байгаа ч тушаал нь байхгүй, 5 сард 3 ажилтанд, 6 сард 3 ажилтанд 3-10 хоногийн, 7 сард 5 ажилтанд 5-16 хоногийн, 8 сард 5-14 хоногийн захиргааны чөлөөг тушаалгүй олгосон байдаг. Ажилтнуудаас тодруулахад чөлөө хүссэн ажилчид хүний нөөцийн менежерт хүсэлтээ өгсөн ч тушаал гаргаж өгөөгүй гэдэг. Барилгын хэлтэст 2017 оны 11 сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд шалгалт хийхдээ байгаа баримтын хүрээнд буюу тасралтгүй ажилласан ажилтнуудын жагсаалт болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх ажилчдын жагсаалтыг тулгаж үзсэн. Үүнд 9, 11 жил гэж заасан ч удирдах газарт явуулсан хөнгөлөлтийн жагсаалтад бүгдийг нь 15 жилээс дээш болгож бичсэн байсан. Энэ нь тушаал шийдвэр, жагсаалт, судалгаагаа худлаа гаргасан нь тогтоогдож байгаа юм.2017 оны 01 сарын 20-ны өдрийн 32 дугаар тушаалд төмөр замд тасралтгүй ажилласан ажилтанд нэмэгдэл олгох жагсаалтад нэр бүхий 4 ажилтны ажилласан жил нь өөрөөр тусгагдсан байна. 2017 оны 06 сарын 27-ны өдөр тасралтгүй ажилласан жилийг шинэчлэн гаргахдаа өөрчлөлт хийгээгүй байна. Үүнийг журмын дагуу хүний нөөцийн менежер гаргаж, түүний гаргасан жагсаалтын дагуу аливаа хөнгөлөлт урамшуулалыг олгодог. 2017 оны 01 сарын 20-ны өдөр ажилласан жилийн жагсаалтаа шинэчлээгүй вэ, яагаад 2017 оны 04 сард гаргасан жагсаалтын дагуу 2017 оны 06 сарын 27-ны өдрийн жагсаалтдаа өөрчлөлт оруулаагүй байгаа юм бэ? Энэ тушаалын ард боловсруулсан гэж Х.Б гарын үсгээ зурсан байна. Нэхэмжлэгч нь жагсаалтыг хуурамчаар гаргасан болохыг тогтоож актад тусгасан.Я.Э, Г.Э нарын нэрийг сольсон тухайд 2016 оны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн баримтад Э гэдэг хүн байхгүй. Нэхэмжлэгч өөрөө цагийн бүртгэлд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан учраас дураараа засвар хийж, өөрчилсөн. 1 дүгээр хавтаст хэргийн 41-112 дугаар талд байгаа ирцийн бүртгэлийн хуудас нь хаанаас яаж гаргасан, юуг нотолсон баримт болох нь тодорхойгүй байна. 2017 оны 03 сараас хойш хурууны хээгээр бүртгэлийн төхөөрөмж эвдэрсэн тул цалингийн бодогч өөрөө гараар бүртгэл хөтөлж байгаа. Мөн  ажилтны цагийн бүртгэлд хүний нөөцийн менежер хяналт тавьдаггүй, хурууны хээгээр бүртгэдэг төхөөрөмж нь 2-3 жилийн өмнө суурилуулсан боловч боловсон хүчний компьютерийн програм эвдэрсэн шалтгаанаар 2017 оны 05 сараас хойш төхөөрөмж ажлаагүй, 1,2,3 сарын ажилчдын цагийн бүртгэлийг хүний нөөцийн менежер компьютерээс хэвлэж авсан,өглөө бүртгүүлээгүй, зарим нь орой бүртгүүлээгүй, зарим ажилчид 8 цагаас хойш ажилдаа ирсэн байхад анализ хийгээгүй гэж актад дурдсан. Шалгалт ирэхэд цагийн бүртгэлийн програм эвдэрсэн гэж шалгуулдаггүй атал шүүхэд компьютерээс хэвлэж гаргаж өгсөн байгаа нь эргэлзээтэй. Хамтын гэрээний 4.4-т хэрэв ажилтанг ээлжийн амралттай үед зайлшгүй ажиллуулах шаардлагатай бол байгууллага салбар нэгжийн даргын тушаалаар ажилд нь дуудаж оруулна. Ээлжийн амралтын дутуу хоногийг тухайн жилд багтаан хүссэн хугацаанд нь биеэр эдлүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч ээлжийн амралттай байхдаа ажилласан гэж байгаа тохиолдолд ажилд нь дуудсан тушаал шийдвэр байгаа эсэхийг шалгахад тийм зүйл байгаагүй. Ээлжийн амралтын олговор авсан байж давхар цалин авч байгаа нь төсвийн хэтрэлт үүсгэж зөрчил гаргасан. Шалгалтын хугацаанд 10 хүнд 45 хоног нэмж амрах тушаал гаргаж байсан. Анх тушаал гаргахдаа хоногийг нь гүйцэт олгохгүй ажилтнуудыг хохироож байгаа нь нэхэмжлэгчийг ажил үүрэгтээ хариуцлагагүй байгааг нотолж байна. Дээрх зөрчлүүдийг гаргасан нь шалгалтын акт болон 2017 оны 12 сарын 12-ны өдрийн шуурхай хуралдаанд хэлэлцэгдсэн тул нэхэмжлэгч Х.Бд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Дээрх зөрчил нэг удаагийнх бус удаа дараа гарсан байсан. Зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан.Дотоод аудит хяналтын албаны шалгалт нь ажилтнуудаас нэргүй гомдол ирсэн тул шалгалт хийсэн. Шалгалтын дүгнэлтэд ажилчдын ажилласан жилийг буруу тооцож гаргасан нь нэхэмжлэгчийн зөрчлийг давхар тогтоосон. Хурлын шийдвэрийн 1 дэхь заалтад барилгын хэлтсээс өгсөн акт зөвлөмжийн дагуу ангийн захиргаанд ажил сайжруулах 3 сарын хугацаатай үүрэг өгч 2018 оны 04 сард барилгын хэлтсээс биелэлтийг нь шалгах зорилгоор дотоод хяналт шалгалт хийж дахин танилцуулах үүрэг өгсөн. Үүний дагуу 2018 оны 06 сард шалгалт хийхэд өмнөх зөрчил дахин давтагдсан байсан. Хурлаас гарсан 56 зөвлөмжид ажилтнуудад захиргааны чөлөөг замбараагүй олгохыг таслан зогсоож, Замын даргын тушаалыг хэрэгжүүл гэж үүрэг чиглэл өгсөн атал 2018 оны 02 сарын 06-ны өдөр 81 дугаар тушаалаар Соёлын ордны уран сайханч Баянмөнхөд 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 сарын 01-ны өдөр хүртэл, 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 130 дугаар тушаалаар ахлах нягтлан бодогч Б.Эд 2018 оны 03 сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 сарын  26-ны өдөр хүртэл захиргааны чөлөөг тус тус олгож тухайн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөхөөр заасан байсан. Тушаалыг хууль зүйн үндэслэлтэй, удирдлагад танилцуулсны үндсэн дээр боловсруулна гэж заасанг зөрчиж удаа дараа дээрх зөрчлийг гаргасан нь давтан зөрчил бөгөөд Х.Б нь ажил үүрэгтээ тэнцэхгүй байна гэж ажил олгогч үзэж 2018 оны 07 сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцласан. Тушаалд давтан зөрчил гаргасан тухай тодорхой заасан байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч ажил үүргээ зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй, удирдах албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолт байхгүй нь тогтоогдсон.  Нэхэмжлэгч тамга, тэмдэг олдсон гэж байна. Шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахад буюу 2018 оны 09 сарын 17-ны өдөр тамга, тэмдэг олдоогүй байсан нь албан  бичгээр тогтоогддог. Удирдах албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолтыг хүлээлгэж өгөөгүй эх хувиар нь авч явсан болох нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт буюу 2 дугаар хавтаст хэргийн 122-132 дугаар талд авагдсан эх баримтаар тогтоогдсон. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Цагдаад хандсаны дараа тамга, тэмдэг архив дотор баримтан дундаас олдсон.Цагийн бүртгэлийн програм нэхэмжлэгчийн нүүрийг таньдаг тухайд ажлаа хүлээлгэж өгөхдөө кодыг нь тайлж өгөөгүйгээс бид 15 хоногийн өмнө л хувийн журмаар янзлуулж хэвийн ажиллуулсан. Ажлын байрны тодорхойлолтыг эх хувиар нь гаргаж өгөх шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М Уын даргын Х.Бд сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 01 сарын 08-ны өдрийн Б-//-07 тоот тушаалыг хүчингүйд тооцож, хариуцагчаас үндсэн цалингаас суутгасан цалингийн зөрүү 563.520 төгрөг гаргуулан гомдол гаргагч Х.Бд олгож, ээлжийн амралтаас эдлээгүй үлдсэн амралтын хоногийг нөхөн эдлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар гомдол гаргагч Х.Бийг М Уын Барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангийн хүний нөөцийн менежерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт хариуцагчаас 5.347.100 төгрөг гаргуулан Х.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Х.Бийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Гомдол гаргагч Х.Бд холбогдуулан гаргасан хариуцагч М Уын баримт гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Х.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17 556 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 17 556 төгрөг гаргуулан гомдол гаргагч Х.Бд, 100 503 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь бодитойгоор үнэлээгүй. Шалгалтын тайланд "...Жагсаалтыг хянахдаа залруулаагүйн улмаас Гонгорын  Э,  Ядамжавын Э нарын овог нэр солигдож тэтгэмж олгосон зөрчил байна. Энэ зөрчлөө хүний нөөцийн менежер 12 дугаар сард олж мэдсэн боловч залруулагдаагүй байна. Энэ асуудалтай холбоотойгоор цалин хөлсний тооцоололд удаан жилийн нэмэгдлийн хувь буруу олгогдож байгаа зөрчил байна. /2-хх-26/ гэж нэхэмжлэгчийн зөрчлүүдийг тодорхой заасан. Эдгээр зөрчлүүдэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Ажилтнуудын ажилласан жил хавтаст хэрэгт авагдсан баримтуудад 3 өөр янзаар бүртгэгдсэн зөрчилтэй байхад шүүх аль баримтыг нь, ямар үндэслэлээр эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үнэлж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.Төлбөр мөнгө олгох үндэслэл болсон ажилтнуудын ажилласан жилийг тогтоосон жагсаалт нь бүгд зөрүүтэй, нэхэмжлэгчийн судалгаа,шалгалтын тайланд тусгагдсан ажилтнуудын ажилласан жилүүд  өөр өөр гарсан байгаад шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Албан ёсоор гаргасан, батлагдсан жагсаалтыг хариуцагч байгууллага үндэслэн зөрчил гаргасан гэж үзсэн.  Х.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хөнгөлөлт олгох ажилтнуудын жагсаалтыг явуулахдаа тухайн үед үйлчилж байсан 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 32 тоот тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтад тухайн ажилтнуудын ажилласан жилийг зааснаас нэмэгдүүлэн гаргасан байсан. 2017 оны 6 сарын 27-ны өдийн 224 тоот тушаалаар ажилласан жилийг шинэчлэн батлахад тухайн ажилтнуудын ажилласан жил нь өөрчлөгдөөгүй байсан. Тасралтгүй ажилласан жилийн жагсаалтыг дахин шинэчлэн батлахдаа өөрчлөлт оруулаагүйд шүүх дүгнэлт өгөөгүйд гомдолтой. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд шалгалтын акт, тайланд дурдагдсан зөрчлүүд нь үргэлжилсэн үйлдлүүд байдаг.Шалгалтын мөрөөр өгсөн үүргийн биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангуулахаар 2018 оны 06 дугаар сарын 20-22 ны өдрүүдэд шалгалт хийхэд  зөрчлийг давтан гаргасант нь шалгалтаар тогтоогдсон. Шуурхай  хурлын тэмдэглэл, хөдөлмөрийн гэрээний 5.3.9 дэх заалт, ажлын байрны тодорхойлолтын 8, 10 дах заалт, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хүний нөөцийн албанын орлогч даргын баталсан удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтын акт зэрэг баримтуудыг үндэслэн хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр Х.Бийн хөдөлмөриин гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч М Уд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулж, цалингаас суутгасан 563 520 төгрөгийг буцаан гаргуулах, ээлжийн амралтаас эдлээгүй үлдсэн амралтыг эдлүүлэх, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. / 1хх 1-4, 150-156, 2хх-69, 219-224 /

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж, М Уын Барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангид хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад хариуцагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/07 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон. /1хх-7, 1хх-34, 2хх-70/

 

Талууд сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халсан тушаал үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байна.

 

Нэхэмжлэгчийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б-//-07 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, У нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а” заалт, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажилтнуудад үндэслэлгүйгээр хөнгөлөлт үзүүлсэн, өөртөө илүү цалин бодуулсан гэж буруутгасан. /2хх-133/

 

Анхан шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Барилга ашиглалт үйлчилгээний 2 ангид хийсэн шалгалтын тайлан, мөн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 88/379 тоот Барилга ашиглалт үйлчилгээний 2 ангийн даргын тодорхойлолт, мөн даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 335 тоот ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулах тухай тушаал, гэрч Д.Бгийн мэдүүлэг зэргийг харьцуулан үнэлж Х.Бийн гаргасан гэх зөрчил нотлогдохгүй байгаа талаар дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /1хх-129,187-207, 194,201, 208-222/

 

Дээрх баримтуудаар Х.Б нь 2017 оны 08 дугаар сард бүтэн ажилласан, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Барилга ашиглалт үйлчилгээний 2 ангид хийсэн хэсэгчилсэн шалгалтын тайлангаар нэр бүхий ажилтнуудын ажилласан хугацаа 15 жилээс дээш болох нь тогтоогджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохоор заасан тул нэхэмжлэгчийг өөртөө үндэслэлгүйгээр илүү цалин бодуулан авсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. /2хх 9,26/

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн төлөвлөгөөт хяналт шалгалтын актаар илрүүлсэн атлаа 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэнтэй нийцэхгүй болжээ.

 

Түүнчлэн ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ удаан хугацааны захиргааны чөлөө авсан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хориглосон Замын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А-86 тоот тушаалыг зөрчсөн нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Барилгын хэлтсийн төлөвлөгөөт хяналт шалгалтын актаар илэрч, зөрчлийг засах, дахин төлөхгүй байх үүрэг өгсөн байтал хэрэгжүүлэлгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, ажлын байрны тодорхойлолтын 8.6, 8.10, хөдөлмөрийн гэрээний 4.3-т заасан үүргээ биелүүлээгүй, захиргааны чөлөөтэй ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлөх тушаалыг боловсруулж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж тодорхойлсон ч энэ нь эргэлзээгүй нотлох баримтаар тогтоогдохгүй байна. \2хх-70 \

 

Цалингүй чөлөө авсан ажилтнуудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бодож нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэх тухай байгууллагын дотооддоо гаргасан дүрэм журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн тооцоог бодох нь нягтлан бодогчийн үүрэг бөгөөд үүнийг хүний нөөцийн менежертэй холбон тайлбарлаж буй нь эргэлзээтэй юм. \ 2хх-125, 160\

 

Иймд Х.Б нь ажил үүргийн хувиарын хувьд ажилтан албан хаагчдад цалингүй чөлөө олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог бодох, үүрэг өгөх, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. \2хх 74-78/

 

Нэхэмжлэгч Х.Бийн гаргасан гэх зөрчил нотлогдоогүй, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэхгүй болжээ. \2хх 80-82\ Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг  анхан шатны шүүхээс 5 347 100 төгрөгөөр тодорхойлсон нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох” журамд заасантай нийцжээ.

 

Талууд дардас хариуцагчийн эзэмшилд байгаа, хүний нөөцийн программ болон цагийн бүртгэлийн цахим программууд ажиллагаатай байгаа талаар тайлбарласан. Нэхэмжлэгчийн ажилтнуудын хувийн хэрэг, ажлын байрны тодорхойлолтуудыг хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй байна. Иймд шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан “ нотлох баримтыг бүрэн харьцуулан дүгнээгүй” гэх гомдлыг хангахгүй орхив.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үг үсэг, найруулга зүйн алдаатай байгаа нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль зүйн техникийн шаардлагыг зөрчсөн байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/03798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД