Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/622

 

 

 

 

 

  2021            06            24                                         2021/ДШМ/622    

 

        О.Т-, Б.Л-о, О.Х-,

      Н.Э- нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Нямбат,

шүүгдэгч О.Т-гийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.Л-о, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч О.Х-, түүний өмгөөлөгч Б.Баттөр, Б.Энхтуяа,

шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Л-о, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч О.Х-ийн өмгөөлөгч Б.Баттөр, шүүгдэгч Н.Э-ын өмгөөлөгч Э.Намжилцэрэн, шүүгдэгч О.Т- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Т-, Б.Л-о, О.Х-, Н.Э- нарт холбогдох эрүүгийн 2008019131167 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Т-,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 29 хоногийн хорих ялаас 2 жил 3 сарын хорих ялыг өршөөн хасаж, 2016 оны 3 дугаар сарын 19-ний хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 2 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

2. Л-о,

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

3. Х-,

4. Э-,

О.Т- нь ганцаараа 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах иргэн Э.Б-ын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 32 инчийн зурагт, кабелийн төхөөрөмж, эмэгтэй хүний пүүз, цүнх” өндөр өсгийтэй гутал, жижиг түрүүтэй гутал, сахлын машин, хос пүүз зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 640.250 төгрөгийн хохирол учруулсан,

О.Т-, Б.Л-о, О.Х- нар нь бүлэглэн 2020 оны оны 5 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо гаражийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан, 380вт гагнуурын аппарат, 380вт плазма зүсэгч, 380вт хагас автомат гагнуурын аппарат, 220 том төмөр тасдагч зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Т-, Н.Э- нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн байрлах иргэн Ч.О-ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, хөөрөг, төмөр хуйтай хутга, 5 кг гурил, 5 литрийн ургамлын тос 2 ширхэг, хонины мах 4 кг, унадаг дугуй зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 293.770 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

Б.Л-о, О.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

Н.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-, шүүгдэгч Л-о, Х- нарыг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн, шүүгдэгч Э-ыг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Т-г 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч Л-ыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялаар, шүүгдэгч Х-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-гийн цагдан хоригдсон 195 /нэг зуун ерэн тав/, шүүгдэгч Б.Л-ын цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/, О.Х-ийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн “Toyota prius 20” загварын 11-68 УБК улсын дугаартай автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 7.500.000 төгрөгийг шүүгдэгч О.Т-, Б.Л-о, О.Х- нараас тус бүр 2.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, шүүгдэгч О.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгдэгч Б.Л-о, О.Х-, Н.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Т- давж заалдах гомдолдоо: “...бусадтай нийлж гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Мөн ар гэрийн хувьд өндөр настай эх, дүүгийн хамт Төв аймгийн Борнуур суманд амьдардаг. Манай гэр бүл ямар нэгэн орлогогүй, сумаас тэтгэмж авдаг нэн ядуу айл болох нь үнэн. Иймд шийтгэх тогтоолд дурдсан 2.500.000 төгрөгийг ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Л-о давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Т-г цалингийнхаа оронд багаж авч байна гэж ойлгоод Х-ийн машиныг гуйж машин дотор сууж байсан тул агуулахын хаалгыг эвдсэнийг мэдээгүй. Би цагдаа дээр дуудагдаж очоод хулгайн багаж байсныг мэдээд уг зүйл хэсгийг зөвшөөрч, гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа болно. Би хулгайн эд зүйлийг тэр даруйд нь хүлээлгэн өгч хохиролгүй болсон. Би 09 сараас 13 нас хүртэлх 3 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг бөгөөд тэднийгээ ажил хийж тэжээдэг ганц хүн нь юм. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, ар гэрийн амьдрал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу ялыг хөнгөрүүлж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Н.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Л-о нь “Т-гийн цалингийн оронд багаж авах юм, машин олоод аваад өгөөч” гэсэн үгэнд нь итгэж Х-ийг гуйж машинтай нь очиж багаж авсан, цагдаа дээр очоод хулгайн эд зүйл болохыг мэдсэн бөгөөд гэм буруугаа шударгаар мэдүүлж ирсэн болно. Мөн авсан эд зүйлээ хүлээлгэн өгч, 2.100.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж төлөх төлбөргүй болсон байдаг ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан юм. Шүүх хуралдааны явцад Б.Л-о нь гэм буруугаа хүлээж, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байсан.

 Гэтэл шүүх  дээр дурдсан болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр буюу шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгөхийг санал болгосоныг хүлээж авалгүйгээр 2 жил 3 сарын хорих ял оногдуулсан. Шүүх Б.Л-од ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шийдвэрлэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо заахгүйгээр хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтыг зөрчсөн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж ялыг хөнгөрүүлэх боломжтой байсан гэж үзэж байгаа болно.

 Б.Л-ын хувьд 09 сараас 13 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь нялх хүүхдээ хараад ажил төрөл эрхэлдэггүй тул ар гэр амьдралаа ганцаараа залгуулж явсан хүн билээ. Одоо ар гэр нь туйлын хүнд байдалтай, 9 сартай хүү нь байнга өвдөж хэцүүхэн амьдарч байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Л-од оногдуулсан хорих ялыг багасгаж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.Х-ийн өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нарын мэдүүлгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан О.Х-ийг гэм буруутайд тооцсон талаар шийтгэх тогтоолд дурджээ. О.Х- нь О.Т-, Б.Л-о нартай хамтран 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт “Ангиртхан” ХХК-ийн гаражаас багаж, хэрэгсэл хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн О.Т-, Л-о, О.Х- нарын мэдүүлгээр О.Т-, Б.Л-о нар нь хулгай хийж байгаа талаараа О.Х-эд огт хэлээгүй, О.Т-, О.Х- нар биенээ таньдаггүй, Б.Л-о О.Х-ийг дагуулан О.Т- дээр очсон. Б.Л-о удаа дараагийн мэдүүлэгтээ О.Т-г хулгай хийж байгаа талаар мэдээгүй гэж хэлдэг бөгөөд О.Х- эдгээр хүмүүсийг хулгай хийж байгаа талаар мэдээгүй, О.Т-г өөрийнхөө эд зүйлсийг авч байгаа гэж ойлгосон байх бүрэн боломжтой. Сонгинохайрхан дүүгийн 23 дугаар хороонд байх “Ангиртхан” ХХК-ийн гаражаас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр багаж, хэрэгсэл хулгайлагдсан гэмт хэрэг нь О.Т- тухайн багаж хэрэгслийг гаражаас гарган өөрийн захиран зарцуулах эрхэндээ авснаар төгсөнө. Гэтэл хулгайн гэмт хэрэг төгссөнөөс хойших үйл баримтаар О.Х-ийг хулгайлах гэмт хэрэгт буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Өмгөөлөгчийн хувьд О.Х-ийг гэм буруугүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар О.Х-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Э-ын өмгөөлөгч Э.Намжилцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Э-од анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулсан боловч түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол бүрэн төлөгдсөн ба өндөр настай эхийн хамт амьдардаг, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг хувийн байдлыг хорих ялын хэмжээг 1 жил болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.Х-ийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Х- гэмт хэрэгт оролцсон оролцооны хувьд нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурч явсан. Очсон хойноо “энэ чинь хулгайн зүйл биш биз дээ” гэж асуухад “миний юм байгаан” гэж хэлэхээр нь тайвширсан гэж мэдүүлдэг. Б.Л-о, О.Х- нар мэдүүлэгтээ болсон үйл явдлыг тодорхой ярьсан. Үүнээс дүгнэлт хийхэд хулгайн гэмт хэрэгт оролцсон оролцоо, анхны нөхцөл байдлыг андуурч очоод очсон хойноо мэдсэн, эд зүйлийг нь буцаан өгч хохирол төлбөргүй болгосон зэрэг Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг анхаарч хорих ялыг 1 жил болгон багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.Т-гийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өмгөөлөгч Б.Оюунцэцэг оногдуулсан ялыг 1 жил болгож өгөхийг хүссэн байна. Шүүгдэгч Б.Л-о нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаж оролцсон учир шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй нь үндэслэлтэй. Өмгөөлөгч Б.Баттөр шүүгдэгч О.Х-ийг цагаатгах, өмгөөлөгч Б.Энхтуяа О.Х-эд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар тайлбар гаргаж байгаагаас үзэхэд өмгөөлөгч нарын байр суурь ойлгомжгүй байна. Шүүх шүүгдэгч О.Х-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “урьдчилан тохиролцоогүй ч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг хамтран оролцсонд тооцно” гэж заасныг удирдлага болгож, ял оногдуулсан нь үндэслэлтэй. Харин шүүгдэгч Н.Э-ын хувьд ганцаараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж хорих ялыг багасгаж оногдуусан учраас дахин багасгах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч О.Т- нь ганцаараа 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Хангайн 24 дүгээр гудамжны 16 тоотод байрлах иргэн Э.Б-ын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 640.250 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан,

шүүгдэгч О.Т-, Б.Л-о, О.Х- нар нь бүлэглэн 2020 оны оны 5 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 46 дүгээр гудамжны 6 тоотод төмрийн үйлдвэрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг "Ангиртхан" ХХК-ийн гаражийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, 2.100.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан,

шүүгдэгч О.Т-, Н.Э- нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Нисэхийн 39-7 тоотод байрлах иргэн Ч.О-ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 293.770 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогч А.Баярхүүгийн “...манай гаражаас плазма зүсэгч, гагнуурын аппарат, цэгэн гагнуурын аппарат, том гар тасдагчууд алдагдсан байсан. ...” /1хх 22/,

хохирогч Э.Б-ын “...гэрээс 32 инчийн зурагт, хос пүүз, хоёр цүнх, өндөр түрүүтэй эмэгтэй гутал мөн жижиг түрүүтэй өсгийтэй гутал, эмэгтэй хүний пүүз нэг нь улаан хар өнгийн, манай эхнэрийн нүүрний будаг, сахлын машин гэх эд зүйл алдагдсан байсан. ..." /1хх 138/,

хохирогч Ч.О-ийн “...манай гэрээс орчин цагийн жижиг гарын ягаан чулуу толгойтой бор чулуун хөөрөг 1 ширхэг, төмөр хуйтай хутга 1 ширхэг, Улаанбаатар нэртэй 5 кг гурил, 5 ургампын тос 2 ширхэг, хонины мах 4 кг, марк тодорхойгүй унадаг дугуй зэрэг эд зүйлс алга болсон. ...” /2хх 110-111/,

иргэний нэхэмжлэгч Д.Г “...би “Toyota prius 20” загварын 11-68 УБК дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүк зар дээрээс 88555506 дугаарын утсаар Х- гэж хүнтэй холбогдож байгаад 10.000.000 төгрөгөөр худалаж авсан. ...Уг машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж мэдээгүй. ...” /1хх 98-100/,

гэрч М.Ц “...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Т- ирээд “би Гомбоотой орой ажил хийх гэж байгаа утсаараа яриулаач” гэхээр нь би утсаа өгөхөд залгаад "чи яачихав, орой ажилтайгаа мэдэж байгаа биздээ" гээд надаас холдоод ярьсан. ... Гомбоо нэг танихгүй залуутай хамт цагаан өнгийн “Toyota prius 20” загварын машинтай ирчихсэн байсан.    Тэр өдрөөс хойш 3-4 хоногийн дараа Т- над руу залгаад “Гомбоогийн гэрийг мэдэх үү, бид хоёр нийлж хулгай хийсэн юм, утас нь ерөөсөө холбогдохгүй байна” гэж ярьж байсан. ...” /1хх 84/,

гэрч М.А “...тухайн өдөр гарч яваад буцаж орой согтуу орж ирэхдээ нэг жижиг хар өнгийн зурагт бариад орж ирсэн “наад зурагт чинь юу юм бэ” гээд асуухад “барилга дээр ажиллаж байгаад барилгын ажил дууссан юм аа тэгээд амьдарч байсан нийтийн байрнаасаа зурагтаа аваад ирсэн” гэж л хэлж байсан. ...” /1хх 144/,

гэрч Т. “...Х- утсаар “нохойны үүрэнд багаж байгаа” гэж Л-од хэлэхээр нь нэг ширхэг төмөр тасдагч багажийг нохойны үүрэн дотроос гаргаж ирсэн. Үүнийг хохирогч А.Баярхүү “минийх мөн байна” гэж таниад авсан. Тэгээд  Л-о ...дэлгүүрийн худалдагч залуу дэлгүүрийнхээ доод талын гаражид байсан нэг ширхэг плазма зүсэгчийг хүлээлгэж өгсөн. ...” /2хх 215/,

гэрч И.А “...Х- дэлгүүрт орж ирээд “Зайсанд барилга дээр ажиллаж байгаад ажлынхаа хөлсөнд авсан багаж байгаа юм сонирхохгүй биз” гэхээр нь “ямар багаж вэ” гэхэд плазма зүсэгч, хагас автомат гагнуурын аппарат байна гэсэн. Тэгээд намайг дагуулж айлд очсон ба дотроос нь Л-о гэх залуу хаалгаа онгойлгоод 2 ширхэг багаж үзүүлсэн. Тэгэхээр нь би хоёулангаас нь “хулгайн эд зүйл биш биз дээ” гэхэд хоёулаа “тийм юм байхгүй, бид нар Зайсанд ажиллаад хөлсөнд нь авсан багаж байгаа юм” гэж хэлсэн. ...Л-о дээр Х- очиж юм ярьж байснаа эргэж ирээд “за болно гэж байна” гэхээр нь 300.000 төгрөг бэлнээр тоолж өгөөд плазма зүсэгч аваад явсан. ...” /2хх 217/

гэрч Ч.Г “...хашааны хаалга нь дэлгээтэй байхаар нь ортол гэрийнх нь цоожийг эвдээд хаалга нь онгорхой гэр доторх хамаг эд зүйл болон хувцас хунарыг нь эмх замбараагүй болгосон байсан. ...Т-гийн халааснаас хөөрөг, Э-ын халааснаас хутга гарч ирсэн. Дугуйг Нисэхийн байрны арын гаражны хажууд түшүүлээд тавьсан, мах, гурил, тос зэргийг шуудайнд хийсэн Т- бариад зогсож байсан. ...” /2хх- 112-113, 119/,

гэрч Д.Ч “...дотогш ороход хамаг юмыг нь эмх замбараагүй бужигнуулаад хаясан байсан. Тэгээд би гэртээ хариад байж байтал хүү Ганзориг над руу залгаад нөгөө хүмүүсийг нь барьчихлаа гэж хэлсэн. ...” /2хх 120-121/,

гэрч Ц Д “...үүдэнд нь зогсож байтал машинтай хүмүүс ирээд “та нар эзэнгүй айлын гадаа юу хийгээд байгаа юм" гэж хэлэхээр нь бид нар тэндээсээ яваад буцаад манай гараж руу орж ирсэн. Би нилээн согтсон болохоор гараж дотроо унтахаар үлдсэн ба Н.Э-, Т- хоёр гараад явсан. Тэгээд намайг гаражид унтаж байх хойгуур манайхаас гарч яваад Эрдэнэбаатарынх руу орж эд зүйлийг нь хулгайлсан талаар мэдсэн. ..." /2хх 128/,

О.Т-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би нэг монгол гэр лүү ороод 3 ширхэг пүүз, нэг зурагт, бас хоёр ширхэг цүнх байхаар нь аваад гарсан. ... Гомбоо надаас “мөнгөний ажил байна уу” гэхээр би “Төмрийн үйлдвэрт хэдэн хоног ажилласан, нөгөө газар маань мөнгөө өгөөгүй. Тэнд хэдэн төгрөг болчихоор багажнууд байгаа гэж хэлсэн. ...22 цагийн үед Цогоогийнд согтуу унтаж байхад Гомбоо хүрч ирээд намайг дагуулаад “нөгөө газраа заагаад яваарай” гээд аваад явсан. ...Гаражнуудын хоёр хаалгыг тэнд байсан арматур төмрийг ашиглаж онгойлгоод нийтдээ 4 ширхэг багаж гаргаж ирээд машин руу аваачихад нөгөө танихгүй залуу гарч ирээд машины багаж руу хийгээд байсан. Би “наад багажаа өөрсдөө зохицуулаарай” гэж хэлээд 50.000 төгрөг аваад бууж үлдсэн. ... Э- ах хаалгыг нь татахад цоожны цүү нь мултарч унаад онгойхоор нь хамт дотогшоо орж би хөөрөг, хутгыг нь авсан. Э- ах мах, гурил, тос зэргийг аваад хашаанд байсан унадаг дугуйны ачаан дээр ачаад унаад явсан. ...” /1хх 155-156, 2хх 11-13, 163/,

Б.Л-ын яллагдагчаар өгсөн “...нэг гаражны хажууд очоод зогссон. Тэгснээ Т- “та хоёр машинаа энэ гражнаас зайдуу тавиад араас хүрээд ир” гэхээр нь бид хоёр Х-ийн машиныг байрлуулаад буусан газар яваад очтол Т- нэг гаражны хаалга онгойлгоод дотроос нь хоёр, гурван багаж гаргаад тавьчихсан “миний юм байгаа юм, та хоёр машиндаа аччих” гэж хэлсэн. Тэгээд бид хэд машиндаа багажаа ачаад хөдөлцгөөсөн. ... Х- ганцаараа байсан бөгөөд “хоёулаа энэ дөрвийн нэг багажийг заръя, надад таньдаг дэлгүүртэй найз байгаа” гэж хэлээд миний хажууд нөгөө залуутайгаа ярихдаа “чи багаж сонирхох уу, би ажлынхаа хөлсөд авсан багаж байгаа юм” гэж ярилцаж байсан. Х- надад “чи хамт явчих, хоёулаа очиж мөнгөө хувааж авъя” гэхээр нь би хамт явсан. ...Би Х-ийг дэлгүүр гадаа хүлээж байтал удалгүй гарч ирээд “300.000 төгрөгөөр зарчихлаа” гэж хэлээд надад 170.000 төгрөг өгсөн. ...” /1хх 54, 2хх 223/,

О.Х-ийн яллагдагчаар өгсөн “...нэг танихгүй согтуу бор залуу машинд суугаад гурвуулаа хойшоо засмал замаар явж байгаад тэр хоёр буухаар нь би машинаа байрлуулчихаад араас нь очтол нөгөө согтуу залуу нэг гаражны дотроос багаж гаргаж байсан. ...Тэгээд бид гурав тэр гаражаас багажаа ачаад хөдөлсөн. ...Гомбоо “нэг багаж нь миний мэдлийнх байгаа юм, авах хүн мэдэж байгаарай” гээд явсан. Би дэлгүүрийн хүнээс асуутал “багаж авъя” гэхээр нь дагуулж очоод нэг гагнуурын аппаратыг нь 300.000 төгрөгөөр зараад 120.000 төгрөг надад өгөхөөр нь авсан. ...” /1хх 67, 2хх 220/,

Н.Э-ын яллагдагчаар өгсөн “...Эрдэнэбаатарын гадаа очтол Т- “би орчихоод ирье” гээд би гадаа нь хүлээж байтал Т- унадаг дугуй түрээд ачаан дээр нь шуудайтай юм ачсан гарч ирсэн. Би шуудайн дотор юу байгааг мэдээгүй. ...Цагдаа ирэхэд Т-гийн халааснаас хөөрөг, хутга гарч ирсэн. ...” /2хх 152-153/

 

алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /1хх 35-36/, /1хх 172/, /2хх 142/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 14-16/, /1хх 131-134/, /2хх 107/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-11/, /1хх 123-129/, /2хх 101-105/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд харьцуулан судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч О.Т-, Б.Л-о, О.Х-, Н.Э- нар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч О.Т-, Б.Л-о, О.Х- нарын бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулах буюу гаражид хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлахдаа машин механизм ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, Н.Э-ын бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Т-, Б.Л-о, О.Х- нарын бүлэглэн хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан О.Т-д 3 жил 6 сар, Б.Л-од 2 жил 3 сар, О.Х-эд 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Л-о, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, О.Т- нарын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч Н.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгаж энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Н-ийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Т-гийн “...ямар нэгэн орлогогүй, сумаас тэтгэмж авдаг нэн ядуу тул 2.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ”. гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч О.Т-, Б.Л-о, О.Х- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнэлж, 7.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалттай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч О.Х-ийн өмгөөлөгч Б.Баттөр “...О.Х- хулгай хийж байгаа талаар мэдээгүй, О.Т- тухайн багаж хэрэгслийг гаражаас гарган авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн тул О.Х-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр түүний үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэрэгт О.Х- оролцоогүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

 

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой.

 

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлох ёстой.

 

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн байвал гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх учиртай.

 

Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.

 

Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар О.Т-, Б.Л-о, О.Х- нар нь “Ангиртхан” ХХК-ийн гаражаас дөрвөн ширхэг багажийг хулгайлахдаа гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдэх, хэн ямар үүрэгтэй оролцох, учирч болох бэрхшээлийг хэрхэн туулах, ул мөрийг нуух, баллах, гэмт хэргийн замаар олох эд хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлаар урьдчилан хэлэлцэж тохиролцоогүй боловч овор ихтэй багажнуудыг О.Х-ийн эзэмшлийн /тухайн үед түүний нэр дээр байсан/ тээврийн хэрэгслээр зөөж, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 61 дүгээр гудамжны 9б тоот О.Х-ийн гэрийн хашааны нохойны үүрэнд нэг ширхэг төмөр тасдагчийг нуусан байсныг Б.Л-оор яриулан олж авсан, нэг ширхэг плазма зүсэгчийг О.Х- бусдад худалдан борлуулж, мөнгийг Б.Л-о, О.Х- нар хуваан авсныг О.Х-ийн гэрийн ойролцоох дэлгүүрийн худалдагчаас хураан авч цагдаагийн алба хаагчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд эдгээр нөхцөл байдлаас үзэхэд тэднийг гэмт хэрэг хамтран бүлэглэж гүйцэтгэсэн гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэргийн зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласныг зөвтгөн хэрэглэж, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Л-о, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч О.Х-ийн өмгөөлөгч Б.Баттөр, шүүгдэгч О.Т- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч О.Т-, Б.Л-о, О.Х-, Н.Э- нар нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 86 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Б.Л-од оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч О.Х-эд оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Н.Э-од оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Б.Л-од оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч О.Х-эд оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Н.Э-од оногдуулсан 1 жилийн хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтаас бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л-о, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч О.Х-ийн өмгөөлөгч Б.Баттөр, шүүгдэгч О.Т- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-, Б.Л-о, О.Х-, Н.Э- нарын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 86 /наян зургаа/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН