2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1882

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,

Улсын яллагч: Г.Ариунзул,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *** овогт *** д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505000000496 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ***нь 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн ***тоотод байхдаа ахуйн хүрээний хэрүүл маргаан үүсгэж, улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч, хохирогч ***гийн эрх чөлөөнд халдан түүнийг зодож, цохисны улмаас эрүүл мэндэд нь “дух, хоёр бугалга, тохой, шуу, зүүн гуянд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэртээ хоёр хүүхэдтэйгээ унтаж байсан чинь манай нөхөр *** шөнө 23 цаг өнгөрч байхад согтуу гаднаас орж ирсэн. Би нөхрийн найз Б-ээс 2024 оны 12 дугаар сард бизнес хийх зорилгоор мөнгө зээлээд нэг байгууллагад тоног төхөөрөмж нийлүүлсэн боловч тэр байгууллага нь санхүүжилт нь ороогүй байна гээд миний тоног төхөөрөмж нийлүүлсэн мөнгийг гаргаж өгч чадаагүй байгаа юм тэгээд манай нөхрийн найз Б надад зээлсэн мөнгөө авъя гэж нэхсэнээс болоод нөхөр бид хоёрын дунд сүүлийн 1 сар орчим хэрүүл маргаантай байгаа юм. Үүнээс болоод шөнө согтуу орж ирчхээд хэрүүл өдөж хэл амаар доромжилж байгаад сүүлдээ намайг зодоод эхэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм аа. Гараараа цохиж чимхээд байсан. Миний хоёр гар, нүүр, хөл, хавирга толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн үснээс зулгаасан, хоолой боосон. Миний хоёр гарын шуу, бугуй, хүзүү, толгой, дух хэсэгт хөхөрч хавдсан байна. Манай хоёр хүүхэд болох хүү Б, охин Э нар байсан өөр хүн байгаагүй. Гэр бүлийн баталгаатай. Дундаасаа 2 хүүхэдтэй, Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж хохирлын зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгөн үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Шинжээчийн ЕГ0725/5039 тоот дүгнэлтэд: “...***гийн биед дух, хоёр бугалга, тохой, шуу, зүүн гуянд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-н 19-20/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 26, 28-40/, хохирогчийн хүсэлт /хх-н 46/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсэж, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон.

Хэдийгээр шүүгдэгч, хохирогч нь гэр бүлийн харилцаа хамааралтай боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын буюу гэр бүлийн маргаанаас шалтгаалан шүүгдэгч нь хохирогчийн биед халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх үндэслэлгүй ба өмнө нь шүүгдэгч нь хохирогчийн биед халдсан, зүй бус харьцсан, зөрчил шалган шийдвэрлэх хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн хамаарал харилцаатай хүмүүс аль нэгнийхээ эрүүл мэндэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирол учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Иймд улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.

Шүүгдэгч ***нь 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн ***тоотод байхдаа ахуйн хүрээний хэрүүл маргаан үүсгэж, хамтран амьдрагч, хохирогч ***гийн эрх чөлөөнд халдан түүнийг зодож, цохисны улмаас эрүүл мэндэд нь “дух, хоёр бугалга, тохой, шуу, зүүн гуянд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр ***тай хэрүүл маргаан үүсгэж, түүнийг цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь хохирогч ***г цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 46/ гэсэн хүсэлт бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч М.***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч *** овогт ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.***г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  4. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР