Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 00209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Б.Пүрэвдаш нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баярсайханы Пүрэвдашид холбогдох эрүүгийн 201722000313 тоот хэргийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын аврах гал унтраах ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сум Хонхор 3-7 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тогоруутан овогт Баярсайханы Пүрэвдаш, регистрийн РЭ90121379 дугаартай.

Шүүгдэгч Б.Пүрэвдаш нь 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд согтуугаар мотоцикль жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Н.Нямдоржийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулаад хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Б.Пүрэвдаш нь 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд согтуугаар мотоцикль жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Н.Нямдоржийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулаад хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

              Хохирогч Н.Нямдоржийн “... 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед би Тариалан сумын төвд дэлгүүрээс 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад Сэлэнгэ багийн хөл Ганбаа, мөн зүс таних 2 залуугийн хамт дэлгүүрийн урагшаа гараад эзэнгүй айлын хашаанд орж гурвуулаа архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад тэд нар хөдөө явлаа гээд явцгаасан. Би тэндээс дэлгүүрийн дундуур гараад гэрлүүгээ явган Соёлын төв өнгөрөөд улаан худгийн ард ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш замын баруун талаар явж байсан чинь урдаас мотоцикльтой хүн чигээрээ ирээд намайг мөргөөд унагаачихсан. Тэгээд хэсэг ухаан алдсан байсан. Сэргээд өндийсөн чинь эмч ирчихсэн надад тусламж үзүүлж байсан. Тэгээд удаагүй манай эгч Жавзандулам ирээд намайг гэрлүү маань аваачсан. Тэгээд би гэртээ очоод өвчин намдаах эм уугаад л унтаж амарсан. Маргааш нь хамар амнаас цус гараад болохгүй болохоор нь аймгийн төв явж эмчид үзүүлж тархины зураг авхуулсан. Мөн бусад шинжилгээг өгч Жаргалан эмнэлэгт тав хоног хэвтэж эмчилгээг хийлгэсэн. Жаргалан эмнэлгээс гарснаас хойш гэрээрээ эм тариа хэрэглээд л байж байна... Миний явж байсан зам бол өргөн тал шахуу газар байсан. Би тухайн үед замаас нилээн зайтай буюу 4-өөс 5 метрийн зайтай явж байсан. Тэгж явж байхад тэр залуу замаар явж байснаа замаасаа гараад надруу чиглэсээр ирээд намайг мөргөөд унагаачихсан. Би тухайн үед тэр мотоцикльтой залууг намайг таньдаг хүн ирж байгаа юм байх гэж бодсон. Тэр залуу намайг мотоциклийнхоо урд хэсгээр л мөргөчихсөн, би мөргүүлснээс хойш юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг ухаан ороод сэрэхэд л эмч ирчихсэн намайг үзэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

              Гэрч Э.Мөнхцэцэгийн “Би тэр орой 18 цагийн үед байх “Есөн-Эрдэнэ” дэлгүүр орж яваад дэлгүүрийн урд зогсож байсан Эрдэнэзаяа эгчийн машинд орж суусан. Машинд нь Отгонжаргал эгч тэр хоёр байсан. Бид гурав юм яриад сууж байтал халуун усны урд Онцгой байдлын хувцастай мотоцикльтой Пүрэвдаш гэж залуу, хажууд нь халуун усанд ажилладаг найз хүүхэн нь хамт зогсож байсан. Пүрэвдаш мотоциклио асаагаад хөдлөөд зүүн тийшээ нилээн хурдтай хаазлаад давхиад явсан. Гудамжны урд замын баруун талаар “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн чигт явж байсан явган хүнийг мөргөөд унагаасан. Мотоцикльтой хүн газар унаад удаагүй босоод мотоциклио босгож байхад халуун усанд ажилладаг найз эмэгтэй осол болсон газар луу тэр хоёр дээр очоод удаагүй мөргүүлсэн хүн дээр очсон. Удаагүй эргэж халуун усанд ажил руугаа ирж араас нь мотоциклийн жолооч мотоциклио унаад халуун усны урд ирж байсан. Мөргүүлсэн хүн нөгөө газраа суусан хөдлөхгүй байсан. Отгонжаргал эгч машинаа асаагаад сууж явсан хүн рүү явсан, би гэрлүүгээ орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

              Гэрч А.Отгонжаргалын “Тэр өдөр 18 цаг өнгөрч байсан байх би халуун усны баруун талд байрлах “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн урд би машинтайгаа очиж зогсоод тэнд байсан Эрдэнэзаягийн машинд орж би суусан. Араас Мөнхцэцэг орж ирээд бид гурав юм яриад сууж байсан халуун усны урдаас мотоцикльтой хүн ганцаараа хөдлөөд зүүн тийшээ давхиад явсан. Тэгсэн гудамжны урд замын баруун талаар халуун усны зүгрүү явж байсан явган хүнийг мөргөж унагаасан. Мотоцикльтой хүн бас унасан. Мотоциклийн жолооч мотоциклио босгож байхад халуун усанд ажилладаг эмэгтэй осол болсон газар тэр хоёр дээр очоод удаагүй эргэж халуун усанд ирсэн. Араас нь мотоциклийн жолооч мотоциклио унаад халуун усны урд ирсэн. Мөргүүлсэн хүн тэр газраа сууж байсан. Би ямар хүн мөргүүлчихэв гээд машинтай ганцаараа дөхөж очоод харсан. Манай гэрээс хойно гэр нь байдаг Нямдорж гэж эрэгтэй хүн байсан. Би Нямдоржийн гэрт нь очиж эгчид нь хэлсэн. Эгч нь миний машинд суугаад осол болсон газар ирэхэд Нямдорж хамраас нь цус гарчихсан сууж байсан. Тэр газар газарт нь цус тунасан байдалтай байсан. Надтай хамт ирсэн эгч нь тэнд үлдээд би гэрлүүгээ явсан. Халуун усны гадаа нөгөө мотоцикльтой хүн байхгүй байсан...Эрдэнэзаягийн хамт машинд суугаад харж байхад мотоциклийн жолооч Онцгой байдлын хөх өнгийн хувцастай хүн байсан. Мөнхцэцэг хараад Пүрэвдаш гэж залуу байна гэж таньсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

              Гэрч А.Тунгалагийн “Эмнэлэгийн хүлээн авахын жижүүрийн утсанд Улаан худгийн ар талын зам дээр мотоцикльтой хүн явган хүн мөргөсөн гэсэн дуудлагын дагуу яваад очсон. ...Намайг яваад очиход мотоцикльтой хүн байхгүй явчихсан олон нийтийн цагдаа Эрдэнэбат, Нямдоржийн эгч очсон байсан. Шороон замын баруун талд нь Нямдорж гэх залуу согтуу хамраас нь цус гарсан сууж байсан. Баруун хөл  нь шилбэ хэсгээрээ шалбарсан байдалтай байсан. Пульс 98-тай байсан. Би хамрынх нь цусанд нь цус тогтоох тариатай хамт чихээс хийж, өвчин намдаах аналгин демидролтой хамт булчинд нь хийж өгсөн. Тэр залуугийн эгч нь ирсэн байсан аваад явсан. Орой 23 цагийн орчим Нямдоржийн хамраас цус гараад тогтохгүй байна гээд дуудлага өгөөд би очиж цус тогтоох викасол тариагаар хийж өгсөн хамрын цус нь тогтсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

              Гэрч Х.Эрдэнэзаяагийн “Би тэр өдөр 18 цаг өнгөрч байхад “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн гадаа машинтайгаа очоод зогсож байсан. Отгонжаргал, Мөнхцэцэг хоёр миний машинд орж ирээд юм яриад сууж байсан. Халуун усны урдаас Онцгой байдлын хөх хувцастай мотоцикльтой хүн хөдлөөд зүүн тийшээ нилээн хурдтай явсан. Гудамжны урдуур замын баруун талаар “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн зүг явж байснаа явган явж байсан эрэгтэй хүнийг мөргөөд унагаасан. Мотоцикльтой хүн газар унаад  мотоциклийн жолооч удаагүй босоод мотоциклио босгоод унаад халуун усанд ирж байсан. Отгонжаргал миний машинаас буугаад машинаараа явсан. Мөнхцэцэг ч харилаа гээд явсан, би ч бас гэрлүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

              Гэрч Эрдэнэбатын “Тухайн үед намайг хэргийн газар очиход иргэн Нямдорж нь осол болсон газрын замын баруун талд замын захаас ойролцоогоор 2 метр гаруй зайд баруун тийшээ харсан хамраас нь цус гарсан, аль хөл нь билээ нэг хөл нь шалбарсан байдалтай сууж байсан бөгөөд сууж байсан газар нь цус тогтсон байдалтай байсан. Өөрөө дуу цөөтэй байсан. Мөргөсөн мотоцикльтой хүн нь явчихсан байсан. Удаагүй эмч ирж үзээд эмчилгээ хийсэн. Би нөгөө мотоциклийн хүнийг олж уулзах гээд явсан боловч тэр орой олоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

              Гэрч П.Сэржмядагийн “2017 оны 05-р сарын 21-ний өдөр тухайн үед халуун усан дээр ажиллаж байсан чинь хэдэн цагийн үед гэдгийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан үдээс хойш байсан юм. Манай найз залуу Пүрэвдаш манай ажил дээр ирсэн. Тэгээд би Пүрэвдашаас хаагуур юу гээд яваад байгаа юм бэ? гар утас чинь холбогдохгүй байсан гэж хэлсэн чинь Пүрэвдаш надад ганц хоёр пиво уусан юм гэж хэлсэн. Тэгээд бүтэн сайн өдөр байсан болохоор манайх ажил ихтэй байсан. Тэгээд би Пүрэвдаштай олон юм ярилгүй ажилдаа орсон. Тэгээд Пүрэвдаш ч бас манай ажлаас гараад явсан. Намайг ажлаа хийж байсан чинь орой 18 цагийн үед хэн нэгэн хүн манай ажил дээр орж ирээд танай хүн чинь гадаа хүн мөргөчихлөө гэж хэлэхээр нь би ажлаасаа гарч үүдэн дээрээсээ харсан чинь манай ажлын зүүн талд ойрхон /500 мерт дотор/ Пүрэвдаш мотоциклио түшчихсэн зогсож байсан харин шороон замын хойд талд баруун хөлөө нугалаад зүүн хөлөө жийчихсэн нэг хүн сууж байсан. Би гүйгээд тэр хоёр дээр очсон чинь нөгөө хүний хамраас нь цус гоожчихсон байсан. Тэгээд би хамраас нь цус гоожиж байгаа хүнд туслая гээд гарнаас нь татахад нөгөө ах зүгээр зүгээр ах нь өөрөө зүгээр босоод явчихна гэсэн. Пүрэвдаш газарт унасан бололтой гадуур өмсөж явсан хувцас нь шороо болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

              Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Ням-Осорын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 373 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-р хуудас/,

              Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Түмэнбатын дүгнэлт /хх-ийн 61-62-р хуудас/,

              Б.Пүрэвдашийн сэжигтнээр өгсөн “...Мандал багийн нэгдүгээр гудамжинд мотоцикльтойгоо шороон зам дээр явж байсан чинь өөдөөс нэг эрэгтэй алхаад явж байсан. Би өөдөөс нь мотоцикльтойгоо явсан. Тэгсэн чинь би холдоорой гэсэн чинь холдоогүй миний өөдөөс алхаад байсан би мотоциклио нөгөө хүнтэй 1 метрийн зайнаас тоормозыг гишгэж хажуугаар нь гарах гээд жолоогоо баруун тийш нь дарсан боловч хажуугаар нь гарч амжаагүй нөгөө эрэгтэйг мөргөж, тэр хүн баруун талруугаа газарт унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,  

              Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 272, 273 дугаартай тодорхойлолт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаартай албан бичиг /хх-ийн 87 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

              Иймд шүүгдэгч Б.Пүрэвдашийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Пүрэвдаш нь хохирогч Н.Нямдоржтой эвлэрсэн тухай шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр 1.150.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж, хохирогч нь хохирлоо бүрэн төлүүлсэн, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Пүрэвдашийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Пүрэвдашид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 201722000313 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тогоруутан Батбаярын Пүрэвдашийг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдашийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдашид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пүрэвдашид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.АРИУНЖАРГАЛ