2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1919

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Дашдолгор,

Улсын яллагч: Д.Рэгзэдмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** овогт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000788 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ***ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл хугацаанд борлуулагчаар ажиллахдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүний борлуулсан орлогоос 26.784.196 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд: “...Шүүх шинжилгээний дүгнэлтээр 26,784,196 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт гарсан. Харин манайх өргөдөл гаргахдаа 27,745,850 төгрөг хэмээн гаргасан. Уг хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй. Анх бол ***тэй уулзах гээд гэрт нь очиход нүүсэн байсан. Байгууллага дээр ирж уулзан хохирол төлбөрөө төлөхөө тохиролцож, график байгуулсан бол цагдаагийн байгууллагад хандах шаардлага байхгүй байсан. Хохирол одоог хүртэл төлөгдөөгүй байгаа учир бид шүүх шинжилгээний дүгнэлтээр гарсан 26,784,196 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн аудитын дүгнэлт хийлгэсэн 2,800,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна” гэв.

Хохирогчийн     хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*** нь анх 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай компанид борлуулагчаар ажилд орох хүсэлт гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Манай компанийн борлуулагч нарын хувьд харилцагч иргэд болон байгууллагад өдөр бүр бараа нийлүүлж төлбөрөө тухайн өдөртөө заавал авдаг. Мөн сар бүрийн эцэст тооцоогоо нягтлантайгаа нийлж дараагийн сардаа ямар нэгэн өр, дутагдалгүй ордог. Гэвч *** нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 28,407,340 төгрөгийн өр дутагдал гаргасан байна. 2023 оны 02 дугаар сар гэдэг бол Цагаан сарын баяр тохиолддогоороо онцлог бөгөөд энэ сард борлуулагч нар хэвийн боовны түгээлт давхар хийдэг. Харин хэвийн боовны төлбөрийг 03 дугаар сарын эхээр хийх хугацаа өгдөг учраас *** нь тухайн мөнгийг өөр зүйлд ашигласан байна. *** нь тооцоо нийлсэн акт дээр ямар нэгэн зүйлд байршуулаад буцаагаад төлнө гэж гэж бодож байсан боловч миний буруу байсан байна гэж бичсэн нь компанийн мөнгийг өөр зүйлд ашигласнаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Өнөөдрийг хүртэл бүтэн жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах чиглэлээр ямар нэгэн идэвхтэй ажил хийгээгүй тул компанид учирсан хохирлыг барагдуулж холбогдох хуулийн дагуу шалгуулахаар хандсан юм... манай байгууллага нь талх, нарийн боовны мөнгийг өдөр өдөрт нь мөнгөө аваад бараагаа нийлүүлдэг. Харин хэвийн боовыг байгууллагуудад зээлээр өгч 1 сарын дараа мөнгийг нь авдаг. Буцаалтыг сардаа 1 удаа авдаг бөгөөд ер нь хугацаа дууссан тохиолдолд буцаалтаар авдаг. Буцалтаар авахдаа тодорхой хэмжээний лимит буюу хэмжээ тогтоосон байдаг. Талхан дээр буцаалт огт авдаггүй бөгөөд нарийн боов, хэвийн боовонд өгсөн барааны 0.6 хувиар буцаалт авдаг. ...Манай байгууллагын зүгээс Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0040125/075 дугаартай дүгнэлтэд заасан 26,874,196 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтэд заасан мөнгө болон өмнө нь аудитын дүгнэлт гаргуулсан 2.800.000 төгрөгийг яллагдагчаас нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 216-218, 2-н 38/,

Гэрч Ц.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Гэрээт бус бэлэнгийн дэлгүүрүүдэд бараа материал тоо ширхгээр тэр дороо мөнгийг тооцож авах ёстой. Харин гэрээт буюу падаанаар бараа авдаг дэлгүүрүүдийн мөнгийг борлуулагч авдаггүй. Харин байгууллагын авлагын нягтлан бодогч авдаг. Манай байгууллага тухайн үед зарагдаагүй хугацаа дууссан барааг ч байсан буцаалтаар шууд авдаг. Ямар нэгэн байдлаар хугацаа дууссан барааг лимит хэтэрсэн тохиолдолд авахгүй. Борлуулагчаар тухайн барааны мөнгийг төлүүлэх асуудал огт байхгүй. Миний бие борлуулалтын нягтлан хийж байхдаа хугацаа дууссан барааг шууд буцаалтаар шууд авдаг байсан. Тухайн барааны хугацаа дуусан дэлгүүр нь бараагаа буцаасан тохиолдолд тухайн хугацаа дууссан барааны оронд хугацаа дуусаагүй бараа авна гэвэл барааг нь өгдөг. Харин мөнгийг нь авъя гэвэл мөнгийг нь өгдөг юм. Тийм учраас хугацаа дууссан барааг байгууллага авахгүй борлуулагчийн өр зээлд тооцон төлүүлдэг асуудал огт байхгүй. Тухайн борлуулж буй газар нь бэлнээр эсхүл дансаар алинаар нь боломжтой байна тэр байдлаар борлуулагч авдаг бөгөөд дансаар өгсөн тохиолдолд шууд байгууллагын данс руу авдаггүй. Харин борлуулагчийн данс руу хийж улмаар борлуулагч тухайн мөнгийг данснаасаа байгууллагын данс руу өөрт оногдсон 6 оронтой кодыг хийж шилжүүлдэг..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 30-32/,

Шинжээчийн 25 тоот дүгнэлтэд: “...Си Эс Ай Аудит ХХК-ний 24/168 дугаартай Хараат бус аудиторын тайлан, дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Шинжилгээнд ирсэн баримтаар нийт 167.388.860.00 төгрөгийн борлуулалт, хувцас, сагсны 469.000.00 төгрөг нийт 167.857.860.00 төгрөгийн тооцоо гарч байна. Харийн шинжилгээнд 24.537.950.00 төгрөгийн барааг *** авсан гэх баримт ирээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна” гэжээ. /хх 1-н 226-231/,

  Шинжээчийн ЕГ040125/075 тоот дүгнэлтэд: “...Өмнөх ...25 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Шинжилгээнд ирсэн баримтаар ...Харин шинжилгээнд 24.537.950.00 төгрөгийн барааг *** авсан гэх баримт ирээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна” гэсний дагуу “***ХК-ийн ажилтан *** нь 2022 оны 12 дугаар сард нийт 21.585.150.00 төгрөгийн, 2023 оны 02 дугаар сард нийт 2.952.800.00 төгрөг бүгд 24.537.950.00 төгрөгийн бараа, материал хүлээн авсан нь тогтоогдож байна. Өмнөх 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *** нь ***ХК-д 2.246.246.00 төгрөгийг төлөх тооцоотой байсан бол нэмэлт шинжилгээгээр 24.537.950.00 төгрөгийг нэмж төлөхөөр буюу нийт 26.784.196.00 төгрөгийг төлөхөөр байна” гэжээ /хх 2-н 10-13/,

Хохирогчийн өргөдөл /хх 1-н 1/, шүүгдэгчийн ***ХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх 1-н 9-12/, тооцоо нийлсэн акт /хх 1-н 13-15/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 36, 39-49, 109, 2-н 19/, шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх 1-н 50-78/, Авлагын товчоо тайлан /хх 1-н 80-89/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 92-93/, Сэ Эс Ай Аудит ХХК-ний тайлан /хх 1-н 124-146/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх 2-н 28-35/ зээг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ***ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл хугацаанд борлуулагчаар ажиллахдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүний борлуулсан орлогоос 26.784.196 төгрөгийг хувьдаа завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мэдүүлэг, гэрч Ц.Оюунчимэгийн мэдүүлэг, хөдөлмөрийн гэрээ, шинжээчийн дүгнэлтүүд эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь ***ХК-тай хөдөлмөрийн гэрээгээр борлуулагчийн албан тушаалд ажиллаж байхдаа борлуулалтын орлогоос 26.784.196 төгрөгийг завшиж, хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг нөхөн төлөөгүй тул шинжээчийн дүгнэлтээр гарсан 26.784.196 төгрөг, дүгнэлт гаргуулсан 2.800.000 төгрөг, нийт 29.584.196 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирлыг нөхөн төлөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гээс 29.584.196 төгрөг гаргуулж хохирогч ***ХХК-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР