Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0096

 

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0096

Улаанбаатар хот

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Эф Эйч Эл” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.Чойжилсүрэн

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Эрдэнэболд

Маргааны төрөл: “Эф Эйч Эл” ХХК-д эзэмшлийн XXV-019390 дугаар, XV-018458 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амин-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “XV-019390 дугаар, XV-018458 дугаар тусгай зөвшөөрлүүдийн эрхийн хугацааг сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн эрхийн хугацааг сунгахыг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Ашигт  малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгож, XV-019390 дугаар, XV-018458 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгахыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

2. “Эф Эйч Эл” ХХК-д Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сумын “Дэл” нэртэй газарт орших 4884,68 гектар талбайд ашигт малтмал хайх XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, Дорнод аймгийн Баяндун сумын “Шар тогтоо” нэртэй газарт орших 1932,10 гектар талбайд ашигт малтмал хайх XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус олгожээ.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 831 дүгээр шийдвэрээр XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 864 дүгээр шийдвэрээр XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тус тус сунгажээ.

“Эф Эйч Эл” ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 38 дугаар албан бичгээр XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дүгээр албан бичгээр XV-019390 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдөл гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд гаргаагүй гэж үзэн хүлээн авах боломжгүйг мэдэгдсэн байна.

3. Ийнхүү хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй учир нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад тус газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр албан бичгээр XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө, XV-019390 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болсон гэх үндэслэлээр өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж мэдэгджээ.

Иймд нэхэмжлэгчээс тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2022/2003 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон буцааж, нэхэмжлэгчээс дахин 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийг ирүүлжээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Хуульд заасан хугацаандаа буюу XV-019390 дугаартай тусгай зөвшөөрлийн 2021 оны 12 сарын 10-нд хугацаа дуусах учир 2021 оны 11 сарын 09-ний өдөр өргөдөл гаргасан, XV-018458 дугаартай тусгай зөвшөөрлийн 2021 оны 12 сарын 02-нд хугацаа дуусах учир хүндэтгэн үзэх шалтгаан нотолсон бусад баримтын хамтаар өргөдөл гаргасан зэргийг харгалзан үзээгүй, мөн газрын даргын эрх хэмжээг хэлтсийн дарга өмнөөс нь хэрэгжүүлэн хариу өгсөн. 

… Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах ёстой хуульд заасан хугацааны тухайд XV-019390 дугаартай тусгай зөвшөөрлийг хугацаандаа өргөдөл гаргасан бөгөөд харин XV-018458 дугаартай тусгай зөвшөөрлийг холбогдох баримт бичгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон төр захиргааны байгууллагад гаргаж өгөх гэхэд Ковид-19 шилжилгээний хариу нь 2021 оны 10 сарын 24-нд эерэг батлагдан 2021 оны 11 сарын 03-ний өдрийг дуустал тусгаарлалтад орсон учир холбогдох баримт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, өргөдлийг дамжуулан авах боломжгүй болсон бөгөөд энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг холбогдох баримтын хамт гомдол, хүсэлтэд хавсарган хандсан болно.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн тусгай зөвшөөрлийн эрхийн хугацааг сунгуулахад хүлээх үүргээ эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэрийн дагуу биелүүлэх боломжгүй болж, түүнийг нотлох баримтаар нотлон хүндэтгэн үзэх шалтгааныг дурьдан харгалзан үзэхийг хүссэн боловч шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь манай байгууллагын хууль ёсны, эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан учир шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь V-019390 дугаар, XV-018458 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах материал өгөх хугацаа сунгуулах хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар албан бичиг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах материалыг хүлээлгэн өгөхөд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр албан бичгүүдээр татгалзсан хариуг ирүүлсэн байдаг.

Дээрх албан бичгүүд нь манай байгууллагын тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэж, үр дагавар үүсгэж байгаа нь тодорхой үйлдлээр бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул тухайн албан бичгүүдийг хүчингүй болгуулахаар хандаж байна.

Иймд Ашигт  малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгож, XV-019390 дугаар, XV-018458 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “10 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө н.Зоригтоос баримтууд хүлээж авснаар ковид хүрсэн. Ингээд ковид хүндрээд 2022 оны 01 дүгээр сарын үед программ дээр тусгаарлалтын хугацаа сунгасан баримтын хугацаа гарч ирэхгүй байсан. Тухайн үед программын ажилтан нь засвартай байна гэж мэдэгдээд шүүхийн журмаар шаардахад хүртэл хугацаа алдаж ирсэн. 

Хариуцагч байгууллагад албан ёсоор хандаад хүндэтгэн үзэх шалтгаан нотолсон баримтаа хавсаргаад өгчих гэхээр нь ковидтой баримтаа өгөхөөр болно гэж ойлгосон. Хариуцагчийн бичиг баримт хүлээж авч байсан хүн нь хүндэтгэн үзэх шалтгаантай баримтуудыг нь аваад сунгалт хийж байгаа гэж хэлсэн. Ингээд хүндэтгэн үзэх шалтгаанаа нотол баримтаа өгчихөөд байхад хариуцагчаас хариу өгөхдөө хүндэтгэн үзэх шалтгааныг аливаа хэлбэрээр авч хэлэлцэхгүйгээр хариу өгсөн байдаг. Манай байгууллагын хувьд хугацаандаа төлбөрөө өгсөн, хязгаарлалттай байсан ч гэсэн нарийвчилсан төлөвлөгөөг батлуулчихсан байсан. 11 дүгээр сарын 09-ний өдөр албан бичиг явуулсан боловч хариуцсан хүн нь ковид тусаад өөр орлож байсан албан тушаалтан нь 11-ний өдөр бүртгэж авсаныг бид мэдэхгүй байна. Хариуцагч байгууллагын зүгээс 11-ний өдөр бүртгэлээ гэдэг талаар манайд мэдэгдэх боломжгүй байсан. Ямар нэгэн байдлаар нэгдсэн шийдвэргүйгээр хариуцлагатайгаар шийдвэрлэх хариу өгөх албан тушаалтан нь хэрхэн яаж хариу өгч байгаа нь тодорхой бус байна. Ковидын үед хариуцагч үүдэн дээрээсээ хүн нэвтрүүлэхгүй байсан. Нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн байдлаар эрхээ хамгаалуулахаар холбогдох боломж байгаагүй. Зохих журмын дагуу шийдвэрлэх гэдэг дээр хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон нотлох баримт байсаар байхад харгалзан үзэхгүйгээр шийдвэрлээгүй.” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар хариуцагч байгууллагад хандсан. Хандахдаа сунгуулах гэхээсээ илүүтэйгээр холбогдохдох бичиг баримтуудын бүрдлийг хангаад Ү.Чойжилсүрэн төлөөлөгч тухайн хугацаа сунгуулах ажиллагаанд оролцож байна гэдэг байдлаар Ашигт малтмал, газрын тосны газарт ханддаг. Энэ хандах ажиллагаанд бодитоор Ашигт малтмалын 22 дугаар зүйлд заасан бичиг баримтуудын бүрдэл байсан боловч эх хувиараа байгаагүй. Тэр нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэнд байсан. Тухайн үед ковидийн нөхцөл байдлаас шалтгаалаад итгэмжлэгдсэн төлөөлөгч 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлээд тусгаарлалтын нөхцөл байдалтай байсан. Энэхүү нөхцөл байдлаар хандахад Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгийн хариугаар шаардлагатай бичиг баримтуудыг хавсаргаагүй байна, иймд хугацаа сунгах боломжгүй гэсэн байдлаар хариу өгсөн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед Ү.Чойжилсүрэн манайхыг төлөөлж байгаа гээд бодит нөхцөлийг хэлээд хандсан боловч хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээж авахгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж 11 дүгээр сарын 15-ны өдөр хариу өгөөд байгаа боловч хариу өгсөнд нэхэмжлэгчийн зүгээс тооцоогүй. Шийдэх ёстой хүсэлтэд заасан хариуг өгөөгүй эс үйлдэхүй гаргасан учраас шийдвэрлэхгүй байгаа арга хэмжээ нь хууль бус болохыг тогоолгох, шийдвэрлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

Нэхэмжлэгчийн хувьд одоо хэрэгт авагдсан материалуудыг харах юм бол Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг хангаад байгаа. Цаг хугацааны хувьд хуульд заасан хугацааны үед гаргаж чадаагүй. Гэхдээ энэ нь дан ганц нэхэмжлэгчийн буруугаас болсон гэж хэлэхэд өрөөсгөл ойлголт юм. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шатанд өөрсдөөсөө шалтгаалах бичиг баримтын бүрдлийг хангасан гэдэг нь харагдаж байна. Хугацаа алдах зүйлүүд дээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан.” гэв.

7. Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

Гэтэл “Эф Эйч Эл” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын дугаартай XV-019390 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс, ашигт малтмалын хайгуулын XV-018458 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон байна.

Төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын хайгуулын ХV-019390, XV-018458 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг, тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас сарын өмнө гаргаж байхаар мэдэгддэг.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр бичгээр гардаггүй болно.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр албан бичгээр “Эф Эйч Эл” ХХК-иас ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 38, 39 дүгээр, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар албан бичгүүдийн хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.4, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлсэн байна.

Тус албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг хэлбэр, агуулгын хувьд хангаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Төрийн захиргааны байгууллага өдөрт нь бичгийг бүртгэж авах ёстой. Нэхэмжлэгчийн хувьд үйлчилгээний хөлсөө хуульд заасан хугацаанд төлсөн байсан ч гэсэн захиргааны байгууллагад энэ бүгдийг 30 хоногийн өмнө гаргаж өгсөн байх ёстой гэдэг шаардлагыг биелүүлээгүй тул тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

  1. Нэхэмжлэл гаргах хугацааны тухайд; 

Тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 38 дугаар албан бичгээр XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дүгээр албан бичгээр XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдөл гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн, дахин 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад тус газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр албан бичгээр татгалзсан тул тус шүүхэд анх 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2022/2003 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна.

Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж нэхэмжлэл ирүүлснийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэжээ. 

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй байна. 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4.“захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж зааснаар нэхэмжлэгчийн эзэмшлийн XV-018458 дугаар, XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад тус тусад нь дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ. 

Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр албан бичгүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэрт хамаарахаар байх бөгөөд хуулийн хугацаандаа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хандаагүй гэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй болжээ. 

2.1. ““Эф Эйч Эл” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд;

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: …” гэж заажээ. 

“Эф Эйч Эл” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч тус хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргасан болох нь хэрэгт авагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч нь XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ““Эф Эйч Эл” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

2.2. “Эф Эйч Эл” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд;

“Эф Эйч Эл” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацааг 7 хоногоор хэтрүүлэн 11 дүгээр сарын 09-ний өдрийн 38 дугаар албан бичгээр хугацааг сунгуулах өргөдлийг гаргасан боловч тус тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Мөн “Эф Эйч Эл” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар албан бичгээр Ү.Чойжилсүрэнд XV-018458 дугаар, XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах, баримт бүрдүүлэн өгөх, өргөдөл гаргах, гарын үсэг зурах, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийлгэх зэрэг Ашигт малтмал, газрын тосны газарт бүрэн төлөөлөх эрхийг олгожээ.

Гэвч Ү.Чойжилсүрэн нь Ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдан 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд гэрийн эмчилгээ, хяналтанд эмчлэгдсэн болох нь Сүхбаатар дүүргийн “Энэр Ази” өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 63 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаанаар XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан гэж үзэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар хариуцагч өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай бөгөөд ийнхүү шийдвэрлэх боломжит хугацааны өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг  гаргасан байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д  заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон гэж ойлгох боломжгүй бөгөөд хариуцагч байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэх боломжит хугацаа олгосон зохицуулалт юм.  

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан, харин ашигт малтмалын хайгуулын XV-018458 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нь хуульд заасан 1 сарын өмнө өргөдөл гаргах хуулийн зохицуулалтад нийцээгүй боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тус зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд багтаж өргөдөл шийдвэрлэх боломжит хугацааны өмнө өргөдөл гаргасныг буруутгах боломжгүй тул “Эф Эйч Эл” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд багтааж өргөдлөө гаргаагүй гэх үндэслэлээр сунгаагүй Ашигт малтмал, газрын тосны газрын татгалзсан шийдвэр болох 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, XV-019390 дүгээр, XV-018458 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК-иас Ашигт малтмалын газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ашигт малтмалын хайгуулын XV-019390 дүгээр, XV-018458 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт  малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, XV-019390 дүгээр, XV-018458 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН