Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/05

 

Г.Я, Б.Э, Ж.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

 Прокурор Ш.Батсүх, шүүгдэгч Г.Я өмгөөлөгч Ч.Б /ZOOM/-ээр, Г.Э, шүүгдэгч Б.Э өмгөөлөгч С.Г, Ж.Н өмгөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/44дүгээр шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Г.Я, Б.Э, Ж.Н нарт

холбогдох 1917001790093 дугаартай 3 хавтас 721 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ш.Батсүхийн эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Г.Я нь Б.Э бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын дундуур Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр Тэрэгтэд Ц.М эзэмшлийн өвөлжөөнөөс зүүн тийш 600 орчим метрийн зайд газарт булаатай байсан түүний өмчлөлийн  50 тонны төмөр торх /ёмкость/-г машин механизм ашиглаж буюу явуулын экскаватороор газраас ухуулж гаргасан, мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн Ж.Н хөлслөн түүний өмчлөлийн 30-19 УБГ улсын дугаартай өргөгч краныг ашиглан хулгайлж 4 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Мөн яллагдагч Г.Я нь гэрч Ж.Н гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б.Э нэрийг хасаад мэдүүлэг өгөөд өгөөч” гэж хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг,

Яллагдагч Б.Э нь Г.Я бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын дундуур Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр Тэрэгтэд Ц.М эзэмшлийн өвөлжөөнөөс зүүн тийш 600 орчим метрийн зайд газарт булаатай байсан түүний өмчлөлийн 50 тонны төмөр торх /ёмкость/-г машин механизм ашиглаж буюу явуулын экскаватороор газраас ухуулж гаргасан, мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн Ж.Н хөлслөн түүний өмчлөлийн 30-19 УБГ дугаартай өргөгч краныг ашиглан хулгайлж 4 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Яллагдагч Ж.Н нь яллагдагч Г.Я холбогдох эрүүгийн 1917001790093 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” 4 дэх хэсэгт заасан “гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” 8 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө” гэсэн хуульд заасан эрх, үүргйиг нь тайлбарлан өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хууль сануулж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсний дараа “Хугацааг сайн санахгүй байна Тэрэгтийн цаад талаас газраас ухаад гаргасан төмөр торх ачуулсан... Я өөрөө байсан... Я би кран ажиллуулсан хөлс болох 150 000 төгрөгөө авсан...” гэж яллагдагч Г.Я ятгалгаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б Э, И овогт Г Я, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Г Я, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ж Н нарт холбогдох эрүүгийн 1917001790093 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Я, Б.Э, Ж.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт прокурорт буцааж, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, иргэний нэхэмжлэгч Л.Б өмчлөлийн 30-19 УБГ улсын дугаартай “Sinotrak Wu Yue” маркын 11 000 000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн өргөгч краныг прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилж өмчлөгч Л Б хариуцуулсан болохыг тус тус дурдаж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

Прокурор Ш.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч Г.Я нь Б.Э бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын  дундуур Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тэрэгтэд байх иргэн Ц.М эзэмшлийн өвөлжөөнөөс зүүн тийшээ 600 орчим метрийн зайтай газарт булаатай байсан түүний өмчлөлийн 50 тонны төмөр ёмкосыг машин механизм ашиглаж буюу явуулын экскаватороор газраас  ухуулж гаргасан, мөн үргэлжилсэн үйлдлээр Ж.Н хөлслөн түүний өмчлөлийн 30-19 УБГ улсын дугаартай өргөгч краныг ашиглан хулгайлж 4 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,мөн яллагч Г.Я нь гэрч Ж.Н гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Э нэрийг хасаад мэдүүлэг өгөөд өгөөч гэж хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг, яллагдагч Б.Э нь Г.Я бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын дундуур Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тэрэгтэд байх иргэн Ц.М эзэмшлийн өвөлжөөнөөс зүүн тийшээ 600 орчим метрийн зайтай газарт булаатай байсан түүний өмчлөлийн 50 тонны төмөр ёмкосыг машин механизм ашиглаж буюу явуулын экскаватороор газраас ухуулж гаргасан, мөн үргэлжилсэн үйлдлээр Ж.Н хөлслөн түүний өмчлөлийн 30-19 УБГ улсын дугаартай өргөгч краныг ашиглан хулгайлж 4 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн яллагч Г.Я нь гэрч Ж.Н гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Э нэрийг хасаад мэдүүлэг өгөөд өгөөч гэж хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг, яллагдагч Ж.Н нь яллагдагч Г.Я холбогдох эрүүгийн 1917001790093 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, 4 дэх хэсэгт зааснаар гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, 8 дахь хэсэгт заасан шүүх прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх,үүргийг тайлбарлаж өгнө гэсэн хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хууль сануулж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсний дараа хугацааг нь санахгүй байна.Тэрэгтийн цаад талын газраас ухаж гаргасан төмөр ёмкосыг ачихад Г.Я өөрөө байсан. Г.Я би кран ажиллуулсан хөлс болох 150 000 төгрөгийг авсан гэж яллагдагч Г.Я ятгалгаар  зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдсон байна. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 24 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны хянан хэлэлцээд 44 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичсэн.

Нэгдүгээрт: Анхан шатны шүүхийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153 дугаартай шүүгчийн захирамжид прокурорын яллах дүгнэлтэд 50 тонны ёмкосыг машин механизм ашиглаж буюу явуулын экскаватороор газраас ухуулж гаргасан, мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн Ж.Н хөлслөн түүний өмчлөлийн 30-19 УБГ  улсын дугаартай өргөгч краныг ашигласан гэж дурдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд экскаваторыг олохоор тодорхой ажиллагаа явуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж мөрдөн байцаалтын шатанд хийх ажиллагааг нь тодорхой заасан байхад уг ажиллагааг хийгээгүй байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Н ашиглаж байсан гэх иргэний нэхэмжлэгч Л.Б өмчлөлийн 30-19 УБГ улсын дугаартай  Sinotrak Wu Yue маркийн 11 000 000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн өргөгч краныг битүүмжилсэн атлаа, 50 тонны төмөр ёмкосыг газраас ухуулж гаргасан гэсэн явуулын экскаваторыг битүүмжлээгүй байгаа нь Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүрд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, мөн зүйлийн 2 дахь хэсэгт  хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэх заалтууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн, гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээр үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэх заалтуудыг тус тус зөрчигдөхөд хүрээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж тус тус заасан. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заасан мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжлэн, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Яллагдагч Г.Я нь хохирогч Ц.М учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, яллагдагч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болсон. Прокурорын яллах дүгнэлтэд 50 тонны ёмкосыг машин механизм ашиглаж буюу явуулын экскаватороор газраас ухуулж гаргасан, мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн Ж.Н хөлслөн түүний өмчлөлийн 30-19 УБГ улсын дугаартай өргөгч краныг ашиглан хулгайлж 4 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэж дурдсан зэргээс дүгнэхэд тухайн явуулын экскаваторыг төмөр ёмкосыг булсан байсан шороог ухаж ил гаргасан үйл баримт тогтоогдож байгаагаас бус тухайг экскаваторыг ашиглан хулгайлсан гэж үзэхээргүй, харин Ж.Н хөлслөн түүний өмчлөлийн 30-19 УБГ улсын дугаартай өргөгч краныг ашиглан хулгайлж 4 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхээр байх бөгөөд тухайн экскаваторыг олж битүүмжилснээр хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй байна. Хэдийгээр Монгол Улсын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, мөн хуулийн 2 дахь хэсэгт хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж тус тус заасан хэдий ч экскаваторыг олж битүүмжлээгүйгээр хэний ямар ямар эрх ашиг зөрчигдөж байгаа нь тодорхойгүй харин ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаагаас үүдээд хохирогчийн эрх хууль ёсны ашиг зөрчигдөж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн болон хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалтаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн буюу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өөрийнхөө өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, битүүмжлэхээр зохицуулсан байхад хэлцлийн үндсэн дээр ажил гүйцэтгэсэн явуулын хэн гэдэг нь тодорхой бус хүн, улсын дугаар, марк загвар тодорхой бус экскаваторыг олж тогтоон битүүмжил гэж байгаа нь Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчим, зорилтод нийцээгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт шүүхээс яллагдагч Г.Я өмгөөлөгч Г.Э нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн прокурорын газарт хүсэлт гаргасныг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хяналтын прокурор Ш.Батсүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрт өмгөөлөгч Г.Э нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дээд шатны прокурорт гомдол гаргасан ба 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 04 дугаартай прокурорын тогтоолоор Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн  байна. Уг тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад энэ шийдвэрийг гомдол гаргагч Г.Э нь эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж гэж заасан байтал тогтоолд заасан 3 хоногийн хугацааг өнгөрөөхгүйгээр 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлсэн нь дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчид дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг тайлбарласан атлаа уг эрхийг нь эдлүүлээгүй байна гэж шүүхээс үзлээ гэжээ. Хэдийгээр тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор яллагдагч Г.Я өмгөөлөгч Г.Э гаргасан гомдлыг хүлээн авч хянаад 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзаж, уг тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад “Энэ шийдвэрийг гомдол гаргагч Г.Э нь эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэж дурдсан байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ, мөн зүйлийн 8 дахь хэсэгт Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ”, гэж заасан бөгөөд яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлэхээр, яллах дүгнэлт үйлдсэний дараа хэргийн оролцогч нарыг гомдол, хүсэлт гаргах эрхээр нь хангах талаар заасан бус яллах дүгнэлт үйлдсэний дараа гаргасан гомдол, хүсэлтийг шүүхэд шилжүүлэхээр зохицуулжээ. Иймд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгээгүйгээс хэргийн оролцогчдын эрх ашиг зөрчигдөх, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ төрөх, хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагад ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэж үзэж байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байх тул Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/44 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл гаргасан. Энэ хэргийн тухайд 2019 оноос эхэлж шалгагдсан хэрэг байгаа. Гэхдээ хэрэг нь 2018 оны 07 дугаар сарын дундуур үйлдэгдсэн хэрэг байдаг. Өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг хэзээ, хэрхэн үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж үзээд байна. Гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Хэзээ гэдэг нь 2018 оны 07 дугаар сарын дундуур, хаана гэдэг нь Тэрэгт гэх газар М эзэмшлийн 50 тонны төмөр ёмкосыг Я, Э нар бүлэглэн хулгайлсан гэдэг нь тогтоогдсон. Явуулын улбар шар өнгийн экскаваторыг олж тогтоосонгүй гэдэг асуудал яригдсан. Энэ нь 2019 оны 12 дугаар сарын  19-ний өдөр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байдаг. Тухайн үед ашигласан тээврийн хэрэгслийг олж тогтоо гэсэн агуулгатай буцаасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н гэдэг хүний краныг ашиглаж ачуулаад Улаанбаатар хот руу явуулсан гэдгийг тогтоосон. Мөн явуулын экскаватораар газарт булайтай байхад ухуулсан үйл явдал тогтоогдсон. Үүний дагуу экскаваторыг олж тогтоох бүхий л үйл ажиллагааг хийсэн. Аймаг орон нутгийн экскаваторын судалгааг гаргаж, даалгавар бичээд хүмүүсээс асуулгасан байдаг. Гэтэл ямар нэгэн байдлаар явсан ажил үүрэг гүйцэтгэсэн гэдэг асуудал гарч ирдэггүй. Тухайн экскаватор яагаад гарч ирдэггүй вэ? гэхээр улбар шар өнгөтэй гэдгээс өөр мэдээлэл байхгүй. Ямар нэгэн улсын дугаар нь байдаггүй, хэн гэдэг хүнээр ажил хийлгэсэн гэдэг нь тодорхой бус байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр энэ заалтын хүрээнд олох боломжгүй байна гэдэг эргэлзээ бүхий байдал үүсч байгаа. Иймд сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж хариу байна. Мөн Э өмгөөлөгчийн ярьснаар прокурорт удаа дараа хүсэлт гаргахад хэргийг хянадаггүй гэж яриад байна. Хүсэлт гаргах болгонд хэргийг татаж хянаад ажиллагаа хийгдэж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Энхжаргал өмгөөлөгчөөс мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргасан удаа ховорхон байдаг. Гэтэл хэрэг шүүхэд шилжих болохоор хүсэлт гаргадаг. Тухайн үед 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Аймгийн ерөнхий прокурорт гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. 03 дугаар сарын 15-ы өдөр гомдол хүсэлтээ гардаж авсан. Яллагдагч нарт яллах дүгнэлтийг гардуулж өгсөн. Мөн  3 хоногийн хугацаа заасан байна би гомдол гаргана гэж хэлсэн. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах дүгнэлт үйлдэж гардуулсан бол хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэхээр зохицуулсан болохоос биш. Хэргийн оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зохицуулалт байхгүй. Иймд эсэргүүцлээ дэмжиж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Я өмгөөлөгч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байгаа. Яагаад гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттой шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг тогтоохдоо мөн хуулийн 16.2-т зааснаар нотолбол зохих байдлуудыг нотлохыг шаарддаг. Тухайлбал гэмт хэрэг гарсан байдал. Гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн гэдгийг эргэлзээгүй нотлохыг хуульд заасан. Жишээ нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол ямар машин механизмыг ашигласан бэ, хэний машин механизмыг ашигласан бэ?, хаана, хэзээ, яаж, энэ гэмт хэргийг үйлдэж байгаа вэ?, 1.7, 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй бүрэн дүүрэн нотлохыг хуулиар шаардаж байгаа. Энэ гэм хэргийг зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм  ашигласан гэж хүндрүүлж зүйлчилж байгаа. Хэрвээ машин механизм ашигласан гэж байгаа бол түүнийг нь олж тогтоож, битүүмжлэхээс өөр аргагүй.     Тиймээс шүүгчийн захирамжийг үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Э өмгөөлөгч гомдол гаргасан. Гомдлыг прокурор хүлээж аваад хүсэлтийг хангахгүй талаар хариу өгсөн. 3 хоногийн дотор дээд шатны прокурорт хандах эрхтэй гэдгийг дурдсан хэрнээ эрхийг хангаагүй шүүхэд шилжүүлсэн нь оролцогчийн хуулиар олгогдсон гомдол гаргах, гомдлоо хуульд заасан нөхцөл журмын дагуу шийдвэрлүүлэх хянуулах, хариугаа авах эрхийг зөрчсөн.Энэ үндэслэлээр бид нар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хуулийн зүйл заалт үг үсэг бүрийг чанд сахих ёстой хуулийн заалт, хууль ёсны байх зарчимтай учраас бид нар ажиллагааг хийсэн боловч олж тогтоогоогүй тул шийдвэрлэж болно гэдэг агуулгаар гаргаж байгаа прокурорын эсэргүүцэл үндэслэл байхгүй. Бид нар олж тогтоолгох ёстой. Тоног төхөөрөмж, эд мөрийн баримтыг хурааж, битүүмжлэх ажиллагаа хийх нь хуульд нийцнэ гэж үзэж байгаа. Тиймээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч Г.Я өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан экскаваторыг ямар ч ач холбогдолгүй, явуулын экскаватор, ноймор, дугаар нь мэдэгдэхгүй гэж тайлбарлаад байгаа. Гэтэл экскаватор нь кранаас илүү их  үүрэг гүйцэтгэсэн. 10 метрийн гүнээс ухаж гаргаад ачсан байдаг. Экскаваторыг олж тогтоох ажиллагааг явуулахаар 3 удаа прокурорт буцаж байна. Энэ заалтыг удаа дараа хангаагүй. Экскаваторыг олж тогтоогоогүй тохиолдолд энэ хэрэг шийдэгдэхгүй. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд маш тодорхой заасан байгаа. Экскаваторыг олоод хэний өмчлөл болохыг тогтоох, үнэлүүлэх ажиллагаа явуулах. Гол хуульчилсан зүйл нь юу вэ? гэхээр экскаваторыг үнэлүүлээд, үнийн дүнг улсын орлого болгон эсхүл экскаваторыг улсын орлого болгоно гэсэн заалт байгаа учраас экскаваторыг заавал олж битүүмжлэх шаардлагатай гэж заасан захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Ж.Н гэдэг хүний краныг олж тогтоогоод битүүмжилсэн хэрнээ экскаваторыг явуулынх учраас олдохгүй байна гэж яриад байгаа. Явуулын ч бай, явуулын биш ч бай эзэнтэй учраас олж тогтоох ёстой. Экскаваторыг олдохгүй байгаа юм чинь шүүхэд шилжүүлнэ гэж прокурор ярьж байсан. Экскаваторгүйгээр энэ хэрэг шийдэгдэхгүй. 2 техник оролцсон байхад нэгийн олж битүүмжилчихээд, нөгөөг нь олдохгүй байна гэдэг үндэслэлээр шүүх хэрэг шийдэх юм бол хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байна гэдэг зүйл зөрчигдөнө. Тиймээс 2 дахь заалт үндэслэлтэй байна. Миний хувьд Говьсүмбэр аймгийн орлогч прокурорт хүний нэр, төртэй холбоотой учраас үнэн бодиттойгоор шийдээд өгөх байх гэсэн үүднээс хүсэлт гаргасан. Би хүсэлтийнхээ толгойг орлогч прокурорт гэж гаргасан байхад хяналтын прокурор надад хариу өгсөн. Дараа нь аймгийн прокурорт хүсэлт гаргасан. Ёмкос нь хэний өмчлөл байсан бэ? эзэмшлийн газар нь хэний өмчлөлд байсан бэ? гэдэг нь тодорхой харагдаж байна. Үйлчлүүлэгчидээ ашигтайгаар шийдвэрлүүлэхээр прокурорт удаа дараа хүсэлт гаргасан. Гэтэл прокурор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн 2021 03 дугаар сарын 12-ны өдөр хүсэлтээ гаргаад өгсөн. Дуудахаар нь очиход шууд яллах дүгнэлт үйлдэж байна шүүх рүү шилжүүллээ гэсэн.

Хүсэлтийнхээ хариуд дурдахдаа 3 хоногт дээд шатны прокурорт хандаж болно гэсэн хэрнээ яллах дүгнэлтийн хугацаа дууссан шүүх рүү шилжүүллээ гэж хэлсэн. Прокурорт нэг ийм практик тогтоод байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянагдаж байсан хэдий ч хэргээ татаж хянаад хүсэлтийнхээ хариуг өгчихдөг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хэрэг шалгагдаж байгаа тохиолдолд прокурорт гомдол гаргахаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа гээд хариу өгдөг. Ерөнхий прокурорт гомдол гаргах гэхээр шүүхэд шилжүүлсэн гээд хүний эрхийг маш их хязгаарлаж байна. Тиймээс захирамжийн үндэслэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Удаа дараа шүүхээс гаргасан экскаваторын талаар олж битүүмжил гэсэн заалтыг яагаад хангахгүй байгаа вэ? энэ ажиллагаа бол өөрсдийнх нь чадвартай холбоотой. Олдохгүй байна гээд хууль зөрчиж шийдвэрлэхгүй байх гэж бодож байна. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

Шүүгдэгч Б.Э өмгөөлөгч С.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзсэн. Яагаад гэхээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл гээд байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж заасан байгаа. Тэгэхээр тухайн 50 тонн ёмкосыг гаргахын тулд ашигласан. Дараагийн ажиллагаа нь кранаар авч ирээд өргөж гаргасан. Тэгэхээр хуулиар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизм болж байгаа.

Прокуророос яллагдагчаар татах тогтоолд үйлдэхдээ хүндрүүлж машин механизм ашигласан гэж хүндрүүлсэн. Экскаватор хэнийх вэ?, эзэмшигч нь ямар хүн байгаа вэ?  гэдгийг тогтоох ёстой. Монгол Улсын хилээр гараад яваагүй бол экскаваторыг ямар эзэмшигчтэй, хаана ашигладаг вэ? гэдгийг хүнд машин механизм ашигладаг уурхайнууд хэд байдаг вэ? гэдгийг олж тогтоох, шалгасны үндсэн дээр мөн эсэх нь тогтоогдоно. Тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж, эзэмшиж байсан хүнийг гэрчээр асуух шаардлагатай.

 Яагаад гэхээр Я, Э 2-ын би хэрэг үйлдсэн үйлдээгүй гэдэг асуудал яригдана. Э ямар оролцоотой байсан бэ?, Я ямар оролцоотой байсан бэ? гэдгийг заавал шалгах шаардлагатай байсан. Ийм учраас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна. Харин прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй байна гэж үзэж байгаа гэжээ.

Шүүгдэгчийн Ж.Н өмгөөлөгч Э.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Яагаад гэхээр прокурор ухаж гаргасан учраас хулгай биш гэж яриад байна. Тэгэхээр хойшдоо ухаад гаргасан учраас хулгай биш гэж баримталж явах байх гэж ойлгож байна. Өмнө нь миний үйлчлүүлэгч Н өмчлөлд байсан. Одоо Б гэдэг хүний эзэмшилд очсон краныг хурааж аваад үнэлгээ тогтоосон үйлдэл гаргасан. Тэгэхээр ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга байдал, хууль тогтоомж хэрэгжүүлж байгаа байдалд бол краныг үнэлээд, хураачихаад, экскаваторыг  олдохгүй байна гээд ирэх нь тэгш эрх биш. Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй хүнийг эрхийг зөрчиж байгаа хэлбэр. Ийм биш бол кранаа хураахгүй үнэлэхгүй байх ёстой.  10 метрээс ухаж гаргаж авсан нь хулгайн гэмт хэрэг биш гэж үзээд байгаа бол нэг хэрэг. Шүүхээр шийдвэрлэхээр болсон гэж үзээд байна. Мөн прокурор шуурхай, шударгаар шийдвэрлэх ёстой гээд байна. Тэгэхээр хүн болгон тэгш байх ёстой. Үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Дээрх байдлаар хүнд ял халдаан гэдэг бол байж болохгүй. Тиймээс захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокурорын яллах дүгнэлтээр: Яллагдагч Г.Я, Б.Э нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сард Тэрэгт хэмээх газарт байх Ц.М өвөлжөөнөөс зүүн тийш 600 метрт булаатай байсан гэх төмөр торх /ёмкость/-г машин механизм болох явуулын экскаватор болон кран ашиглан хулгайлсан,

Мөн Г.Я нь гэрч Ж.Н хууль бусаар нөлөөлсөн, яллагдагч Ж.Н нь зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүхээс хэргийг  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Анхан шатны шүүхээс урьд нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “явуулын экскаватор”-ыг олж тогтоох, битүүмжлэх гэсэн үндэслэлээр буцаасан шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийгээгүй ба энэ нь мөрдөн шалгах ажилагааны явцад краныг битүүмжилсэн атлаа экскаваторыг олж тогтоогоогүй нь Үндсэн хуульд заасан “Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Хүн бүр ... хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчигдөхөд хүргээд байна, мөн яллагдагчийн өмгөөлөгч Г.Э дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ. 

Яллагдагч Г.Я, Б.Э нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техник хэрэгслүүдээс мөрдөн шалгах ажилагааны явцад краныг олж тогтоосон боловч экскаваторыг олж тогтоох ажиллагаа хийсний эцэст олж тогтоогоогүй нь шүүгчийн захирамжинд дурдсан үндсэн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хүний эрхтэй холбоотой суурь зарчмуудыг алдагдуулах /зөрчилдөхөд хүргэх /үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл энэ нь краны болон экскаваторын жолооч нарыг ялгаварлан гадуурхсан. Тэд хууль, шүүхийн өмнө эрх тэгш бус байгаа асуудал биш юм.

Харин шүүх мөрдөн шалгах ажиллагаа хийсэн боловч олж тогтоогдохгүй байгаа зүйлийг заавал олж тогтоо гэж дахин дахин буцааж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахын оронд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...эргэлзээ гарвал ...яллагдагч ...-д ашигтайгаар шийлвэрлэнэ“ гэснийг баримтлан хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн буюу  нотлогдсон хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй байжээ гэж үзлээ.

     Мөн өмгөөлөгч Г.Э гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн прокурорын тогтоолд гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн  нь зохимжгүй боловч энэ нь түүний гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн ч гомдол гаргах боломжтой байсан, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх  хүртэл гомдол гаргаагүй  тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байсан гэж үзэхээр байна. 

       Иймд анхан шатны шүүгчийн захирамжаар хэргийг буцаасан үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр  дахин  хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заассныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/44 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Анхан  болон давж заалдах  шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь давж заалдах  шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.ОДНЯМАА

                                            ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                                             Г.ТЭГШСУУРЬ