| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/03075/И |
| Дугаар | 183/ШШ2022/02898 |
| Огноо | 2022-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2022/02898
|
|
|
2022 оны 10 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2022/02898 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Зээлийн гэрээний үүрэгт 5 321 718 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Л.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
/Хариуцагч Н.Б 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр, түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
Нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.С хариуцагч Н.Бэд холбогдуулан 5 321 718 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч тайлбартаа: Миний бие 2019.04.23-ны өдөр Н.Бтэй зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулж, 7 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Н.Б нь 2019.09.11-ний өдөр 500 000 төгрөг, 2019.10.31-ний өдөр 1 500 000 төгрөг, 2019.12.12-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020.11.03-ны өдөр 500 000 төгрөг, нийт 3 500 000 төгрөг төлсөн. Н.Б нь хамгийн сүүлд төлөлт хийснээс хойш өнөөг хүртэл дахин мөнгө төлөөгүй. Утсаа авахгүй надаас зугтах болсон учир үлдэгдэл төлбөр 3 500 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 71 718 төгрөг, нийт 5 321 718 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 175 дугаар зээлийн гэрээ, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн *********дугаар албан бичиг, Н.Бийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг ирүүлсэн. /хх-ийн 2-7/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Н.Бтэй 2019.04.23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Н.Б нь нийт 3 500 000 төгрөгийг төлснөөс хойш дахин мөнгө төлөөгүй тул 5 321 718 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлав.
3. Хариуцагч Н.Б хариу тайлбараа ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Л.С, Н.Б нар нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 175 дугаар зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 2019 оны 5 дугаар сарын 15 хүртэл буюу 22 хоногийн хугацаатайгаар, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуусан байна. /хх-ийн 3-4/
Дээрх гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 7 000 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй байна.
5. Зээлдэгч Н.Б нь дээрх гэрээнд заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1 500 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 500 000 төгрөг, нийт 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байх ба энэ асуудлаар маргаангүй байна.
6. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
7. Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 3.7-д зээлдэгч нь гэрээний хугацаанд мөнгийг төлөхгүй хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% алданги төлнө. гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байх тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож, 1 750 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Харин хариуцагчийг эрэн сурвалжилахад гарсан зардал 71 718 төгрөг гаргуулах шаардлага нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг, нийт 5 250 000 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 71 718 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Бээс зээлийн гэрээний үүрэгт 5 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Сэд олгож, илүү нэхэмжилсэн 71 718 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Сийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 100 097 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Буянтогтохоос улсын тэмдэгтийн хураамжид 98 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Сэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ