2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1922

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Дашдолгор,

Улсын яллагч: С.Алтай,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** овогт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410048230690 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспогийн гадна үүссэн маргааны улмаас хохирогч ***ий нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын гадна болон дотор салстад шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны орой ажлын газрын ах Б, З, О, А нарын хамтаар ХУД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл стрийтийн гудамжны нэг пабад ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 03 цаг 30 минутад тараад гарч ирээд ажлын ах Б-тэй юм яриад байж байтал 6-7 орчим хүн хажуугаар өнгөрөхдөө нэг залуу ах Б-г мөрлөөд явчихаар нь Б хөөе хүн зогсож байхыг хардаггүй юм уу дайрч унагаалаа шүү дээ гэтэл өөдөөс хэдэн залуучууд цаашаа зайлаа ч дээ хэдэн эмээ, өвөө нар гээд яваад өгсөн. Би ус ууж байсан тал устай саваа шидтэл дээгүүр нь даваад явсан. Залуучууд буцаж ирээд хар өнгийн куртиктэй, ногоон өнгийн өмдтэй нь Б ахыг шууд үгийн зөрүүгүй алгадаад зодоон болоод би дундуур орж цохих гэж явтал хар куртиктэй, ногоон өнгийн өмдтэй залуу гараа зангидаад миний шүд хэсэг рүү цохихоор нь арагшаа савж унасан. Дээрээс 4-5 удаа цохисон.  Миний урд талын нэг шүд булгарсан би шүд янзлуулахад өөрийн болж ярьж чадахгүй, юм хазаж идэх, ярихад хэцүү миний шүдийг цохисон хүнээр шүдээ янзлуулах мөнгө төгрөг хэрэгтэй болох байх” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

Шинжээчийн 15213 дугаартай дүгнэлт: “...***гийн биед дээд уруулын гадна болон дотор салстад шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэжээ. /хх-н 37-38/,

 

Дуудлагын лавлагаа /хх-н 7/, хохирлын баримтууд /хх-н 41-42/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 53, 55-62/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспогийн гадна үүссэн маргааны улмаас хохирогч ***гийн нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын гадна болон дотор салстад шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ий мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***тэй маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогчид 1.250.000 төгрөгийн хохирол төлсөн ба хохирогч нь хавтас хэрэгт 300.000 төгрөгийн баримт өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч нь хавтас хэрэгт шүдний имплант хийлгэх нэхэмжлэх хавсаргасан, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгоогүй байх тул хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохирлоо жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 802 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба уг ялаа биелүүлээгүй байна.

Торгох ялаар шийтгүүлсэн талаарх гүйцэтгэх хуудас шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдээгүй талаар албан бичиг ирүүлсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д энэ тогтоолоор оногдуулсан 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 802 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.600 нэгж буюу 1.600.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

 Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** овогт ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д энэ тогтоолоор оногдуулсан 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 802 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1.600 нэгж буюу 1.600.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
  4. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.250.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Хохирогч *** нь хохирол хор уршиг болон сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР