Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/623

 

 

 

 

 

  2021            06            24                                         2021/ДШМ/623    

 

С.Г-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Даваадорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/538 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Даваадоржийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр С.Г-од холбогдох эрүүгийн 2009014651280 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г-,

 

Шүүгдэгч С.Г- нь 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр иргэн Б.Б-тэй барьцаат зээлийн гэрээ байгуулах замаар түүнийг гэрээгээр халхавчлан хуурч, өөрийн эзэмшлийн “Lexus 570” загварын 9911 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцааны зүйл болгон ашиглах нэрийдлээр түүний нэр дээр шилжүүлэн өгч, улмаар 40.000.000 төгрөг авсаны дараа уг автомашины өмчлөлийг хохирогчийн өмчлөлөөс гаргуулан авахын тулд “Б.Б-” гэсэн хуурамч иргэний үнэмлэхний лавлагаа ашиглаж, өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэж, бусдын нэр дээр шилжүүлэн авч, хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  1. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ийн “...2020 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр журмын хашаанаас над руу залгаад “өөр хүмүүс машиныг чинь авах гээд байна” гээд залгасан. Тэгэхээр би нөхрөө журмын хашаа руу явуулаад өөрөө Авто тээврийн Үндэсний төв дээр шүүлгэсэн чинь “Мөнхцаст наран” гэх компани руу 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуурамч иргэний үнэмлэхийн лавлагаа, хуурамч нотариатын үйлдэл хийж шилжүүлсэн байсан...” гэж /хх 35/, яллагдагч С.Г-ын “...Урт цагааны тэнд явж байгаад 2-3 хүнтэй таарсан. Тэр хүмүүс бичиг баримт хийж өгнө гэхээр нь тэдгээр хүмүүстэй уулзаад Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагааг хуурамчаар хийгээд нотариатаар батлуулсан...” гэж /хх 54/ тус тус мэдүүлжээ.

Дээрхээс үзэхэд шүүгдэгч нь залилах гэмт хэргээс гадна өөр төрлийн гэмт үйлдэл хийсэн эсэхийг бүрэн тодруулалгүй зөвхөн залилах гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүх хэргийн нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт хийх боломжгүй байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байна.

Хавтаст хэргийн 105-106 дугаар хуудаст Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №178 дугаартай дүгнэлтээр хуурамч байж болзошгүй Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа гэх бичигт эх хувьтай нь харьцуулахгүйгээр дангаар нь шинжилгээ явуулсан нь буруу байна. Тус дүгнэлтийн 3 дахь заалтад “...Дүгнэлт:...3. Шинжилгээнд ирүүлсэн хуулбар 2019 оны 11 сарын 19-ний өдрийн Б.Б- /ШБ87102583/ иргэний үнэмлэхийн лавлагааны эх хувийг ирүүлээгүй тул жинхэнэ, хуурамч эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн байх ба үүний дагуу зохих ажиллагаа хийгээгүй. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...хуурамч баримтын эх хувь байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй, энэ нөхцөл байдлыг шалгах боломжгүй...” гэсэн ойлгомжгүй тайлбар гаргажээ. Шүүгдэгч С.Г-оос нотариатчид гаргаж өгсөн гэх хохирогч Б.Б-ийн иргэний үнэмлэхийг, жинхэнэ эх хувь болох Б.Б-ийн иргэний үнэмлэх бүхий баримтыг эрх бүхий байгууллагаас гаргуулж хооронд нь харьцуулж дүгнэлт гаргуулах байтал хуурамч баримтын эх хувьтай харьцуулан дүгнэлт гаргах нь үндэслэлгүй, үүгээр хязгаарлаж болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан ба тус хэргийн нөхцөл байдлыг тогтооход эрх бүхий мөрдөгч, прокурор хуульд заасан бүхий л арга хэмжээг авах шаардлагатай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч нь хэд хэдэн гэмт үйлдэл хийсэн эсэх, тус үйлдэлд өөр бусад оролцоотой этгээд байгаа эсэхийг шалгаж хэргийн байдлыг бүрэн тогтоож зохих арга хэмжээ авах нь зүйтэй.

2. Шүүгдэгч С.Г-оос гаргаж өгсөн гэх хуурамч байж болзошгүй хохирогч Б.Б-ийн иргэний үнэмлэхийг үндэслэж итгэмжлэл хийсэн нотариатчийн хууль бус үйлдэл бий эсэхийг шалган тогтоох шаардлагатай гэх үндэслэлээр С.Г-од холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Дагвадорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлэх буюу шүүхийн хэлэлцүүлгээр харьцуулах замаар шинжлэн судлах ажиллагааг хийлгүйгээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь, яллагдагч С.Г- нь хохирогчийг анхнаасаа залилах субъектив санаа зорилго агуулж, зээлийн гэрээ байгуулах замаар түүнийг гэрээгээр халхавчлан хуурч, мөн өөрийн эзэмшлийн “Lexus 570” загварын 9911 УБН улсын дугаартай  тээврийн хэрэгслийг барьцааны зүйл болгон ашиглах нэрийдлээр түүний нэр дээр шилжүүлэн өгч, улмаар 40.000.000 төгрөгийг авсан боловч барьцааны эд зүйл болох авто машины өмчлөлийг хохирогчийн өмчлөлөөс гаргуулан авахын тулд “Б.Б-” гэсэн хуурамч иргэний үнэмлэхний лавлагаа ашиглаж өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэж, бусдын нэр дээр шилжүүлж авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. С.Г-ын “залилах” гэмт хэргээс гадна өөр төрлийн гэмт үйлдэл хийсэн, өөрөөр хэлбэл хуурамч баримт бичиг ашигласан эсэхийг бүрэн тогтоохын тулд нотариатчийг гэрчээр асуулгаж, түүний бүртгэл хяналтын дэвтэрт үзлэг хийсэн, мөн Авто тээврийн үндэсний төвийн баримт бичигт үзлэг хийсэн, иргэний үнэмлэхний лавлагааг хуурамч эсэхийг шалгуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж дүгнэлт гаргуулсан нь уг үйлдлийг мухарлан шалгасан болох нь тогтоогдоно. Гэтэл Б.Б- гэх хүний иргэний үнэмлэхний лавлагааг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэх 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б.Б- /ШБ87102583/-ийн иргэний үнэмлэхний лавлагааны эх хувь нь дээрх байгууллагууд болон яллагдагч С.Г-од байхгүй болох нь тогтоогдож, зөвхөн хуурамч, хуулбар хувь нь байх ба үүнийг үндэслэж дүгнэлт гаргах боломжгүй гэж шинжээч үзсэн байхад анхан шатны шүүх эрх бүхий байгууллагаас гаргуулж, харьцуулах шинжилгээнд оруулж, дүгнэлт гаргуулах мэтээр дүгнэсэн нь хэргийн үйл баримтыг бүрэн нягтлаагүй гэж үзэхээр байна. Эрх бүхий байгууллагуудад уг иргэний үнэмлэхний лавлагааны эх хувь бус хуулбар хувь үлдсэн гэдгийг мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох нотлох баримтуудаар илэрхий харагддаг. Анхан шатны шүүхээс С.Г-ыг бусдын эд хөрөнгийг гэрээгээр халхавчлан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлаа нуух замаар хохирогч Б.Б-ийг залилсан гэмт үйлдлийн арга хэлбэр нь “баримт бичиг буюу хуурамч гэх иргэний үнэмлэхний лавлагаа” ашиглаж үйлдсэн болохыг харгалзахгүйгээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын шатанд С.Г-ын хуурамч баримт бичиг ашигласан гэх үйлдлийг мухарлаж, эцэслэн шалгах үүднээс хийгдэх ёстой бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн байхад үүнийг үнэлж, дүгнэлт өгөлгүй хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг тал бүрээс үнэлж, дүгнээгүй гэж үзэхээр байна.

Хэрэв С.Г-ын хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан нь мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар хөдөлшгүй нотлогдсон тохиолдолд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах байсан. Гэтэл уг үйлдлийг мухарлаж, эцэслэн шалгасан боловч бүрэн тогтоогдоогүй, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэргийг анхан шатны шүүх мөн анхаарахгүйгээр хэргийн үйл баримтад тохирохгүй дүгнэлт өгсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ гэж хуульчилсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Г-од холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч нарыг оролцуулах талаар хүсэлт гаргуулан шийдвэрлүүлж, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Тухайн хэргийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх ажиллагааг явуулж шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/538 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч С.Г-од холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч С.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН