| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2025/0150/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/154 |
| Огноо | 2025-08-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/154
2025 08 26 2025/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох эрүүгийн 2304001910117 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч Ц.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ганцаараа Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* хэсэгт оршин суух хаягтай,
урьд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1600 төгрөгрийн торгох ялаар,
1992 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж хугацаа дуусаж суллагдсан,
Багануур дүүргийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 162 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,
******* аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 88 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хорих ялаар,
Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан
******* овогт ******* ******* (РД:*******)
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 05 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 16 тоотод байрлах байранд нэвтрэн орж хохирогч Д.*******ын эзэмшлийн “ -13” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2.250.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Надад өөрийн гэсэн гэр орон байхгүй. Орц хонгил гээд хаа таарсан газраараа амьдардаг. Би тухайн шөнө орцоор явж байгаад 1 давхарын шатны эсрэг талын хаалгыг нээхэд онгорхой байсан, тэгээд ороод том өрөө рүү нь ороход нэг гар утас байсан, ямар утас гэдгийг нь мэдэхгүй байна. 2 жилийн өмнөх асуудал болохоор сайн санахгүй байгаа. Гар утсыг зараад идэж уух юм аваад үлдсэнээр нь нэг шил архи авч уусан. Камерийн бичлэгийг үзэхэд тухайн малгай, цамцаар нь би өөрийгөө гэдгийг таньж байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж бага ял оногдуулж өгнө үү. Хохирогчийн гар утасны хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүдгүүд (хх-ийн 55, 58, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2023 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед гэрээс гарч хүнтэй уулзаад 03 цагийн үед байрандаа буцаад ирсэн. Орондоо ороод 04 цаг хүртэл хүнтэй чаталж байгаад унтсан, өглөө 08 цагт сэрээд утсаа хайтал олоогүй, утас руугаа залгатал утас маань холбогдох боломжгүй болчихсон байсан, миний алдсан утас “ -13” загварын хөх өнгийн утас байсан. 1 жилийн өмнө 2022 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын “” гар утасны худалдааны төвөөс 2,900,000 төгрөгөөр худалдаж авч байсан, би байрандаа орохдоо хаалгаа түгжээгүй унтсан. Ер нь байрны хаалга түгждэггүй унтдаг юм. Шөнө үйлдвэрээс ээлжний хүн ирсэн тохиолдолд буугаад амарч байгаа хүмүүсээ сэрээчихдэг учраас түгжихгүй унтдаг. Урьд нь ийм асуудал огт гарч байгаагүй, өөр алдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34),
Гэрч Х.ын “...Манай нөхөр ажилдаа байрладаг байранд байдаг юм. Би энд ирээд 2 хонож байна. ...Миний хажууд нөхөр унтаж байсан. Уг өрөө нь 3 өрөөтэй, өрөө тус бүрт 2 хүн хонодог. Би орой 23 цагийн үед унтсан, өглөө 09 цаг 30 минутын үед сэрсэн. Өглөө намайг сэрэхэд хажуу өрөөнд унтсан залуу утас маань алга болчихлоо гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-37),
“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 401 дугаартай шинжээчийн “... -13” загварын гар утас 2.250.000 төгрөг” гэсэн дүгнэлт (хх-ийн 46),
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “Бүртгэлийн 1348 дугаартай гомдол мэдээлэд Багануур дүүргийн 1-р хороо, 78 дугаар байр луу харсан “Содон суврага” СӨХ-ийн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 27),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлээр “Ц. Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 16 тоотоос “ -13” маркийн гар утас алдчихлаа” гэх гомдол мэдээллийг 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 11 цаг 20 минутад хүлээн авав” гэжээ (хх-ийн 23),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтэд “Хэрэг учрал болсон газар нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 16 тоот” гэжээ (хх-ийн 24-26),
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 96-98),
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр “Тус бичлэг нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 байр луу харсан “Содон суврага” СӨХ-ны хяналтын камерийн бичлэг байх ба тус бичлэгт 2023 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 05 цаг 02 минутад хар хөх өнгийн куртик саравчтай малгай, хар баруун өнгийн өмд, хар бараан өнгийн гуталтай дундаж өндөртэй эрэгтэй хүн 78 дугаар байрны зүүн талын булангаас гарч ирээд... 78 дугаар байрны 2 дугаар орцны хаалгыг онгойлгон дотогш орж байна. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 78 дугаар байрны 16 тоот буюу хэргийн газар нь тус байрны 2 дугаар орцны 1 давхарт ертөнцийн зүгээр зүүн талаас 1, 2 дахь цонх байх ба тус этгээдийг орц руу орсноос хойш хэрэг гарсан гэх газрын цонхонд гар чийдэн мэт бүдэг гэрэл орж гарч байгаа нь хяналтын камерийн бичлэгт тусгагдсан байна” гэжээ (хх-ийн 29)
Шүүгдэгч Ц.*******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 108-110)
Шүүгдэгч Ц.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаагаар урьд 7 удаагийн ял шийтгэлтэй” гэх шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 73-74, 77-90, 115-117)
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны албан тоотод “Ц.******* нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй тул Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ХМШЗ/21 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ялыг 37 хоногийн хорих ялаар сольж, 427 дугаар нээлттэй хаалттай хорих ангид ял эдэлж байгаад 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан” гэжээ. (хх-ийн 93),
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ЦХШЗ/15 дугаартай “Ц.*******г 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэсэн шүүгчийн захирамж (хх-ийн 134-135),
Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хоригдол хүлээн авсан бүртгэлийн хуудсанд “******* *******г 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав” гэжээ (хх-ийн 146) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.1 дэх дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны үүрээр 05 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 2 дугаар орцны 16 тоотод нэвтрэн орж, улмаар хохирогч Д.*******ыг унтаж байхад нь том өрөөнд байсан түүний эзэмшлийн “ ” загварын гар утсыг авч түүнд 2,250,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “надад өөрийн гэсэн гэр орон байхгүй. Тухайн шөнө орцоор явж байгаад шатны хажуу талын хаалгыг татаж үзэхэд онгорхой байсан юм. 2 жилийн өмнөх асуудал болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,
- хохирогч Д.*******ын “өглөө 08 цагт сэрээд утсаа хайгаад олоогүй, утас руугаа залгатал утас маань холбогдох боломжгүй байсан, шөнө ээлжийн ажилчид ирдэг учраас хаалгаа түгжээгүй унтаж байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33),
-гэрч Х.ын “Өглөө намайг сэрэхэд хажуу өрөөнд унтсан залуу утас маань алга болчихлоо гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 36),
-хохирогчид 2.250.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 401 дугаартай дүгнэлт (хх-ийн 46),
-камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 28-30), хэргийн газрын үзлэг хийсэн, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт (хх-ийн 27) болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Аливаа гэмт хэргийн нийгмийн аюул нь гэмт халдлагад өртсөн объектын шинж, ач холбогдол, гэмт хэрэг үйлдсэн арга, цаг үе, газар, хэрэглэсэн зэвсэг, учруулсан хохирол, хор уршиг, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэргээр тодорхойлогддог. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тусгайлсан гэмт хэргийн хүндрүүлэх болон онц хүндрүүлэх шинжид хамааруулдаг билээ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн арга, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, халдлагын зүйл, хохирлын шинж чанар, хэр хэмжээг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд нь хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд гэмт этгээд нь өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.*******г “Хулгайлах” гэмт хэргийг хохирогч амьдардаг орон сууцанд нь нэвтрэн орж түүний орон байрны халдашгүй байдал болон 2.250.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь хулгайлж өмчлөх эрхийг тус тус зөрчсөн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрч учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг тодруулан хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, нэхэмжилж буй эд хөрөнгийн хохирлыг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргасан тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэхдээ гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх замаар арилгадаг билээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.******* нь хохирогчид 2.250.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. (хх-ийн 40)
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******гээс 2.250.000 төгрөг гаргуулан хохирогч Д.*******д олгох нь зүйтэй.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс “бага ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Мөн аливаа эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоос гадна нөгөө талаасаа нийгэмшүүлэх зорилгыг хамтад нь агуулдаг.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ боловч Ц.******* нь 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цагдан хорих байханд хүргэгдсэн байна. (хх-ийн 134-135, 146-147)
Иймд Ц.*******гийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Ц.*******гийн цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******гээс гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2.250.000 (хоёр сая хоёр зуун тавин мянган) төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******д олгосугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8.Шүүгдэгч Ц.*******гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА