| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1439/Э/220/2025/0909 |
| Дугаар | 2025/ШЦТ/1834 |
| Огноо | 2025-07-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 21.12.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1834
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Л.Онцгойгэрэл,
Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,
Хохирогч ***, түүний өмгөөлөгч М.Далайжаргал,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт *** овогт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405034890037 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч *** нь Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай тушаалаар ***хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагчаар томилогдож, зөрчлийн ********** дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байхдаа,
Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, эсхүл хүний нэр төрийг гутаан доромжлон харьцаж мэдүүлэх авахыг хориглоно” гэсэн заалт,
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн заалт,
Монгол Улс 1968 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны 01 дүгээр сарын 18-нд соёрхон баталсан “Иргэний болон Улс төрийн эрхийн Олон Улсын пакт”-ын 7 дугаар зүйлд заасан “хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно” гэсэн заалт,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 5 дугаар зүйлд заасан “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэсэн заалт зэргийг тус тус зөрчиж,
2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хэсгийн байцаагчийн албан өрөөндөө холбогдогч ***аас тайлбар, мэдүүлэг авах зорилгоор биед нь хүч хэрэглэн халдаж, сэтгэл санааг нь шаналган зовоосон,
Мөн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *** байран дотор байрлах албан өрөөндөө иргэн ***ын шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, тонгойлгож байгаад бөгс рүү цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун шилбэний халдварлагдсан шарх, баруун шилбэний удаан дарагдлын хам шинж, арьс зөөлөн эдийн үхжил, үхжилтийг эдийг өөлж авах, угаах, баруун гуянаас арьс шилжүүлэн суулгах мэс засал, баруун шилбэний арьс зөөлөн эдийн дутмагшил, баруун хөлийн шилбэ, тавхайн мэдрэлийн бууралт, тавхайн 3, 4, 5 дугаар хурууны өнгөц мэдрэхүйн бууралт, зүүн шилбэнд шарх, биеийн гадаргуугийн 4-6 хувь хүртэлх талбайг хамарсан сорви” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “..Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх” зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргах зүйлгүй” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд: “...2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 7 хоногийн өмнө намайг архи уухад манай эхнэр цагдаа дуудаад би эрүүлжүүлэх байранд орсон. Гэтэл *** намайг маргааш ирээрэй гээд явуулсан. Маргааш нь би түрээсийн машин барьдаг ажилтай байсан тул ирээгүй. 7 дугаар сарын 25-ны өдөр би найзтайгаа нэг шил архи хувааж уугаад сүүдэрт сууж байтал *** надтай таараад өрөө рүүгээ авч ороод миний шилбэ рүү өшиглөөд, тонгойлгож байгаад бөгс рүү нэг юмаар цохисон. Маргааш нь би ирж чадаагүй, ажлаа хийх ёстой байсан ба 2, 3 өдөр ажлаа хийж байгаад баруун хөл даагдахаа больсон. Би том машиндаа байж байгаад 2, 3 хоног өвчнөө намдаах гэж эм, тариа хэрэглэж, шархаа цэвэрлэсэн. Сүүлдээ хөл даагдахаа больж 8 дугаар сарын 06-ны өдөр гэмтлийн эмнэлэг дээр очиж шууд яаралтай хагалгаанд орсон. Би 8 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтээд 3 удаа норкозтой хагалгаанд орсон, гуяны арьснаас нөхөлт хийлгэсэн ба 8 дугаар сарын 28, 29-ний өдөр эмнэлгээс гарсан. Шүүгдэгчийг надтай эр хүний журмаар ярих байх, уулзах байх гэсэн боловч над руу яриагүй. *** ХХК-д хувь тэргээр ажил хийдэг. Би ноднин 3 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 61 сая төгрөгийн орлого олсон. 7 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллах ёстой байсан хугацааны мөнгө нэхэмжилж байгаа” гэв.
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би 2024 оны 5 дугаар сард ажлаасаа буюу шувуун фабрикт ажиллаж байгаад хотод гэртээ ирсэн. Гэртээ харихдаа найз нартайгаа архи уугаад согтуу харьсан. Тэгсэн манай эхнэр намайг ажлаасаа согтуу ирлээ гэж уурлаад бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд би унтах гээд хэвтэж байхад 2 цагдаа орж ирсэн. Тухайн цагдаа нараас би яасан юм бэ гэхэд танай эхнэр дуудлага өгсөн гэж хэлээд намайг Дэнжийн мянгад байрлах эрүүлжүүлэх байранд аваачиж эрүүлжүүлэх байранд хийсэн. ... *** хэсгийн байцаагч, дэслэгч *** гэх хүн дээр миний зөрчил цохогдсон. *** хэсгийн байцаагч намайг тухайн үед 2 хоногийн дараа хороон дээр ирээрэй гэж хэлээд явуулсан. Би маргааш нь буюу эрүүлжүүлэхээс гарсан өдрөө ажилтай байсан учраас шувуун фабрик руу ажилдаа явсан. ... Тэгээд би ажлаасаа ирээд 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хорооллын эцэст 2 найзтайгаа нэг шил архи аваад гадаа модны сүүдэрт уугаад сууж байхад *** хэсгийн байцаагч 1 цагдаагийн хамтаар гарч ирээд намайг харснаа хүмүүс дуудлага өглөө хороо руу явъя гэж хэлээд дагуулаад явсан. Хороон дээр очоод манай 2 найзыг яв гэж хэлээд явуулсан. Тэгснээ намайг өрөөндөө авч ороод цагдаагаараа хаалгаа хаалгаад та яагаад дуудсан цагт ирдэггүй юм, асуудлаа шийдүүлэхгүй зугтаад байна гэж хэлээд хөлөөрөө миний баруун хөлийн шилбэ рүү сөхөрч суутал хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь би ахынх нь хөл муу шүү гэж хэлэхэд дахин нэг удаа шилбэ рүү өшиглөсөн, намайг өвдөг сөхрөөд босоод ирэхэд зүүн шилбэ рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн, тэгэхээр нь би зүүн шилбэний сорвио харуулахад хөл рүү чинь өшиглөж болохгүй бол цаашаа хараад зогсож бай гээд өрөөндөө байсан сандлыг түшүүлээд тонгойлгож зогсоогоод миний өгзөг рүү 60-70 см урттай цагаан зүйлээр 6-7 удаа цохисон. Тэгснээ одоо яв маргааш 12:00 цагт ирээрэй гэж хэлээд явуулсан. Би хорооноос гарахад манай гагнуурчин найз М ганцаараа намайг хүлээгээд байж байсан. М-д хандаж би хөл өвдөөд байна гэж хэлээд 2 шилбээ харуулахад цус гоожсон байсан. Тэгээд найз М-с салаад энэ өдрөө ажил руугаа яваад машинаа барьсан. Машин барьж явахад хөлийн шилбэ өшиглүүлсэн хэсгээр өвдөөд байхаар нь эм, архи уусан боловч өвчин нь намдахгүй байсан. Тэгээд халуураад байхаар нь өөрийн төрсөн дүү О-г дуудаж ээжийндээ ирээд 2 хоносон боловч бие зүгээр болохгүй байсан. Тэгэхээр нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Гэмтлийн эмнэлэг ороход миний хөлийг үзээд 11 дүгээр хорооллын гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Тухайн эмнэлэгт очиход намайг үзээд яаралтай хагалгаанд оруулсан. Эмнэлэгт хэвтсэнээс хойш нийт 3 удаа хагалгаанд орсон” гэсэн мэдүүлэг /хх-н 11-14/,
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: "...Учирсан хохирлоо бүрэн нэхэмжилж байна. Сарын орлого, эмчилгээний зардлаа яаралтай авмаар байна. Цагдаагийн алба хаагчид зодуулсны улмаас Түлэгдэлтийн төвд хагалгаанд 3 удаа орсон. Энэ хугацаанд хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж өр төлбөрөө төлж байсан. ...Цагдаагийн алба хаагч *** намайг дуудсан цагт ирсэнгүй гээд албан байран дээрээ өрөөний хаалгаа хааж байгаад миний 2 хөлийн шилбэ рүү хөлөөрөө өшиглөсөн. Би хөгшин настай хүн болохгүй шүү гэхэд цагдаагийн алба хаагч *** намайг цаашаа хараад тонгой гээд миний өгзөг рүү цагаан зүйлээр 6, 7 удаа цохисон. Яг энэ үед өрөөнд 1 цагдаагийн алба хаагч цуг байсан. Өөр хүн байгаагүй. Өрөөнд байсан цагдаагийн алба хаагч хараад зогсож байсан. Надад гар хүрсэн асуудал байхгүй. Юу ч дугараагүй. Би цагдаагийн байрнаас гараад өөрийн найз Магсарт хөлөө харуулж цагдаа ***ийг өшиглөсөн талаар хэлсэн. ...цагдаа *** надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Нэг ч удаа эмчилгээний зардал өгөөгүй. Надтай уулзаагүй. ...намайг цагдаа *** 2 өдрийн дараа ирээрэй гэсэн. Би 2 өдрийн дараа цагдаа ***ийн дуудсан цагт очиж чадаагүй. Учир нь тухайн өдөр ажилтай байсан. Тэгээд найз Магсартай ууж байгаад цагдаа ***тэй тааралдсан. Цагдаа *** өрөө рүүгээ авч явсан. Тэгээд цагдаа *** чи яахаараа дуудсан цагт ирдэггүй юм бэ гээд намайг зодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 111-113/,
Гэрч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өөрийн төрсөн ах ***ыг Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн шинээр барьж байгаа газрын ойролцоо байдаг авто машин байрлуулж тавьдаг газраас нь очиж авахад ахын бие өвдөөд байна гэж хэлэхээр нь та яах гэж архи уугаад байдаг юм бэ тэрнээсээ л болж байхгүй юу гэж хэлэхэд өчигдрөөс хойш архи уугаагүй байгаа гэж хэлэхээр нь би дотроо энэ хүн архи ууснаас болоод л бие нь өвдөөд байгаа юм байна гэж бодоод ахыг өөрийнхөө гэрт аваачаад ээж А-н гэрт оруулж хэвтүүлж амраасан. ...*** ахын хоёр хөлийн шилбэний урд хэсэг нь нэлэнхүйдээ тав тогтож шархалсан харагдахаар нь наад хөл гараа яачихсан юм бэ, юу болсон юм бэ гэж асуухад манай хорооны хэсгийн байцаагч цагдаа *** намайг эрүүлжүүлэгдээд гарсны дараа ирж уулзаарай гэхээр нь би очиж уулзаж чадаагүй байсан юм. Тэгээд дараа нь өөрийн танил хоёр хүнтэй таараад нэг шил архи гудамд уугаад сууж байх үед *** цагдаа таараад хорооныхоо байранд дагуулж ирээд манай хоёр найзыг торгуулийн мөнгөө олж ир гэж хэлж явуулаад намайг өрөөндөө оруулаад чи муу яахаараа ирдэггүй юм бэ гэж хэлээд зодсон ...гэж хэлж байсан. ...Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд үзүүлж яаралтай хөлийн мэс заслын хагалгаанд оруулснаас хойш өнөөдрийг хүртэл эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,
Гэрч Ө.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... найз ***тай *** нутаг дэвсгэрт таараад манай найз *** надад 0,5 литрийн хараа нэртэй архи авч өгөөд бид 2 гадаа модны хажууд архиа хамт хувааж уусан. Архиа дуусаад байж байхад хоёр цагдаа ирээд *** бид хоёрыг болон тэнд байсан 3 залууг нийлүүлээд бөөнд нь авч явсан. ... манай найз ***ыг аваад үлдчихээр нь би тэндээс гарч яваад гадаа найз ***ыг хүлээгээд сууж байхад 15-20 минутын дараа *** гарч ирсэн. Гарч ирээд *** хөл өвдөөд байна гэж хэлээд хөлийнхөө 2 шилбийг надад харуулсан чинь 2 шилбэнээс нь цус гарчихсан байсан. Яасан талаар асуухад цагдаа өшиглөөд зодсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,
Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...одоо хугацааг нь сайн санахгүй байна. 2024 оны зун намайг *** цагдаагийн хэсгийн байранд байхад гаднаас хэсгийн байцаагч ***, нэг настай эрэгтэй хүнийг дагуулан орж ирсэн. Намайг буйдан дээр сууж байхад хэсгийн байцаагч ***, уг настай эрэгтэй хүнийг ууж идлээ. Дуудсан цагт ирсэнгүй гээд хөл рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би ***т явлаа гээд цагдаагийн хэсгийн байрнаас гарсан. Өөр зүйл мэдэхгүй. ... өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 161-163/,
Шинжээчийн ЕГ0525/713 тоот дүгнэлтэд: “...2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11131 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №87 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.4-т “Эмнэлгийн баримт бичигт гэмтлийн шинж, эмнэл зүйн явц, шинжилгээний үр дүн, онош бүрэн тусгагдсан, эмчийн гарын үсэг, тэмдгээр баталгааж өвчтөний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хяналтын карт, яаралтай тусламжийн хуудас, лабораторийн эмчлүүлэгсдийн карт, хяналтын карт, яаралтай тусламжийн хуудас, лабораторийн болон багажийн шинжилгээний зураг, бичлэг, тэдгээрийг агуулсан тусгай тээгч байна” гэж заасан байна. Иймд тухайн 87 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. ***ын биед баруун шилбэний халдварлагдсан шарх, баруун шилбэний удаан дарагдлын хам шинж, арьс зөөлөн эдийн үхжил, үхжилтийн эдийг өөлж авах, угаах, баруун гуянаас арьс шилжүүлэн суулгах мэс засал, баруун шилбэний арьс зөөлөн эдийн дутмагшил, баруун хөлийн шилбэ, тавхайн мэдрэл (n.peroneus, n.suralis)-ийн бууралт, тавхайн 3, 4, 5 дугаар хурууны өнгөц мэдрэхүйн бууралт, зүүн шилбэнд шарх, биеийн гадаргуугийн 4-6 хувь хүртэлх талбайг хамарсан сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх биеийн гадаргуугийн 4-6 хувь хүртэл талбайг хамарсан сорви нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 8.52.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 20 хувь алдагдуулна” гэжээ /хх 2-н 101-102/,
Шинжээчийн 1475 тоот дүгнэлтэд: “...2024 оны 7 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэгт хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэжээ. /хх 2-н 54-55/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 1/, хохирогчийн өргөдөл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 77-88/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 90-95/, хохирлын баримтууд /хх-н 115/, шинжээчийн 87 тоо дүгнэлт /хх 1-н 116-117/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 202-206, 216-217/, хохирогчийн өвчний түүх /хх 2-н 9-34/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай тушаалаар ***хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагчаар томилогдож, зөрчлийн *********** дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байхдаа,
Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, эсхүл хүний нэр төрийг гутаан доромжлон харьцаж мэдүүлэх авахыг хориглоно” гэсэн заалт,
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн заалт,
Монгол Улс 1968 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны 01 дүгээр сарын 18-нд соёрхон баталсан “Иргэний болон Улс төрийн эрхийн Олон Улсын пакт”-ын 7 дугаар зүйлд заасан “хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно” гэсэн заалт,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 5 дугаар зүйлд заасан “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэсэн заалт зэргийг тус тус зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *** хэсгийн байцаагчийн албан өрөөндөө холбогдогч ***аас тайлбар, мэдүүлэг авах зорилгоор биед нь хүч хэрэглэн халдаж, сэтгэл санааг нь шаналган зовоосон,
Мөн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *** байран дотор байрлах албан өрөөндөө иргэн ***ын шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, тонгойлгож байгаад бөгс рүү цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун шилбэний халдварлагдсан шарх, баруун шилбэний удаан дарагдлын хам шинж, арьс зөөлөн эдийн үхжил, үхжилтийг эдийг өөлж авах, угаах, баруун гуянаас арьс шилжүүлэн суулгах мэс засал, баруун шилбэний арьс зөөлөн эдийн дутмагшил, баруун хөлийн шилбэ, тавхайн мэдрэлийн бууралт, тавхайн 3, 4, 5 дугаар хурууны өнгөц мэдрэхүйн бууралт, зүүн шилбэнд шарх, биеийн гадаргуугийн 4-6 хувь хүртэлх талбайг хамарсан сорви” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Ц.О, Ө.М, Б.Г нарын мэдүүлгүүд, хохирогчийн өвчний түүх, гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь ***хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган тасгийн хэсгийн байцаагчаар томилогдож, зөрчлийн ********* дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байхдаа ***аас тайлбар, мэдүүлэг авах зорилгоор биед нь хүч хэрэглэн халдаж, сэтгэл санааг нь шаналган зовоох зэргээр эрүү шүүлт тулгасан,
Мөн хохирогч ***ын шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх, тонгойлгож байгаад бөгс рүү цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор өөрөө бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ажилгүй байсан үеийн олох ёстой орлого 61.841.020 төгрөг, сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 хувиар тооцож, нийт 71.142.841 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн.
Шүүхээс хохирогчийн хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн шатанд гаргаж өгсөн баримтуудыг үнэлж дүгнэн баримттай эмчилгээ, эм тарианд гарсан 678.420 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 6.600.000 төгрөг, нийт 7.278.420 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор мөрдөгч шинжээч томилсон ба шинжээчийн 1475 тоот дүгнэлтэд хохирогчийн дээрх гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамааруулжээ.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэргийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан тул гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6.600.000 төгрөгөөр тооцсон болно.
Хохирогчийн ажилгүй байсан үеийн олох ёстой байсан орлого 61.841.020 төгрөгийн энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Хохирогч, хохирогчийн өмгөөлөгчөөс ажилгүй байсан үеийн олох ёстой байсан үеийн хохирлын талаар баримтыг гаргаж өгсөн боловч яг дээрх баримтад заасан хохирлыг хохирогч нь олох байсан нь хангалттай нотлогдохгүй байна.
Бүгд Найрамдах Турк Улсын “Мапа Иншаат Вэ Тижарет ХХК”-ний Улаанбаатар дахь төөлөгчийн газар ....*** нь ...эрүүл мэндийн шалтгааны улмаас 2024 оны 3-р сарын 13-с 2024 оны 7 дугаар сарын 16-ны хүртэл ...түүнээс хойш ажлаа хийж чадаагүй...” гэх тодорхойлолтоор хохирогчийг дээрх хохирлыг олох байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан үеийн олох ёстой орлогын талаарх баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хохирогчийн олох ёстой байсан орлогоос шатах, тослох материал авахад хэдэн төгрөг шаардагдах, автомашины засвар үйлчилгээнд ямар зардал гарах, энэ орлогоос бусад ямар зардлууд хасагдах талаар баримтгүй байхад зөвхөн түүний урд олж байсан орлогын баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.500 нэгж буюу 3.500.000 төгрөгөөр торгох” ял тус тус оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил мэргэжилтэй холбогдуулан дээрх гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно.” 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 2.3-д “зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг”, гэж тус тус хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сар зорчих эрх хязгаарлах ял /2 сар хорих/ нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил, 2 сар хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР